...Саяхан нэг өглөө бостол хүзүү хавьцаа нэг хөндүүртэй, идээлсэн жижигхэн бэтэг гарчихаж. Цамцны заханд үрэгдээд хааяа жоохон зовлонтой юмаа. Анагаахын үүднээсээ бодохоор тослог арьстай хүний тосны булчирхай хэт идэвхтэй ажилласнаас арьсны нүх томорч нээгдээд түүнд нь орчны тоос шороо орж битүүрснээс идээлж үрэвсэж байгаа үзэгдэл юм байх. Түүнийг нь цаг нь болохоор хагалж цэвэрлээд, хөвөн лент тавьж эдгээдэг гэх. Хамаагүй оролдоод, өнгөц хөндчихвөл орчин тойрондоо үсэрхийлээд тэр хавийгаа халдварлуулдаг тул болгоомжтой үзэх зүйл гэнэ...
Үүний нэгэн адил сүүлийн үед өдөр тутмын ажил төрөл, мөнгө олох, элдэв болсон болоогүй тендер төсөл гэж явсаар нийгмийн амьдрал, өнөөгийн монголын дүр зураг маань үүнтэй адил болсныг сайн анзаараагүй явж.
-Саяхан Засгийн Газрыг огцоруулах тухай бөөн шуугиан болоход хэдэн өдөр МҮОНТВ-ын шууд нэвтрүүлгийг үзлээ. Хирт хийв.
Манай төр засагт, нийгмийн амьдралд үнэн шудрага явдал нүдний гэм болоод авилга гэгч энэ идээт бэтгэ нилдээ үсэрхийлээд толгой битгий хэл бүх биеээр тархжээ.
-Орой ажилаас ирээд гарт таарснаас нь Ж.Пүрэвийн "Зүрхний Хилэн" номыг барин авч Зүүн гарын бослогын тухай уншлаа. Харамсал төрөв.
Тэртээд Их Хаан Өгөөдэйн хэлсэнчлэн Их Монголын өнөөгийн үр сад "Өвсөнд боовч үхэр тоож идэхгүй, Өөхөнд ороовч нохой тоож шиншлэхгүй амьтас" болоод байгаам уу. Энэ их урваач шарваач, худалч хулгайчид хэзээ дуусаж, дундарах бол...
-Идээ бэтэг идээд идээд бүх биеийг бүрхэх боловуу. Эсвэл үнэхээр Лев Гумилевийн хэлснээр монгол үндэстэн 500 жилийн настай болсон уу. Эсвэл Нострадамусын зөгнөснөөр Их Чингис хаан 1999 онд монголд буцаж төрсөн болов уу. Хэрвээ төрсөн бол дахин Их Монгол улсыг байгуулах идэр цаг нь болоогүй байна уу.
-Ухаан мулгуу гээд төрсөн эхээ голдоггүй, идээ бэтэгтэй гээд төрсөн нутгаа голомгүй. Хоцрогдсон гэгддэг нүүдэлчин уламжлал заншил уу? эсвэл хөнжил хэтийдсэн сууршмал соёл иргэншил үү?
Мөнх хөх тэнгэрээ шүтэх үү, Мөнгө капиталыг шүтэх үү?
Бидэнд нүүдлийн мал аж ахуй маань хэрэгтэй юу, эсвэл фирмийн зохион байгуулалттай болох уу, тэгвэл эртнээс уламжилж ирсэн монгол ахуй заншил маань яах вэ?
Бага биетэй ч шандас сайт жинхэнэ монгол цусны хурдан морьд маань уралдахгүй, фирмд өссөн шилмэл үүлдрийн том морьд уралдах уу? Гүүн зэл дээр унага татаж өгөх өө болих уу, автомат саагч төхөөрөмжөө бариад гүүний саам хураах уу?
-Отгонпүрэвийн бичсэнтэй адил өнөө маргаашийн жоохон амбицийн хооронд явсаар би гэж хүн өнөөдрөөр амьдарч, өчигдөрийг санаж, маргаашийг умартсаар түмэн бодол, түмэн асуулт дунд төөрч орхижээ.
Гэхдээ авууштай нь өөрийн минь ээж минь, өөрсдийн маань нутаг минь гэсэн чинсэтгэл, давилуун мөрөөдэлтэйгээ үлдсэн нь сайн санж.
-Юм нэгээр байхгүй, цаг хугацаа бүхнийг элээх тавилантай. Сайн санааны үзүүрт тос, үнэнээр явбал үхэр тэргээр туулайг гүйцдэгийн үлгэрийг санаж, бидний мэт олон залуус Биеэ засаад гэрээ засч, Гэрээ засаад төрөө засах сургаалийг санаж явбал бүтэх биз. Сайн цагийг авчирах залуустай гэдэгт ч итгэж байна, тийм цагийг үзэх амны хишигт хүмүүн олон буй гэдэгт ч эргэлзэхгүй байнаа.
-Сайныг санаж, саарыг хусч ард олноороо амгалан энхийг авчирах сайхан цагийг хүсэмжлээд энэхүү бодролыг өчүүхэн би бээр үүгээр дуусгая. Эрдэм мэдлэг хэтийдсэн нэгэн нь элэглүүзэй хэмээн эмээсэнгүй, хүн хэлэхээс нааш хэмээн санаж бичиглэв өршөөтүгэй!
Математикийн гоо сайхан: Фрактал ертөнц
7 years ago
0 Comments:
Post a Comment