Wednesday, September 21, 2016

Монголын шинэ үе

Өнөөдөр ийм нэгэн сайхан дуу, клип олж үзчихээд төрсөн бодол:

Аливаа улс үндэстэнүүд өөрсдийн үнэт зүйл, уламжлал дээрээ тулгуурлан түүнийгээ ойлгож, дээдлэж, улам зүлгэн сайжруулж хөгждөг түүхтэй.

Эдгээр шинэ үеийн охид маань яг ийм замаар монголын нэгэн сонгодог гэж болохоор дууг дахин амилуулжээ. Гайхалтай!


Үүнтэй адил өмнөх үеийнхэний тарьсан алдаа балагтай нийгэм, системийг дараачийн үеийнхэн л засах ТОМ хариуцлагыг үүрнэ дээ. Монголын шинэ үеийнхэнд итгэл найдвар төрж эхэллээ!

Sunday, June 19, 2016

Алсран одож буй хөгжил дэвшлийг мөрөөдөх нь: 1-р хэсэг

Өнөөдөр нэгэн ахтайгаа цай, кофе уунгаа улс орон, хорвоо дэлхийн сонин сайхан хуучилж суутал, "Энэ бүгдээ нэгтгээд нэг нийтлэл бичээч, тун сонирхолтой байна" гэж хүссэний дагуу нийтлэл болгохоор бүдүүн зүрх гаргав. Угаас хэлсэн ярьсан зүйлс салхинд хийсэн арилж, бичсэн тэмдэглэсэн зүйл торойн үлддэг нь жам юм хойно, та бүхэнд ч гэсэн захиж хэлэхэд аливааг бичиж тэмдэглэж байх нь өөрт болон өрөөлд нэмэр тустай байдгийг сануулж зүрхлэе. Энд бичиж буй зүйл маань дан ганц миний өөрийн уншиж, бодож эргэцүүлж тунгааж буй үзэл бодол тул алдаж эндүүрсэн, орхигдуулсан зүйлс арвин байхыг мэдээж хүлээн зөвшөөрнө.

ГАДНЫ ХӨГЖЛИЙГ ТЕХНОЛОГИЙН ТАЛААС ХАРАХАД
Хаанаас нь эхлэх вэ? гээд бодлоо л доо, тэгээд Монгол улс, монголчуудын хөгжил дэвшлийн тухай бодрол болохоор түүхээс эхлэх хэрэгтэй болов уу.
Хамаг Монгол нэгдэж, улмаар Их Монгол улс байгуулагдан мандаж, бутарч, эзэлж эзлэгдэж явсаар одоогийн тусгаар тогтносон ардчилсан хүмүүнлэг нийгэм байгуулж буй Монгол улсын өнөө үеийг туулж иржээ.
Дэлхийн тэн хагас нь хаалттай, социализмыг байгуулахаар түүхий эд бэлтгэх бааз, мал аж ахуй, хөдөө аж ахуйн улс орон нэг л өдөр капиталист, ардчилсан улс болоодохсон чинь одоогийн бидний амьдран буй бас л түүхий эд, газрын баялагаа экпортлогч Minegolia болчихов. Өмнөх нийгэмд болж бүтэхгүй зүйлс багагүй, хаагдмал боогдмол, ЗХУ-ын хараат улс байсан хэдий ч ядаж ард иргэд нь амгалан тайван, стресс бухимдалгүй байсан бол одоогийн ардчилсан эрх чөлөөт хүмүүнлэг нийгэм босгох гэсэн нь бас бүтэлгүй болж ширэнгийн хууль үйлчилдэг, зэрлэг капитализм буюу мөнгө улаан, нүд цагаан болчихов. Улс орны хөгжил дэвшил, нийгмийн үзүүлэлт индексүүд нь бараг бүгд л хамгийн мууг, цөөн хэд нь дундаж үзүүлэлтийг заана. Хүний хөгжлийн индекс, Аз жаргалийн индекс, инноваци технологи бүтээж буй тоо, хүн амд ноогдох ядуурал ажилгүйдлийн тоо гээд нарийвчилсан үзүүлэлт зэргийг дурдах илүүц биз. Энэ тухай мэдээ, мэдээлэл хаа сайгүй.

Товчхондоо ӨНГӨРСӨН 25 ЖИЛД Азийн бар болноо гэсэн зорилгодоо хүрч чадаагүй, МОНГОЛ УЛС ХӨГЖИЖ ЧАДААГҮЙ нь үнэн. Япон, Солонгос, Сингапур, Ирланд гээд бусад улс ийм хугацаанд бол хөгжиж чадсан тухай ч дурдах нь илүүц биз. Учир нь, миний бие бээр эдийн засаг, улс орны хөгжлийг дагнан судалдаггүй, тэр чиглэлийн мэргэжлийн хүн бас биш юм. Компьютерийн шинжлэх ухаан, программ хангамжийн инженер буюу мэдээллийн технологийн салбар ажилладаг хүний хувьд яг энэ салбар нь улс орны хөгжил дэвшлийг голлон чирч буй ачааны морь адил болсон тул хөгжил дэвшлийн асуудал руу өөрийн эрхгүй татагдан орох шалтгаан их байгаагийнх юм болов уу.

ӨНДӨР ХӨГЖИЛТЭЙ УЛС ОРНУУДЫН ХӨГЖЛИЙН ОЙРЫН ҮЕИЙН ТӨСӨӨЛӨЛ
Төсөөлөл гэсэн нь ирээдүйд ямар болохыг яг таг хэн ч хэлж чадахгүй, би бүүр хэлж чадахгүй, аль нэг үзмэрч лам ч чадахгүй нь үнэн. Түүхэнд, ирээдүйн талаар хамгийн их дөхүүлсэн нь гэвэл агуу Леонардо да Винчи, Жюль Верн хоёр л болов уу.
Гэхдээ одоогийн технологийн хөгжлийн талаарх мэдээлэл дээр үндэслээд, ирээдүйн талаар төсөөлж, түүнд бэлдэж байхгүй бол дэлхий арай л хурдан "эргэдэг" болсон цаг үе шүү дээ. Зарим айвхтар улс орнууд futurist гэсэн мэргэжил, бүүр яам бий болгочихсон байна лээ.

Тэгэхээр ШУ, технологийн салбарын үсрэнгүй хөгжил, ололт амжилтаас үүдэлтэй SOFTWARE DISRUPTING, DIGITAL TRANSFORMATION гэдэг үзэгдэл яг одоо өндөр хөгжилтэй орнуудад ид өрнөж байгаа бөгөөд энэ нь уламжлалт буюу өнөөг хүртэл хөгжиж ирсэн салбар (industry)-уудыг ээлж дараалан "сүйрүүлж", ажиллагаа-бүтцийн загварыг нь шинээр оновчлон дахин бүтээж буй үйл явц гэж товч тайлбарлаж болно. Дэлгэрэнгүй сонирхох бол энэ талаарх мэдээлэл ёстой хаа сайгүй бий. Эх хэл дээр хайя гэвэл харамсалтай нь салбарын хэдхэн хүний блог, хэвлэл мэдээллийн цөөн нийтлэл эдэр л олдох болов уу.
Энэ талаар жичдээ тусад нь өөр нийтлэл бичихэд болох байх.
Үүнд, хиймэл оюун ухааны салбар эргэн сэргэж шинэ түвшинд хүчтэй гарч ирсэн, үүлэн тооцоолол, сошиал медиа сүлжээний хөгжил зэрэг нь голлон нөлөөлж байгаа ба үүн дээр мөн электроник, роботын техник технологийн хөгжил нэмэгдээд Аж үйлдвэржилтийн 4-р үе (INDUSTRY 4.0) бий болж буй тухай өнгөрсөн жилийн Давосын ЭЗ чуулган дээр хүртэл тусгайлан авч хэлэлцэж эхлэсэн. 90-ээд оных шиг dotcom boom (санхүүгийн зах зээл дээрх интернэтэд суурилсан компаниудын хөөсрөлт) шинэ давалгаа, тэсрэлт болох магадлал маш их бий. Мөн шинэ технологийн хөөсрөлт гэж бий, ө.х. анх гарахдаа өндөр хүлээлт үүсгээд, яг хэрэглээ болохдоо бодит хөрсөн дээрээ буудаг үечлэл.

Тэгэхээр хэт технологийн тал руу хазайлгүйгээр товчхондоо ирэх 5-c 20 жилд тэдгээр хөгжлийг оройлогч улс орнууд ямар болсон байх талаар дэвшүүлээд буй төсөөлөл, дүр зургийг товчхон буулгавал,

-ECO буюу байгаль орчинд ээлтэй НОГООН ЭЗ (эдийн засаг) нь нийгэм, аж амьдралын хэв шинж болох . Одоогийн хэт аж үйлдвэржилт нь байгаль цаг уурт сөргөөр нөлөөлж байгаа тул цахилгаан болон устөрөгчийн хөдөлгүүр бүхий өөрөө явагч автомашин, нийтийн тээвэр, үйлчилгээ, худалдаа, санхүү, даатгал, хэвлэл мэдээлэл гээд бүхий л салбарыг шинэ дүрэм, шалгуураар бүтээгчээр нураан, шинэчлэж эхлэсэн.

-SHARING ECONOMY буюу хамтач ЭЗ
Эд зүйлсийг заавал худалдан авч өөрийн эзэмшил болголгүйгээр дундаа хуваалцан хэрэглэж, байгалийн нөөцийг хэмнэх, хэт их үйлдвэрлэлээс салах. Энэ нь тухайн эд юмсын ашиглалтыг дээд зэрэгт хүртэх оновчлолын бодлого, бүтэц, зохион байгуулалтыг бий болгоно. Жишээ нь, автомашин үйлдвэрлэгчид хэрэглэгч бүрт машин борлуулахаар ихээр үйлдвэрлэх бус, зөвхөн тухайн хэрэгцээнд л шаардлагатайг хэмжээгээр үйлдвэрлэнэ. Жилдээ сар хүрэхгүй үгүйтэй хэдхэн хонодог зуслангийн байрыг заавал худалдан авах, барих, арчлан хамгаалахаа болино, тэгснээс яг хэрэгцээтэй үедээ түрээслэн ашиглахад л болох юм.
Ер нь, бидний өмнөх үеийн бүтээхээр хөдөлмөрлөж байсан жинхэнэ социализм руу л дөхөөд байна уу гэсэн бодол төрж байна уу?

-IoT буюу эд зүйлсийн интернэт.
Харилцаа холбооны (үүрэн 5G, шилэн кабелийн) сүлжээ мэдээллийн дамжуулах чадал, багтаамж нэмэгдсэнтэй, мөн электроникийн үйлдвэрлэлийн зардал багасч, тооцоолох хурд нэмэгдсэнтэй холбоотойгоор хүний бүтээсэн эдлэл хэрэглэл, тоног төхөөрөмж тархитай (CPU, GPU)-тэй, хиймэл оюун ухаантай, интернэт сүлжээнд холбоотой болоод эхлэхээр 2020 он гэхэд 20 тэрбум орчим тооны эд юмс онлайнаар ажиллана гэсэн тооцоо бий. Энгийн жишээ дурдвал, гэрийн тоос сорогч өөрөө санаачлагаараа хүрч ирээд л хөл доогуур чинь тоос сорж, гэр цэвэрлээд явнаа л гэсэн үг. Эсвэл, хөөе нөхөр минь чи, намайг ажилдаа явсаны дараа гэр аятайхан шиг цэвэрлэчихээрэй! гэж зандарчихаад гарахад чинь цэвэрлэчихсэн байдаг болно. Пицца, шуудан илгээмжийг хүн-ажилтан зөөхөө болиод өөрөө явагч робот, дрон хүргэгч зөөнө.
Энэ зах зээлийн томоохон хэрэглэгчид нь ашиглалт, хяналт ихээхэн шаарддаг үйлдвэр, дэд бүтэцийн салбар гэгдээд байгаа. Жишээ нь, өндөр хүчдэлийн шугам, цахилгаан станц зэрэг хүнд хортой, аюултай зүйлсийн хяналтыг робот-ажилтан гүйцэтгэнэ.
Товчоор хэлбэл, дэлхий дээр байгалийн бүтээсэн уул ус, ургамал амьтан гэсэн экосистем байж ирсэн бол, удахгүй хүн төрөлхтөний бүтээж бий болгосон интернэттэй эд юмс (things, devices, robots) гэсэн бас нэгэн томоохон экосистем бий болох нь. Эдгээрээс өдөр тутам үүсэн бий болох асар их хэмжээний мэдээлэл, өгөгдөл нь үүлэн тооцооллийн төвүүд дээр цугларснаар Big Data, Data Analysis гэсэн шинэ салбар үүсч бий болсон байгаа.

-AI буюу хиймэл оюун ухаан.
Өмнө дурдсан эд зүйлс, робот тоног төхөөрөмжийг "амилуулж", эзнийнхээ дуулгавартай туслагч болгож буй гол зүйл нь хиймэл оюун ухаан юм. Нөгөө бидний тоос сорогч хиймэл оюун ухаантай болчихоод өөрөө гэрээ цэвэрлэдэг болно, бүүр гэртээ хоол цай зөөлгөх, нааш цааш гүйлгэх гэрийн үйлчлэгч робот хүртэл гараад эхлэчихсэн байгаа шүү. Гэхдээ энэ нь, робот-үйлчлэгч ажилгүй үедээ чамтай "буу халаад", элдэв "хов базаад" ажил цалгардуулаад байна гэсэн үг биш, зөвхөн л гэр цэвэрлэх, тоос шороо, угааж арчих гэх мэт өгөгдсөн ойлголтынхоо хүрээнд л ажиллахаар программчилж сургасан "тархитай" тул яг гэрийн зарц робот гэчихэд буруудахгүй болов уу. 20-р зуунаас өмнө бол эдгээр үүргийг зарц, боол нар хийдэг байсан цаг саяхан шүү дээ.
Товчхондоо робот нь хүн төрөлхтөний туслагч, үйлчлэгч, ажилчин болох нь. Мөн, хиймэл оюун ухааны өндөр амжилт нь дэлхий даяар ихээхэн маргаан дагуулж байгаа сэдэв бөгөөд, зарим алдартанууд энэ нь цөмийн зэвсэгээс ч аюултай, цаашдаа хүн төрлөхтөнийг мөхөлд хүргэнэ ч гэж мэдэгдээд байгаа. Мэдээж цэрэг-робот буюу terminator, skynet шиг хөнөөгч зэвсэг, арми бий болвол гэсэн айдас болгоомжлол бий. Галт тэрэг нэгэнт хөдөлчихсөн, бүгд робот хиймэл оюуныг хөгжүүлээд эхлэсэн. Манайх бол бүдүүн нарийн цариг, нүүрсээ зөөнө гэж талцсаар хоцорсон, ер нь цөөн хэдхэн зүйлсийг эс тооцвол, манай улс хөгжлөөс асар их хоцрогдож байгаа нь харамсалтай үнэн юм.
IoT, AI технологи амьдралд нэвтэрснээр бизнес, аж үйлдвэр, тэр дундаа үйлчилгээний салбарт ихээхэн өөрчлөлт явагдах ба жишээлбэл, зочид буудал албан газрын үйлчилгээний ажлын байр, дэлгүүр супермаркетийн кассчин гэх мэт бүхий л зүйлс автомат төхөөрөмж-роботоор орлуулагдсанаар хүмүүс ажлын байраа алдаж эхлэх магадлал их бий. A.I. болон iRobot гээд кино санаанд чинь бууж байна уу?

-SELF DRIVING CAR
2017 оноос эхлээд түрүүчийн өөрөө явагч автомашинууд дэлхийн хотуудад явж эхлэнэ. Ердөө хагас жилийн дараа! Судалгаанаас харахад, аливаа автомашин эзэмшигч нь нийт хугацааны маш бага (~10%) хувьд л ашиглаж байдаг ба, ихэнхидээ зогсоолд сул зогсоож байдаг. Мөн ашиглалтын хугацаандаа дундажаар ~1.5 суудлыг нь ашигладаг. Ө.х. автомашины ашиглалт нь ямар ч оновчлол хийгдээгүй байдаг байх нь.
Одоогийн цагийн хувиарын дагуу, өгөгдсөн маршрутаар явж үйлчилдэг нийтийн тээвэр нь өөрчлөгдөж, хэрэглэгчийг яг хэрэгцээ шаардлага гарсан үед нь очиж аван хаалганаас хаалганд хүргэж өгдөг on-demand үйлчилгээ болж өөрчлөгдөх төлөвтэй байна.
Товчоор хэлбэл, цахилгаан хөдөлгүүртэй автомашин нь нэгж зам туулахад зарцуулах өртөг нь их хямдарч, энгийн цөөн тооны эд, хэсгээс бүрдэх тул ашиглалтын зардал багасч, хугацаа нь ихэсч, ашиглалтыг оновчлон, бүтээмжийг өсгөснөөр нийт замын хөдөлгөөний ачаалал багасч, зам тээврийн осол, хотын дуу чимээ багасах гээд ашиг тус нь маш их байх төлөвтэй. Дэлхий дээр жилд ~1 сая хүн зам тээврийн ослоор хорвоог орхидог тоо статистик байдаг ба энэ тоо манай улсад нийт хүн амдаа харьцуулахад ихээхэн өндөр гардаг байх, харамсалтай нь. Мөн нийт ослын шалтгааны дийлэнх нь хүний хүчин зүйлээс болж гардаг тухай судалгаа байдаг. Жолоочгүй тээврийн хэрэгсэл зам дээр явдаг болсноор осол огт гардаггүй болно гэж үзэж байгаа ба сөрөг тал нь жолоочид ажлын байраа алдах юм. Яг манайд, нэг л өдөр автобусны тасалбар түгээгчийн ажлын байр байхгүй болсон шиг.

-INDUSTRY 4.0 - Dark Factory буюу роботжсан аж үйлдвэржилт.
Саяхан Foxxcon гээд Apple, Google, Amazon зэрэг томчуудад ухаалаг утас, таблет зэрэг төхөөрөмж үйлдвэрлэж өгдөг Хятадын томоохон үйлдвэр 60,000 ажилтнаа халж, оронд нь робот суурилуулсан тухай мэдээлэл гарсанг саначихая. Өөрөөр хэлбэл, үйлдвэрийн ажилчид ажлын байраа роботод алдаад эхлэчихсэн. Яагаад гэвэл, өнгөрсөн 7 жилийн хугацаанд хятадад ажилчдын цалин ~1.7 дахин өссөнөөс үйлдвэрлэгчдэд үүнээс өөр зам үгүй гэнэ. Үйлдвэрийн ажилчдын ажлын байраа алдах эдгээр тоон дээр нэмэгдээд үйлчилгээ, хүргэлт, хөдөө аж ахуй, газар тариалан гээд бусад салбарт мөн адил роботод булаалгах ажлын байрны тоо цаашдаа ч өсөх нь тодорхой байгаа.
Угаасаа томоохон үйлдвэр гэхээр зүйл байхгүй манайд сохорсон биш завшив?
Эндээс улбаалан маргаан дэгдээж байгаа зүйл нь, ажлын байргүй болсон хүмүүсийн арми цаашдаа яаж амьдрах вэ?

-3D PRINTING
Хүний хэрэгцээт эд зүйлсийг өмнө нь аж үйлдвэрийн газарт олон тоогоор үйлдвэрлээд худалдааны сүлжээгээр түгээгдэн, хэрэглэгчдэд борлуулагддаг байсан бол 3-н хэмжээст хэвлэгч айл өрх бүрт очвол энэ дүр зураг шал өөр болох юм. Хэрэглэгч зөвхөн бэлдэц материалыг л сонгон авах ба хүссэн эд зүйлсээ өөрөө хэвлээд бий болгочихно, ө.х. өөрөө үйлдвэрлэчихнэ. Хэвлэж болдог зүйлсийн тоо улам бүр нэмэгдэж байгаа ба жишээ нь, бага оврын автомашиныг (эд ангиудыг) хэвлэдэг болсон. Байшинг хүртэл хэвлэчихсэн байна.

-БИО, МАТЕРИАЛ болон НАНО ТЕХНОЛОГИ
Дэлхийн хүн амын өсөлтөөр 2050 он гэхэд бараг 10 гаруй тэрбум хүн амьдарч байх бөгөөд хүнс, ундны усны асуудал хурцаар тавигдаж эхлэнэ, дэлхийн дараагийн дайн ундны цэвэр усны төлөө болох болно ч гэсэн таамаглал бий. Мөн цэвэр усны нөөцөөр марууханд ордог манайд цөлжилт яг энэ хэвээр үргэлжилбэл 2080 онд 80% буюу дийлэнх нутаг маань цөл болж хувирах судалгааг харсан байх.
Дэлхий хүн ам олширсноор хүнсний хангамжийг генийн аргаар бий болгох замаар л хангахаас өөр замгүй гэнэ. Энэ чиглэлийн мэргэжилтэн биш болохоор нарийвчласан тооцоо, судалгааг мэргэжлийн судлаачдаас харах хэрэгтэй байх. Судлаач, эрдэмтэн гэдэг үг манайд бас их доошоо орж, үнэ цэнэгүй болсоор удлаа даа.

-АНАГААХ УХААН, ЭРҮҮЛ МЭНД
Дээр дурдсан технологи, салбаруудын хөгжлийн хамт анагаах ухаан, оношилгоо, эрүүл мэндийн салбарт үсрэнгүй хөгжил ирэх бөгөөд энд хиймэл эд эрх буюу bionic чиглэлд ихээхэн амжилт ирэх болов уу. Жинхэнэ гар хөлнөөс дутахгүй ажиллах хиймэл эрхтэн-төхөөрөмж хийгдчихсэн, улам бүр боловсронгуй болж хөгжсөөр байна. Зүүж хэрэглэдэг (wearable) ухаалаг IoT төхөөрөмжүүд бий болсоноор тухайн хүний эрүүл мэнд, биеийн байдлын тухай мэдээлэл, өгөгдлийг эмч (мөн робот-хиймэл оюун ухаан) алсаас байнга ажиглаж, хянаж байна. Ухаалаг аяга, нүдний шил зэрэг хэрэгсэл маань эзнийхээ идэж ууж буй хүнсний илчлэг, найрлага, хэмжээ зэргийг алдалгүй бүртгэж зөв зохистой хэрэглээг хянаж, зөвлөнө. Нүүр царай, нүдний торлог зэргийг хараад, биеийн хөдөлгөөн үйлдлийг ажиглаад уур уцаар, биед элдэв зовиур үүссэн эсэхийг алдалгүй тодорхойлон цааш нь "ховлоно".
Цаашаа илүү дэлгэрэнгүй гэхээр, мөн л энэ салбарынх биш болохоор тодорхой олон зүйл хэлж чадахгүй нь, интернэтээс хайвал мэдээж дүүрэн бий.

Энэ мэтчилэн хөгжил бол одоогийнхоос хамаагүй өндөр түвшинд очих болохоор товчхон ДҮГНЭЭД хэлэхэд,
Улс орны хөгжлийн түвшин асар их зөрүүтэй болж, өндөр хөгжилтэй орнуудын хувьд одоо ч бүрэн төсөөлөхөд бэрх байхаар технологижиж, эдийн засаг үр өгөөж илүү их оновчлогдон (optimization), хамтач болж (sharing economy), хүний оронд робот ажил хөдөлмөрийг гүйцэтгэж эхлэх тул суларсан хүмүүс цаг зав, чөлөөтэй болсноор илүү их мэдлэгт суралцан боловсорч, урлаг уран бүтээл туурвиж, дэлхийгээр аялж зугаалах, зугаацах болох болов уу.
Хөдөөгийн жирийн сумын төвөөс шууд эдгээр хотод очвол яг л харь гаригт очсон шиг болох нь тодорхой, одоо ч бараг тэгдэг шүү дээ.

Ингэхээр хөгжиж амжаагүй буюу ядуу буурай орнуудын нэг болох БИД ЯАХ ВЭ, ХӨГЖИХ БОЛОВ УУ? гэдгийг үргэжлэл дээр...

Friday, December 15, 2006

Би сүүлчийн пионер!

Ийм гарчиг өгөх болсон нь ийм учиртай юм. Нилээд холоос тайлбарлая:
Гол шалтгаан:
-Монголын залгамж үе болон залуу үе дийлэнхи олонхи нь шудрага, хүмүүнлэг, хөдөлмөрч, оюунлаг ёс суртахуунгүй болж буй
-Амьдралын утга, зорилго тэмүүлэлгүй, тэр бүү хэл амьдралын утга учир гэдгийг мэдэхгүй
-Ядуу. ядуудаа бүүр оюун ухааны ядуурал, залхуурал

Тэгвэл бид:
-Бидний хүүхэд ахуйд арай ч одоогийнхоос ондоо боловч, гол авууштай нь тодорхой хэмжээнд шудрага, хүнлэг, оюунлаг, хөдөлмөрч чанарыг дээдлэж, түүгээр хүмүүжүүлдэг байж. Тэр нь пионер юм.
-Бидний үе болох өдгөөгийн 20иод насны залуус тухайн социалист нийгмийн хүүхдүүдийг төлөвшүүлэх арга болох пионер хэмээх бүлгийн хамгийн сүүлчийнх байлаа.

Хөдөлмөрч Пионер:
-Тухайн үед одоогийнх шиг хүний хөдөлмөрийг хөнгөвчилсөн техник, технологи хомс тул бүхнийг гараар, хамтаар хийж сургана:
-Гэрийн ажилд туслахыг өөрийн үүргээ гэж үзэх бөгөөд харин ч хэн сайн хийх вэ хэмээн уралдаан өрнүүлнэ.
-Амралтын өдөр бүр улаан бүчтэнүүдийг бултаар цуглуулж "сайн үйлсийн аян" өрнүүлнэ. Хүн бүл цөөтэй айлуудад очиж модыг хөрөөдөж, хаглаж өгөөд, усыг нь дүүртэл авч өгнө.
-Өөрийн анги танхмийг ангийн бүлэг бүрээр ээлжээр хуваан авч орой бүр цэвэрлэнэ.
-Анги бүр ээлжээр жижүүрт гарч, сургууль доторхи ёс журмыг сахиулна. Үүний тулд өөрсдөө ёс журмыг дээд зэргээр сахиж, бусдад үлгэрлэнэ.
-Хичээлдээ тааруу нэгэнийг сурлагаар тэргүүлэгчид хуваан авч хариуцаад туслана гээд зөндөө.

Оюунлаг Пионер:
-Хичээл сурлагад онц анхаарах бөгөөд сайнаас дээш сурахыг сурагч, пионер бүрийн үүрэг хэмээн үзнэ.
-Номын сангууд ч боломжийн хүртээмжтэй бөгөөд чөлөөт цагийн ихэнхийг энд өнгөрүүлж номыг амтархан уншиж, шимтэнэ. (сүүлдээ харин хэтэрүүлчих гээд байдаг гэмтэй байсан. Гол хохирогч нь нүдний хараа)
-Гэрийн даалгавараа тогтмол цагт нь хийх бөгөөд ойлгохгүй, мэдэхгүй зэрэгт ах эгч нар гээд дуртайя туслана.
-Хичээлийн бус цагаар сонирхолоороо сонгон секц, дугуйлан, бүлгэмд явах бөгөөд практик талаа түлхүү баримтласан сургалтын арга барилтай. Эдгээр нь уран зураг, дуу бүжиг, дизайн болон инженер, зохион бүтээх гэх мэт...

Пионерийн Хүмүүжил, ёс суртахуун:
-Пионер болон сурагчид нь шудрага, хүнлэг хүмүүжлийг дээдлэдэг тул чадал мөхөс нэгнийг дээрэлхэх зэргийг тэвчихгүй бөгөөд харинч өмгөөлөн хамгаалдаг рыцарь маягийн хүмүүжилтэй. (Төмөр ба түүний комманд гэх мэт)
-Худал хэлэх, хууран мэхлэх зэрэг явдлыг тэвчдэггүй бөгөөд тийм зүйлсийг нийтээр жигшин гадуурхана.
-Сурагчын форм зэрэг хувцасаа цэвэрхэн, гамтай өмсөж хэрэглэх бөгөөд гадуур тоглох, гэр орны ажилдаа өөр хувцас өмсдөг байв.
-Аливаад ахмадын хүндэтгэн үзэж сургааль үгийг сонсдог ба хэн нэгэн ахмадад тусласан бол бараг баатар хэмээх өөрийгөө бодох нь энүүхэнд.
-Хүүхдүүд л болсон хойно ямар нэг зүйлсээс болж маргалдах, зодолдох нь байсан ба гэвч ихэнхи нь нэр төрөө хамгаалах зорилготой ба бас зодолдох нь тоотой цөөхөн. Гэхдээ унасан хойно өшиглөх, мод чулуу хэрэглэх зэргийг хулчгар дорой хүний зан гэж үзэх ба бусдын дунд ийн хулчгар нэртэй болсноос ялагдсан ч шудрагаар ялагдахыг илүүд үзнэ.

Эцэст нь:
Ийнхүү бид хамгийн сүүлчийн Пионер байж түүний нэр төрийг сэвтүүлээгүй хүүхдүүд байсан ба гэхдээ энд тэр үеийн Пионерийг илт магтан дуулах гэсэнгүй. Мөн Пионер байсан гэдгээс ичээгүй ба тухайн үеийн социалист нийгэмд сайн ба саар зүйлс олон байсан ч

хамгийн гол нь аль ч шудрага, ардчилсан нийгэмд зайлшгүй байх зөв, тэгш хүмүүжил, ёс суртахууныг амсаж, амьсгалж өссөнд л байгаа юм. Түүнийг л хэлэх гэсэн зорилготой.

Одоогийн ихэнхи залууст энэ нь "бүч зүүж хөөрсөн шал мэдрэл, хэнхэг", "номноос өөр үзэж харах зүйлгүй", "ахмадад суудал тавьж өгөх илүүдээ гарсан зан", "мөнгө авахгүй байж хүнд дэмий зарагдаж" байсан тэнэг мэт хэрэг боловч ингэлээ гээд бидний үеийнхэнд алдсан зүйл огт байхгүй ба харин ч зах зээлийн энэхүү ширүүн өрсөлдөөн дунд "амьдрах чадалтай" болж одоогийнхоны мөрөөддөг капиталист бүтээгч болоход энэхүү бидэнийг багад хүмүүжүүлсэн хүмүүжил, төлөвшил зүй ёсоор нөлөөлдөг бөгөөд "амьдралын чадвартай" болгодог зэргийг нэн хөгжингүй гүрнүүд болох Япон, Америк, Хятад зэрэг орны амжилт бүтээлийн өндөр оргилд хүрсэн алдартнууд янз бүрийн ном, хэвлэлүүддээ өөр өөрийн өнгө аяс, өгүүлэмжээр бичсэн ч эдгээр нь явж явж эргээд л энэхүү дээрд дурдсан болон дурдагдаагүй хүмүүнийг адгуус амьтнаас ялгагч тэр л уг шинжийн талаар сургасан байх юм.

Уриалга:
Гэхдээ энд нийтлэг өнөөгийн залуус, хүмүүсийн талаар дурдсан бөгөөд үнэнхүү сайн хүмүүжилт хүүхэд, залуус ч мэдээж бий боловч тэдгээрийн тоо өдрөөс өдөрт ховордож өдрийн од адил болж буйг хувийн зүгээс харамсаж байгаа хэлээд хэрвээ уншигч та миний адил бодон явагч нэгэн аваас өөрт хамаарах хүүхэд, багачуудад ийн сайнаар үлгэрлэн, басхүү зааварлаж, алдаж буй нэгнийг сургамжлаж байвал сайн хүмүүжил, сургалт нь бага бага орон зайг хамарсаар цаашид монгол орныг маань бүхнийг бүрхэн гэдэгт гүнээ итгэж байна. Голлон анхаарууштай нь миний бодоход ном уншиж, ертөнцийг танин мэддэггүйгээс тийм зүйлс бий хэмээн ухаардаггүй нас залуу, цус шингэн өнөөгийн багачуулын гол алдаа ба аль болох сайн ном уншихыг зөвлөн, санал болгох нь нэн сайн гэж мөхөс би мунхаглана.

"Насны багад эрдэм сурахад залхуугүй бөгөөс нэн сайн" ба
"Эдээр биеэ чимснээс эрдмээр бие чим".

гэдэг буй заа.

КИМYРА АЯАКО - Тархины тураал

Өнөөдөр Баабар.нэт орж уншин суутал ийм нэг бичлэгийг сэтгэгдэлүүд дотор blogmn@yahoo.com гэсэн хэрэглэгч оруулжээ. Уншиж үзээд гашуун боловч үнэхээр үнэн үгүүдэд нь дотор харанхуйлах шиг болсон тул хойшид санагтун гээд энд хадгалж орхив.
Яг хаана анх нийтлэгдсэн зэргийг сайн мэдэхгүй боловч зохиолгчийн нэрийнх нь хамт бол хулгай биш хэмээн тооцохгүй гэж мунхаглаад ийнхүү бүдүүн зүрх гаргав.

КИМYРА АЯАКО
Японд суугаа Малайзын элчин сайд «Намайг хорин настай байхад манай улс дөнгөж тусгаар тогтноод байсан бөгөөд олон асуудал тулгараад байсан билээ. Бид амжилт гаргаж, тусгаар тогтнолоо дэлхийн олон улсаар зөвшөөрvvлэх хэрэгцээ шаардлага байсан. Би Малайз эх орны төлөө хvчин зvтгэмээр санагдаад, юуны өмнө гэр орныхныхоо бахархал болсон хvн байх хэрэгтэй юм гэж бодогдож байлаа. Эх орондоо би хэрэгтэй гэж бодож явлаа. Одоо Малайзын Засгийн газар ирээдvй vеийнхний төлөө «Визон-2020» гэдэг төлөвлөгөө зохион гаргаж байгаа билээ. Улс орны хувьд Малайз амжилт олж, олон улсын тавцан дээр бол тус улс ирэх зуунд удирдагчийн байр сууринд очих ёстой хэмээн зорьж байна» гэснийг уншаад Монголын байр суурь гэдэг юу вэ гэж бодогдлоо. Хагас жил Монголд байхгvй байгаад буцаж ирэхэд юм болгон хөгийн харагдаад, монголчууд нэг л хөгийн санагдаад болж өгдөггvй. Олон жил хөгийн юмны төлөө зvтгэж явсан би ч бусдад хөгийн харагдаж байгаа байлгvй дээ. Би бол япон хvн. Гадаадын хvн Монголыг хөгийн байна гэхэд дургvйцэх нэгэн байж болно. Гадаадынхан манай Монголыг хамаагvй шvvмжилж болохгvй гэх хандлагатай хvн ч байж болно. Гэвч миний бие Монголд хөл тавьснаас хойш яг арван жил болж байна. Хэрэв «Гадаадын хvн манай орныг бvv шvvмжил» гэх юм бол би тийм хvнд «Гадаад орноос тусламж бvv ав» гэж хэлмээр байна. Эд барааны тусламж байвал аваад байна, сэтгэл санааны тусламж бол хэрэггvй гэх гээд байгаа юм уу? Ер нь монголчууд нvдэнд харагдах ашгаас өөр сонирхолгvй, юу ч хэлээд нэмэргvй. Гэтэл нvдэнд vл vзэгдэх нэг юм л хvнийг хvн болгодог шиг санагдах юм. Сайд, дарга болохын төлөө ёс жудгаа худалдаж чаддаг хvн, тэр хvнийг тойрон шавсан шимэгч хорхой шиг хvмүүс. Миний бодлоор Монголд сайд дарга болсноос малчин болсон нь илvv мундаг. Өнөөдрийн Монголд дээр өгvvлсэн Малайзын сайдын vгэнд гарсан ухаан шиг ухаан алга. Өөрөөр хэлбэл олон улсын харилцааны тавцан дээр уншигчийн байр сууринд гарна гэсэн ухаан огт алга санагдана. Малайз ч, Монгол ч ялгаагvй Азийн хөгжиж байгаа л орон. Төр хvчтэй байя гэвэл хууль боловсронгуй, хууль хvчтэй байх ёстой гэх хvн байдаг. Гол нь хуулиндаа биш, хуулийг зөв хэрэгжvvлэх явдал л чухал. Хуулийг зөв хэрэгжvvлнэ гэдэг сэтгэлийн сахилгатай байхыг хэлнэ. Сэтгэлийн сахилга байвал буруугаа засаж, алдсанаа нөхөн сэргээх дотоод дархлал байна. Тийм юм байхгvй бол гаднаас яаж ч оролдоод сайжруулж чадахгvй. Хятадын “Их сургаал бичиг” номын VI бvлэгт “Улс орны хувьд эд хөрөнгийн сонирхол жинхэнэ ашиг сонирхол биш, харин ёс журам бий болгох л жинхэнэ ашиг мөн” гэж бичжээ. Улс орны удирдагч эд хөрөнгийн талаар хvч чармайлт тавьж байгаа бол заавал хөгийн амьтсыг өөрийн гар хөл болгон ашигладаг. Тэгэхдээ удирдагч тэдгээр ашиглаж байгаа хvмvvсээ чадвартай гэж бодож байгаа бол тийм хөгийн амьтдаар төр, засгийн эрх бариулах ба тэгж эрх бариулбал заавал хvн зоны ч юм уу байгалийн гай гамшиг учирна» гэж бичсэн байдаг. Хятадын сургаалаас иш татвал өнөөгийн монголчууд «хятадын юм» гэсэн утгаар хvлээж авахгvй ч байж мэднэ. Дургvйцээд зvгээр сууж байснаас хятадуудаас илvv их юм уншиж, наад захын хятадын гvн ухаан мэдэж байх хэрэгтэй бус уу. Ер нь монголчууд ном уншихгvй болсон байна. Өнөөгийн Японы нийгэмд тодорхой байр суурь эзэлсэн байгаа хvмvvс залуудаа өглөөнөөс vдэш болтол тасралтгvй ном уншиж байсан бөгөөд одоо ч япончууд маш их уншдаг. Яагаад ингэж уншдаг вэ? Өөрийн дотоод ертөнцийг сайжруулахын төлөө л тэр. Монголд өрнөсөн ардчиллын vйл явцыг Японы Мэйжигийн хувьсгалтай (1868 оны) зvйрлэн ярьж байсан. Монголыг Японтой зvйрлvvлээд дэмий байх аа. Тэрхvv Мэйжигийн хувьсгалын өмнө Англи, Францад очсон япон хvн байсан, тэд тэдгээр орны байдлыг гайхаж, улмаар манай Япон хурдан сурч боловсорч, хөгжих ёстой гэж бачимдан цухалдаж байсан гэдэг. Тэр бол жинхэнэ эх оронч сэтгэлгээ юм. Бас дэлхийн II дайны vеийн Японы хямралыг ч өнөөгийн Монголын шилжилтийн vеийн хямралтай зvйрлэдэг хvн бий. Япончууд тэр vед хvн бvр хvчээ дайчлан ажиллаж, Япон орныг баян тансаг болгоё гэж бодож байснаас бус, одоогийн зарим монгол хvн шиг эх орны нэрээр хаа нэгтээгээс олж ирсэн мөнгийг өөрийн нэр дээр гадаадын банкинд шилжvvлж байгаагvй юм гэнэ билээ. Ийм байхад манай япончуудтай өөрсдийгөө зvйрлэх гээд байгаад зэвvv хvрч байна. Ингэхдээ би манай япончууд мундаг, Монгол хvмvvс муу гэх гээгvй. Хvн л юм хойно аль алинд нь сайн муу юм бий. Гэхдээ монголчуудыг харахаар юмыг зөвхөн хэлбэрдээд л, агуулгыг орхисон шиг бодогдож, санаа зовоох юм. Yнэхээр соёлын хямрал. Ном уншихгvй, унших ном ч байхгvй. Мэдлэг нь өөрөө олж авсан биш, дандаа бусдаас л дуулсан зvйл байдаг. Ижилхэн санаа бодолтой, нэг төвшний хvмvvс цуглаж ярилцлаа ч хөгжиж дэвжихэд ямар ч нэмэргvй. Телевиз, радио, хэвлэл гэхэд бас л ижилхэн ухаантай, ижилхэн төвшний хvмvvс бичиж, ярьж, нэвтрvvлж байгаа учраас ялгаагvй, тvрvvчийн л цуглаад ярьсны vргэлжлэл. Тархины тураал. Сайн сураагvй гэж хэлvvлсэн хэрнээ, бас өөрөө тvvнийгээ мэдэж байгаа хэрнээ бодож санах юмгvй яваад л байна. Монгол хvн маш азтай юм. «Монгол vндэстэн» гэдэг нэрээр дэлхий даяарт эрхэлж, дэлхий даяараа эрхлvvлж байна. Чингис хааны нэр барьж ямар нэг юм хийх гээд байх юм уу, хэнээс ямар тусламж орж ирэх нь вэ гэж хараад хvлээгээд л суугаад байна. Хэрэг болбол залхтал гуйж хоргооно, хэргээ бvтсэн хойно таг чиг болно. Ер нь япончууд хvнээс юм гуйхаас ичдэг, хvний юм авахаас санаа зовдог. Хэрэг бvтсэний дараа л баяр талархал илэрхийлэхийг чухалд vзэж жин даруулдаг. Дэлхий нийтээс ялгарах монголчуудын нэг онцлог бол дээр дурдсан, хэргээ бvтмэгц таг чиг болдог зан. Манай япон ёс ийм тийм гэвэл зарим монгол хvн «За яршиг, зvгээр. Японы ёс ямар хамаатай!» гэх нь бий. Манай япончууд зvгээр л нэг ажил хөдөлмөрт зvтгээд өнөөгийн хөгжилд хvрсэн биш, хажууд нь ёс төр гэж чухал юм байнга хамт явдаг. Энэ бол Хятадад ч, Америкт, Европт ч бий. Ойр дотно болох тусмаа ёс төрийг чанд баримтлах нь чухал. Ёс төрийг сайн сахих хэрэгтэй. Залуус бол ер нь ёс төр гэж юу болохыг олигтой мэдэхгvй учраас тал хувь нь бvтэж байсан ажил хэргээ бvр нурааж орхих нь ч бий» гэж бид заалгадаг. Монголчууд ёс мэдэхгvй гэдгийг тэдэнтэй нэлээд харилцсан япончууд мэднэ. Тэр ч бvv хэл зарим нь «Угаасаа байхгvй юм чи нь, ёс журмыг монголчуудаас эрээд яадаг юм бэ!» гэдэг гээд бод л доо. «Хvн гэдэг хоол, унд, хувцас хунарт зовохгvй болж байж сая хvний ёсыг бодно Монголчууд мөр бvтэн, гэдэс цатгалан болж байж ёсыг сурах байлгvй дээ» гэх хvн ч тааралддаг. Гэвч юу л бол доо. Монголчууд хоол унд, хувцас хунарт санаа зовохооргvй болчихвол харин ч нvглийг мартах байлгvй. Монголчуудтай харилцахлаар л сэтгэл сэвтэнэ. Сэтгэлийн тусыг ойлгохгvй хардаж сэрдэнэ. Тэгээд «Ямар ч тооцоо, зорилгогvйгээр хvнд тусална гэдэг ойлгомжгvй юм. Тооцоотой, зорилготой байж л хvнд тусална гэдэг нэг талаар зөв» гэх нь урам хугална. Монголд хvнд хариугvй тус хvргэнэ гэж байхгvй. Энэ бол ядуу байгаагийн шинж. Тулга тойрсон тооцооны богино ухаан монголчуудыг туйлдуулж байна. Миний хувьд, бvр багаасаа «Хvнд туслах бол хариу санаж тооцоололгvй сэтгэлээрээ тусалж бай» гэж сурсан билээ. Харин монгол хvн «Аав ээж намайг «хvнд туслахдаа тооцоотой хандаж бай» гэж сургасан гэхийг сонсоод, Монголын нийгэм дэх хvний сэтгэл Японыхоос эрс өөр болохыг мэдэрлээ. Танай хvмvvжлийн энэ зарчим дөрвөн уулын дундаас бvv гараасай гэлтэй ч тийм хvмvvжилтэй хvмvvс хэдийнээ хил давж, бусдын зэвvv хvргэж яваа нь vнэхээр харамсалтай. Өгөөш том тусмаа дэмий гэж vг байдаг. «Монголчууд юу ч vгvй юм чинь ядаж бардам зан байх ёстой» гэдэг монгол хvн тааралдана. Гэхдээ одоогийн монголчууд бардам зан гэж юуг хэлэхээ сайн мэдэхгvй байгаа учраас тэдний бардам зан гээд байгааг өөр хэлэнд орчуулбал бvдvvлэг зан гэж л буулгахаас аргагvй. «Сул дорой хvн тvvнийгээ нуух гэж зөрvvдлээд, найр тавихыг зохисгvйд тооцон омогддог» гэсэн vг бий. Монгол залуучууд «Гадаадынхан бага юм өгч байна. Бvр ихийг өгөх ёстой. Юм өгч байгаа нь цаанаа учиртай» гэх мэт хардлага сэрдлэгийн хачин сэтгэл их гаргана. Баян ядуу гэдэг ер нь юу юм бэ. Миний бодлоор баян хvн өөрийгөө гэх аминч vзлийг дийлэн зохицуулж чаддаг байхыг хэлнэ. Сэтгэлийнх нь бvх орон зай зөвхөн «би» гэх ганц бодлоор дvvрсэн хvнийг аминч vзэлтэн гэнэ. Миний энэ утгаар баян ядууг ойлгодог хvн Монголд хэд бол? Монголд vнэхээр баян хvн байхгvй гэж боддог. Бузар мөнгө, ариун мөнгө гэж ялгаж чадахгvй, мөнгө бол эрх хэмжээ гэж ойлгож байгаа цагт Монголд жинхэнэ баян байгаа гэж төсөөлөхийн аргагvй. Өөрөө vл тансаглан, өрөөлийг тансаглуулагч л жинхэнэ баян хvн. Хятадын «Мэнз бичиг» номд «Ордны дотор цэвэр тансаг боловч гадаа хог новштой, тарианы агуулах сав хов хоосон байхыг хулгайчийн тансаглал гэнэ» хэмээжээ. Муу луйвраар залилж авсан мөнгөөр хvvхдээ гадаадад сургахаар явуулдгийг ойлгохгvй байна. Юуг нь ойлгохгvй байна вэ? Аав нь луйвраар олсон мөнгө гэдгийг мэдсээр байж, тийм мөнгөөр суралцахаар явж чадаж байгаа хvvхдийнх нь сэтгэлгээг vнэхээр ойлгохгvй байгаа юм. Би ямар мундаг хvн биш, монголчуудад сургаал айлдах чадалтай ч биш дээ. Ер нь Монголд эхлээд хvний дотоод сэтгэлийн хувьсгал л хийх хэрэгтэй. Тэгж жинхэнэ хvн бий болгох ёстой байлгvй дээ. Жинхэнэ хvн гэдэг ямар хvнийг хэлэх вэ гэвэл худлаа хэлдэггvй хvнийг л хэлнэ. «Монгол хvний vгэнд битгий итгэ!» гэдэг vгийг хаанахын хэнээс ч сонсож болно. Танилцах тусмаа итгэх боломжгvйг ухаарна. Монголыг сайн мэддэг хvн бол юу гэж хөрөнгө оруулалт хийх вэ дээ. Мэдэхгvй хvний толгойг эргvvлж байгаад, хэдэн цаас салгаж аваад нvvр буруулахыгаа л мөнгө оруулалт гэж бодоод ойлгуулаад байх шиг. Тэгсэн хэрнээ хөрөнгө оруулагч Монголд бус, өөрт ашигтайг бодож vvнийг хийж байгаа мэтээр сонин хэвлэлээр шуугиулах нь дэндvv. Хятадын зохиолч Ро жин, «Усанд унасан нохойг нэрмэж зод!» гэж бичсэн байдаг. Ёс журам эс мэдэх нохойг авартал хэн нэгнийг зууж мэдэх юм шvv гэсэн утгатай энэ vгийг олж уншаад хvчтэй цохилт авсан. Би багаасаа «Хvн болгонд тусалж бай» гэж хvмvvжсэн. Гэхдээ монголчуудтай харилцаж явахад Ро жингийн энэ vг орой руу орж билээ. Ер нь Монголд зовлон багадаад байх шиг. Зовж л байж юманд хvрдэг хорвоо доо. Ардчилал иймэрхvv замаар явж байгаагийн хариуцлага ард тvмэнд бас бий. Монголын ард тvмэн өөрөө хийх ёстой гэж бодохгvй, хэн нэгэн хvн хийж өгөөсэй гэж хvлээгээд сууж байна. Хэн Монголын нийгмийг гайгvй болгох ёстой юм бэ? Дандаа хvний гар харна. Өөрт хамаатай юмыг өөрөө л хийх ёстой гэдэг зарчим алга. Гадаадад сурч байгаа хvмvvс, гадаадад гарсан хvмvvс монгол орноо хаяагvй байх аа. Гэхдээ тэд «Монголыг гайгvй болохоор нь очно» гэж ярьдаг. Бас л хvний гар харсан сэтгэлгээ. Монголчууд гадаад хэл их сурч байна. Тэгж сураад юунд хэрэглэх, ямар зорилготой вэ? Бизнес, мөнгө, нэр алдар бодохоос бус, эх орондоо хэрэгтэй хvн болмоор байна, эх орны төлөө сурах ёстой гэж бодох хvн байхгvй. Юуны өмнө өөрийн амьдрал байдлыг сайжруулаад, дараа нь эх орноо гэж боддог, бас тэгж хэлдэг хvн олон. Өөрийн амьдрал байдлыг сайжруулах гэсэн хvний хvсэлд хэр хэмжээ гэж байхгvй. Монголчуудтай харилцах бvрт, сvvлийн vед «Арсланг дийлэх гэж оролдоод оролдоод яаж ч чадаагvй өчvvхэн хулгана хавханд хавчуулж шархалсан өвдгийг нь хазаж орилуулсан гэнэ ээ» хэмээх нэгэн vлгэр санаанд орж ирээд, тэр арслангийн өвдөг нь би юм шиг санагдаад болж өгдөггvй. Монголд байх тусмаа монголчуудтай харилцах талаар их юм сурлаа. Амин хувиа хичээгчдийн дунд байх тусам алаг хорвоогийн хоосон чанар илvv тод харагдах аж. Хорвоо ертөнц дандаа нэг янзаараа байхгvй. Цэцэглэсний эцэст хагдрах зайлшгvй. Алдар нэр, албан тушаал гэгч нэг л бодит чанартай биш санагдаад байх юм.
КИМYРА АЯАКО

Хувийн зүгээс нэмэхэд
--------------------------------------
Тэртээд дундад зууны үеэст монгол хүмүүн нь нийтээр өнөөгийнх адил арай ч ийм "ухамсарын доройтолд" ороогүй байсан гэж би хувьдаа үздэг бөгөөд түүхийн аливаа бичгүүдэд ч монголын хатуу бат сахилга бат болон хувь хүний "би" үзлээс хамтын ашгийг эрхэмлэдэг байсан эдүүгээ түүх л болж дээ. Гэвч "уулын мод урттай богинотой" нь тул өөрийн танил хүмүүс дотор маань үнэнхүү "гэгээрсэн" хүмүүс олонтой бөгөөд тэдний нөлөө, суртал зэрэг нь бид мэтэд сайнаар нөлөөлдөг тул удахгүй манай цөөхөн Монголчууд маань Япончуудын адил шудрага, хүмүүнлэг ёс суртахууныг дээдлэдэг болно гэдэгт эргэлзэхгүй байна. Гагцхүү тэрхүү "оюун, сэтгэлгээний хувьсгал" аль цаг үед болохыг "Балхжав" гуай бид хоёр таашгүймаа.

Мунхаг миний л мэдэхийн ардын дунд маань
"Эрхэм баян эрдэм ном,
Удаах баян эрүүл мэнд,
Гутгаар баян үр хүүхэд,
Адгийн баян эд хөрөнгө" гэсэн сургааль үг байсан бөгөөд эдүгэйгийн хүүхэд залуус тэр бүр "мэддэггүй нь" харамсалтай.

Monday, November 06, 2006

Бэтэгнээс үүдсэн бодрол

...Саяхан нэг өглөө бостол хүзүү хавьцаа нэг хөндүүртэй, идээлсэн жижигхэн бэтэг гарчихаж. Цамцны заханд үрэгдээд хааяа жоохон зовлонтой юмаа. Анагаахын үүднээсээ бодохоор тослог арьстай хүний тосны булчирхай хэт идэвхтэй ажилласнаас арьсны нүх томорч нээгдээд түүнд нь орчны тоос шороо орж битүүрснээс идээлж үрэвсэж байгаа үзэгдэл юм байх. Түүнийг нь цаг нь болохоор хагалж цэвэрлээд, хөвөн лент тавьж эдгээдэг гэх. Хамаагүй оролдоод, өнгөц хөндчихвөл орчин тойрондоо үсэрхийлээд тэр хавийгаа халдварлуулдаг тул болгоомжтой үзэх зүйл гэнэ...

Үүний нэгэн адил сүүлийн үед өдөр тутмын ажил төрөл, мөнгө олох, элдэв болсон болоогүй тендер төсөл гэж явсаар нийгмийн амьдрал, өнөөгийн монголын дүр зураг маань үүнтэй адил болсныг сайн анзаараагүй явж.
-Саяхан Засгийн Газрыг огцоруулах тухай бөөн шуугиан болоход хэдэн өдөр МҮОНТВ-ын шууд нэвтрүүлгийг үзлээ. Хирт хийв.
Манай төр засагт, нийгмийн амьдралд үнэн шудрага явдал нүдний гэм болоод авилга гэгч энэ идээт бэтгэ нилдээ үсэрхийлээд толгой битгий хэл бүх биеээр тархжээ.
-Орой ажилаас ирээд гарт таарснаас нь Ж.Пүрэвийн "Зүрхний Хилэн" номыг барин авч Зүүн гарын бослогын тухай уншлаа. Харамсал төрөв.
Тэртээд Их Хаан Өгөөдэйн хэлсэнчлэн Их Монголын өнөөгийн үр сад "Өвсөнд боовч үхэр тоож идэхгүй, Өөхөнд ороовч нохой тоож шиншлэхгүй амьтас" болоод байгаам уу. Энэ их урваач шарваач, худалч хулгайчид хэзээ дуусаж, дундарах бол...
-Идээ бэтэг идээд идээд бүх биеийг бүрхэх боловуу. Эсвэл үнэхээр Лев Гумилевийн хэлснээр монгол үндэстэн 500 жилийн настай болсон уу. Эсвэл Нострадамусын зөгнөснөөр Их Чингис хаан 1999 онд монголд буцаж төрсөн болов уу. Хэрвээ төрсөн бол дахин Их Монгол улсыг байгуулах идэр цаг нь болоогүй байна уу.
-Ухаан мулгуу гээд төрсөн эхээ голдоггүй, идээ бэтэгтэй гээд төрсөн нутгаа голомгүй. Хоцрогдсон гэгддэг нүүдэлчин уламжлал заншил уу? эсвэл хөнжил хэтийдсэн сууршмал соёл иргэншил үү?
Мөнх хөх тэнгэрээ шүтэх үү, Мөнгө капиталыг шүтэх үү?
Бидэнд нүүдлийн мал аж ахуй маань хэрэгтэй юу, эсвэл фирмийн зохион байгуулалттай болох уу, тэгвэл эртнээс уламжилж ирсэн монгол ахуй заншил маань яах вэ?
Бага биетэй ч шандас сайт жинхэнэ монгол цусны хурдан морьд маань уралдахгүй, фирмд өссөн шилмэл үүлдрийн том морьд уралдах уу? Гүүн зэл дээр унага татаж өгөх өө болих уу, автомат саагч төхөөрөмжөө бариад гүүний саам хураах уу?

-Отгонпүрэвийн бичсэнтэй адил өнөө маргаашийн жоохон амбицийн хооронд явсаар би гэж хүн өнөөдрөөр амьдарч, өчигдөрийг санаж, маргаашийг умартсаар түмэн бодол, түмэн асуулт дунд төөрч орхижээ.
Гэхдээ авууштай нь өөрийн минь ээж минь, өөрсдийн маань нутаг минь гэсэн чинсэтгэл, давилуун мөрөөдэлтэйгээ үлдсэн нь сайн санж.

-Юм нэгээр байхгүй, цаг хугацаа бүхнийг элээх тавилантай. Сайн санааны үзүүрт тос, үнэнээр явбал үхэр тэргээр туулайг гүйцдэгийн үлгэрийг санаж, бидний мэт олон залуус Биеэ засаад гэрээ засч, Гэрээ засаад төрөө засах сургаалийг санаж явбал бүтэх биз. Сайн цагийг авчирах залуустай гэдэгт ч итгэж байна, тийм цагийг үзэх амны хишигт хүмүүн олон буй гэдэгт ч эргэлзэхгүй байнаа.
-Сайныг санаж, саарыг хусч ард олноороо амгалан энхийг авчирах сайхан цагийг хүсэмжлээд энэхүү бодролыг өчүүхэн би бээр үүгээр дуусгая. Эрдэм мэдлэг хэтийдсэн нэгэн нь элэглүүзэй хэмээн эмээсэнгүй, хүн хэлэхээс нааш хэмээн санаж бичиглэв өршөөтүгэй!