Wednesday, December 02, 2015

АЛИМ БА МАНДАРИН (ФЕЛЬЕТОН)


Хэсэг нөхөдтэйгээ хамтараад жимс тариалдаг жижигхээн аж ахуй босгосон юм. Бараг жил хөдөлмөрлөсний эцэст дотоод сортын мандарин гаргаж, бага зэрэг ургац авлаа. Тэгээд хотынхоо айл өрхүүдэд хүргэхээр хүнсний сүлжээ дэлгүүрүүдээр бага багаар түгээн, худалдан авагчдад амталгаат үнэгүй худалдаа явуулаад бас жил болох гэж байгаа юм. Жижигхэн аж ахуй, хүн хүч бяр чадал бага тул ургац арай л алдчихалгүй шиг тариалаад, хураагаад, түгээгээд л байлаа.

Нөгөө сүлжээ дэлгүүрүүд том жижиг нийлсэн нэлээд хэдэн газар бий л дээ. Тэгсэн орон сууц, хотхонуудын доор байрладаг олон сүлжээ дэлгүүртэй нэг томоохон газарт манай мандарин үзэгдэхээ байчихлаа гээд худалдан авагчид гомдоллоод, нэхээд эхлэв. Манайхаас бол яах аргагүй тоо ширхэгээр нь ачуулаад явуулаад байдаг, тэгээд цаашаа дэлгүүртээ ороод байхгүй, худалдан авагчид бухимдаад худалдагчаас нь нэхэхээр "мандарин байхгүй, ирээгүй. Манайд алим л байна" гээд халгаадаггүй гэнэ шүү. Учир нь тэр сүлжээ дэлгүүр маань өөрсдийн сайн сортын ногоон алим, бас америкаас импортлодог өөр олон жимс борлуулдаг газар л даа. Тэгээд сүүлдээ хүмүүс дэлгүүр орохоосоо өмнө лавлаж асуудаг болсон бололтой, "танайх мандарин зардаг нь уу, зардаггүй нь уу?" гээд.

Тэгээд асуудал болох нь тэр, танай салбар дэлгүүр байрладаг тэр тэр хотхоны тэд тэдэн тоот айл руу тэдэн хайрцаг мандарин явуулсан ш дээ, хаачив? гэхээр, "хэн нотлох юм бэ? явуулаагүй юм ч уу, алга болсон ч юм уу. Нотолгоогоо аваад ир" ...

Уг нь алим ч гоё л доо, ногоон цэнхэр гээд хоёр ч сортын алим монголд байдагийг юу андахав. Цэнхэр алимтай өөр сүлжээ дэлгүүр ч байна. Ер нь алим борлуулах дэлгүүр чинь заавал тусдаа зөвшөөрөл гэрчилгээ авч байж, нарийн хяналт үзлэг дор явагддаг том бизнес л дээ. Бас улаан сортын алим гарнаа гэсэн сураг гараад нэлээд удаж л байна.

Нээрээ манайх, мандаринуудаа том жижигээр нь ялгаж савладаг болоод. Жижгийг нь урьдийн адил үнэгүй тараачихна, томыг нь харин борлуулж орлогожихгүй бол тариалангаа тариалж, ургац авах чинь нэлээд зардал гарах нь зайлшгүй юм хойно өөр яахав? Бас гадаадад байгаа монголчууддаа экспортлоод эхэлчихсэн, гадагш ачаад явуулж байгаа тээврийн зардал шингээд үнэ нь эндээс арай ахиу болоод очиж байгаа.

Гэхдээ, саяхнаас нөгөө дэлгүүр буцаад манай мандариныг ил гаргаад, худалдан авагчдад борлуулаад эхлэсэн байна лээ. Тэгэхээр нь өөрийнхөө байрны доорх дэлгүүрээ орж шалгасан, нээрээ байдаг болчихсон байна лээ.

Ингэхэд та алимд дуртай юу, мандаринд дуртай юу?