Wednesday, September 21, 2016

Монголын шинэ үе

Өнөөдөр ийм нэгэн сайхан дуу, клип олж үзчихээд төрсөн бодол:

Аливаа улс үндэстэнүүд өөрсдийн үнэт зүйл, уламжлал дээрээ тулгуурлан түүнийгээ ойлгож, дээдлэж, улам зүлгэн сайжруулж хөгждөг түүхтэй.

Эдгээр шинэ үеийн охид маань яг ийм замаар монголын нэгэн сонгодог гэж болохоор дууг дахин амилуулжээ. Гайхалтай!


Үүнтэй адил өмнөх үеийнхэний тарьсан алдаа балагтай нийгэм, системийг дараачийн үеийнхэн л засах ТОМ хариуцлагыг үүрнэ дээ. Монголын шинэ үеийнхэнд итгэл найдвар төрж эхэллээ!

Monday, June 27, 2016

Алсран одож буй хөгжил дэвшлийг мөрөөдөх нь: 2-р хэсэг

Юуны түрүүнд энэ бичлэг маань сонгууль, нам, улс төртэй огтхон ч хамаагүй бөгөөд миний бие аль ч намын гишүүн бус, төрийн албанд ажиллаж байгаагүй, ямар нэгэн ТББ зэрэг гишүүнчлэлийн байгууллагад хамаардаггүйг дурдах хэрэгтэй болов уу.
Нэлээд хэдэн жилийн өмнө бол OpenMN гэсэн нээлттэй эх бүхий программ хангамж хөгжүүлэгчдийн бүлгэм (FOSS Community)-д сайн дураараа ажиллаж байсан ч, харамсалтай нь өдгөө уг байгууллага хэдийнэ ажиллахаа больсон.

Тэгэхээр ардчилсан энэ улсын нэгэн иргэний хувьд хөгжил дэвшлийн талаар мэдээлэл авах эрхтэй, түүнд хүрэх арга зам боломжийн талаар бодож эргэцүүлэн "мөрөөдөх" эрхтэй, түүнийгээ хувийн блогтоо нийтлэх замаар бусдад хуваалцах, түгээх эрхтэй, нөгөө талаар тийм үүрэгтэй гэж боддог учраас олон юм нуршин бичиж, таныг чилээхээр зориглосон юм шүү.

"Нүүх үү, үлдэх үү?" - "Хөгжих үү, хоцрогдож үлдэх үү?"
Хүн амьтаныг бүтнээр болон хэсэгчлэн эд эрхтнээр нь хувилан (cloning) бий болгох, өнөөг хүртэл хүн өөрийн бие мах бодиороо хийж ирсэн ажил хөдөлмөрийн үүргээ хиймэл оюун ухаантай робот техникээр орлуулж, дэлхийн бөмбөрцөгөөс цаашлаад Ангараг гаригт аялах, сансар огторгуй, макро ертөнцийн үүсэл, тэдгээрийн зүй тогтолоос физик боломжийн хязгаарт тултал атом нейрон, квант гэсэн бичил огторгуйн дайд хүртлээ хөгжсөн хүн төрөлхтөний хөгжил дэвшилд хүрэх үү, үлдэх үү?

Нэгэн хүн хэлсэнчлэн, монголчууд бид эртнээс уламжилж ирсэн шигээ тал нутагтаа айргаа уун, адуу хонин мал сүргээ бэлчээн, байгаль дэлхийн ааш занд тохирон хэрэггүй зүйл юу ч үгүй, бас илүүц хог новш юу ч хураалгүй, дөрвөн улиралдаа нүүдэллэн, амгалан тайван, налайн амьдарч суувал мэдээж хамгийн сайхан байлгүй яахав. Гэхдээ одоо үед зүлгэн дээр гэрээ бариад зүгээр л сайхан амьдарч болохгүй цаг ирсэн болохоор бусадын жишигт хүрч хөгжил дэвшил рүү нүүхээс өөр аргагүй. Бүгд биш ч, дийлэнх нь суурин соёл иргэншилд шилжиж, хотжиж, боловсрол мэдлэгт суралцан улс нийгмээ хөгжүүлэх нь үе үеийнхэнд ноогдож ирсэн үүрэг, хариуцлага.

Өдгөө Монгол улс маань хөгжиж чадаагүй ирсэн нь бидний үеийнхэний буруу биш, өмнөх үеийнхэний хариуцах асуудал боловч өнөөдрөөс цааш хөгжүүлж, ахиулж чадахгүй үлдвэл бол харин өнөө үеийнхэний буруу гэдэгтэй хувьдаа санал нэг байдаг. Нөгөө "ядуу төрсөн нь чиний буруу биш, харин ядуу хэвээрээ өнгөрвөл чиний өөрийн буруу" гэж Билл Гэйтс хэлсэн шиг л.

ЯАГААД ХӨГЖИЖ ЧАДАХГҮЙ БАЙНА ВЭ?

-Ядуурал
Одоогийн Монгол улс хөгжиж чадахгүй байгаа тухай яриа, жишээнүүд явж явж хүн амын дийлэнх нь ядуу байгаатай холбоотой байна гэдэг. Хамгийн гол нь оюуны ядууралд нэрвэгдсэн нь эмгэнэл. Тухайн хүн ядуурлын олон саад бэрхшээлийг даван гарч дундаж давхаргад орж ирэх нь пуужин дэлхийн татах хүчнээс салахтай адилхан байдаг гэж зүйрлэж. Мөн ядуурлын гол шалтгаан нь боловсрол, мэдлэг, ур чадваргүй байдалтай холбоотой байдаг гэж Ерөнхий сайд асан Амаржаргал гуай аль 11 жилийн өмнө бичиж байсан байна, одоо ч өөрчлөгдсөн зүйл огт алга.
Тэгэхээр, ядуурал огт арилсангүй, шудрага бус байдал, баялагийн тэгш бус хувиарлалт гаарсан хэвээр. Ядуурал, хүчирхийлэл ямар байдалд хүрдэг тухай Бурхадын хот гэх мэт киноноос тодхон харчихаж болно.

-Боловсрол, мэдлэг
Ихэнхи ард иргэд ядуурлаас гарч чадахгүй байгаа хойно боловсрол мэдлэгтэй болох нь хоосон мөрөөдөл л болох биз. Өнөөдөр хэдийгээр суурь боловсролыг үнэ төлбөргүйгээр авах боломжтой хэдий ч улсын сургуулиудын сургалтын чанар, орчин муу. Үнэгүй гэдэг хэдий ч янз бүрийн төлбөр хураамжийг эцэг эхчүүдээс байнга татна, мөн сайн гэгддэг улсын сургуулиудад элсч орох авилгалын ханш улам өндөр болж байгаа. Энэ жил бол бүүр 3000$ гэсэн тоо сонсогдож байсан.
Үнэхээр хүүхдэдээ сайн боловсрол олгоё гэвэл өндөр төлбөртэй хувийн дунд сургуулиудад өгөх хэрэгтэй болдог. Учир нь, эдгээр хувийн сургууль төгсөгчид ихэнхи нь гадаадын их дээд сургууль руу шалгаран явдаг, дотоодын их дээд сургуульд барагтай бол ордоггүй нь статистик тоо баримтаас харагддаг.
Элсэлтийн шалгалтын тест задардаг, мөнгөөр худалддаг, их сургуульд ч бас иймэрхүү үзэгдэл байдаг гээд энэ салбарт сайжруулж, эрс шинэчлэх зүйл мундахгүй.
Боловсролын салбарын шинэчлэлийн талаар сайд нь болон мэргэжилтэнүүд ярьж байгааг эндээс үзэж болно.

Товчоор хэлэхэд, дэлхийн түвшиний сайн боловсрол, жинхэнэ мэдлэгийг эх хэлээрээ олж авах боломж маш хомс, үүний тулд заавал англи, герман, орос, япон гэх мэт ШУ-нд ойр байдаг гадаад хэл сурч байж олж авах шаардлагатай. Өөрөөр хэлбэл, мэдлэг олж авах боломж нь хүн бүрт хаалттай, хялбар биш байна. Ганцхан жишээ дурдахад, Линукс Юникс үйлдлийн системийн гарын авлага анх удаа, дөнгөж өнгөрсөн онд л эх хэл дээр ганцхан ном хэвлэгдэж гарчээ. Тэгэхэд, 90ээд онд интернэт Монголд орж ирсэнтэй л бараг зэрэгцэн энэ системийн хэрэглээ бий болсон байдаг. Өөрөөр хэлбэл, интернэт гэдэг их цахим ертөнцийг ажиллуулж буй, бас бидний бүгдийн барьж эхлэсэн ухаалаг утас бүгд энэ л систем дээр ажиллаж байдаг. 2020 он гэхэд 20 гаруй тэрбум IoT төхөөрөмж (жолоочгүй машин, цаг, хөргөгч, унадаг дугуй г.м.) энэ систем дээр ажиллаж байна.

Ингээд үндэсний их дээд сургуулиудаас төгсч гарч ирсэн "чанаргүй" мэргэжилтэнүүдтэй үндэсний компаниуд гадны шилдэг төгсөгчидтэй, шилдэг бүтээгдэхүүнтэй компаниудтай өрсөлдөх нь илт хүч тэнцвэргүй тулаан гэгдэж байгаа.

ХӨГЖИЛ
Тэгэхээр хөгжил гэж юуг хэлэх вэ?, ямар болвол хөгжсөн гэж үзэх вэ? гэдгээс эхлэе. Өөрөөр хэлбэл, математикт теорем батлахын тулд эсрэгээс нь батладаг арга шиг яг юунд, ямар цэг, зорилгод хүрэхээ эхлээд тодорхойлчихвол байгаа нөөц, боломжуудаа ашиглаад хэдий хэр хугацаанд, хэрхэн хүрэх тухай л тооцоолж, төлөвлөнө гэсэн үг.
Яг л Декарт анх тооллын системийг бий болгохдоо огторгуйд дурын нэг цэгийг бэхлэж аваад түүнийгээ координатын эх болгосон шиг ирээдүйд хүрэх хөгжлийн цэгээ тодорхойлох гээд үзье. Өөрөөр хэлбэл, үндсэн эх болсон аксиомуудаа олж тодорхойлоод түүн дээр тулгуурлан бодлого чиглэлээ босгочихно гэсэн санаа.

Тэгэхээр ирээдүйд, хүрэхээр мөрөөдөж буй хөгжилдөө бид хүрчихжээ гэж төсөөлчихье. 2050 онд гээд үзчихье, тэр үед манай хүн ам 5 сая болсон байя гэе. Норвегийн хүн ам шиг ;-)

Хөгжлийг олон л тоон үзүүлэлт, хэмжигдэхүүнээр хэмжих байх, хамгийн гол гэснээ л дурдая,

-Жинхэнэ ардчилал, эрх чөлөөтэй (үзэл санааны болон эдийн засгийн хувьд)
-Хүн ам нь эрүүл чийрэг, урт насладаг (дундаж наслалт ~100)
-Амьдрах орчин, нөхцөл маш таатай (гадны эрсдэлгүй, утаа, агаар хөрсний бохирдол)
-Аз жаргалын үзүүлэлт нь маш өндөр 
-Бүх хүн "жинхэнэ" боловсрол мэдлэгт хүрэх хаалт, саадгүй (өндөр төлбөргүй г.м.)
-Нийгэмд дундаж давхарга нь дийлэнх олонхи. Баян болон ядуу нь маш бага (огт байхгүй)
-Нөөцийн хүртээмж, ашиглалт, оновчлол нь өндөр (оюуны болон биет баялаг, нөөцөө зөв хувиарлан ашигладаг г.м.)
-Нэгдмэл үзэл баримтлал, эв нэгдэлтэй (Одоогийнх шиг 2 нам болж талцаад байдаггүй)
-Мэдлэг боловсролын түвшин маш өндөр (Хүний хөгжлийн индекс өндөр, Их дээд сургуулиуд чансаагаараа топ100-д багтдаг г.м.)
-Хэл соёл, зан заншил, түүх уламжлалаа сайн судлаж, бататгасан нэгдмэл философитой

Ингээд харахаар одоо байгаа нийгэм дээрхийн яг эсрэгээр байгаа нь харагдаж байгаа биз? Тэгэхээр бид үүнийг одооноос засч эхлэх талаар бодож, чиглэж байх хэрэгтэй санагдана.

Энэ талаар дараачийн нийтлэл дээр үргэлжилүүлье.

"Engineers turn dreams into reality" by Hayao Miyazaki


Зургийг https://www.facebook.com/berylluss хуудаснаас авав.













Sunday, June 19, 2016

Алсран одож буй хөгжил дэвшлийг мөрөөдөх нь: 1-р хэсэг

Өнөөдөр нэгэн ахтайгаа цай, кофе уунгаа улс орон, хорвоо дэлхийн сонин сайхан хуучилж суутал, "Энэ бүгдээ нэгтгээд нэг нийтлэл бичээч, тун сонирхолтой байна" гэж хүссэний дагуу нийтлэл болгохоор бүдүүн зүрх гаргав. Угаас хэлсэн ярьсан зүйлс салхинд хийсэн арилж, бичсэн тэмдэглэсэн зүйл торойн үлддэг нь жам юм хойно, та бүхэнд ч гэсэн захиж хэлэхэд аливааг бичиж тэмдэглэж байх нь өөрт болон өрөөлд нэмэр тустай байдгийг сануулж зүрхлэе. Энд бичиж буй зүйл маань дан ганц миний өөрийн уншиж, бодож эргэцүүлж тунгааж буй үзэл бодол тул алдаж эндүүрсэн, орхигдуулсан зүйлс арвин байхыг мэдээж хүлээн зөвшөөрнө.

ГАДНЫ ХӨГЖЛИЙГ ТЕХНОЛОГИЙН ТАЛААС ХАРАХАД
Хаанаас нь эхлэх вэ? гээд бодлоо л доо, тэгээд Монгол улс, монголчуудын хөгжил дэвшлийн тухай бодрол болохоор түүхээс эхлэх хэрэгтэй болов уу.
Хамаг Монгол нэгдэж, улмаар Их Монгол улс байгуулагдан мандаж, бутарч, эзэлж эзлэгдэж явсаар одоогийн тусгаар тогтносон ардчилсан хүмүүнлэг нийгэм байгуулж буй Монгол улсын өнөө үеийг туулж иржээ.
Дэлхийн тэн хагас нь хаалттай, социализмыг байгуулахаар түүхий эд бэлтгэх бааз, мал аж ахуй, хөдөө аж ахуйн улс орон нэг л өдөр капиталист, ардчилсан улс болоодохсон чинь одоогийн бидний амьдран буй бас л түүхий эд, газрын баялагаа экпортлогч Minegolia болчихов. Өмнөх нийгэмд болж бүтэхгүй зүйлс багагүй, хаагдмал боогдмол, ЗХУ-ын хараат улс байсан хэдий ч ядаж ард иргэд нь амгалан тайван, стресс бухимдалгүй байсан бол одоогийн ардчилсан эрх чөлөөт хүмүүнлэг нийгэм босгох гэсэн нь бас бүтэлгүй болж ширэнгийн хууль үйлчилдэг, зэрлэг капитализм буюу мөнгө улаан, нүд цагаан болчихов. Улс орны хөгжил дэвшил, нийгмийн үзүүлэлт индексүүд нь бараг бүгд л хамгийн мууг, цөөн хэд нь дундаж үзүүлэлтийг заана. Хүний хөгжлийн индекс, Аз жаргалийн индекс, инноваци технологи бүтээж буй тоо, хүн амд ноогдох ядуурал ажилгүйдлийн тоо гээд нарийвчилсан үзүүлэлт зэргийг дурдах илүүц биз. Энэ тухай мэдээ, мэдээлэл хаа сайгүй.

Товчхондоо ӨНГӨРСӨН 25 ЖИЛД Азийн бар болноо гэсэн зорилгодоо хүрч чадаагүй, МОНГОЛ УЛС ХӨГЖИЖ ЧАДААГҮЙ нь үнэн. Япон, Солонгос, Сингапур, Ирланд гээд бусад улс ийм хугацаанд бол хөгжиж чадсан тухай ч дурдах нь илүүц биз. Учир нь, миний бие бээр эдийн засаг, улс орны хөгжлийг дагнан судалдаггүй, тэр чиглэлийн мэргэжлийн хүн бас биш юм. Компьютерийн шинжлэх ухаан, программ хангамжийн инженер буюу мэдээллийн технологийн салбар ажилладаг хүний хувьд яг энэ салбар нь улс орны хөгжил дэвшлийг голлон чирч буй ачааны морь адил болсон тул хөгжил дэвшлийн асуудал руу өөрийн эрхгүй татагдан орох шалтгаан их байгаагийнх юм болов уу.

ӨНДӨР ХӨГЖИЛТЭЙ УЛС ОРНУУДЫН ХӨГЖЛИЙН ОЙРЫН ҮЕИЙН ТӨСӨӨЛӨЛ
Төсөөлөл гэсэн нь ирээдүйд ямар болохыг яг таг хэн ч хэлж чадахгүй, би бүүр хэлж чадахгүй, аль нэг үзмэрч лам ч чадахгүй нь үнэн. Түүхэнд, ирээдүйн талаар хамгийн их дөхүүлсэн нь гэвэл агуу Леонардо да Винчи, Жюль Верн хоёр л болов уу.
Гэхдээ одоогийн технологийн хөгжлийн талаарх мэдээлэл дээр үндэслээд, ирээдүйн талаар төсөөлж, түүнд бэлдэж байхгүй бол дэлхий арай л хурдан "эргэдэг" болсон цаг үе шүү дээ. Зарим айвхтар улс орнууд futurist гэсэн мэргэжил, бүүр яам бий болгочихсон байна лээ.

Тэгэхээр ШУ, технологийн салбарын үсрэнгүй хөгжил, ололт амжилтаас үүдэлтэй SOFTWARE DISRUPTING, DIGITAL TRANSFORMATION гэдэг үзэгдэл яг одоо өндөр хөгжилтэй орнуудад ид өрнөж байгаа бөгөөд энэ нь уламжлалт буюу өнөөг хүртэл хөгжиж ирсэн салбар (industry)-уудыг ээлж дараалан "сүйрүүлж", ажиллагаа-бүтцийн загварыг нь шинээр оновчлон дахин бүтээж буй үйл явц гэж товч тайлбарлаж болно. Дэлгэрэнгүй сонирхох бол энэ талаарх мэдээлэл ёстой хаа сайгүй бий. Эх хэл дээр хайя гэвэл харамсалтай нь салбарын хэдхэн хүний блог, хэвлэл мэдээллийн цөөн нийтлэл эдэр л олдох болов уу.
Энэ талаар жичдээ тусад нь өөр нийтлэл бичихэд болох байх.
Үүнд, хиймэл оюун ухааны салбар эргэн сэргэж шинэ түвшинд хүчтэй гарч ирсэн, үүлэн тооцоолол, сошиал медиа сүлжээний хөгжил зэрэг нь голлон нөлөөлж байгаа ба үүн дээр мөн электроник, роботын техник технологийн хөгжил нэмэгдээд Аж үйлдвэржилтийн 4-р үе (INDUSTRY 4.0) бий болж буй тухай өнгөрсөн жилийн Давосын ЭЗ чуулган дээр хүртэл тусгайлан авч хэлэлцэж эхлэсэн. 90-ээд оных шиг dotcom boom (санхүүгийн зах зээл дээрх интернэтэд суурилсан компаниудын хөөсрөлт) шинэ давалгаа, тэсрэлт болох магадлал маш их бий. Мөн шинэ технологийн хөөсрөлт гэж бий, ө.х. анх гарахдаа өндөр хүлээлт үүсгээд, яг хэрэглээ болохдоо бодит хөрсөн дээрээ буудаг үечлэл.

Тэгэхээр хэт технологийн тал руу хазайлгүйгээр товчхондоо ирэх 5-c 20 жилд тэдгээр хөгжлийг оройлогч улс орнууд ямар болсон байх талаар дэвшүүлээд буй төсөөлөл, дүр зургийг товчхон буулгавал,

-ECO буюу байгаль орчинд ээлтэй НОГООН ЭЗ (эдийн засаг) нь нийгэм, аж амьдралын хэв шинж болох . Одоогийн хэт аж үйлдвэржилт нь байгаль цаг уурт сөргөөр нөлөөлж байгаа тул цахилгаан болон устөрөгчийн хөдөлгүүр бүхий өөрөө явагч автомашин, нийтийн тээвэр, үйлчилгээ, худалдаа, санхүү, даатгал, хэвлэл мэдээлэл гээд бүхий л салбарыг шинэ дүрэм, шалгуураар бүтээгчээр нураан, шинэчлэж эхлэсэн.

-SHARING ECONOMY буюу хамтач ЭЗ
Эд зүйлсийг заавал худалдан авч өөрийн эзэмшил болголгүйгээр дундаа хуваалцан хэрэглэж, байгалийн нөөцийг хэмнэх, хэт их үйлдвэрлэлээс салах. Энэ нь тухайн эд юмсын ашиглалтыг дээд зэрэгт хүртэх оновчлолын бодлого, бүтэц, зохион байгуулалтыг бий болгоно. Жишээ нь, автомашин үйлдвэрлэгчид хэрэглэгч бүрт машин борлуулахаар ихээр үйлдвэрлэх бус, зөвхөн тухайн хэрэгцээнд л шаардлагатайг хэмжээгээр үйлдвэрлэнэ. Жилдээ сар хүрэхгүй үгүйтэй хэдхэн хонодог зуслангийн байрыг заавал худалдан авах, барих, арчлан хамгаалахаа болино, тэгснээс яг хэрэгцээтэй үедээ түрээслэн ашиглахад л болох юм.
Ер нь, бидний өмнөх үеийн бүтээхээр хөдөлмөрлөж байсан жинхэнэ социализм руу л дөхөөд байна уу гэсэн бодол төрж байна уу?

-IoT буюу эд зүйлсийн интернэт.
Харилцаа холбооны (үүрэн 5G, шилэн кабелийн) сүлжээ мэдээллийн дамжуулах чадал, багтаамж нэмэгдсэнтэй, мөн электроникийн үйлдвэрлэлийн зардал багасч, тооцоолох хурд нэмэгдсэнтэй холбоотойгоор хүний бүтээсэн эдлэл хэрэглэл, тоног төхөөрөмж тархитай (CPU, GPU)-тэй, хиймэл оюун ухаантай, интернэт сүлжээнд холбоотой болоод эхлэхээр 2020 он гэхэд 20 тэрбум орчим тооны эд юмс онлайнаар ажиллана гэсэн тооцоо бий. Энгийн жишээ дурдвал, гэрийн тоос сорогч өөрөө санаачлагаараа хүрч ирээд л хөл доогуур чинь тоос сорж, гэр цэвэрлээд явнаа л гэсэн үг. Эсвэл, хөөе нөхөр минь чи, намайг ажилдаа явсаны дараа гэр аятайхан шиг цэвэрлэчихээрэй! гэж зандарчихаад гарахад чинь цэвэрлэчихсэн байдаг болно. Пицца, шуудан илгээмжийг хүн-ажилтан зөөхөө болиод өөрөө явагч робот, дрон хүргэгч зөөнө.
Энэ зах зээлийн томоохон хэрэглэгчид нь ашиглалт, хяналт ихээхэн шаарддаг үйлдвэр, дэд бүтэцийн салбар гэгдээд байгаа. Жишээ нь, өндөр хүчдэлийн шугам, цахилгаан станц зэрэг хүнд хортой, аюултай зүйлсийн хяналтыг робот-ажилтан гүйцэтгэнэ.
Товчоор хэлбэл, дэлхий дээр байгалийн бүтээсэн уул ус, ургамал амьтан гэсэн экосистем байж ирсэн бол, удахгүй хүн төрөлхтөний бүтээж бий болгосон интернэттэй эд юмс (things, devices, robots) гэсэн бас нэгэн томоохон экосистем бий болох нь. Эдгээрээс өдөр тутам үүсэн бий болох асар их хэмжээний мэдээлэл, өгөгдөл нь үүлэн тооцооллийн төвүүд дээр цугларснаар Big Data, Data Analysis гэсэн шинэ салбар үүсч бий болсон байгаа.

-AI буюу хиймэл оюун ухаан.
Өмнө дурдсан эд зүйлс, робот тоног төхөөрөмжийг "амилуулж", эзнийнхээ дуулгавартай туслагч болгож буй гол зүйл нь хиймэл оюун ухаан юм. Нөгөө бидний тоос сорогч хиймэл оюун ухаантай болчихоод өөрөө гэрээ цэвэрлэдэг болно, бүүр гэртээ хоол цай зөөлгөх, нааш цааш гүйлгэх гэрийн үйлчлэгч робот хүртэл гараад эхлэчихсэн байгаа шүү. Гэхдээ энэ нь, робот-үйлчлэгч ажилгүй үедээ чамтай "буу халаад", элдэв "хов базаад" ажил цалгардуулаад байна гэсэн үг биш, зөвхөн л гэр цэвэрлэх, тоос шороо, угааж арчих гэх мэт өгөгдсөн ойлголтынхоо хүрээнд л ажиллахаар программчилж сургасан "тархитай" тул яг гэрийн зарц робот гэчихэд буруудахгүй болов уу. 20-р зуунаас өмнө бол эдгээр үүргийг зарц, боол нар хийдэг байсан цаг саяхан шүү дээ.
Товчхондоо робот нь хүн төрөлхтөний туслагч, үйлчлэгч, ажилчин болох нь. Мөн, хиймэл оюун ухааны өндөр амжилт нь дэлхий даяар ихээхэн маргаан дагуулж байгаа сэдэв бөгөөд, зарим алдартанууд энэ нь цөмийн зэвсэгээс ч аюултай, цаашдаа хүн төрлөхтөнийг мөхөлд хүргэнэ ч гэж мэдэгдээд байгаа. Мэдээж цэрэг-робот буюу terminator, skynet шиг хөнөөгч зэвсэг, арми бий болвол гэсэн айдас болгоомжлол бий. Галт тэрэг нэгэнт хөдөлчихсөн, бүгд робот хиймэл оюуныг хөгжүүлээд эхлэсэн. Манайх бол бүдүүн нарийн цариг, нүүрсээ зөөнө гэж талцсаар хоцорсон, ер нь цөөн хэдхэн зүйлсийг эс тооцвол, манай улс хөгжлөөс асар их хоцрогдож байгаа нь харамсалтай үнэн юм.
IoT, AI технологи амьдралд нэвтэрснээр бизнес, аж үйлдвэр, тэр дундаа үйлчилгээний салбарт ихээхэн өөрчлөлт явагдах ба жишээлбэл, зочид буудал албан газрын үйлчилгээний ажлын байр, дэлгүүр супермаркетийн кассчин гэх мэт бүхий л зүйлс автомат төхөөрөмж-роботоор орлуулагдсанаар хүмүүс ажлын байраа алдаж эхлэх магадлал их бий. A.I. болон iRobot гээд кино санаанд чинь бууж байна уу?

-SELF DRIVING CAR
2017 оноос эхлээд түрүүчийн өөрөө явагч автомашинууд дэлхийн хотуудад явж эхлэнэ. Ердөө хагас жилийн дараа! Судалгаанаас харахад, аливаа автомашин эзэмшигч нь нийт хугацааны маш бага (~10%) хувьд л ашиглаж байдаг ба, ихэнхидээ зогсоолд сул зогсоож байдаг. Мөн ашиглалтын хугацаандаа дундажаар ~1.5 суудлыг нь ашигладаг. Ө.х. автомашины ашиглалт нь ямар ч оновчлол хийгдээгүй байдаг байх нь.
Одоогийн цагийн хувиарын дагуу, өгөгдсөн маршрутаар явж үйлчилдэг нийтийн тээвэр нь өөрчлөгдөж, хэрэглэгчийг яг хэрэгцээ шаардлага гарсан үед нь очиж аван хаалганаас хаалганд хүргэж өгдөг on-demand үйлчилгээ болж өөрчлөгдөх төлөвтэй байна.
Товчоор хэлбэл, цахилгаан хөдөлгүүртэй автомашин нь нэгж зам туулахад зарцуулах өртөг нь их хямдарч, энгийн цөөн тооны эд, хэсгээс бүрдэх тул ашиглалтын зардал багасч, хугацаа нь ихэсч, ашиглалтыг оновчлон, бүтээмжийг өсгөснөөр нийт замын хөдөлгөөний ачаалал багасч, зам тээврийн осол, хотын дуу чимээ багасах гээд ашиг тус нь маш их байх төлөвтэй. Дэлхий дээр жилд ~1 сая хүн зам тээврийн ослоор хорвоог орхидог тоо статистик байдаг ба энэ тоо манай улсад нийт хүн амдаа харьцуулахад ихээхэн өндөр гардаг байх, харамсалтай нь. Мөн нийт ослын шалтгааны дийлэнх нь хүний хүчин зүйлээс болж гардаг тухай судалгаа байдаг. Жолоочгүй тээврийн хэрэгсэл зам дээр явдаг болсноор осол огт гардаггүй болно гэж үзэж байгаа ба сөрөг тал нь жолоочид ажлын байраа алдах юм. Яг манайд, нэг л өдөр автобусны тасалбар түгээгчийн ажлын байр байхгүй болсон шиг.

-INDUSTRY 4.0 - Dark Factory буюу роботжсан аж үйлдвэржилт.
Саяхан Foxxcon гээд Apple, Google, Amazon зэрэг томчуудад ухаалаг утас, таблет зэрэг төхөөрөмж үйлдвэрлэж өгдөг Хятадын томоохон үйлдвэр 60,000 ажилтнаа халж, оронд нь робот суурилуулсан тухай мэдээлэл гарсанг саначихая. Өөрөөр хэлбэл, үйлдвэрийн ажилчид ажлын байраа роботод алдаад эхлэчихсэн. Яагаад гэвэл, өнгөрсөн 7 жилийн хугацаанд хятадад ажилчдын цалин ~1.7 дахин өссөнөөс үйлдвэрлэгчдэд үүнээс өөр зам үгүй гэнэ. Үйлдвэрийн ажилчдын ажлын байраа алдах эдгээр тоон дээр нэмэгдээд үйлчилгээ, хүргэлт, хөдөө аж ахуй, газар тариалан гээд бусад салбарт мөн адил роботод булаалгах ажлын байрны тоо цаашдаа ч өсөх нь тодорхой байгаа.
Угаасаа томоохон үйлдвэр гэхээр зүйл байхгүй манайд сохорсон биш завшив?
Эндээс улбаалан маргаан дэгдээж байгаа зүйл нь, ажлын байргүй болсон хүмүүсийн арми цаашдаа яаж амьдрах вэ?

-3D PRINTING
Хүний хэрэгцээт эд зүйлсийг өмнө нь аж үйлдвэрийн газарт олон тоогоор үйлдвэрлээд худалдааны сүлжээгээр түгээгдэн, хэрэглэгчдэд борлуулагддаг байсан бол 3-н хэмжээст хэвлэгч айл өрх бүрт очвол энэ дүр зураг шал өөр болох юм. Хэрэглэгч зөвхөн бэлдэц материалыг л сонгон авах ба хүссэн эд зүйлсээ өөрөө хэвлээд бий болгочихно, ө.х. өөрөө үйлдвэрлэчихнэ. Хэвлэж болдог зүйлсийн тоо улам бүр нэмэгдэж байгаа ба жишээ нь, бага оврын автомашиныг (эд ангиудыг) хэвлэдэг болсон. Байшинг хүртэл хэвлэчихсэн байна.

-БИО, МАТЕРИАЛ болон НАНО ТЕХНОЛОГИ
Дэлхийн хүн амын өсөлтөөр 2050 он гэхэд бараг 10 гаруй тэрбум хүн амьдарч байх бөгөөд хүнс, ундны усны асуудал хурцаар тавигдаж эхлэнэ, дэлхийн дараагийн дайн ундны цэвэр усны төлөө болох болно ч гэсэн таамаглал бий. Мөн цэвэр усны нөөцөөр марууханд ордог манайд цөлжилт яг энэ хэвээр үргэлжилбэл 2080 онд 80% буюу дийлэнх нутаг маань цөл болж хувирах судалгааг харсан байх.
Дэлхий хүн ам олширсноор хүнсний хангамжийг генийн аргаар бий болгох замаар л хангахаас өөр замгүй гэнэ. Энэ чиглэлийн мэргэжилтэн биш болохоор нарийвчласан тооцоо, судалгааг мэргэжлийн судлаачдаас харах хэрэгтэй байх. Судлаач, эрдэмтэн гэдэг үг манайд бас их доошоо орж, үнэ цэнэгүй болсоор удлаа даа.

-АНАГААХ УХААН, ЭРҮҮЛ МЭНД
Дээр дурдсан технологи, салбаруудын хөгжлийн хамт анагаах ухаан, оношилгоо, эрүүл мэндийн салбарт үсрэнгүй хөгжил ирэх бөгөөд энд хиймэл эд эрх буюу bionic чиглэлд ихээхэн амжилт ирэх болов уу. Жинхэнэ гар хөлнөөс дутахгүй ажиллах хиймэл эрхтэн-төхөөрөмж хийгдчихсэн, улам бүр боловсронгуй болж хөгжсөөр байна. Зүүж хэрэглэдэг (wearable) ухаалаг IoT төхөөрөмжүүд бий болсоноор тухайн хүний эрүүл мэнд, биеийн байдлын тухай мэдээлэл, өгөгдлийг эмч (мөн робот-хиймэл оюун ухаан) алсаас байнга ажиглаж, хянаж байна. Ухаалаг аяга, нүдний шил зэрэг хэрэгсэл маань эзнийхээ идэж ууж буй хүнсний илчлэг, найрлага, хэмжээ зэргийг алдалгүй бүртгэж зөв зохистой хэрэглээг хянаж, зөвлөнө. Нүүр царай, нүдний торлог зэргийг хараад, биеийн хөдөлгөөн үйлдлийг ажиглаад уур уцаар, биед элдэв зовиур үүссэн эсэхийг алдалгүй тодорхойлон цааш нь "ховлоно".
Цаашаа илүү дэлгэрэнгүй гэхээр, мөн л энэ салбарынх биш болохоор тодорхой олон зүйл хэлж чадахгүй нь, интернэтээс хайвал мэдээж дүүрэн бий.

Энэ мэтчилэн хөгжил бол одоогийнхоос хамаагүй өндөр түвшинд очих болохоор товчхон ДҮГНЭЭД хэлэхэд,
Улс орны хөгжлийн түвшин асар их зөрүүтэй болж, өндөр хөгжилтэй орнуудын хувьд одоо ч бүрэн төсөөлөхөд бэрх байхаар технологижиж, эдийн засаг үр өгөөж илүү их оновчлогдон (optimization), хамтач болж (sharing economy), хүний оронд робот ажил хөдөлмөрийг гүйцэтгэж эхлэх тул суларсан хүмүүс цаг зав, чөлөөтэй болсноор илүү их мэдлэгт суралцан боловсорч, урлаг уран бүтээл туурвиж, дэлхийгээр аялж зугаалах, зугаацах болох болов уу.
Хөдөөгийн жирийн сумын төвөөс шууд эдгээр хотод очвол яг л харь гаригт очсон шиг болох нь тодорхой, одоо ч бараг тэгдэг шүү дээ.

Ингэхээр хөгжиж амжаагүй буюу ядуу буурай орнуудын нэг болох БИД ЯАХ ВЭ, ХӨГЖИХ БОЛОВ УУ? гэдгийг үргэжлэл дээр...

Sunday, May 29, 2016

Амьдралын нэг агшин

Өнгөрсөн жилийн зуны амралтаараа бусадын адил Хөвсгөл далай орж хэдхэн хоног сайхан амарсан юм. Тэгэхэд, гэр бүлтэйгээ нууранд хийлдэг завьтай хэсэгхэн зуур сэлж явах үед найзууд маань бидний гэрэл зургийг ийн буулгаж.


Нүүрномд дээрх зураг дээр найзууд маань маш эрсдэлтэй алхам хийсэн байгаа тухай сэрэмжлүүлж бичсэн сэтгэгдэлүүдийн дараа, мөн тухайн үед бас нууранд амрагчид осолдсон тухай эргэцүүлэн бодож байтал энэ зураг яг л миний, бас бидний адил дийлэнх залуу гэр бүлийн амьдрал нүдний өмнө дурайн харагдах нь тэр!

Зүйрлэвэл,
Хөвж буй нуур нь бидний амьдарж буй нийгэм. Нийгэм тогтворгүй, нуур ихээр давалгаалвал завинд аюул занал учирна.
Өрхийн тэргүүн нь сэлүүрээ барьж завиа чиглүүлэн сэлүүрдэх нь, гэр бүлээ авч яваатай адилхан.
Эхнэр маань хүүхдүүдээ түшиж суусан байгаа нь, ээж хүн үр хүүхдээ хүмүүжүүлж өсгөдөгтэй, эр нөхөртөө итгэн яваатай адил.
Хүүхдүүд маань эрсдэлтэй гэдгийг ч мэдэхгүй балчир, гаднах байгалийн сайхныг сонирхон, эцэг эхтэйгээ жаргалтай яваа дүр зураг.
Гэр бүлийн амьдрал тогтвортой, аз жаргалтай байх нь бас эрсдэлийг багасгана, хэрвээ хэн нэгэн нь завь дотроо тонгочоод, дэвхцээд эхлэвэл юу болох билээ?
Хийлдэг завь маань гэр бүл оршин тогтнож яваа суурь буюу боловсрол, эрүүл мэнд, байр байшин, ажил төрөл, бизнес гэсэн суурь зүйлс.
Завийг эрэг рүү аргамжсан аргамжааг найзууд маань тогтоон барьж байгаа нь амьдралд үнэнч анд найз нарын нөхөрлөл хичнээн хэрэгтэйг илтгэх мэт.

Амьдралын нэг л агшины зураг мэт боловч бидний амьдрал ийм л дүр зурагтай байна даа!

Жич: Нэг зүйлийг мартаж, Хантааз бол хадгаламж байлаа. :-)

Tuesday, September 30, 2014

Alibaba's Jack Ma: If you’re still poor at 35, you deserve it!

Бодоод байхнээ 30аад насны үе хүний амьдралын маш чухал үе бололтой. 20иод настай залуу халуун явахад ч яахав элдэв юм бодохгүй, энд тэндэх юм руу үсчиж эрсдэл хийж, өөрийгөө туршиж унаж босч явсаар нэг л мэдэхэд өнгөрчихнө.

30иад насныханд бол гэр бүл, үр хүүхэд, эцэг эх гэсэн хүнд ачаа нэмэгдээд ажил мэргэжилдээ улам туршлагажих, карьер ахиж хариуцлагатай ажил эрхлэх, дахиад боловсрол мэдлэгээ зузаатгах, амьдрал ахуйгаа өөд татах гээд алдах алгуурлах эрхгүй амьдралын чухал үе юм байна. 
Тэр дундаа манайх шиг нийгмийн баталгаа муутай нийгэмд бол бүр хүнд даваа.

Alibaba's Jack Ma: "If you’re still poor at 35, you deserve it!" post is here:

http://vulcanpost.com/7702/jack-ma-youre-still-poor-35-deserve/


"Форум" Энхбат гуайн илтгэл: "Мөнгө хөөсөн хүн авч чаддаггүй"
https://t.co/uyao2IFjKL

Thursday, May 02, 2013

Төрсөн өдрөөс үүдсэн бодрол

Өнөөдөр миний төрсөн өдөр тохиож байна. Тоост орчлонд амьдралын хүрдийг эргүүлсээр 32 жилийг үдэж. Нэг танил маань намайг яг 30 хүрч байхад "За, 3ын тоо эхлүүлчихээр сэтгэл санаа ямар байна?" гэж асууж байсан нь санаанд ороод байх юм. Яахав, насаар дүү ид 20иод насныхан бол хөгшин гэж хэлнэ байх л даа. Гэхдээ би бол ингэж боддог болсон: Нас насыг дайраад туулаад гарах нь хорвоогийн жам юм хойно яалтай ч билээ. Ямар цаг хугацааг зөвхөн өөр дээрээ удааж гацааж чадах биш, гэхдээ зөвхөн физик цагийг шүү дээ. Гэхдээ яг нарийн ярьвал цаг хугацаа чинь өөрөө абсолют биш, харьцангуйн онолоор хурднаас хамаардаг биз дээ, хаха. Бяцхан наргиа байлаа.
Нас бол зүгээр тоо гэж бодоод тоолгүй байх нь дээр, мөн хүн тухайн насныхаа онцлогт л амьдрал нь таарч нийлж явах ёстойг хичээх хэрэгтэй болохоос нас ахилаа гэж санаагаар унах бол буруу шүү.

Өнөөдөр чинь төрсөн өдөр! Энэ өдрийг бусад өдрүүдээс арай өөрөөр хүлээж авч, өнгөрсөн жил өөрийгөө хэн байв, амьдралд минь юу болж өнгөрөв, юун дээр алдаж онов гэдгээ ухаарч эргэцүүлээд бодчих ёстой өдөр юм болов уу? Тэгээд ч би өөрөө угийн дотогшоо буюу дотор хүнтэйгээ ярих дуртай болохоор туулж өнгөрүүлсэн нэг жилээ эргээд жаахан эргэцүүлчихэд буруу юу байхав, тийм биз дээ?

За тэгээд хүн нас насандаа л таарч амьдрах хэрэгтэй гэсэн, 3ын тоо эхлүүлээд ирэхээр эр хүний хувьд бол нөгөө галзуу барын аманд гараа хийхээс буцахгүй, юм бүр руу үсчиж, өөрийгөө сорьж эрсдэл хийдэг үеээ өнгөрөөд илүү их буур сууж төлөвшиж, эр хүний зангараг буюу ноён нуруу сайн сууж ирдэг нас юм шиг. Дан ганц өөрийгөө болгох биш үр хүүхэд, гэр бүл, аав ээж, ах дүү, хамаатан садан, ажлын хамт олон гээд илүү их ачаа үүрч эхлэх болохоор энэ бүх хүнд ачааг үүрч даах сэтгэлийн хат, зангараг, тэсвэр хатуужил сууж ирдэг бололтой. Өөрөөр хэлбэл хүн эхийн хэвлийд хэдэн сар бойжиж төрөөд, 1 настайдаа хөлд орж, 2 настайдаа хэлд орж, 7-8 настайдаа сургуульд орж 18 настайдаа төгсдөг үе шиг л 30аад насныханы хувьд бол гэр бүл, хамт олон гээд нийгэмд эзлэх байр суурь нь илүү их бэхжиж ирдэг байна шүү. Нэг тийм үг ч бий, 30 хүртэл ном үзээгүй бол эрдэм сурна гэж бүү бод, 40 хүртэл хөрөнгө хураагаагүй бол баян болно гэж бүү бод гэдэг ч билүү дээ.

Тийм болохоор нас насны жаргал зовлонг нь эдлээд, тухайн насныхаа үе онцлогтоо таарч тохирч амьдарч байвал нас нэмэх нь тэгээд миний буруу бол биш хорвоогийн жам юмаа гээд өндөрлөсүү :P

Thursday, November 25, 2010

Язгуур монгол чанар гэж юу вэ гэсэн эрээвэр, хураавар бодрол

Эхлээд Монгол улс тусгаар тогтнолоо зарлан тунхагласны ойн баярын мэнд хүргэе!

Би гэж хүн зав гарсных гүүгл уншигчаа нээж уншдаг хэдэн блогуудаас сонирхолтой гэж үзсэн хэд хэдэн нийтлэл уншаад янз бүрийн эрээвэр хураавар бодолд автав. Яг юунаас эхлэхээ ч сайн мэдэхгүй сууна.

Гол нь сүүлийн үед биднээс, монголчуудаас ажиглагдах болсон зан чанар, ааш авир, үзэл бодлыг хураан бодохоор өөдтэй зүйл гарах нь ховор боллоо. Нарийн судалгаа хийгээд үзвэл өдөр тутмын нийт мэдээ дундаас бүтэлтэй, гэрэл гэгээ харагдаж буй хэсэг нь цөөхөн л гарах байх. Гэхдээ мэдээж юмыг аль болох өөдрөгөөр, бүтээх босгох талаас нь харах нь угаас зүйтэй.

Монголчууд бид хоорондоо их талцаж, хуваагдаж, хагарч бутрах нь их болж. Тухайлбал хөдөөнийх хотынх, халх дүрвэд, монгол казак, монгол буриад, цэвэр монгол хужаагийн эрлийз, боловсролтой боловсролгүй, эрэгтэй эмэгтэй гээд тоочоод байвал дуусахгүй нь... балай юм. Цагтаа азийн цээжинд хүчирхэг гүрнийг цогцлоод босгоод улмаар тухайн үеийн газарзүйн ойлголтоор бараг дэлхийг бүхэлд захирч нэгтгэж, шинэчлэж байснаа жижиг ханлиг, ванлиг болж өөр хоорондоо муудаж хагарч бутраад Манж Чин улс, дараа нь коммунист Зөвлөлтийн эрхшээлд хэдэн ч жил "зовов" доо. Түүхийн сурвалжаас харахнээ гол шалтгаан нь бие биенийхээ дээр гарах гэсэн дотоодын зөрчил, түүнийг дэвэргэж овжин ашигласан гадныхан л хожсон. Азаар халх монголчууд нь хэдэн мянган хүнээ алдан барин байж одоо тусгаар улс болчихоод өөрийн эрхэнд "зовж" яваа ч, өвөрмонгол буриад тува гээд тал нь одоо ч бусдын эрхэнд "жаргаж" л явна. Гэхдээ энэ бол арай өөр асуудал л даа. Гол нь тусгаар улсаа тунхагласан, халх монголчуудынхаа тухай энд ярьж байна л даа.
Монгол хүн гэж яг ямар хүн байх ёстой юм? Бид бусдаас юугаар өөр юм, юу бидний бахархал юм гэхээр юу гэж хариулдаг вэ?

Чи муу хөдөөнийх, би лаг хотынх, хөдөөнийхөн мал руугаа зайл, зуд болохоор та нар тусламж авдаг, бид яагаад авдаггүй юм гэх мэт яриа гадуур их газар авлаа шүү. Хэвлэлээр ч талцаж байгаад л үзээд байна. Анзаарахнээ, Пентатаник Академийн нөгөө Долгион анх нийтийн дуу, дуучдад дургүйцэж хөдөөний соёл, хотын соёл гэж ялгаварласан ярианаас асуудал дэгдэж эхэлсэн байх. Эсвэл бүүр өмнө Мал дагавал мал болно гээд ч эхэлсэн байж магад. Хөдөөний муу мал гэж нэг нь доромж үзээд байдаг, нөгөө нь болохоор Би жинхэнэ монгол, билэг танхай хөдөөний хүн гээд дуулаад байдаг, хаха. Нэгэнд нь бахархал, нөгөөд нь доромж байх нь ээ? За энэ ч яахав, хүнийг гарал үүслээр нь уул нь ялгаварлан гадуурхаж болохгүй гээд хүний эрх мэрх ярих байх, түр орхиё.
Цаашлаад халх дүрвэд, халх буриад болоод талцаад явчихнаа бас. Дүрвэд хүн хүн биш, дөрвөн хөл шийр биш, Буриад бол үндэстэн биш ястан гээд баахан маргалдаад, муудалцаад унасан. Бас л хүнийг яс угсаа, хэл яриагаар нь гадуурхаж байгаа хэлбэр.
Бүүр цаашлаад асуудал бүүр ноцтой тал руугаа орлоо шүү. Монгол казак болоод үндсэн хооронд болоод явчихсан. Баян-Өлгий дэхь казакуудын тусгаарлагдмал байдлаас эхлээд газар нутаг, яс угсаа, шашин шүтлэг гээд бүс нутгийн хэмжээнд хүрэхнээ хөөе.
За тэгээд аймаг хот, сум дүүрэг, хороо байраараа хуваагдаад талцдаг байсан чинь саяхан бүр төрсөн он жилээрээ хуваагдаад эхлэв шүү, хаха. 90-ээд онд төрсөн залуусын клуб эдэр гэнэ үү. Тэнэгтэлд ямар хязгаар байх биш дээ гээд хатуухан хэлчихмээр санагдаж байгаа байхгүй юу. Гадныхан өнгөн дээрээ монголчууд их ухаалаг ард түмэн гэж хөөргөөд байгаа болохоос цаанаа шогтой шоолж байдаг нь мэдрэгдээд байх шиг санагддаг.
Гол нь дээрх янз бүрийн олон бүлгийн аль нэгэнд хамаарч байгаа ч гэсэн яах аргагүй л та бид тусгаар тогтносон Монгол улсын нэг иргэн, монгол хүн нь үнэн юм. Гэхдээ жинхэнэ монгол хүн ямар байх ёстой вэ? гээд болохоор яг таг бэлэн хариулт нь байна уу, хэхэ... Дуучин Жавхлан шиг хэлхэгэр дээл өмсч гэр шүтснээрээ жинхэнэ монгол болохгүй, Долгион шиг 40мянгатынх гэж цээжээ дэлдээд ч болохгүй байх, зохиолын дуу сонсдог бай хотын хөгжим сонсдог ч бай хэнд хамаатай юм, юугаа сонсч, яаж таалах нь тэр хүний л эрх шүү дээ, хотынх байснаараа хотод төрснөөрөө ч жинхэнэ монгол болохгүй ээ. Миний бодлоор энд жинхэнэ язгуур монгол зан чанар, ёс заншил, хүмүүжилийн тухай л яриа болохоос өнгөн талаасаа биш байхаа.
Япон хүн гэхээр шууд толгойд Самурайн ёс суртахуун, үнэнч шудрага, хариуцлагатай байдал гэж шууд буудаг шиг Монгол хүн гэхэд буух тэр л зүйлийг гаргах гээд чадан ядан түүртээд байна л даа.
Эртнээс монголчуудыг язгуур зан чанараас маань хөндийрүүлж, хүч чадлыг нь мөхөөхөөр  шарын шашинд оруулж, манжийн үед бүхий л үүх түүх, ёс заншилыг нь мохоож, социйн үед бичиг үсгийг нь хүртэл хольж сольж бантанг нь хутгаад одоо бүгд овогоо ч мэдэхгүй төөрч будилсаар язгуур монгол чанараа алдчихсан, одоо ардчилалын үед бүх дэлхий даяарчлагдаад барууны болон гадны асар их соёлын дайралтанд хэдэн талаасаа довтлуулаад бүүр ч хэцүүхэн болж байна доо.

Жинхэнэ монгол хүний язгуур чанараа бид өөрсдөө үүх, түүхээсээ, зан заншилаасаа, үндэсний язгуур соёл урлагаасаа, нүүдэлчин ахуйгаасаа л ухаж, хөөж олж авахаас өөр аргагүй. 
Одоо бол бараг бүхий л зүйл яг язгуур монгол чанарынхаа эсрэг чиглээд байгаа мэт санагддаг. Өнөө үед монголчууд бидний ихэнхи нь төв сууринд амьдарч, суурьшмал байдлаар иргэншиж байгаагаас бүүр их гээж байгаа. Бахархаж цээжээ дэлддэг зүйл нь  дан ганц Чингис хаан, түүний байлдан дагуулалт. Бид их хааны үр сад, бид эгэл биш, би Монголд төрсөн хөх толбот монгол хүн энэ тэр... Тийм л дээ гэхдээ яг язгуур чанар агуулсан жинхэнэ монгол хүн гэхээр л чадахгүй, би ч мөн ялгаагүй. :(

Жишээ нь, Монголчуудын зан заншилаас хүүхдэд цээрлэх 6н зүйл:
Гашуунаар бүү тэтгэ
Амттанаар бүү цатга
Өнгөнд бүү шунуул
Тансагт бүү умбуул
Улайг бүү үзүүл
Нойронд бүү автуул

Басхүү энд монгол хүний индикаторын талаар бичнээс иш татвал:
(...Жинхэнэ монгол хэл, үгсийн урын сан хайчсан вэ ?. Энэ байсан шүү. Ойрдын эрдэмтэн огторгуйн далай, равжамба Зая Бандид Намхайжамц (1599-1663)-ын тод монголд буулгасан бурханы их хөлгөн судар лүү орьё. Хүн бүр уншуулдаг хийморын санд жишээ нь “…тус амгалангийн цог доор өлзий хутаг орших болтугай. …гэгээн гэрлээр сэтгэлийн эрхэт лянхуа цэцэг дэлгэрэх болтугай. …бие, эрхтэн, хийморь улам дээш шинэ саран мэт аривдмой… ум амгалан сайн болтугай .. ” гээд гарна. Ямар уран гоё хэллэг вэ. Ингэхэд ӨЛЗИЙХУТАГ хэмээх үгийн утга, логикийг бидний хүрээлэлд хэдэн хүн мэддэг бол ?. Би лав хэлж мэдэхгүй. Жинхэнэ монгол хэллэг, урын сангаа ингэж бид танихгүй болтол нь гээсэн байна. Өнөөдөр жинхэнэ урын сангаар шүлэг хэлхэж буй яруу найрагч хэд бол ? ...)

мөн энд Монгол эр хүний тухай дурджээ:
(...Монгол эр хүн бүр хүний ёс жудаг, чанар нүнжиг, ариун цагаан сэтгэл, тулх ноён нуруу, чалх чадавхи, эрдэм ухаан, тэнгэрлэг хувь тавилантай байхыг хүсч тэмүүлдэг....
Хулгана, туулай шиг хулчгар, үхэр шиг тэнэг, ноён шиг урваач, нохой шиг шарваач, шаазгай шиг үглээ, бух шиг мунаг, салхи шиг хөнгөн, бэлэн Сэнгээ шиг худалч, илжиг шиг хийморьгүй үлбэгэр муухай араншин, зан чанарыг ёс жудаг, нүнжигтэй сайхан монгол эр хүн үзэн яддаг, үл тэвчдэг билээ. Сайхан монгол эр хүний есөн сайн чанарт ийн өгүүлсэн байдаг.
1. Алсын хараа
2. Холч ухаан
3. Өршөөнгүй сэтгэл
4. Эв эе, хайр дурлал
5. Эрхэм төгөлдөр ноён нуруу
6. Өмөг түшиг тулгуур болох чанар
7. Хатан зоригт тэвчээр хатуужил
8. Ханилах арга ухаан
9. Хүний мөс чанар, ёс жудаг, нүнжиг

Харин муу эрийн есөн шинж гэвэл:

1. Бор дарсанд шунагч
2. Болчимгүй үгэнд автагч
3. Богд Чингэсийн сургаалд тэрслэгч
4. Үйтэн хуарын өнгөнд автагч
5. Үйлийн хэцүүгээс шантрагч
6. Үр хүүхдээ ад үзэгч
7. Үнэнч ханиа гомдоогч
8. Болох, болохгүй хэргийг сэдэгч
9. Мунхаг мунагт автагч гэжээ....

XIII Далай лам Монгол оронд морилоход Чин ван Ханддорж 16 настай хүүгээ түүнд бараа болгон эрдэм ном сургахаар өмнөт хөрш рүү явуулсан байдаг. Далай лам хүүг бараа бологсдынхоо тоонд оруулан Манжийн эзэн хаанд бараалхуулах гэтэл “ёс алдсан” гэдэг шалтгаар үнэндээ монгол амьтай тэрслүү эцэгт нь гэсгээл үзүүлэх зорилгоор хөөрхий хүүг хороосон билээ. Чин ван Ханддорж яаран довтголсоор Бээжинд очиход хайрт хүүгий нь толгойг царанд тавин бүтээгээд үүцээр зочилж буй дүр эсгэн даажигнасан аж. Тэрхүү агшинд вангийн цээж давчдан зүрх нь өмөрч урагдаж байсан ч “Өө энэ чинь та нарын үүц байна. Би андуурч” гээд “Монхор үрээсээ хагацах хичнээн хэцүү ч монголоо алдаагүй цагт болноо хө” гэж шивнээд ордны үүдийг саван гарсан гэдэг. Чин Ван Ханддоржийн энэ эрэлхэг намба төрх, сэтгэлийн хатан хүлээц тэвчээр, төрийн хүний гүйлгээ ухаан, зориг зүрх, хугарашгүй ноён нуруу, нумаршгүй цөлх хатуужил сайхан монгол эр хүний цусанд байдаг...)

гэх мэт монгол үндэстний зан чанар, философи бүгдийг судалж, сурталчилж, омогшуулж, бахархаж явж байж гэмээ нь л жинхэнэ монгол хүн гэж сая хэлэх эрхтэй болох буй за гээд энэ урт бодролоо дуусгая.

Monday, November 15, 2010

Цаг нь болжээ, гарахаар шийдэв

Удаан хугацаанд эргэцүүлсний үндсэн дээр ийм шийдэлд хүрэв. Цаг нь ч аль хэдийнэ болж.
Би гэдэг хүн анх 2000 онд МТ салбарт хөл тавьж орсноос хойш бараг 10 жилийн турш энэ мэргэжилдээ үнэнчээр монголдоо ажиллав, зүтгэв. Ингэхдээ зун 1 сар бүтэн амралт авч байснаа санахгүй юм. Сүүлийн 2, 3 жилүүдэд л наадам, цагаан сараар гэртээ өнгөрүүлсэн болохоос өмнө нь бол ажлын шаардлагаар баярын өдрүүдэд бүүр их ачаалал, хариуцлагатай ажиллах хэрэгтэй болдог байв.
Нэг төслөөс нөгөө төсөл, нэг ажлаас нөгөө ажил руу завгүй л ажиллаж байтал бараг 10 жил өнгөрчихөж. Янз янзийн л төрлийн төсөл, программ дээр ажиллаж үзэв. Гэхдээ бүгд 100% хүч чадлаа шавхсан ажил байсангүй. Халтуурны мөнгө олох төсөл ч байлаа, хоббигоороо үнэ хөлсгүй хийсэн ч төсөл байлаа, томоохон хэмжээний үнэтэй өртөгтэй төсөл ч байсан. Хэдэн жил хөдөлмөрлөсний эцэст саяхан л өөрийн гэсэн байр савтай болж авав. Энэ бүгдээ өөрийн хүч хөдөлмөр, оюунаа үнэлүүлж олсон юм шүү. Түүнээс тендер булхай хийж өч төчнөөнөөр нь бохир мөнгө хийсэнгүй.

Монголын нийгэмд амьдрах хэцүү л гэдэг, хэцүү бүгдийг туулсаар, давсаар л ирсэн, гэхдээ одоо хангалттай, гарах минь. Өөрийн хувиа бодохоос илүү 2 настай охиныхоо ирээдүйн төлөө арай "цэвэр ардчилалтай", хийж чаддаг ажиллаж чаддгийг нь илүү үнэлдэг газарт ажиллаж, амьдарч үзэе дээ.  Монголын хөгжилөө боомилсон, буруу нийгэмд амьдрахаас ч бас залхаж байна гэх үү дээ. Энхбат гишүүн энд нэгхэн жишээ дурдсан байгаа. Санакае гээд блогчин ч энд бичсэн байсан даа. Эртхэн гарч яваагүйдээ одоо харамсах юм. Гэхдээ бас ч оройтоогүй байна.

Хэд хэдэн газарт ажиллахдаа дандаа сайхан хамт олон дунд байж, сайн найз нөхөдтэй олонтой боллоо. Түрүүчээсээ дарга даамал болоод ч эхэлчихэж. Гэхдээ хамгийн гол нь гадагшаа гарч ажиллах болсон шалтгаан маань үнэхээр энэ мэргэжлийг сонгож авсны үр шимийг үзэж, хамаг оюун бололцоогоо туйлд нь хүртэл шавхаж, хийсэн дуусгасан төслөөсөө баяр баясгалан харая гэвэл МТг жинхэнэ үйлдвэрлэж байгаа газарт нь очих хэрэгтэй гэж бодсоных. Өөрөөр хэлбэл, машинаар бол моторын эргэлтээ туйлд нь хүртэл давхимаар санагдсных.

Одоо юуны түрүүнд гадаад хэлний чадавхиа сайжируулах, мэргэшлийн зэрэг бүхий сертификатын шалгалт өгөх, тэр болтол freelancer маягаар ажиллаж л байх шив дээ.
Надаар, нэг программист залуугаар монгол дутахгүй л биз ээ.
Аавын бийд хүнтэй танилц, агтны бийд газар үз гэдэг байх аа? Гарч дэлхий МТ хөгжил дунд хөл нийлүүлэн алхахаар шийдлээ гэж...
Харин хаашаа вэ? АНУ, Австрали, Япон, Солонгос? Аль нь дээр вэ?

Tuesday, November 02, 2010

Twitter гэж юу вэ? Ямар хэрэгтэй вэ?

Хаа сайгүй ийм зураг, twitter гэсэн үгтэй таарч байна уу, сүүлийн үед хүмүүс жиргэх, твитрдээд гэж яриад байгаа биз?

Твитр буюу жиргээ нь хүмүүс хоорондийн мэдээллийн харилцааны нэгэн шинэ хэлбэр, хэрэгсэл болоод эхлэчихсэн ба маш эрчимтэйгээр олныг хамарч, хэрэглэгчдийн таашаалыг хүртэж буй social media website (олон нийтийн вебсайт) юм.

140 тэмдэгтэд багтаан мэдээллийг түгээх энэ хэлбэрийг бичил блог буюу microblog гэж нэрлэх болсон. Тэгээд юугаар илүү юм  гэж үү, тайлбарлахын тулд интернэт мэдээллийн харилцааны хэлбэрийн үүх түүхийг жоохон сөхөөдөхье.

Email (Yahoo, Hotmail, Gmail):
Интернэттэй анх танилцсан хэн бүхэн цахим шуудангийн хаяг нээж эхэлцгээгээд зайнаас харилцаж эхэлцгээсэн. Гэхдээ нөгөө хүн огт бичихгүй таг болчихвол яах ч арга байхгүй, мөн шууд харилцаа үүсгэж чаддагүй талтай. Гэхдээ одоо ч энэ имэйл идэвхтэйгээр хэрэглэгддэг боловч гол төлөв албан хэргийн шугмаар харилцахад ашиглаж байгаа, учир нь ирсэн, илгээсэн бүх имэйл архив үүсгэдэг тул сүүлд эргэн сөхөж харахад маш тохиромжтой байдаг.

Chat, IRC chat:
90 оны эхэн болон дунд үед ихээхэн дэлгэрч байсан чат буюу чалчих хэрэгсэл нь channel буюу тодорхой нэр, бүлгээр төрөлжсөн нийтийн сувгууд руу хүмүүс нэвтрэн орж бүгдэд ил public болон хувийн private хэлбэрээр текстээр чалчдаг байсан хэлбэр. Алдарт mIRC болон Ганболд (g0mb0) ахын хийсэн java applet бүхий monstudnet.mn санаж байна уу. Хэхэ, тухайн үедээ л мода болж байв. Зүйрлэвэл том зааланд (public chat room) баахан хүмүүс орж гаран ам булаалдан ярина. VIP өрөөнүүдэд (private chat room) зарим нь хувийн яриа өрнүүлнэ. Админ гээд цагдаа маягийн нөхдүүд (admin, operator) дүрэм журам зөрчсөн хүмүүсийг хөөж гаргана (kick, ban). Чатаас найз нөхөдтэй болдог байсан ч nickname сольчиход л түүнийг олохгүй ба урт удаан хугацааны харилцаа үүсгэх талаар тааруу байжээ.

Forum (Asuult Forum):
Хэлэлцүүлэг гэж оновчтой монгол нэртэй болсон энэ хэлбэр нь сэдэв сэдэвээр олон нийтийн хэлэлцүүлэг, чат, блог, мэдээ, зураг, линк, файл гэх мэт бүхий л мэдээллийн хэлбэрээр хүмүүс харилцах шинэ хэлбэр болсон. Өмнөх хэлэлцүүлэгүүд архив үүсгэн явах нь давуу тал мэт боловч тэдгээр нь хэт их болоод ирэхээр хэрэгцээт мэдээллийг олж авах, хооронд нь эрэмбэлэхэд түвэгтэй болж ирсэн. Гэхдээ өнөө хэр идэвхтэй ашиглагдаж буй харилцааны хэлбэр байсаар л.

Messenger (Yahoo Messenger, Google Talk):
2000 оны эхэн үеэс гарч ирсэн илүү дэвшилтэт хэлбэр. Учир нь имэйл хаяг дээр тулгуурлан найз нөхдийн холбоог үүсгэх болох ба энэ нь урт удаан буюу үл тасрах шууд харилцааг үүсгэн чадсан нь одоо ч хэрэглээнээс гараагүйгээс илт. Харин ч телефон буюу voice call, сүүлийн үед дүрст дуудлага буюу video call/conference хийх зэрэг улам бүр сайжиран тэлж байгаа. Гэхдээ зөвхөн найз нөхдийн хүрээнд харилцааг үүсгэдэг нь жиргээ гарч ирснээр сул тал болж хувирч байх шив дээ.

User Groups (Yahoo Group, Google Group)
Ажиглаад байхад харилцааны хэлбэр илүү л community буюу харилцааг илүү ойртуулах, хялбаршуулах тал руу л хөгжиж ирж. Имэйл дээр тулгуурлан тодорхой нэгэн ашиг сонирхол, үзэл бодол адил хүмүүс тухайн ашиг сонирхолын хүрээнд харилцаа үүсгэж эхлэсэн. Жишээ нь марк цуглуулагчид, автомашин сонирхогчид, линукс хэрэглэгчид гэх мэт. Имэйлээр харилцаа явагдах бөгөөд түүнд бүлгийн хэрэглэгчид мөн имэйлээр хариулдаг, гэхдээ бүгдэд уг мэдээлэл мөн имэйлээр очдог. Одоо ч бас идэвхтэй хэрэглэж байгаа хэлбэр. Үүнтэй адил news group гэж интернэт анх үүсч байхад харилцааны хэлбэр байсныг санаж байна уу? comp.os.linux гэж Линукс мэдээний бүлэг байсан шүү дээ.

Social Media (hi5, facebook, ...)
Web 2.0 гарч ирсэн, үүнтэй зэрэгцэн илүү дэвшилтэт одоогийн олон нийтийн вебүүд ар араасаа гарч ирцгээсэн. Найз нөхдийн хүрээ үүсгэхийн хажуугаар өөрийн профайл буюу имиджээ илүү тодотгож тухайн хэрэглэгч нүүр хуудасаа чимж өгөх боломжтой болж эхлэсэн. Хуудасны дизайн, дуу, фото зураг, нийтлэл, линк гэх мэт зүйлсээр өөрийгөө тодорхойлж мөн тэдгээрийг найз нөхөддөө хялбар хуваалцдаг нь хэрэглэгчдийн хүсэл сонирхолд яв цав нийсэн, илүү орчин үеийн хэрэглээ болж эхлэсэн. Тухайн найзын, хүний профайл хуудас руу орсноор түүний тухай мэдээллийг хялбархнаар олж чадна.

Web log, Blog (Blogger, Wordpress)
Мөн Web 2.0 интернэт хэрэглээ, хандлагад олон дэвшил авчирсны нэг нь веб тэмдэглэл юм. Энэ тухай ихэнхи хэрэглэгчид мэдэх болов уу. Товчхон дурдахад, мэдээллийг зөвхөн мэргэжлийн сэтгүүлчид түгээх нь учир дутагдалтай ба тэр дундаа нарийн мэргэжлийн мэдээллийг зөвхөн тухайн мэргэжлийн хүн илүү илэрхийлж олон нийтэд хүргэж чадна. Мөн иргэний сэтгүүлзүй гэдэг ухагдахуун хүчтэй гарч ирсэн шүү дээ. Иргэн бүр хэвлэн нийтлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй гэдгийг харуулж чадсан, интернэт бол мэдээллийг дамжуулах томоохон суваг болж эхэлсэн. Ерөнхийдөө блог гэхээр мэдээлэл тэмдэглэл, ер нь л цахим нийтлэл гэсэн дүр зураг бууна.

Microblog, Twitter (Жиргээ)
140 тэмдэгтээс тогтсон бичил блог. Үүнд багтааж мэдээ мэдээлэл түгээх, найзууд хоорондоо чалчих, тодорхой сэдвийн дагуу маргалдах мэтгэлцэх, олны танил алдартнууд фэнүүд дэмжигчидтэйгээ шууд харилцах, маркетинг хийх гэх мэт олон л хэлбэрээр харилцах болсон шинэ харилцааны төрөл загвар юм. Миний ойлгож байгаагаар бол жиргээ нь дэлхийн сая сая хүмүүс хоорондоо ярьж буй ертөнц юм шиг. Ямар зүйл ярьж, түгээж буйгаар нь хайгаад харахаар irc public chat ч юм шиг. Зөвхөн follow хийсэн хүмүүсээс жиргээг харж буйг нь харахаар messenger ч юм шиг. Намайг дагасан хүмүүс руу жиргэж буйгаа харахаар зар түгээх messenger/broadcast to group/ ч юм шиг. Нөгөө Хүрлээгийн эргэлзээ гэдэг шиг юм болох гээд байна уу, хаха. Гэхдээ л жиргээ бол миний хувьд хүмүүстэй ийм төрлийн харилцаа үүсгэхэд илүү их ашиглаж байна. Жиргээгийн хамгийн гол онцлог нь хуваалцаж, түгээж буй мэдээлэл нь "яг одоо юу болж байна вэ" гэдэг хариулдагт байгаад байна. Тэгээд товчхон, гүйлгэж хараад хэрэгтэйг цааш үзнэ, хэрэггүй нь хаячихна. Жиргээ гэж нэг иймэрхүү, харин цаашдаа ямар харилцааны шинэ хэлбэр, төрөл гарч ирэх бол ...

Sunday, January 24, 2010

Gump is Dump

Өчигдөр Боловсрол суваг үзээд үнэхээр их эгдүүцэв. Онцлог нийтлэлч гэдгээр нөгөөх хараал идсэн Гамп хэмээгчийг гаргав. Царайг нь гаргасангүй л дээ, яагаад гэдгийг нь гадарлаж л байна. Надаас өгсүүлээд "баруун гарын шанаа" өгчих хүн захаас аваад замаар нэг бий гэдэгт итгэлтэй байна.

Уул нь Гампын бичиж буй болон хөндөж байгаа санаа, ёгтлол таалагддаг л даа. Гол нь тэр хар ярианы хэлээр бичиж, монгол хэлзүйг террор хийж байгаа нь таалагдахгүйгээр барах уу, түүнийг нь бүүр үзэн яддаг болохоор "шанаа" өгөхөөс буцахгүй болоод байгаа юм. Ядаж байхад нэр нь хүртэл хайртай киноны Гамп шүү. Блог нийтлэлч буюу иргэний сэтгүүлзүй нь хэвлэл, мэдээллийн оронзайд хүч түрэн орж ирнээ, энэ бол шинэ давалгаа гэж хэдэн жилийн өмнөөс л бичиж, өгүүлж байсан. Одоо бол Гампаар өвчилсөн, Гампыг дууриасан террорист блоггчид олон гарч. Муу үг модон улаачтай гээд үг байна л даа, тайлбарлавал муу үг, муу үлгэр дууриал модоор хийгдсэн мэт эцэж ядардаггүй улаач, буухиачтай адил хол тархдаг гэсэн санаа л даа. Гамп нэг баталгаа нь...

Уул нь миний эрх чөлөө, бусдыг эрх чөлөөг хөндөхгүйгээр хязгаарлагдах ёстой, миний бодлоор Гамп эрх чөлөөгөө хэтрүүлэн эдлээд байгаа мэт. Өөрөө хэлж байна л даа, монгол хэлзүйд террор хийж байгаа нь өөрийгөө маркетинг хийж байгаа "ядарсан арга" гэнэ, одоо бол "задарсан арга" болчихоод буй мэт.

Кино нь дээрх Гамп тэнэг юм шиг гүйгээд л байдаг, гүйгээд л байдаг. Юуны төлөө яах гэж гүйж байгааг нь мэдэхгүй бусад хүмүүс басхүү дагаад гүйгээд л байдаг, гүйгээд л байдаг. Гэнэт нэг өдөр зогтусч зогсчихно. Харин монголын энэ Гамп зогсох болов уу, одоо бол араас нь дагаж гүйж байгаа хүмүүс олон болчихож.

Нэг өдөр сонин хэвлэлүүдээр Гамп шиг дамп болсон өгүүлбэрзүйн хэв шинжтэй нийтлэл гарч ирвэл би л лав гайхахгүй ээ.
Миний эгдүүцэл зарим хүмүүст таалагдахгүй байх л даа. Гадарлаж байна. Гэхдээ л хувь хүн бүр, тэр дундаа болсон болоогүй блог "халтартуулдаг" нийтлэлч бүр монгол хэлзүй, монгол соёлоо хүндэлж дээдлэхгүй бол өөр хэн ч дээдлэхэв дээ.

Юу гэнээ, чи өөрөө тэгээд алдаагүй сайхан бичдэг үү гэж үү? Мөхөс би хааяа санаандгүй алдаатай бичдэг нь үнээн, гэхдээ санаандгүй үйлдэх нүгэлээс, санаатайгаар үйлдэх нүгэл бүүр хүнд гэдгийг ч хэлээд илүүц биз ээ

"Балар эртний хөөмий, уртын дуу" гэнэ үү!?

Саяхан хятадууд Хөөмийг маань ЮНЕСКО-д бүртгүүлсэн тухай нээтээр нэг шуугилаа.
Үндэсний үзэл цухалцсан нөхдүүд эсэргүүцээд л бөөн юм боллоо. Гэхдээ үүний эсрэг агуулга бүхий "Нангиадын наад санааг дагаад намирна" гээд нийтлэл гарчээ.

Миний бодлоор Нангиадууд Хубилай хаан энэ тэрээс нь авахуулаад хамаг бүгдийг нь өөрсөд дээрээ бүртгүүлээд авчихлаа. Уйгаржин монгол бичгийг Юникод стандартад бас л бүртгүүлсэн. Ямааны мах халуун дээрээ гэдэг, нэгэнт бүртгүүлээд авчихлаа гэхэд дараа нь буцааж сэргээнэ энэ тэр асуудал нь улам л бүрхэг болно. Бид өөрсдөө гар хумхин зүгээр сууж буй болохоор өөр яалтай ч билээ дээ. Хэдийгээр даяаршилтай хөл нийлүүлээд хөгжих нь үнэн боловч басхүү үндэсний гэх хөөмий уртын дуугаа улирсан баларсан зүйл гэж хэлэх нь төрсөн эхийгээ хөгширчлөө гээд хадан гэр рүүгээ яв гэсэнтэй ялгаагүй сонсогдохгүй байна уу. Асуудлыг олон талаас нь харцгаая л даа

Одоо ар монголчууд нь дуугай суугаад байхаар нь адилхан л өвөрлөгчид нь манайд байгаа юм чинь гээд уран нугаралт, үндэсний бүжгүүд гээд бүртгүүлээд л эхлэнэ биз...
Нэг л өдөр монголчууд (халх буюу бид нар) наадмаараа хөөмийлж, уртын дуугаа дуулаад эхлэсэн чинь жуулчид энэ чинь хятадын соёл урлаг байна гэх цаг ойрхон байна даа.

Уул нь монгол ардын үгэнд сайн эцгийн нэрийг гурав худалдаж иднэ гэдэг ч, "муу, залхуу" үр хойч нь "худалдаж идэх" соёлоо алдаад дууслаа л даа

Wednesday, June 10, 2009

Пүүжээ болон Батшүр

Дээхнэ Пүүжээ гээд хөдөөгийн бяцхан охины хувь заяаны талаар японы баримтат кино гарч байсныг та бүхэн санаж байгаа биз ээ. Жинхэнэ хөдөө хотонд өсч буй бяцхан охины цээжинд арлын Японд очиж суралцах хүсэл мөрөөдөл тээн байсныг, тэрхүү мөрөөдөл "тамын тогооны" амьдралд нухлагдаад хэрхэн эмгэнэлтэй дууссаныг харуусан бодож байсан...



Тэгвэл яг үүний эсрэг буюу Пүүжээгийнхтэй адил хүсэл мөрөөдлийг тэмцэн, хичээж чармайн байж сурч олж авсан Батшүр бүсгүйн тухай ярилцлагыг дуустал нь үзээд үнэхээр бахархах сэтгэл төрснийг нуух юун. Энгийн нэгэн хөдөөгийн айлын хүүхэд үнэхээр хүсч, мөрөөдөж, тэмүүлж чадвал ямар ч амжилтанд хүрч чадахын бэлээхэн амьд нотолгооны нэг :) Үүний адил сурахын төлөө тэмцэж чадсан олон монгол залуус бий... Амьдрал өөрөө тэмцэл гэж ч ярьдаг шүү дээ.


Сүүлийн үед хүмүүсийг хотийнх, хөдөөний гэж хүнийг гарал үүслээр нь ялгаварлан гадуурхах зүйлтэй би хувьдаа олонтаа таарах болж. Би хөдөөнийх, Баянхонгор аймагийн төвд төрсөн. Зуны амралтаараа эмээ, өвөө дээрээ хөдөө суманд очиж гүүн зэлэн дээр унага татаж, даага сургаж, хонь хяргаж, айраг ууж, хурдны морь сойж наадмын урд шөнө морь манж эмээл дэрлэн унтаж бас ч үгүй үзүүр түрүү авч ч байлаа. "Нийслэлхүү"чүүдээс ялгаатай нь бид жинхэнэ нүүдэлчин соёл иргэншил гэж юу байдгийг, бидний эцэг өвгөд яаж амьдарч ирснийг мэднэ. Монголчууд хоорондоо залхуу болон ажилсаг, тэмцэгч болон шантрагч, соёл боловсролтой болон боловсролгүй гэж ялгагдахаас хөдөөний болон хотын гэж ялгахаар ... За хотынхон нь бас дотроо 40 мянгатынх болон Маахуурынх буюу байрных болон гэр хороололынх гэх мэт ... Нөгөө л дов толгод, тамын тогооны аминч үзэл .. Баабар зөндөө бичсэн байсан доо. Биднийг гадаадад очиход чи хотынхуу, хөдөөнийх үү гэж асуудаггүй биз дээ, "Та нар сургуульдаа мориор явдаг уу?" Хэхэхэ.

Сэдвээсээ хазайчихсан явна. Уучил.
Батшүр гэж энэ бүсгүйг манай нөгөө ангид байхад нь халти таних учраас орлоо ком дээр гарсан ярилцлагаас басхүү нилээд "таньж" авлаа. Учир нь би сурагч байхдаа ч мөн ихэнхи хүүхдийн адил нөгөө shyness / бүрэг даруу, гэрээс гардаггүй, хичээлээ л давтан суудаг хүүхэд байснаас тэр бүр үеийнхэнээ таньдаггүй байжээ :) Олимпиад энээ тэрээ гээд олон нийтийн арга хэмжээнд таардаг хэдийгээ л мэддэг байж. Манай сургуулийн багш нарын сүүлд ярьснаар бол 98 онд Номгон сургуулийг төгсөгчдийн дундаж нь тухайн үедээ хамгийн өндөр нь байсан гэсэн ба ер нь ч 98 оныхон дотор 11-р сургуулийн Хулан, Хөлгөн, 1р сургуулийн Баттулга, Монголжин гээд супер сурагчид ихтэй, өрсөлдөөнтэй байсан санагддаг. Одоо харин сурагчдийн сурлагын дундаж түвшин асар муудсан гэж багш нар харамсдаг юм байна лээ.

Сүүлд нь хэлэхэд залуу насанд мөнгө төгрөг, машин тэрэггүйдээ бүү харамс бүү гутар, залуу насанд хүсэл мөрөөдөлгүй бол гутар... Хотынх ч бай хөдөөнийх ч бай ялгаа алга...

Дээрхи асуултад би лав ингэж хариулна:
Та нар сургуульдаа мориор явдаг уу?" -"Хэхэ, тэгдэг.. Даанч өдөр бүр унаад байхаар баттерэйг нь цэнэглэж суух гэж ядаргаатай л даа :P Тэгсэнд орвол автобусаар явчихвал амар".

Sunday, May 24, 2009

Өөрчлөх үү?

Өнөө өглөө урьд өмнөхөөс илүү нарлаг ч юм шиг сайхан өглөө байлаа.
Учир нь Ардчилсан холбооноос нэр дэвшсэн Элбэгдорж одоогоор мэдэгдээд байгаа урьдчилсан дүнгээс харахад 30 гаран мянган саналаар буюу нийт саналын 50 гаруй хувийг авсан нь тодорхой болсон гэж мэдээллээ.

Элбэгдорж хашгируулж, хошгируулдаг байж болно, хоосон цэцэрхдэг байсан ч хамаагүй, гагцхүү бид өөрчлөгдмөөр байна, төрийн хүнд суртал, авилгыг нухчин дармаар байна.

Ард түмэн дан ганц Элбэгдоржийн төлөө саналаа өгсөн биш ээ. Шудрага ёсны төлөө, өөрчлөлт шинэчлэлтийн төлөө, жинхэнэ ардчилал бүтээн байгуулалтын төлөө саналаа өгсөн гэж бодож байна. Энхбаярын төлөө өгсөнүүдийг эсвэл өөрчлөгдөхийг хүсэхгүй байна, эсвэл аалзны торны нэхээсүүд л гэж хэлмээр байна даа. Миний ард түмэн ухаантай байна гэж, сайхан өглөө байна.


Monday, March 03, 2008

Монголд амьдрах сайхаан

Дөнгөж сая "Монголд амьдрах сайхан, бас сонирхолтой байна" гэсэн уг нийтлэлийг уншаад басхүү миний бие Монголдоо сэтгэл хангалуун амьдарч буйн хувьд бас бага сага зөвлөгөө, сэтгэгдэлээ бичье гэж бодлоо л доо.

Миний бие бас уг Төв Азийн цээжинд орших дэлгэсэн тэрлэг шиг Монголын тал нутагт төрж өсөөд 26 жилийг ардаа орхиж байна. Хилийн дээс алхаснаа тоочвол урд хойд хоёр хөршийнхөө нийслэлд ажлын шугмаар хэд хэд очиж байсан юм байна.
Мэдээж би гадаад оронд олон сар, жилээр амьдарч үзээгүй болохоор тэндэхи бэрхшээл зовлонг төдий л сайн ойлгохгүй байгаа байж магад. Гэхдээ манай найзууд, танилууд дундаас дэлхийн хөгжилтэй оронд сурч, ажиллаж, амьдардаг хүмүүс зөндөө бий. Тэд ч надаас монголд одоо юу болж байгаа тухай, очоод юу хийж яаж амьдрах талаар зөндөө л асууж лавладаг.

Миний бодлоорх,
Монголд амьдрах бэрхшээлийн талаар болон хувийн зөвлөгөө:

Орчны бохирдол.
Өвөл болохоор УБ хот маань тэр аяараа утаан хөшигөөр гоёдогийг та бид сайн мэднэ. Энэ их утаа нь гэр хороолол, цахилгаан станцууд, автомашины бөглөрөлөөс болдог гэсэн судалгаа байсан. Гэхдээ энэ шууд утгаар монголд амьдрахад нөлөөлөөд байхаар зүйл бас биш. Мөн тэр 40 мянган айлын орон сууц, УБ хотыг тойруулаад хурдны шинэ тойрог зам энэ тэр гээд хэсэг цаг хугацааны дараа арилах зүйл биз ээ. Мөн Үйлдвэр комбинат, 120 мянгат гээд Туул голын тийшээ бол огт утаагүйгээр сайхан амьдарч болж байгаа.

Авилга, хүнд суртал.
Хэрвээ та хувийн бизнес эрхлэх гэж байгаа бол энэ үнэхээр хүнд асуудал. Гэхдээ л бас шийдэж болохоор л зүйл. Үнэхээр л тийм бэрхшээлтэй байгаа юм бол бусад хувийн хэвшлийнхэн яаж болгоод, амьдраад болоод байгааг нь асуугаад үзэх хэрэгтэй. Өөрийн адил төрлийн бизнес хийж байгаа юм уу эсвэл бизнест туршлагатай нэгнээс энэ талаарх хүндрэлийг яаж давах талаар асуу, лавла. Монголд энэ талаар танилын хүрээнээс өөр сайн арга зам гэж үгүй байх. Та нэг лиценз, тусгай зөвшөөрөл авах гэж буй ба таны танилууд дотор байхгүй бол танилын танилаасаа асуу. Монгол шиг цөөхөн хүн амтай оронд бараг 3 хүнээр дамжаад тухайн хүнтэй танилын хүрээгээрээ холбогдоно энэ тэр гээд хошин судлагаа ч хүртэл байсан шүү. Тиймээс танилтай хүн талын чинээ, Танилтай л бол асуудал биш.

Амьжиргааны түвшин.
Гадаадынхы хажууд бол бид үнэхээр маш бага үнэлгээтэй цалин, хөлстэй нь бол үнээн. Гэхдээ л үнэхээр чадвартай, мэдлэгтэй, мэргэшсэн хүнд бол монголын одоогийн цалингийн түвшин хангалттай хүрдэг. Манай мэргэжил дээр л жишээ аваад үзэхэд аль нэг банк юм уу гайгүй томхон шиг газарт Программистаар ажилд ороход цалин 1 сая төгрөг, тэгээд ер нь дундаж нь 500мян төгрөг. За систем администратор бол бүүр 1 сая төгрөгийг ч голно доо. Энэ тэгээд бага цалин гэж үү. Бүүр тэгээд ажлын байр нь байхад тохирох туршлагатай, чадвартай хүн нь хайгаад олддоггүй гээч.
Манай найзууд дунд ийм цалинтай хүмүүс олон бий. Миний цалин ч одоо дундаждаа орж байх шив дээ. Уул нь жилийн өмнө гайгүй дээ ордог байсан.
Гадныхан сард өндөр цалин авдаг ч тэдний амьдралын өртөг бүүр л өндөр биз дээ. Тэгэхээр өндөр үнэтэй хоол унд, өндөр үнэтэй хувцас хэрэглэл аваад л хүн шиг хэрэглэхэд та бид гадаадад өндөр цалин авсан ч өндөр өртэгтэй хэрэглээнд яваад таарна биз дээ?
Тэгэхээр амьжиргаа бол Монголд тийм ч тааруу биш болсон шүү.

Байр суурь.
Хүн нэг зүйлийг хожиход нөгөө зүйлийг заавал алдаж байдаг. Бид энд 100 төг ашиг олоход тэнд хэн нэгэн нь 100 төг алдаж байгаа. Ажил дээрээ гол анхаарал хандуулахад ар гэрийн анхаарал багасдаг. Гэвч ажилдаа төвлөрч төвлөрч ахицтай урагштай болгоод голдиролд нь оруулсаны дараа та сэтгэл хангалуун ар гэртээ цаг зав зарцуулж чадна, амралт ч болж чадна.
Гадаадад олон жил болоод ирэхэд хамгийн том асуудал нь Монголын нийгэмдээ эргэж дасан зохицож, монголоор сэтгэхэд л байгаа байх. Цэнгэг устай, томоос том хиймэл цөөрөмд хөвж байсан загасыг жоохон бохир устай ч ориг байгалын гаралтай цөөрөмд гэнэт хийчихэд нэг хэсэгтээ л сандарч таараа.
Монголд байр сууриа олохын өмнө эхлээд нийгэмдээ дасах, монголоор сэтгэдэг болох хэрэгтэй болов уу гэж бодож байна. Монголд байр сууриа хэдийнэ олсон найз нөхөдтэйгээ уулз, ярилц, зөвлөгөө ав. Яаж энд хүрсэн талаар нь яриул. Хэн ч мэдээж өөрийнхөө тухай ярихтай үнэхээр дуртай байдаг. Чин сэтгэлээсээ хандсан хүнд л хүн итгэнэ шүү дээ. Түүнээс яаж чи баян болов, яавал чам шиг ийм болохов гэх маягийн атаархсан үнэртэй байвал чи ч өөрөө дуртай байхгүй нь мэдээж.
Чи өөрөө хаана байх ёстойгоо өөрөө мэдсэн бол чамайг тэнд чинь байх ёстойг бусад нь мэдэж л таарах вий. Өөрийгөө олж нээсэн цагт аль ч цаг, аль ч нийгэмд байр сууриа олох нь гарцаагүй гэж би боддог. Хошиноор жишээлэхэд хэрвээ би 1935 оны үед Германд 26 настай байсан бол нэг бол Нацист болоод еврейг дүүжлээд явах, нэг бол коммунист болоод буудуулж үхэх, нэг бол Америк, Англи руу зугтан гарах байсан биз, хэрвээ өөрийгөө олоогүй явбал олонхийг дагаж байгаад Орос руу дайнд яваад буудуулж, эсвэл хөлдөж үхсэн байх бизээ...
Өөрийгөө олоогүй цагт би ч би биш, ер нь хаана ч хэн ч биш.

Давуу болон сул тал.
Юунд ч давуу болон сул тал бий. Компьютер үнэхээр бүгдийг хийж чаддаг супер тустай ч, эрүүл мэндэд тэр дундаа нүдний хараанд онц супер тусгүй.
Монголд амьдарч үлдсэн үеийнхэн чинь байр сууриа хэдийнэ олоод чамайг хавчиж байгаа ч тэдэнд сул тал бас бий. Энэ бол гадаад хэл болон магадгүй мэдлэг чадвар буюу барууны жинхэнэ боловсрол. Гэхдээ хүн бүр адилгүй л дээ, гэхдээ л нийтлэг дутагдал нь тэр. Гэвч үргэлж иймээрээ байхгүй биз. Дэлхий улам бүр даяаршиж байгаа үед гадаад хэлээр сүүлийн залуус сайн ярьдаг болж байгаа, орчин нь ч угаасаа гадаад хэлээс улам бүр хамааралтай болж байгаа үед өөр яах ч билээ. Тэгэхээр өөрийн сурч, амьдарч, мэдэж ирсэн зүйлээ энд гаргах л хэрэгтэй. Яг одоо л гаргах хэрэгтэй. Яаж амьдрах чинь чиний юунд яаж ханддагаар чинь тодорхойлогдоно гэсэн үг ортой л үг дээ. Энд гадаадад төгсч ирсэн залуусыг сайн цалинтай, сайн ажлын байр зөндөө л хүлээж буй. Бодсоноос чинь дутуу байж магадгүй л юм, гэхдээ голсоны хэрэггүй. Толгойгоо хир цэнэглэсэн чинь хүлээн зөвшөөрч буй ч гар чинь хир хөдөлж, юу хийж бүтээдгийг чинь хэн ч мэдэхгүй шүү дээ. Тиймээс эхний ээлжинд юу хийж чаддагаа харуулж байж цаашаа явна, тэгж байтал ч монголын нийгэм, орчиндоо дасч хаана юу болоод буйг олж хараад эхлэх бий вий. Дараа нь яах нь таны хэрэг...

Бизнес эрхлэх.
Харин ажиллаж байгаад ирсэн хүмүүс бол халаасандаа хэдэн зоостой ирсэн байж таараа. Харин дахиад ажиллах эрч хүч, эрүүл мэнд үлдсэн бол хувийн хэвшил дээр үзэж тарсан нь дээр. Гэхдээ энэ бол нилээд эрсдэлтэй алхам. Хэн ч мэдээж зовж олсон хэдийгээ үрэн таран хийхийг бодохов. Эхлээд байр сууц аваад, машин тэрэг авах л байх. Хэрэгтэй гэж үзвэл машин ч хэрэгтэй л дээ. Гэхдээ бага шиг мөнгөтэй бол машин дэмий л эд. Бөөн зарлага гаргана. Халтууранд л явдаггүйм бол шууд олох орлогогүй.
Тэгэхээр эхлээд санан мөрөөдөж ирсэн нутагтаа сайхан амраад авсан нь дээр байх. Ах дүү хамаатан садан, найз нөхөдтэйгээ уулз. Гэхдээ учиргүй шоудав, манайхан хүнээр даалгаж уух дуртай. Ууж идэхэд учир бийг хэлүүлэх юун. Гол нь монголдоо идээшиж аватлаа хэсэг амсхийж аваад юу хийх, ямар зах зээл руу орох эдэр гээд сайн харж, судалж авсан нь дээр... Гадаадад ажиллаж байгаад ирсэн хүмүүсийн бизнес энд тэндгүй маш олон. Хамгий наад захын жишээ л гэхэд Фантази секс шоп байна. Бас Батбайгаль бакери ч билүү бялууны газар гээд зөндөө зөндөө. Хамгийн биед амар нь Орон сууцны оролцоо жижиг хүнсний дэлгүүр, эсвэл нарийн нэр төрлийн бараа оруулж ирэх гээд л .. Машин тэрэг энэ тэрийн сэлбэг оруулж ирэх гээд ер нь сэтгээд, хийж л чадаж байвал юу ч хийж болно доо.

Эцэст нь,

Гадаадад ажиллаж, сурч яваад ирсэн та өөрөө олж харж чадвал,
хийж бүтээх зүйл үй түмээр дутмаг, хөгжиж яваа, боломжийн зах зээлтэй
товчоор хэлбэл хов хоосон цаас шиг өөрчлөгдөж, шинэчлэгдэхийг хүсэн хүлээж буй
Монгол эх нутаг чинь ахан дүүс, найз нөхөдтэй чинь хүлээж сууна даа.

Сэгсгэр ч гэсэн эх минь,
Сиймхий ч гэсэн гэр минь гээд дуунд байдаг шүү дээ. Тиймээс би энэ л Монгол нутагтаа төрсөн, энд л миний өссөн гэр орон минь, тоглож өссөн найзууд минь, хөдөө тийш гарахад нүд алдам цэлийх тал минь бий.. Энэ л цаг үе минь минийх, биднийх... Энэ л цаг үед би л хийнэ, бид л хийнэ. Өөр хэн ч бидний өмнөөс хийж өгөхгүй, өгөөч үгүй, өгөх ч үгүй ...
Сайхан хангалуунаар аж төрч, сайхан хөгжилтэй оронд амьдармаар байвал чи л хийнэ, учир нь чи л тэгж хүсч байгаа шүү дээ. Чамаас өөр хэн ч биш. Учир нь энд л чи төрсөн учраас, энд л чи үхэх учраас. Бас би.

Thursday, February 21, 2008

Зохиолын дууны ханхүү С.Жавхлан мэндлэвээ гэж

Өчигдөр буюу 2 сарын 21ны өдөр "Ар халхын алдарт дуучин" Самандын Жавхлан мэндлэсэн өдөр гэж нэг найзаасаа олж сонсов. Энэ талаар баттай эх сурвалжаас харчих зүйл олдсонгүй тул хувьдаа мөн гэж итгээд уг дуучныг хувиасаа хүндлэж, дууг нь сонсож таашаадагын хувьд өдөржин сонсож явлаа. Сонсох сонсохдоо машины хөгжимөө үхтэл нь чанглаж хирэндээ рекламдаваа гэж.

За тэгээд яагаад уг дуучиныг хүндлэдэг боловоо гэхээр үнэхээр барууны урсгал руу чангаагаад байдаг хипхоп, рок поп эдэрийн дэргэд бол жинхэнэ монголын тал нутаг харагдтал, зөөлөн салхи нь илбэх мэт болдог ардын маань сайхан аялгууг цэлгэр тал нутаг шигээ хүчтэй хоолойгоор аргадаад ч байгаа юм шиг, зэмлээд ч байгаа юм шиг мэдрэмж төрүүлдэг энэхүү аялгуу, хоолойг биширдэг л дээ.

Бас сайны хажууд садаа гэгчээр манай монголчууд сайн яваа нэгэндээ атаархдаг муухай зан ч тэрнийг тойрсонгүй. Хөдөөнийхөн хотод орж ирээд хотынхы нөгөөх алдарт ороок поопыг нь унагаад байгаа зохиолын дуу, нийтийн дуу гэж нүд үзүүрлэгдэж басхүү хотжуу болох гэсэн хэд нь зохиолын дуу сонсохоор дотор нь муухай оргидог энэ тэр гэж бас туйлширсан нь ч бий байх...

За за олон юм нуршаад яахав. Сая Чононгоо цомортоо Халимаг ардын дууг сайхан дуулсан нь халти Нармай Монгол үзэлтэй мань мэтэд бол маш их таалагдаад буй. Дараачын цомогтоо Буриад, Өвөрмонгол гээд бусад монгол угсаатануудын дуунуудаас оруулах нь бараг үнэн бололтой догоо.

Нэгэн цагийг эзлэнхэн төрсөн энэхүү надаас нэг л насаар ах уг дуучиныг хүндлээд эх нутаг, элгэн садныг маань сануулан, бодогдуулдаг жинхэнэ монгол язгуурын дууг нь таалдагаа л ямдагханаар бичиглэвээ би. Ардын минь сайхан дуу надад:

... Уг нь би танайд агсам тавихаар очсон юм,
Ухаант ардынхаа дуунд хүлээстэй суусаар чадсангүй ээ ...

Thursday, August 09, 2007

Иргэний сэтгүүлзүй буюу Блогчдын арми нэгэнт хүчийг авчээ

Анх блог гэдэг үгийг саяхан л сонсоод weblog төдий гэж ойлгоод энэ яахаараа гадаадад хүчийг авдаг билээ гэж гайхаж байсан цаг саяхан мэт… Гэвч өнөө цагт “Бөмбөрцөг хэлбэртэй дэлхий маань хүртэл хавтгай” болж орхисон цаг болохоор 4-дэгч засаглал гэдэгдэх хэвлэл мэдээлэл маань ч бас "хавтгай" биш болоод "бөөрөнхий" болчихсоныг анзаараагүй байж. Блогчдын арми буюу Иргэний сэтгүүлзүй нь аль нэгэн нэгдмэл эрх ашиг бүхий нам, фракц бүлэглэлийн “захиалгын” уламжлалт хэвлэл мэдээллийн хэрэгсэл шиг уншигч олны тархийг угаадаггүй, нэгэн хэвд баригддаггүй, төрөл жанарт баригддаггүй, захиалбал мөнгө нэхдэггүй, рекламаар бөмбөгддөггүй, уншигчдын хандлагыг тэр дор нь мэдэж болдог, нийтлэлийнхээ хүртээмжийнхээ талаар үнэн бодит статистик гаргадаг гээд ихээхэн олон давуу талтай ч хамгийн гол нь уншигчид (ард иргэдийн) өөрсдийн бичиж буй үзэж бодол нь нийтлэгддэг нь иргэний сэтгүүлзүйг ингэж хүчийг авахуулах гол хөдөлгүүр гэдэгт та бүхэн санал нийлэх биз ээ.

Өнөөдөр блог хост хийдэг 2-3 (blogger.com, bblog.mn, delhii.net, blog.mn) үндэсний сайт ажиллаж, тэдний тоймыг нийтлэдэг түүнээс ч олон вебсайтууд (blogportal.com, bugdeeree.mn, on-air.mn, oops.mn, origo.com, banjig.net гэх мэт) байна.
Таньд үзүүлчих яг нарийн судалгаа гарч, Монголд төдөн хүн блог бичдэг, өдөрт тэд төдөн бичлэг бичдэг, аль аль салбар давамгай байдалтай байна зэргийг нийтэд дэгээгүй ч уг блог хост хийдэг сайтууд тус бүрт энэ талаархи мэдээлэл бол бий. Тэдгээрийг жоохон анализ хийж, нэгтгэж дүгнэхэд л болчихно байх.

Гол нь одоо блогчдийн арми буюу иргэний сэтгүүлчид үй олноороо хангалттай хэмжээнд хүрч чаджээ. Харин хаана ямар хаяг дээр, хэн юуны талаар бичиж, нийтлэж буйг олоход хүндрэлтэй, замбараагүй болжээ.

Санал 1 - Блог коммунити, блог портал
Одоо үүнийг бүүр төгс болгох, сайтар нягтруулж өгөх, адил сонирхол зорилго бүхий блогчидийн хамтын ажиллагааг дэмжиж, хамтруулж өгөх тийм сайт, тийм зохион байгуулалт жоохон дутагдаж байгааг анзаарах боллоо. Эхний үед блогчид тус тусдаа бичдэг байсан бол одоо адил сонирхол бүхий нэгнийгээ олцгоон хамтарцгаах нь ихэсчээ. Тэдэнд адил имэйлтэй байх, front-page үүсгэх гэх мэт шаардлагыг ханагасан blog community site хэрэгтэй болж эхлэж байна. Мөн уншигчдад блогчдийн бичиж буй нийтлэлүүдийг ангилж, ялгаж, төрөлжүүлж цэгцлэж өгсөн тийм илүү сайн blog portal шаардлага ч ихэсч байна. Блог хост хийгч компаниуд энэ тал дээр анхаарна биз ээ.

Санал 2 - Цаасан хэвлэмэл блог тойм, блог бичлэгүүд
Мөн бас нэг зүйл нь блогчдийн шилдэг нийтлэл болон блогуудын тойм зэргийг уламжлалт буюу хэвлэмэл хэлбэрээр гарган тогтмол гарган нийт уншигчдад хүргэх шаардлагатай байгаа мэт санагдана. Манайд чинь зөвхөн онигоо л гардаг сонин, эсвэл зөвхөн нүцгэн охидуудын зураг хэдэн реклам дунд гардаг сэтгүүл хүртэл бий шүү. Тиймээс энэ нь нийт ашиг нь уншигчдад хэрэгтэй, ач холбогдол өндөртэй мөртөл бас ч үгүй ашигтай ч байж мэдэх “бизнес санаа” шүү гэж. Уншигчдад ч гэсэн хэрүүл шуугиан, дээрэм тонуул, улс төрчдийн хов жив, худал үнэн сүнс чөтгөрийн паян зэргээс хөндийрүүлэх ганц ч гэсэн сонин нэмэгдэж байвал, бүүр цаашлаад амбиц бүхий хэдхэн томоохон хэвлэлд өрсөлдөгч гарган өгч үйл ажиллагаа нь сайжруулах тустай болов уу гэж мөхөс би мунхаглав.

Уншигч та бүхэн энэ талаар нэгийг тунгааж үзнэ биз ээ. Өнөө үед үнэн бодит, шудрага үнэн зүйл, шинэчлэл дэвшилийн хомсдолд орсон цагт бидний улс орон, нийгмийн хөгжилд бага ч гэсэн нэмэр болох байх гэж бодно.

Сайн бүхэн дэлгэрэх болтугай!

Sunday, February 11, 2007

Итгэл, сэтгэлийн тухай эгдүүцэл

За өнөөдөр ажил дээрээ ирчихээд ганцаараа суугаад тухтай нь аргагүй нэтээс сэлгүүцэж, хальт вимомн өнгийгөөд, нэтээс кино үзээд ер нь ганц үгээр хэлэхэд чөлөөт цаг нөгцөөв.
Блогууд хэсч уншиж явтал Чандьманий нэг айхтар бичлэг таарлаа. Энэ сэдэв нь миний бодож явдагаас тэс өөр хандлагтай болоод үүний эсрэг зүйлийг бичмээр санагдаад. Ерөөс энэ талаар одоогийн залуус нилээд баруунлаг ч гэмээр юмуу нэг тийм задгай ч юм шиг хандлагтай байдаг шүү.. Энэ буруу шүү.. :D

Байгаль эх хүмүүн болон амьтадыг эр эм хүйстэйгээр (хос хүйст хэдхэн ургамал эдэрийг эс тооцвол ш дээ) төрүүлчихжээ. Эр нь бол аль болох сайн чанартай үр удам үндэс угсаагаа үлдээх, эм нь үндэс угсаагаа нөхөн төлжүүлж, "үржүүлэх" тийм л үүрэгтэй. Хүн ч мөн ялгаагүй ийм л гол амьдралын үүрэг, хариуцлагыг тээж явдаг. Төрсөний эцэст үхэх нь үнэн, үхэхээс өмнө үр удмаа үлдээж, өсгөн бойжуулах нь энэ хорвоод төрсний үүрэг нь. Тийм ч болохоор эмэгтэйчүүд эрэгтэйчүүдийг сонгохдоо элдэв царай зүс, бие хаа эдэрийг харахаас илүү амьдралаа авч явж чадах ухаан, чадвар буюу карьер эдэрийг нь хардаг бол эрэгтэйчүүд аль болох эрүүл саруул, бас боломжийн ухаалаг, бас дээр нь царайлаг байх шалгуурыг дээш нь тавинаа..

Гэхдээ хүн нь амьтадаас ялгаатай ганцхан л тал нь хүнд хайр буюу сэтгэл гэж зүйл байдаг. Хэрвээ хосуудад энэ зүйл байхгүй бол мал адгуусаас төдий л ялгараад байх зүйл байхгүй болов уу.. Өөрөөр хэлбэл нь зөвхөн л бие физиологийн хэрэгцээ хангах, үр удамаа үлдээх л зорилготой болохоор тэр шүү дээ.

Хайр сэтгэл.
Хайр сэтгэл агуу зүйл л дээ. Хүнийг хайрлаж чаддаг хүнийг хүн хайрлаж чаддаг. Хүнээр хайрлуулж өссөн хүүхэд хүнийг хайрладаг. Жинхэнэ хайр хэзээ ч хариу нэхдэггүй. Хайр сэтгэл болон харилцан итгэл, итгэлцэл хосуудыг үргэлж холбож, бас хамгаалж байдаг гэж би боддог. Хосуудийн амьдрал хайр дээр тогтож байхад ихэнхээ бат бэх байдаг, харин бусад зүйлс дээр тогтсон, жишээ нь мөнгө болон карьеер эдэр дээр тогтоход жинхэнэ амьдрал болж чаддаггүй. Та Мянганбаярыг сана даа. Түүний ээлжит амрагууд жил бүр л залуу моделиудаас тодордог боловч ч жил орчмын л настай байдаг.
Өнөө үед жинхэнэ хайр гэж байдаггүй болсон гэж зарим хүмүүс мэдхийрээд байдаг, хайрлахыг мэддэггүй хүмүүс жинхэнэ хайрыг хэзээ ч олж харахгүй л дээ.
Тэгэхээр та хайрлуулмаар байвал эхлээд өөрөө хайрла, гэхдээ хариу нэхдэггүй тийм жинхэнэ хайраар шүү.

Итгэл, итгэлцэл
Итгэл гэдэг нь нэг ёсны амлалт байдаг байна. Надад хүн итгэж байна гэдэг нь намайг амласандаа хүрнэ гэдгийг мэдэж байхыг хэлдэг. Хосууд ч ялгаагүй нэг нэгэндээ итгэж байна гэдэг нь хайр сэтгэлдээ үнэнч байж, түүнийгээ хайрлан хамгаалж, тордох амлалтандаа хүрнэ гэдгийг хэн хэн нь мэдэж байна гэсэн үг л дээ. Итгэл алдрана гэхээр хэн нэг нь дээрх Чандьманий бичсэн шиг гадаадад байгаа хайртаа ар өврөөр нь тавих зэргийг хэлээд байгаа юм. Учир нь тэр амлалтандаа хүрсэнгүй шүү дээ. Харин яагаад итгэл алдсан бэ гэвэл энэ нь өөр асуудал болно. Хэрвээ уг хүн өөрөө хайр маань байхгүй болжээ, түүнийг сэргээх ямар ч арга байхгүй, байлгахыг ч хүсэхгүй болсон гэж үзвэл өөрөө түүнийгээ хэлчихсэн бол энэ итгэл алдалт биш салалт болчих байж..
Хүний итгэл даах чадвар нь өөр бусад зүйлс дээрээс ч харагдаж л байдаг. Эхнэр/Нөхрөө бодит шалтгаангүйгээр ч юмуу, тэрхэн зуурын таашаалаас болж араар тавьдаг хүн, ажил хөдөлмөр дээр анд найз нараа араар нь тавихгүй гэх баталгаа байхгүй, аав ээжийн итгэлийг алдахгүй гэх баталгаа ч байхгүй дээ..

Гэрлэлт.
Залуу хосууд хэрвээ хайр сэтгэлийн холбоотой болж бие биедээ итгэх боллоо гэж үзсэний албан ёсны баталгаа нь гэрлэлт гэж боддог. Гэрлэснээр үүрэг хариуцлагаа хэн хэн нь бас давхар баталгаажуулж өгнө. Хэрвээ бид гэрлэсэн нь л бол хань ижилээ хайрлах, амьдрал аж ахуйгаа өөд нь татах, үр хүүхдээ өсгөж бойжуулах, хүмүүжүүлэх гээд үй түмэн үүрэг хариуцлага тээж амьдардаг. Нөгөө Сухомлинский гуай юу гэлээ "Хүүхэд бүр математикч болох албагүй харин тэд бүгд эцэг эх болно гэдгийг мартаж болохгүй" гэж... Аав ээж болох амархан ч эцэг эх болох хэцүү, нөхөр гэргий болох амархан ч хань ижил болох амаргүй юм даа.

Гадаадад байдаг хосуудын тухай бол хэрвээ уг хүмүүст энэ л зан чанар, итгэл сэтгэл байдаг юм бол наандаж цаг зуурын бие физиологийн хэрэгцээнд дулдуйдаж, цаандаж л хань ижил, амраг хосынхоо итгэлийг эвдэж "ЗХУ руу довтлох" ямар ч шаардлага байхгүй. Хэрвээ эдгээр зүйл чинь үгүй болсон бол гэрлэлтээ цуцлуулаад, эсвэл саллаа гэж мэдэгдээд "эрх дураараа" явсан нь ядаж "нэр цэвэр" үлдэх юм даа.

Эцэст нь өөрийн энэхүү бэсрэг эгдүүцлээ төгсгөхдөө
Нөхөрлөсөн бол нөхөрлөсөн шиг нөхөрлө, ханилсан бол ханилсан шиг ханила, хайрласан бол хайрласан шиг хайрла. Үгүй бол больчих... гэмээр байна.

Friday, February 02, 2007

Хүн мичнээс үүсээгүй - 2

За тэгэхээр өнөөдөр нөгөө том малгай өмссөн хүүхэд шиг нөгөө том сэдвээрээ үргэлжлүүлээд бураатая...

Өмнөх бичлэгт дутуу орхисон зарим зүйлсээ тодруулах хэрэгтэй байгаа.

Сэтгэл оюун, санаа бодлын хоёр төлөв
Оюун ухаан ба бодол санаа нь долгионлог чанартай хийгээд энэ нь эерэг урсгалтай, муу оюун бодол нь сөрөг урсгалтай гэж өмнө өгүүлсэн. Сайн оюун бодлыг цааш үргэлжлүүлвээс их гэгээрэлд хүрэх бөгөөд харин муу оюун бодол нь цаашлаад их нүгэл хилэнц буюу нисванис болно. Өөрөөр хэлбэл бусдыг хайрлан, нигүүлсэх аваас цаашлаад нийт хүмүүн, амьтадыг хайрлах их хайрын утга учир, мөн чанарыг ухаарах бөгөөд харин бусдыг үзэн ядаж, аливаа муу муухай бүхнийг үйлдвээс чөтгөр луугаа адил болно гэж ойлгож болох байна. Хүний бодол санаа нь үг яриа хийгээд үйл хөдлөлийг үүсгэх тул ямар бодол санаатай байх нь цаашлаад ямар үйл хийхэд шууд хүргэнэ.

Сөрөг буюу Муу санаа бодол
Энэ нь төвөөс гадагш чиглэсэн санаа бодол юм. Хүн өөрийн дотоод сэтгэлд үл төвлөрөн зөвхөн гаднах юмсад төвлөрөх үйл болно. Өөрөөр хэлбэл зөвхөн мөнгө хөрөнгө байнга бодогч хийгээд эд юмсад татагдан зөвхөн түүнийг олж авах, бүүр ихээр олж авахад бүх санаа бодлоо зарцуулан эд юмсийг шүтвээс уг хүн өөрийн дотоод сэтгэл оюуныг хоослон, улмаар өөрийгөө ч алддаг гэсэн үг юм. Тухайн хүний амьдралын утга учир нь эд юмс болсон тул уг зүйлсийг алдахад уг хүн өөрийгөө ч мөн давхар алдана. Энэ нь буддийн гүн ухаанд нүгэл хилэнц хийгээд өнөөх нисванис хэмээх зүйл шиг байгаан. Ийм хүний жишээ нь: Буруу аргаар олсон хөрөнгө, капитал болон нэр хүндээ алдахаас машид айн шаналж байдаг тул үргэлжийн зовиур шанлал дунд оршин зовж, энэ бүгдийгээ алдахад маш их цочролд орж, цаашлаад амиа ч егүүтгэж орхиж болох өчүүхэн хүн байдаг байна.

Эерэг буюу Сайн санаа бодол
Уг бодол санааны хэлбэр нь төвд чиглэсэн буюу дотогш чиглэсэн санаа бодол. Ийм хүн зөвхөн өөрийн дотоод санаа бодол, сэтгэл оюунд төвлөрснөөр хүний уг мөн чанар хийгээд сайн бодол бодох, сайн үйл хийх зэргийг дотоод сэтгэлдээ хянан шүүн тунгааж байдаг тул ямар ч үед гаднах хүчин зүйлээс төдийлөн хамаардаггүй хөдлөшгүй бат үндэс суурьтай болж чаддаг. Уг хүний дотоод сэтгэл тайван амгалан байж өөрийн санаа бодлоо хянан удирдаж, үйл хэрэг ч сайн үйл байх хийгээд үргэлж бүтэмжтэй амжилттай байдаг байна. Ийм хүн бусадын хуурамч ятгалгад автдаггүй, хүмүүнийг хэл яриа, үйлдлээс нь хараад ямар хүн болохыг төвөггүй мэддэг бат суурь, зарчим тулгууртай хүн байдаг байна.

Тэгвэл яаж хүн өөрийн бодол санааг дотогш чиглэсэн урсгалтай болгож дотоод сэтгэлээ танин мэдэж, амар амирлангуйг олох вэ? Ганц арга нь бясалгал, бясалгахуй болно.

Бясалгал
So-Hm зарчмаар хүн өөрөө боловсорч, гэгээрэх ёстой гэж дээр өгүүлсэн. Гэгээрэлд хүрэх арга нь баясалгал хийн дотоод бодол, санаа оюун ухаанаа цэгцлэж, хүчтэй төвлөрүүлэн хүн бодол санаагаа удирдан жолоодож, бүүр цаашлаад өөрийн бүх биеийн эд эс бүрт хүрэх боломжтой гэдэг. Иймээс бясалгалаар хичээллэсэн хүний биеийн хий урсгал эерэг чигт урсаж, бодол санаа төвлөрөн батжиж, эд эс ч нөхөн төлжиж улмаар бие машид эрүүлждэг байна.
Наад захын л жишээ авахад та бид сэтгэл санаа хямарч, байнгын сэтгэлийн зовиуртай байдал нь ходоодыг, уур бухимдал сэтгэлийн хэт их хөдлөл догдлол нь зүрхний ажиллагааг хямруулдагыг мэднэ шүү дээ.
Ерөөс өнөөгийн бид өдөр тутмын аар саар ажилдаа сатаарч, үл дуусах энэ их завгүй амьдрал дундаа байнга л яарч санаа зовж, сэтгэл санаа хямарч, эсхүүл түр зуурын зугаа цэнгэл, таашаал буюу кино ший, баар ресторан зэрэгт хууртан өөрийн дотоод хүнтэйгээ ярилцахыг умартсан байдаг, зарим нь ч бүүр үүнийг мэддэг ч үгүй байх.
Тэгвэл хамгийн энгийн бясалгах арга болох оройн намуун үед чимээгүй тайван, бүүдгэр гэрэлтэй орчинд сууж өөрийн бодол санаагаа цэгцлэн, өөртэйгээ ярьж, шүүн тунгааж, хэрэгтэй бодол санааг үлдээн, хэрэггүйг устгах өөрт хэрэгтэй 25 минут ч гэсэн гаргаж байх хэрэгтэй гэж хувийн зүгээс зөвлөх байна. Их гэгээрэлийг олохгүй юмаа гэхэд ядаж та тайвширан өөрийнхөө байр байдлыг нэг ч гэсэн удаа тунгаачихна байх. ;)

За ингээд Эрнст эрдэмтний хүрсэн зарим зүйлсийн талаар ярилцая. Өмнөх бичлэгт галав юүлэх буюу дэлхий ертөнц дээрхи өмнөх соёл иргэншил устахад хүмүүс аюул зэтгэрээс нуугдаж байсан самди гэж арга, цаашид тохиолдож болзошгүй аюулаас ч гэсэн хамгаалж байх хүн төрөлхтөний генийн сан гэж юу болох талаар өгүүлье:

Самди ба усны 4 дэхь төлөв байдал
Тэгэхээр энэ самди гэдэг нь бясалгалын хүрч болох дээд түвшин, үе шат бөгөөд хүмүүн нь амьтнаас ялгарах сэтгэл оюунтай гэдгийн нэгэн томоохон баталгаа ч гэж хэлж болох байхнэ. Сэтгэл оюуны мөн чанарыг ухаарч гэгээрсэн хүмүүн нь бясалгалын аргаар самдид орж болдог гэж байгаа. Хүн самди төлөвт ороход хүний бие яг л чулуу мэт хөшиж, хатуужиж хөрөх бөгөөд зүрх, судас, тархи зэрэг огт ажиллахаа больж клиник үхэл адил болдог гэнэ. Орчин үеийн анагаах ухааны аль ч багаж хэрэгслээр самдид буй хүнийг үзээд үхсэн гэж оношлоно. Гэвч үхлээс ялгаатай нь хүн самдигаас буцаад хэвийн "амьд" байдалд орж чаддаг бөгөөд гагцхүү энэ самдид байх хугацаа нь уг хүний оюун сэтгэлийн хүч буюу эерэг энергийн урсгалын хүчээс шалтгаалдаг байна. Бас самдид зөвхөн машид их гэгээрсэн буюу хорвоо ертөнцийг маш их нигүүлсэж чаддаг сайн сэтгэлтэн хүн л орох боломжтой гэдэг байна. Самди нь хүн яаж ордог болохыг физик талаас нь тайлбарлавал хүний биеийн ихэнхи хэсэг нь уснаас тогтдог бөгөөд хүн сэтгэл, оюуны хүчээр өөрийн биеийн амин оронд үйлчилснээр биеийн усыг одоогийн шинжлэх ухаанд нээгдээгүй 4 дэхь төлөв байдалд шилжүүлснээр хүний бие хатуужиж, хөшөө мэт болдог гэж Эрнст эрдэмтэн таамагласан байна.
Самдид орсон хүн үхээгүй амьд бөгөөд энэ хугацаанд өөрийн биеэс нисэн гарч гаднаас өөр хүн мэт харах бөгөөд нөгөө ертөнц буюу өөр хэмжээст огторгуйд нэвтрэн ордог байна. Энэ хугацаанд самдид буй хүний сүнс буюу оюун санаа нь биетэйгээ мөнгөн утас буюу амиар холбогдон оршиж тойрон эргэлдэн байдаг байна.
Сонирхуулахад нэгэн лам самдид орж байснаа дүрслэн бичихдээ: Тэр будда суудлаар суун олон жил хичээллэсэн бясалгалын аргаар амьсгалын дасгал хийн өөрийн хийн судлаа гүйлгэж эхлэсэн байна. Хэсэг хугацаанд ийн үйл хийтэл пас няс хийх чимээ гаран бие нь нилээд өвдөж буйг мэдэрсэн байна. Гэнэт тэр өөрийгөө үүлэн дунд хөвөн буй мэтээр мэдэрч доош харвал тэр өөрийн суугаа биеийг болон түүний хажууд буй лам нарын харсан байна. Аажмаар дээш хөөрөн дээш гараад харвал эртний хүмүүний адил маш өндөр өндөр том том хүмүүсийн дүр харагдаж эхлэх нь тэр.. Тэдгээр хүмүүсийн дүр ойртон ойртон харагдснаа аажмаар холдон бүдгэрсээр алга болоод доош унаж буй мэт мэдрэмж төрж эхлэжээ. Тэгээд унтаад сэрсэн мэт өөрийн биеийг мэдэрч, хүйтэн чулуу доороос хайрч, бие нь машид их хөшиж, хөл гараа хөдөлгөхөд ихэд хэцүү байсан байна. Тэр самдид ороод 3 хоног болсон боловч өөрт нь 15 минут л болсон адил өнгөрсөн гэжээ.

Хүн төрөлхтөний гений сан
Өмнөх соёл иргэншлүүд хөгжлийн дээд шатандаа хүрээд мөхөн устаж байсан гэж өмнө бичсэн. Өмнөх хүмүүс нь сүнслэг биетэнүүд, лемурчууд, лемуро-атлантчууд, атлантчууд гээд одоогийн биднийг аричууд гэдэг байна. Өмнөх иргэншлүүдэд хүмүүсийн сэтгэлийн дотогш чиглэсэн урсгалуудаас илүү гадагш чиглэсэн урсгал ихэссээр энэ цаашид дайн байлдаан, байгалын сөрөг үзэгдэл зэрэгт хүргэн өмнөх иргэншлүүдийг устгаж байсан гэж зөн совинт Нострадамус, Балаватская нар бичсэн гэдэг байна.
Гэвч хүн төрөлхтөний дараагийн үеийг гарган ирж дахин үүсгэн хөгжүүлэх, мөн тэднийг гэгээрүүлэх зорилготой хүн төрөлхтөний генийн сан гэдэг нь нууцлан агуй, пирамид гэх мэтэд байдаг самдид буй хүмүүсийг хэлдэг. Энэ санд өмнөх үеийн лемурчууд, атлантчууд ихэнхи нь байдаг ба мөн маш бага аричууд байдаг гэж таамаглаж. Учир нь өнөөгийн хүмүүн нь илүү их биет шинж чанартай ба сэтгэл оюуны хүчин чадал нь өмнөх үеийнхнийг бодвол тун өчүүхэн юм. Өмнө ярьсан So-Hm сүүлчийн илгээлтийг санаж буй бизээ.
Ийм самдид буй хүнтэй агуйнууд Төвдийн Гималайн нуруунд маш их байдаг тухай мэдээ баримт их олддог байна. Хятадын соёлын довтолгооны үед хятад цэргүүд Төвдийн шашины зүтгэлтнүүд, лам нарын ихээр хавчин мөрдөш мөшгөдөг байсан ба самдид орж нуугдсан нэгэн төвд ламын биеийг өргөж аваачаад шоронд хийж орхисон нь хэдэн хоногийн дараа амилан нилээд хэдэн жил шоронд суусан тухай мэдээ ч байна.
Энэ нь аричууд самдид байхдаа өөрийн биеийг хамгаалах сэтгэл оюуны хүчин чадал маш сул бөгөөд хамгаалж чаддаггүй байна. Харин өмнөх иргэншлийн хүмүүсийн самди бүхий агуйнууд ихэд өндөр хамгаалалттай бөгөөд тийш орсон хүн шууд үхэлд хүрдэг байна. Төвдийн ийм агуйд ороод даяараа хяаран үхэцгээсэн хятадын салаа цэрэг ч байсан байна.
Агуйд ороод явахад эхлээд тухайн хүний сэтгэлд айдас, түгшүүр төрж эхлэх бөгөөд буцмаар санагдана, цаашлах тусам энэ мэдрэмж бүүр ихсэх бөгөөд толгой асар хүчтэй өвдөж эхлэнэ, энэ бүгдийг эс тоон хүчлэн цаашлавал шууд үхэлд хүрнэ.
Өөрөөр хэлбэл самди буй агуй буюу хүн төрөлхтөний генийн сан руу зөвхөн их гэгээрсэн, эерэг сайн сэтгэлтэй хүн л нэвтрэх эрхтэй байна.

Хүн төрөлхтөнд тулгарсан зайлшгүй шаардлагатай үед л гэгээнтнүүд самдигаас гарч ирж хүмүүст гэгээрэлд хүрэх замыг заан сургадаг байна.
Буддийн шашнийг үндэслэгч Будда нь эгэл хүнээс ялгарах 32 шинжтэй байсан гэдэг ба үүнийг нь нягтлан үзвэл атлант хүн байсан гэдэг. Тиймээс ч Төвдийн сүм дээрх Буддагийн нүдийг Эрнстийн багийнхан офтальмогеометрийн аргаар шинжлээд атлант хүний дүр төрхийг гаргаж ирсэн гэсэн санаа л даа.

Буддизм гэдэг бол ...
Буддизм бусад шашиныг бодвол илүү их нигүүлсэнгүй, илүү их гүн ухаанлаг, гүн утга учиртайгаараа хамгийн анх үүсээд хамгийн олон хүнийг хамарсан биз гэж бодно. Гэхдээ манай өвөг, дээс болоод өнөөгийн бид буддизмийг тэгвэл яг ойлгож мэддэг билүү. Ан гөрөө хийх нь нүгэл, авгай хүүхэд ч нүгэл хилэнц, архи уух тамхи татах ч нүгэл... гэх мэт хоосон сүсэг бишрэл л санаанд ороод байдаг.

"Чамайг хазаж, чиний цусыг сорсон шумуулыг чи юунд алав, тэр чинь чам лугаа адил амьдрахын төлөө яваа амьтан, чи амьдрахын тулд хоныг иддэг шиг тэр ч мөн чиний цусыг өчүүхэн сорог л дээ, тэр жоохон цусыг өглөө гээд чи хохирохгүй" гэж буддизмийн нигүүлсэл, орчлон хорвоо, хүн амьтаныг хайрлан энэрэх сургаалыг сонсож байсан шиг бид буддизмийн цаад яг жинхэнэ утга санааг ойлгоддоггүй шүү дээ. Тийм ч бас энэ буддизм чинь бас хүнд огт хэрэггүй ч эд биш байх нээ.

Угаасаа би гэж хүн коммунизмын үед төрж өссөн болохоор шашингүйн үзэлтэн бөгөөд сүм хийдэд хийморийн сан тавиулах, жилийн засал хийлгэх эдэртээ тун хойрог нэгэн байсан юм. Буддизмын жинхэнэ цаад нарийн үг учирыг одоо л ойлгож ухаарч эхэллээ байна. Тэглээ гээд бас жилийн засал хийлгэх гээд хийд рүү явж, шалгалтынхаа тестийн аль хариуг бөглөх вэ гээд мэргэч, домч дээр очихгүй л дээ. Харин үнэхээр тэр жилдээ өнгөтэй явмаар бол өөрийн бодол санааг ариусгаж, цэцлээд, аль нь сайн, аль нь муу болохыг ухаарч, хийхийн өмнө эдгээр бодлоо шүүн тунгааж явбал энэ чинь жилийн засал. Шалгалтад бэлдэхдээ үнэхээр миний дотоод ертөнцөд чухал, түүнд харшлах үгүй шалтгалт бол үнэн сэтгэлээс хичээн бэлдэж, аль ч асуултын цаад учир шалтгааны зөн совин, чин хандлага бүрдэх учраас захын нэг асуултад бүдрэхгүй болохоор би өөрөө мэргэч, төлөгч мөн биз дээ гэж...
Гэхдээ манай өвөг дээдэс тэр чигээрээ буддизмыг сохроор бишрэгчид байсангүй ээ. Тэр үед үнэнхүү гэгээрэлийг олсон хутагт, хувилгаад зөндөө л байсан тухай дуулддаг. Зүгээр хамгийн ойрын бодит жишээ авахад л 100 гаруй жилийн өмнөх үеийн "үхсэн" нэгэн монгол ламын цогцос огт муудаагүй, будда суудлаар суун байж байдаг бөгөөд Эрхүүд одоо түүнийг нь ховор үзмэр болгоод ваакуум хоргонд хийгээд хадгалж байдаг, манай томчууд, жуулчид очиж мөргөн, сүсэглэдэг тухай, Oriflame-ын босс Оюунгэрэл гэж бизнесмен хадагтай очиж уг хүнтэй "бодол санаагаар ярилцсан" гэсэн. Миний бодлоор уг хүн самдид буй хүн байх л даа. Бас уг Оюунгэрэл хадагтай одоо Oriflame сүлжээнд орж буй охид, бүсгүйчүүлд бас дээрх бичсэний адил гэгээрлийн тухай лекцийг бүтэн 2 өдрийн турш өглөө 10-аас орой 8 хүртэл заадаг гээд тоочоод байвал байна аа..

Түр зуурын төгсгөл
За тэгээд хүн мичнээс үүсээгүй, харин хүн бол оюун санаа буюу бурхнаас үүссэн гэсэн нэг сэдэвийг ингээд түр өндөрлөе. Энэ сэдвийг эхлүүлсэн гол шалтгаан нь буддизм болон шашин гэдэг чинь бидний ойлгож байгаагаас тэс ондоо зүйл болох, шинжлэх ухаанч талаас нь харвал илүү гүн утга санаа, агуулгатай философи юм шүү гэж хэлэх гэснээс та заавал шашин шүт, лам бол гэсэн санаа биш юм. Мөн хүний үүсэл гарлын талаар сонирхуулштай таамаг бас байна, Эрнст Мулдашев гээд хүн үүнийг сөхөж хөндсөн байна, бас үүнийг сонирхоод судлаж яагаад болохгүй гэж, хүний мөн чанар, амьдралын утга учир, аз жаргал гэж яг юу вэ гээд олон олон асуултад хариулт олох гэж эрэл хайгуул хийж байна уу, та энэ талаар юу гэж боддог вэ, бусад орны бусад соёл иргэншилтэй хүмүүст энэ нь юу байдаг вэ? гээд та бүхний санаа бодлыг сонсох гэж үүнийг бичсэн юм.

Тэгтэл уншигч та бээр энэ талаар бага ч гэсэн эргэцүүлж бодож, сонирхож, ухаарсан эсвэл үгүйсгэсэн бодол төрсөн бол миний зорилго биелэх нь тэр ...

Ерөөс хүний ажил, амьдрал, амжилт ололт, гуниг зовлон зэрэг нь бусад хэнээс ч бус гагцхүү таниас өөрөөс чинь л хамаардаг, тиймээс өөрөө өөрийнхөө эзэн байж өөрийгөө өөр өнцгөөс харж, өөрийн бодол санаагаа нягтлаж, хийхээс өмнө бодож, хэлэхээс өмнө нягтлаж байх нь хүмүүнийг амьтнаас ялгадаг гол шинж чанар юм гэдэг өөрийн бодолоо таньд "тулгах" гээд байгаа юм.

Цаашид харин энэ талаар мэдээж бичиж таараа. Харин та ч гэсэн энэ талаар бодоод, бодол санаагаа хуваалцаарай гэж хүсээд энэхүү урт бичлэгүүдийг түр өндөрлөе!

Сэтгэлийн үзүүр бүрт сайн санаа бодол учиглах болтугай!

Ашигласан ном:
Эрнст Мулдашев: Хүн мичнээс үүсээгүй - Гималайд хийсэн судалгааны гайхам үр дүн