Thursday, March 15, 2007

Япончуудын онигоо Монголд

Японоос ирсэн найз маань Япончуудад тохиолдсон дараах онигоонуудыг ярьсан чинь Монголчуудын хувьд үнэнхүү инээдтэй байсан учраас энд сонирхуулахаар шийдлээ.

Чингис хаан нисэх буудал
Токиогоос УБ-д нисч ирээд бууж байна гэнэ. Онгоцны цагаан хоолойгоор "Чингис хаан нисэх буудалд амжилттай газардлаа" гэтэл нөгөө япон : "-Тэр нисэх буудал нь хаана байнаа, дандаа л том том уул харагдаад байх юм" гэж мэл гайхав.

Зам гэж там
Нөгөөх япончууд Өвөрхангай аймаг руу Land80-тай төв засмал замаар давхиж явтал гэнэт огцом нүх таарч тас тас хийтэл аймаар донсолж, харайлгатал япончууд аймаар сандарч, царай нь хачин болж ирсэнээ босч ирээд :-Энэ замыг тавьсан хүмүүс одоо шоронд байгаа биз дээ? гэж асуусан гэнэ.

Уналтан дунд ...
Япон хүн дугуйтай явж байгаад халтирч явган хүний шатан гарц руу унаж байхдаа: -Гомэээй нааа зээээээйй!!! (Уучлаарайййй)

Монгол хүн харин яг ингэж унахдаа юу гэх бол:
-Ааааа, аврааараайй ... Хөөөш чи холдооооочэээээй

гэх мэт ... :D

Tuesday, March 13, 2007

Амьд бай

... Эх чоно айлын хотноос жижигхээн хурга олж ирээд, бэлтрэгнүүд дээ ан хийх сургууль хийлгэдэг... Анчдын ярианаас

А. Туболевын "Харийн тэнгэр" (Чужое небо) туужаас сэдэвлэн бүтээсэн уг кино нь дэлхий 2-р дайнд Оросын олзлогдсон нисэгчид Германы Нисэхийн сургуулийн төгсөгч шинэков нисэгчдийн амьд бай болж буй тухай өгүүлдэг.

...Мы рождены, чтоб сказку зделать былью
Преодолеть пространство и простор
Нам разум дал стальные в руки крылья,
А вместо сердца - пламенный мотор.


Всё выше, выше, и выше,
Стремим мы полёт наших птиц

И в каждом пропеллере дышит

Спокойствие наших границ...

Оросын Авиамарш дууны үгнээс


Энэ дуу нь ЗХУ-ын нисэгчдийн уриа дуу боловч олзлогдсон нисэгчдийн хувьд үхлийн дуу болж хувирна. Учир нь олзлогдсон Иванууд немецийн шинэковуудаас "шалгалт авахаар" нисэхэд нь нисэхийн удирдлагын төвөөс цагаан хоолойгоор энэхүү маршийг тавьж "хүндэтгэдэг".

Амьд бай нарыг Герман офирцер их л аяатайхнаар "немецийн төгсөгчдөөс шалгалт авагчид" гэж нэрлэдэг. Армийн командлалаас ч тэднийг ихэд үнэлэх бөгөөд амьд байгаар шалгалт өгөөгүй шинэковууд анхныхаа тулаанд л унаж байсан бол амьд байгаар дасгал хийгсэд нь 3 дахь тулаандаа унадаг гэсэн үзүүлэлттэй. Сургуулийн захирал Герман хурандаа нь Оросод хэсэг амьдарч байсан тэрээр Оросуудыг сайн мэддэг хүн бөгөөд дэслэгч Тесленког жинхэнэ эр цэрэг хүн болоод сайн нисэгчийнх нь хувьд ихэд үнэлдэг нэгэн.

Нийт 20 гаран байсан олзлогдогсодоос эцэстээ 3-хан амьд бай л үлдэх бөгөөд энэхүү дарамтыг тэсээгүй галзуурсан нэг нь шоронгоосоо оргон гарч Ла-5 онгоцоо сумлан, шатахуунаар дүүргэх бөгөөд үлдэж буй дэслэгч, түрүүч хоёрт оргох боломжийг олгоод амь үрэгдэнэ. Шатахуун хулгайгаар дүүргэснийг гадарласан Герман хурандаа хамгийн түрүүнд дэслэгч Тесленког нисэхийг тушаана. Гэвч хашир дэслэгч 7 ч удаагийн "шалгалтыг" даваад залуу түрүүчид зугтах үүргийг өгнө. Түрүүч ч өөрийг үүргийг ойлгож, харийн тэнгэрт бүх үрэгдэгсдийнхээ "хариуг" сайтар барьж өгөөд эх орон Орос нутаг руугаа зугтан гарч чаддаг.

Гэвч Герман хурандаагийн хэлсэн үг үнэн болохыг түрүүч өөрийн биеэр амсана. Өөрөөр хэлбэл Герман Орос хоёулаа л адилхан лагерь бөгөөд улаан таван хошуу, хар загалмай хоёр л ялгаатай ба Улаан армийн комиссарын хэлснээр "Улаан Оросын дайчин дайсандаа амьдаар олзлогдсон л бол дайсан этгээд" учраас түрүүч дахиад л хорих лагерьт хоригдол болно.

...Шонхоруудын жинхэнэ төгсгөл тэнгэртээ л халих жам юм бизээ.

www.on-air.mn/cinema/ (Эх хэлээр)

Monday, March 12, 2007

Амьдрал нулимсанд дургүй

Найруулагч Владимир Меншовын 1975 онд бүтээгдсэн уг кино өдгөө ч утга учираа алдаагүй хэвээр л байна. 1981 онд Оскарын Шилдэг гадаадын кино (Best Foreign Language Film) шагналыг хүртсэн уг кинонд гурван найз бүсгүйн өөр өөр амьдралыг өгүүлдгийг хэн бүхэн андахгүй сайн мэдэх учраас би дахин дурдаад байх нь илүүц биз.


Уг киног кино шүүмжлэгчид маш их шүүмжлэдэг гэдэг. Учир нь уг кино тухайн үеийн нийгмийн сэтгэлзүйд асар ихээр нөлөөлсөн бөгөөд нөхрөөсөө салж өрх толгойлсон эмэгтэйчүүдийн бүхэл бүтэн "армийг" бий болгосон гээд бодохоор уг кино тэр чигээрээ бодит амьдралыг тусгаж, өгүүлж буй санаа нь ямаршуу жинтэй байсныг гэрчлэх бизээ.

Тийм ч болохоор энэ кинонд би ч мөн адил маш их дуртай, сэтгэл санаа тиймхэн ч юм уу амьдралдаа сэтгэл ханамжгүй болсон үедээ байс хийгээд л үздэг юм. Ялангуяа эхний ангийн төгсгөл хэсэг дэхь Катягийн хүүхэдтэй болж үлдэж буй, дараагийн анги дахь Гоша Катя хоёрын вагонд танилцдаг, бас тэр Гоша Александрагийн найз залууг өмөөрч хэдэн залуустай зодолддог, Гошагийн найзуудтай салхинд гарч шорлог хийдэг хэсэг гээд л дуртай дуртай...

Амьдрал 40 хүрч байж дөнгөж эхлэдэг гэсэн үгийг харуулсан, хүнд хэцүү амьдралаас тэмцэн байж гарч ирсэн Катягийн, жинхэнэ эр хүн гэж ямар хүн байдгыг илтгэдэг Гоша хоёрын дүрд хайртай байдаг юм.

Тиймээс ч сүүлийн үед "кайф авах төдий" гэмээр ч юмуу Холливудын хийсвэр кинонуудын шуурганд дарагдаад буй үед энэ киног бас үзэж байгаарай гэж бяцхан сануулах үүднээс энэхүү ядмаг бичлэгийг бичиж байна л даа.

Тиймээ, амьдрал хэзээд нулимсанд дургүй. Амьдрал зөвхөн тэмцэгчдэд, ялагчдад л дуртай байдаг.

www.on-air.mn/cinema/ (Эх хэлээр)
www.on-air.mn/cinema/ (Эх хэлээр)
IMDB