"Хүн болох багаасаа, хүлэг болох унаганаасаа" манай ардын үг.
Хааяа шөнө харанхуйд гадаа гарч суугаад чим чимээгүй орчинд шөнийн тэнгэр тольдож суухдаа эрт эдүүгээгийн олон зүйлсийн түмэн бодлыг сэтгэлдээ хөврүүлэн суух би дуртай.
Би гэж хүүхэд Баянхонгор аймгийн төвд төмөр тахиа жилийн хаварын эхэн сард мэндэлсэн бөгөөд багын л сониндуу ааш араншинтай хүүхэд байснаасаа зарим дурсамжаа хуваалцая.
Яагаад ч юм, би бүүр 3-4 настай үеийнхээ зүйлсээс заримыг марталгүй санаж байдаг юм.
3-5 настайгийн хөгжилтэй явдалууд:
Сүүдэр үү, зам уу
-Аав маань их өндөр хүн тул би дагаж явахдаа 1 алхаж байхад нь 3-4 алхаж хажууд нь шогшиж байх, ингэж явахдаа их ядардаг тул нэг удаа аав намайг мөр дээрээ суулгаж явтал өөрсдийн сүүдрээ хараад хэлж байна: "Ааваа та бид хоёрын зам ямар урт юм бэ"
Сархинаг хатав
-Аав маань мөн малын их эмч мэргэжилтэй тул Социализмын үед хөдөө сумдаар хавар, намартаа байс гээд л явж, аймгийг бүтэн тойрчихно. Нэгэн удаа би гуйсаар байгаад хамт явлаа. Говиор өдөржин явж явж оройхон тийшээ нэг айлын бараа харагдаж унд уухаар буулаа. Өдөржин халуу наранд усгүй явсан хүүхэд сүүтэй хярам дөнгөж залгилалаад дуустал хамраар буцаад гоождог гэж байгаа. Гэтэл нөгөө Сархинаг нь хатна гэж ардууд ярьдаг зүйл нь болж л дээ. хэхэхэ
Хөдөөгийн маслотай талх
-Тэр айлд хярам ууж пагктласныхаа дараагаар юм идэх болтол би гэж хот царайлсан амьтан тэднээс элсэн чихэр, маслотай талхи иднэ гэж зөрүүдлээд аавыг онигоо болгосон гэж байгаа. Нөгөө айл нэг мантууг билүү гамбирыг билүү дээр нь цөцгийн тос түрхээд, өнгөт үрэл гэж чихэрийг халбагаар нунтаглаж цацчихаад өгч байж дуугай болгосон гэж байгаа. шараа шараа
Гүрвэл ангуучлав
-Бөөн цагаан гэж нэртэй нэгэн томоохон нуур говийн цэлийхэн нэг хөндийд байх. Холоос ирж байхад тэртээд нэг л их том ус цэлийгээд, тэнгэрт хөвжийгөө үүлс ойж харагдаад гоёмсог шүү.
Нуурын хажууд ирээд нуурын усанд аавтайгаа хамт орлоо. Аавын бүсэлхийгээр татсан усанд ороход миний хүзүүгээр ус даваад гээд тун их айлаа шүү. Хөл, биеийг хүйтэн хүйтэн зөөлөн зүйлс шүргээд байсан нь загас байсан байлаа. Нуурын эргээс янз янзын өнгөтэй, хэлбэртэй маш сонин сонин хэдэн чулуу аваад кармаалчихлаа. Цааш явж байтал гэнэт нэг гүрвэл гараад ирлээ шүү. хэхэ. Аавын маань жолооч ах (эрэгтэй хүүхдэд тун сайн бөгөөд замын турш намайг балайшиглаж байсан тул) "Хөөгөөд бариад ав, бариад ав" гээд л хашгирч гарав. Би ч араас нь уухайн тас элдээд хөлөөрөө гишгиж орхитол нөгөө гүрвэл сүүлээ үлдээчихээд алга боллоо доо. Сүүл нь нэг л муухай харагдаад байсан болхоор гар хүргэж зүрхэлсэнгүй орхисон доо.
Усанд урсах шахсан нь
-Нэг хангай сумдаар явж байтал, аль билээ нэг томхон шиг голоор гарах хэрэгтэй боллоо. Тэгэхэд аав, би, өнөө жолооч ах бид гурав явж байсан л даа. Тэр үед яаралтай ажилтай байсан юм шиг байгаан, гарамархуу шиг намханаар орж явтал манай УАЗ-469 маань хамараар нь ус даваад голын дунд очоод нам суулаа даа. "лаа"-нд орчихсон, урагшаа ч үгүй хойшоо ч үгүй. Бүх хаалгаа тэлтэл ус орж ирээд бид 3 эрэг рүү сэллээ дээ. Аав цээжээрээ татсан усаар нэг мөрөн дээрээ намайг суулгаад, нэг гартаа цүнхээ бариад гарч ирсэн дээ. Хир удсаныг бүү мэд харин нэг ногоон хамартай ЗИЛ-130 машин ирж торосоор манай тэргийг татаж гаргаад иртэл боон ус сар хийтэл урсаад л аймаар байсан шүү. Харин орос тэрэг тэгээд хэсэг зогсож байгаад л явчихдаг нь сайхан даа.
Хэн юуг өмссөн бэ?
-Хөдөө эмээ, өвөө дээр байсан ах маань ирлээ. Тэгээд гадаа тоглож байхдаа барилдахаар боллоо доо. Манай ах надад "өмсөх" мэх зааж өгөх ухааны юм болоод би ч заалгадаг баатар болоод туутал, нэг мэдсэн чинь толгойгоороо газарт хүчтэй мөргөөд тэнгэр харсан хэвтэж байна. Аймаар өвсөн тул тэсэхгүй тэрүүгээр л нэг орилж уйлаад, хадааж гарлаа даа. Эгч сандарсан гүйж ирээд "Яасан, юу болсон бэ?" гэтэл ах: "Би өмсчихсөн юм аа" гэтэл эгч: "Тэгээд юуг нь өмсчихсөн юм бэ, хурдан тайлаач" гэх нь тэр. хэхэхэ
5-6 настайгийн хөгжилтэй зүйлс
Хэрэг нь гарсан ааруул
- Би дүүтэй болчихлоо. Дүү ч томроод 2-3 тай болсон байж, нэг удаа хоёулаа гадаа тоглохоор гарлаа. Тэгтэл нэг айлын хүүхэд үнэн ганган, гурван дугуйтай ундаг дугуй унаад л, хүүхдүүд тойрч гүйлдээд л байна. Гэнэт тэрүүгээр нэг дуу хадаад явчихлаа шүү. Харсан чинь манай дүү нөгөө дугуйнаас нь зууралдаад унах гэж булаацалдаад, нөгөө эзэн жаалхүү дүүг маань түлхээд л хэрэг алга. Гүйж очоод дүүдээ учирлаж хэлээд болдоггүй, зөрүүдлээ л байна, эзэн жаалхүүд нь жоохон унуулчих гэж гуйгаад ч нэмэр алгаа...
Хэсэг хугацааны дараа
манай дүү нөгөө дугуйг уначихсан (унасан ч гэж дээ, унагааж л байсан байх)
нөгөө жаалхүү миний хажууд суугаад харчихсан (амандаа ааруултай, ааруул жоохон хатуу)
би дунд сууж байсан ( авч гарсан 1-2 ааруулаа жаалхүүд өгчихсөн болохоор хараад л сууж байсан байх)
Ингэж нэг кармаалж гарсан ааруул үг мэдэхгүй зөрүүд жаалуудын учирыг олж өгч билээ.
Интернационализм
-Тэр үед аймгийн төвд оросууд их байдаг байсан ба байс гээд л гудамжинд таарах тул бидний багачууд уралдаж урд нь очоод л "Драсдутэй, драсдутэй" гэнэ. Нэг удаа гүйж очоод чанга гэгч нь хэлтэл урдаас нөгөө орос чинь "Саан саан баана уу" гэж авдагийм даа. Амаа ангайгаад л хоцорч билээ. хэхэхэ
0 Comments:
Post a Comment