Wednesday, November 22, 2006

Багын дурсамж - 4

"Хүн болох багаасаа, хүлэг болох унаганаасаа" манай ардын үг.

Багын дурсамжаа үргэлжлүүлье:

Өвлийн өвгөнөөс татгалзав
За тэгээд намайг багын л бие томтой байсан гэж уншигч та гадарлаж буй байх. Тийм болоод ч тэрүү, намайг жил болгоны шинэ жилээр өвлийн өвгөн болгодог байлаа. Цэцэрлэгийн дунд байхад билүү дээ, уламжлал ёсоор өвлийн өвгөн болгох гэхээр нь би багшдаа өвлийн өвгөний номинацаас энэ удаа татгалзаж буйгаа хэлээд хаялаа. За тэгтэл намайг Лхагваатай хамт алиалагч болгочихдог юм байна. Өвлийн өвгөн нь Түмэнбаяр гээд хүүхэд боллоо. Хожим нь бид хоёр 10 жилд ангижавууд болсон юм.
Цэцэрлэгийн шинэ жил болоод л, бага ангийн бацаанууд дуулж бүжиглээд л ... Мань хүн наана нь яахав дээ, дэнхийсэн том алиалагч гуай энэ тэрийг харж элэглээд л заалны дунд бараг галзуурч байнаа. Тэгсэн туслах багш над руу хараад гараа зангидаад "Ну Погоди" гэж байна, за тэгэхээр нь "хазаараа татлаа". Дараа нь нөгөө миний үнсдэг охин , жижиг алиалагч, багш бид нар зургаа авахуулсан юм. Сүүлд нь том ангид орчихоод нөгөөхөө үзэж байхнээ харин, миний алиалагчын том монхор хиймэл хамар томдоод аман дээр ирээд, сахал нь эрүүний доор унжиж байсан шүү. Нэг хэсэгтээ л нөгөө зургаа хүмүүст үзүүлэхээс ичдэг байлаа шүү.

Ямар хүүхэд өндрөөс айдаг вэ
Манай гэр "3 шар"-ын 3 давхарт байдаг байсан юм. Тэгээд заримдаа хүүхдүүдтэй гадаа нуугдаж тоглоцгооноо. Нэг өдөр нэгийгээ эрээд эрээд олдоггүй. Гадаах пингүүдээр, хураалгаатай мод, бүх орцоороо нэгжээд олдоггүй. Тэгсэн чинь харин нөгөөх чинь байрны дээвэр дээр гарчихаж л дээ. Хэхэхэ. Араас нь бүгдээрээ гарцгаалаа. Тэгсэн нөгөө хэд маань 3 давхараас доошоо хараад шүлсээ хаяад л, зарим нь бүүр байшингийн дээврийн ирмэг дээр сууцгаачихсан хээв нэг сууж байнаа. Би хааяа телевизийнхээ антенийг засах гээд дээвэр дээр гардагч доошоо ерөөсөө харж чаддаггүй юм. Толгой эргээд л яг унах гэж байгаа юм шиг санагдаад байдаг. Тэгээд би өөрийгөө аймхай хулчгар хүүхэд гэж боддог байлаа шүү. Харин сүүлд нь том ангид ороод хүний биеийн анатоми үзэж байхнээ цус билүү даралт билүү, тэр хавийн л нэг зүйл нь багатай хүн өндөр юм дээр гарахаар толгой нь эргэдэг гэж байна лээ.

Чоно шиг бол чоно шиг л бай
Зун болоод айлууд зуслан лагерьтаа гарчихсан үед л дээ. Лагерийнхаа командын хэдэн нөхдөө дагуулаад (би ч тэр хавидаа атаман маягтай) голд сэлээд буцаж явж байсан чинь нэг гоё машин, гоё майхантай хэдэн хүн голын эрэг дээр байж байна. Хэдүүлээ гуяа алгадаад л тавиад хүрлээ л дээ. Машин нь Нива байсан ч билүү дээ, майхан нь гэж гоё гоё тод өнгөтэй барууны майхан байсан. Хажууд нь нэг хөөрхөн эгч, ах хүү хоёр байнаа. Маниус ч хоорондоо шивнэлдээд, соёлыг гайхаад биширэнгээ алдаад байж байтал ах хүү бид нартай юм ярилцгааж байнаа. Хаана юу хийдэг хүүхдүүд үү, хэний хүүхэд үү, аавыг чинь хэн гэдэг юм гээд л байцааж гарлаа. Хажуугаар нь манай нэгийг бүдүүн л гэнэ, гахай шиг л гэнэ, нэгийг нь тожгор л гэнэ.. Нөгөөдүүл юм ярихгүй чимээгүй болчихов. Тэгсэн надаас аавыг чинь хэн гэдэг үү гэж байна. Би ч Мөнгөнгадас гэсэн чинь мань хүн баахан инээснээ. Аль мөнгөнгадас, энэ манай майханы энэ гадас уу, мөнгөөр гадас хийдэг юм уу л гэнэ. Тэгснээ ганцаараа баахан мар мар инээснээ, хажуу талынхаа эгч рүү харж байнаа. Эгч инээгээгүй шиг санагдах юм. Тэгэхдээ л шал дургүй хүрээд явчихаж байгаа байхгүй юу. Тэгэхэд л анх нээрээ манай аавын нэрийг яагаад Мөнгөнгадас гэдэг юм болоо гэж бодлоо. Тэгээд ах хүүгээс бушуухан холдохын түүс болоод коммандаа дагуулаад л гуяаа алгадаад цаашаа давхилаа. Жоохон холдонгуутаа хэдүүлээ эргэж хараад "чи муу өөрөө бүдүүн гахай, гүзээ нь унжаад мангар мангар" гэж баахан орилтол цаанаас "Юу гэнээ, муу бацаанууд. Алив хүрээд ир" ухааны юм хашхирч байнаа. Тэгтэл манайханаас нэг нь чулуу аваад шидлээ шүү. Бид нар ч гэнэт санаад баахан чулуу нүүлгэж орхиод "Зугтаааараййй" гээд эргэж ч харалгүй тэр чигээрээ ум хумгүй зугтлаа. Тэгээд лагерьтаа ирж нэг санаа амарав. Учир нь араас хөөгөөд ирвэл нохойтойгоо нийлээд моральгүй ах хүүгийн данхар толгойг чулуугаар угтана л даа.
Хүнийг хайрлаж байж хүнээр хайрлуулна гэж байдаг. Хэдийгээр бид тухайн үед жоохон хүүхдүүд байсан ч хэн нь муу, хэн нь сайн бэ гэдгийг ухаардаг байсан юм шүү.

Нохой архируулах гэж яадаг вэ
Багад маань аав, ээж хоёр маань их орой ажилаасаа ирдэг байсан л даа. Ер нь тэр үеийн бүх л айлуудын аав ээж нар орой харьдаг байсан. Манай ээж бол 7 цаг үед ирнэ. Аав бол түүнээс хойш ирнэ. Аавыг ирэхэд бид баярлаад л өмнөөс очдог байв шүү. Манайх таван хүүхэдтэй ба ээж маань одоо бодоход бид мэтийн гутал өмсөөд гурав хоногт точийлддог нөхдүүдийг мөр бүтэн явуулах гэж ихээхэн цаг гарзаддаг байсныг ухаарах завгүй л гүйж байж дээ. Нэг удаа хашаа давах гэж байгаад өмднийхөө алцааг юу ч үгүй зад татаад хаялаа шүү. Тэгээд жоохон ичмэр болоод гэртээ гүйгээд орж иртэл ээж алга, эгч ч алга. Одоо яахав дээ, ээжийнхээ юм оёж байгааг бишгүйдээ нэг харсан тул өмдөө тайлж аваад утас зүү сүвлээд урагдсан алцаагаа хөвөрдөж орхиод гараад гүйлээ дээ. Түүнээс хойш бас өөрөө урсан юмаа аль болох өөрөө оёчихдог болсон гэж байгаа.
Нэг удаа байрныхаа өмнө талбайд тоглож байтал аав, ээжүүд салхилангаа хуучилж байнаа, тэгснээ хүүхдүүдийнхээ тухай яриад, цаашаа хэний хүүхэд өөрөө юмаа оёчихдог, хоолоо хийчихдэг гээд явж өглөө. Тэгтэл ээж маань: -"Манай энэ хүү, өөрөө урсан хувцасаа оёчихдог юм одоо тэр алцайг нь харахгүй юу. Нохой архирч байгаам шиг. Гэхдээ яахав дээ" гэж байна. Түүнийг сонсоод бидэнд бол өчүүхэн төдий зүйл ч гэсэн аав, ээжид маань томоохон урам болдог юм байна гэдгийг ухаарч билээ. "Нохойг архируулангаа" ээжийгээ урамшуулнаа гэж уул нь ийм хялбархан байгаа биз дээ.

Өлгөөтэй жаал
Тэр үеийн хүүхдүүд бол санаж байгаа байх даа. Аль ч билээ нэг ном дээр "Өлгөөтэй жаал" гээд шүлэг байдаг даа. Гоё гоё зурагтай, тэр нь их хөөрхөн өвөрмөцөө. Том том нүдтэй хүүхдүүд зурчихсан байсан.
... Өлгөөтэй жаал,
Өөрөө өөрийгөө өлгөсөн ч юмуу...
..Ямар хувцас биш,
Ядаж бээлий биш,
Яагаад энэ жаал хашаанд өлгөгдөв...
...Нүүр нь мэнчийгээд нүдээ аниад, хичнээн тийчлэв ч ... гээд гоё шүлэг байдаг даа. Мартаж орхижээ. Түүн шиг явдал надад 2 ч удаа тохиолдсон юм.

-Эхний өлгөгдөлт:
Цэцэрлэгийн тоглоомууд дээр оройхон хүүхдүүд нууцаар тоглодог байв. Яагаад ч тэгээд хүүхдүүдийг хөөгөөд байдаг байсан юм, бодвол цонх шилийг нь хагалчихдаг байсан юм боловуу.
Тэгээд манай байрны хэсэг хүүхдүүд 3-р цэцэрлэгийн тоглоомийн талбайд тоглож байтал гэнэт: -Хөөе, манаач ирлээ гээд л хүүхдүүд дэр хийтэл гүйлээ дээ. Том хүүхдүүд нь хашааг даваад, жижигчүүд нь шургаад л гарцгаалаа. Би гэж хүн нэг их лаг хүн болоод томчуудаас сурсан стилиэр хашааг давлаа. Тэр нь өөрийн цээжээр татсан хашаа руу хоёр гараараа бариад үсэрч, гэдсээрээ хашаан дээр тэгнэнгүүтээ цээжээ огцом доошлуулж толгойгоо годройтуулж хөлөө савж хашааг давуулаад хөл дээрээ хашааны цаана буудаг байхгүй юу. Тэгсэн мань хүний өмдний тэлээнд хашааны сараалж хавж оронгуутаа хашаа давахад мушгирч эргээд цаашаа ч үгүй, наашаа ч үгүй өлгөгдөж орхидог байна шүү. Хөл газарт хүрдэггүй, тэлээ тасарахгүй, ядаж байхад өмд урагддаггүй бөх юмаа. Яаж ч хавчигнаад тасардаггүй ээ. Яг тэндээ өлгөгдөж орхилоо.
Заза, одоо ингээд л өнгөрлөө. Нөгөө манаачид ч нүүр нүдгүй балбуулж дээ гээд нүдээ аниад хүлээлээ шүү. Тэгтэл харин манаач нь нэг эгч таарч, "хүн алах гэж байгаам шиг, юундаа хар хурдаараа зугтаадаг юм. Унаж үхэх гээ юу" энэ тэр гээд баахан үглэнгээ харин намайг буулгаж өгч билээ. Айсан, ичсэн гэж хэлээд юүхэв.

-Дараагийн өлгөгдөлт:
Сургуульд орчихсон бага ангид байлаа. Эмээгийнх гэр хороололд байдаг ба эмээгийндээ их очдог байв. Бүүр тэндээ хоноод тэндээсээ хичээлдээ ч явна. Гэр хороололынхон нөгөө хэдэн хашааний ирмэг дээгүүрээ сүлжиж давхиад л, тоглох нь ч ондоо л доо. Нэг удаа хичээлийн цагаас түрүүлж гараад хажуу хашаанд байдаг ангижавынх руугаа хашаанд дээгүүр гүйлээ дээ. Жоохон хүүхэд намхан байдаг болохоор тэнцвэрээ сайн олдог юм шиг байгаа юм.
Тэгээд яг очих гэж явтал гэнэт хажуугаас нэг нохой огцом хуцтал цочиод хөл алдаад доошоо уначихав. Тэгтэл ардаа үүрч явсан цүнх, ар нуруу хоорондуур хашаа ороод яг өлгөгдөж орхих нь тэр. Хичнээн тийчлээд ч нэмэргүй, хөл газарт хүрэхгүй болохоор цүнхээ тайлж чадахгүй. Хэхэхэ. Яахаа мэдэхээ байгаад "туслаарай, туслаарай" гээд орилж байтал харин айлын хүн гарч ирээд буулгаж өгч билээ.

Найзын тус
Нэгдүгээр ангид орсон шинэхэн сурагч байв. Хичээлдээ явах их дуртай байлаа. Тэр үед сургууль гэдэг их л хүндлүүштэй, дотор нь ороход нэг л сэтгэл хөөрөөд, бас сүрдмээр л дээ. Тэр үед ЖА буюу жижүүр ангийнхан үүдэнд зогсоод сурагчдаас хумсаа авсан эсэх, гараа угаасан эсэх, захны даавуу цагаан эсэх, нусны алчуур, хөлийн алчуур, эгээтэй л чихний алчуур шалгадаггүй байв. Гай болж нэг өглөө индүүсэн нусны алчуураа мартаад гарчихжээ. Үүдэнд зогсоод хамаг халаасаа ухаад олдоггүй, хар өвлийн хүйтэнд буцаж явах боллоо доо гээд зогсож байтал харин Батнар гээд манай ангийн хүүхэд таарлаа шүү. Тэгээд мань хүн бас их сэргэлээн: -"Энэ хүүхдийн аав нь сургуульд багшилдаг ш дээ, ороод ааваасаа авчихнаа" гэтэл НИВАЛ жоохон бодсоноо оруулчихлаа шүү. Хоёулаа цаашаа нивал ахыг хөөрхөн дөнгөснөө яриад, Батнарын сэргэлэнг гайхаад л хичээл дээ орсон шүү. Тэр үед хүүхдүүд их л цагаахан байжээ.

За тэгээд жоохон Эрхэмээгийн ээлжит адал явдалтай дараа учруулъя даа.

0 Comments: