Monday, November 13, 2006

Багын дурсамж - 3

"Хүн болох багаасаа, хүлэг болох унаганаасаа" манай ардын үг.

Багын дурсамжаа үргэлжлүүлье:

Хүүхдийн барилдаанд орсон нь
Аав маань бөх үзэх их дуртай тул намайг багад маань бөх болгох гэж нилээд хичээсэн юм. 5-6 настай л байсан байх би. Цэцэрлэгийн хүүхдүүдийн барилдаан оруулах гээд аав маань 2 шөнө оёж байж ардаа таван хошуутай хөх даавуун зодог, шуудаг хийж өглөө. Цэцэрлэгтээ биеэр томдоо ордог байсан болохоор өөрсдийн хэдийгээ цувуулаад л хаяж орхилоо. За ингээд 1-р цэцэрлэгийн аварга болсон би гэдэг хүн аймгийн аваргад орлоо доо. Нэгийн даваанд надаас арай өндөр мөртлөө таргандуу нэг шар баньди таарлаа. Би хэсэг тойрч тойрч байгаад л гэнэт дайрж ороод, хав золгонгуутаа дүүгүүрдээд унагав. Аав ч баярлаж байна гэж тоймгүй.
Хоёрын даваанд бас нэг давсан билүү гоц мөргөлүү. Харин гуравын даваанд нэг жижигхэн мөртлөө шавилхан бор баньди таарлаа. Өө ийм жижигхэн хүүхдийг юу байдагийм гээд бариад автал ... юу болсон бүү мэд, нэг мэдсэн чинь арагшаагаа тас унасан байна. Бос ч ирээд тахимаа өгчихөөд аав руу очиход: "За миний хүү зүгээр зүгээр, шавилхан мөртлөө их мэхтэй, хийцтэй хүү байна" гээд магттал би өөрийн мэдэлгүй мэгшив. Учир нь аавдаа тоогдож чадаагүй, бас дээр нь нэг жижигхэн хүүхдийг аав тэгж их магтсанд нь шаралхсан минь тэр. хэхэ

Чихээ хөлдөөсөн нь
1-р сар. Өвөл болоод, цас орж хүйтэн болсон байлаа. Амралтын бүтэн сайн өдөр эмээгийндээ байж байгаад эмээтэйгээ муудалцав, багын зөрүүд гэж жихтэйхэн хүүхэд байсан болохоор шууд л гараад гүйчихлээ. Гадаа хэсэг зогссон чинь хүйтэн жавар хайраад тэсэхгүйнэ. Буцаад орох гэхээр зүрх хүрэхгүй байдаг, тэгээд ч эмээ "за чи ингээд эргээд ирнэ" гээд тавлах болохоор бодож бодож гэр рүүгээ хар өглөөний жавраар 7-8 км газар гараад алхчихлаа. Гуравдугаар сургууль өнгөрөөд, цаашаа нэгдүгээр сургууль дуусгаад төв номын сангийн тэнд явж байтал чих час час хийгээд хорсов. Пальтоныхоо заханд хэд хэд үрээд, гараараа ээлжилж барихаар гар бээрээд, улайгаад ил гаргаж болдоггүй. Хажуугаар нь манайх "гурван шар"-д байдаг болохоор Түйн голд ойрхон. Голын жавар сэнгээд л.. Би ч урагшаа харж нэг алхаад, хойшоогоо харж нэг яваад л байлаа. Гэртээ яг хүрэх дөхөж байтал чих хэд хэд час час гээд халуу оргиод явчихлаа. Арай гэж гэртээ ороод ээжид юу ч хэлэлгүй жижиг өрөөндөө ороод сууж байтал чих маань тэсгэлгүй их өвдөлөө. Толинд хартал дэлдийж хавдаад ус гоожиж байна. Дараах нь араас эмээ аргадах гээд гарч иртэл би аль хэзээний алга болсон байсан гэсэн. Ингээд нэг зөрүүд зангаасаа болж өрөөсөн чихээ хөлдөөж үзсэн дээ.

Анхны үнсэлт
Цэцэрлэгтээ би чинь ангийн атаман маягын хүүхэд байлаа. Миний дараа Хашаа гэж хүүхэд бид хоёр биеэрээ хамгийн том нь ч байсан болохоор 1, 2-р аматан гэж байгаа.
Цэцэрлэгийн хүүхдүүд байс гээд л айл гэр болж тоглоно. Хашаа бид хоёр дандаа л аавууд болдог байсан байхаа. Тэгээд ангийнхаа гайгүй гэсэн охидуудыг ээж нь болгоноо. хэхэ
Тэр үед дандаа ээж нь болдог (нэрийг нь одоо мартаж) нэг охин байдаг байв. Түүнийг нэг удаа үнсмээр санагдаад болдоггүй дээ (Зурагтаар гардаг орос кинонууд дандаа үнсцдэг ч байсан болохоор дууриадаг ч юмуу :D ) Цэцэрлэгт өдөр хүүхдүүдийг унтуулдаг шүү дээ. Яг өдөр унтахдаа би тэр охины хажууд ороо засч орхив. Тэгээд багшыг гарсан хойгуур нөгөө охинтой албаар баахан яриа өдөв. Тэгээд чамайг үнсье гэсэн чинь үгүй гээд шууд босоод нэг найз охинтойгоо ороо солиод явчихлаа. Би ч араас бас очоод хажуугийн хүүхдийг өөрийн ор руу хөөж орхив. Харин энэ удаа өөр зүйл ярьж байгаад "Чи уруулаа ингээд, нүдээ ань даа!" гээд нүдээ анингуут нь шов хийтэл үнсэж орхих нь тэр. Гэнэдүүлчихсэн юм уу даа. Хэхэхэ.
Гэтэл бид хоёрыг ярингуут унтаагүй байсан хүүхдүүд хоорондоо юм хум ярицгаагаад, зарим нь бүүр босчихсон гүйж байна.
Гэнэт багш орж ирээд орилж өгөх нь тэр. Бадамханд гээд багш байсан юм. Босч давхисан нөхдүүдийг тас тас хийтэл алгадаад орхитол яриад дүнгэр дүнгэр гэж байсан нөхдүүд ч нам боллоо доо. Бид хоёр ч чимээгүй болоод унтаж байгаа дүр үзүүлтэл харин багш хажуугаар л алхлаад шалгаж байнаа. Тэгтэл Хашаа билүү Ганболд билүү нэг гар түс хийтэл инээдэг байгаа. Би ч тэссэнгүй бас түс хийтэл инээж орхитол байхгүй шүү: Аа муу хоёр, та хоёр л эхлэсэн биз дээ гээд тас тас.. Мөн ч их хорссон шүү. Тэр үед жоохон хүүхэд гэж хайрлахгүй л алгаддаг байлаа.

Багшийн тавагтай хоол
Намайг том ангид орсон хойно манай дүү ч бас 1-р цэцэрлэгт оров. Тэгээд нэг өдөр бид нар оройн хоолоо идэж байлаа. Манай дүү их сахилгагүй, бас дээр нь сайхан хоолонцор болохоор тэр өдөр ээж дүүд маань таваг дүүрэн будаатай хоол хийж өгч л дээ. Тэгтэл мань хүү дуу алдав: Паах, энэ ёстой манай багшийн иддэг шиг дүв дүүрэн хоол байна шүү гэсэн. хэхэхэ

Цэцэрлэгийн оргодолууд
Тэгэхэд цэцэрлэгийн дунд ангид л байсан байх. Зун ид дундаа, ихэнхи айлууд лагерьт гарчихсан, тэр нь аймгийн төвөөс одоо хэдэн км зайтай. Цэцэрлэгт биднийг өдрийн цагаар гадаа хашаанд гаргаж хэсэг тоглуулдаг байв. Хүүхдүүд тоглож байгаад ихэнхийнх нь гэр нь лагерьт гарсан талаар яриад, тийшээ явахад хэцүү. Замдаа хэд хэд ус гаталдаг, шавар намагтай энэ тэр гээд аанай л хоорондоо маргалдаж байв. Ангийнхандаа Хашаа бид хэд энэ хашааг шууд даваад л гэртээ очиж чадна гэтэл нөгөөдүүл та нар чадахгүй ээ л гэж байна. Тэгэнгүүт хоёулаа та нар одоо харж бай, бид хоёр одоо шууд оргоно гээд нормоор өгдөг чихэр михрээр мөрийцсөн ч билүү, үгүй ч билүү... За тэр яахав, харгалзагч багшийн нүдийг хариулж байгаад шууд 1,2 гээл хашааг даваад шууд байр руу гүйлээ. Байрны буланд очоод эргээд хартал хүүхдүүд шуугилдаад араас орилдоод бөөн юм болж байна. Багш тэндээс буцаад ир ээ, та 2-ыг зодохгүй ээ гэх утгатай зүйл хэлж байна. Бид хоёр ч багшийг бусад хүүхдүүдийг хаяад ирж чадахгүйг нь мэдэнгүүтээ баахан маадгар амьтад цаашаа алхчихлаа.
Замдаа хоёр модны мөчир олж аваад, булаг дээр очих баахан хүйтэн ус залгилаад, цаашаа дөвөн дундах шалбаагаар модоороо тулж харайгаад л гарчихав. Жижиг голыг нь гутлаа тайлж туулаад, томхон газраар нь модоороо тулж харайгаад замдаа тоглож, ус руу "туулай үсэргэж" байгаад бүүр оройхон шиг лагерьт очоод тэндэхийн хүүхдүүдтэй нийлж баахан тоглоод гэртээ харив.
Маргааш нь харин цэцэрлэгтээ очихгүй гэж баахан гуйгаад яалт ч үгүй очилоо доо. Өчигдөр нь том байсан нөгөө хоёр нөхөр өнөөдөр самбарын өмнө өөрсдийн тэмдэгтэй сандалаа өргөөд самбарын өмнө зогсож шийтгүүлэв. Хүүхдүүд ангид том хивс дээр алчуураар ч тоглоод, ширдэг дээрх талхны үртэс түүж идэх нь идээд л ... Бид хоёр тэнд мэнчийгээд, гар бадайраад сандалаа жоохон доошлуулангуут багш чичлүүрээр чичээд л ...
Гэхдээ л бусад хүүхдүүдийн чаддаггүй, зүрхлэдэггүйг нь хийж чадсан учраас тэрүүхэндээ том л доо. хохо

3 Comments:

Anonymous said...

goyo bichjee

Anonymous said...

chinii baga nasiin dursamj bichleguud chin nadad saihan sanagdlaa. tegej baigaad onii shildeg bichleg shalgaruulval ene bichlegt chin sanal ugnuu. hehe

Эрхэмээ said...

Аа сүүлийн үед мэргэжилтэй маань холбоотой ч юмуу, юмыг ихээхэн мартаж санаад байгаа болохоор одоо санаж байгаа дээрээ нэг бичиж үлдээе гэж, бас дээр нь нилээд хөгжилтэй түүх олон бий тул хүмүүст сонирхуулах үүднээс бичиж байгаам. Саатан болгоосонд талархлаа