"Хүн болох багаасаа, хүлэг болох унаганаасаа" манай ардын үг.
Аймгийн даргатай хөөрөлдөж, өөвөөгийнхийг нүүлгэсэн нь
Манай өвөө эмээ нар маань бүүр хөдөө сумд амьдардаг байлаа. Гурванбулаг гээд аймгийн төвөөс 240 гаран км зайтай хангайн сум л даа. Сургуульд орохын өмнөхөн буюу би тэр үед 5-6 настай байсан байх. Аав маань Казакстан руу курст явсан байсан ба ээжийн бие өвдөөд эмнэлэгт хэвтчихсэн байсан шиг санагдаж байна. Тэгээд Эгч, дүү бид хэд хөдөө өвөөгийндөө зуны хэдэн сарыг авлаа.
Тэр жил өвөөгийн маань хууч өвчин сэдрээд бие нь бас л тааруухан байсан ба би гэж хүн бушуухан буцаж гэртээ очихын түүс болсон хүн байсан тул аминдаа л дотроо яавал буцах арга зам бодож, сүвэгчилж байлаа. Эмээгийн амнаас нэг удаа аймагын төв орж эмч, эмнэлэг бараадах талаар үг унасан тул би ч лавлаад авлаа. Тэгээд аймаг рүү нүүхэд юу нь болохгүй байнаа гэж асуутал, эмээ намайг цаашлуулаад аймгийн даргаас гэр нүүлгэх унааны тусламж авах хэрэгтэй байна даа гэв. Тэр ч бүтэхгүй хол сонсогдсон учраас би гэж хүн тэгэсгээд л мартаж орхивоо.
Нэг удаа гадаа тоглож тоглож гэрт орж иртэл хэдэн хүн зөрөөд гарч байна. Гэрт эмээ хамрын тамхиа хэд соронгоо намайг харснаа: -За нөгөө аймгийн дарга чинь саяны хүн шүү дээ. Тэр шляпан малгайтай нь. Чи одоо араас нь очоод унаа гуйчих гэлээ. Би ч уухайн тас гарч гүйгээд хартал гудамж өгсөөд түрүүний 2 хүн явж байна. Араас нь: -Аймгийн даргаа, аймгийн даргаа гээд л гүйлээ дээ. Нөгөө хүмүүс намайг хараад хэсэг гайхснаа, намайг хүлээн зогслоо. Би ч давхиж очингуутаа, шляпан малгайтай ахаас: -Та аймгийн дарга мөн үү л гэлээ. Нөгөө ах инээмсэглэснээ: -Мөн байна, яах гэсийн хө. Би: -Ахаа, манай өвөөгийн бие муу байгаа. Аймаг руу явж эмнэлэгт хэвтэх гээд, та манайхыг нүүхэд унаа гаргаж өгөөч гээд хэлээд тавичихлаа даа. Нөгөө ах инээснээ, миний толгойг нэг илээд: -За за ойлголоо. Өвөөдөө хайртай сайн хүү байна. Ах нь унаа гаргаж өгье гээд явчихлаа шүү. Би ч ихээхэн маадгар амьтан магнай тэнийгээд буцаж оронгуутаа л, -За манайхыг аймаг руу нүүлгэж өгнө гэсэн гэтэл эмээ өвөө хоёр маань нилээд инээлдэж байсан даа.
Дараахан нь миний тэр хэлснээс үү, эсвэл угаасаа өвөө, эмээ хоёр нүүе гэж бодсон уу. Гэрээ ачиж аваад аймаг рүү нүүж явахдаа хүмүүс намайг хараад : -За нөгөө гэрээ нүүлгэж яваа том цагаан хүү чинь энэ билүү гээд л намайг хөөргөөд л, би ч гэртээ одоо очино гэхээс яараад л... Ийм нэг хөгжилтэй явдал болж билээ.
Цэцэрлэгт сурсан зан
Би бусад ихэнхи хүүхдийн адил ясли, цэцэрлэг дамжиж, тэнд хүмүүжиж өссөн хүүхэд л дээ. Өдөр унтдаг нь таалагддаггүй болохоос би цэцэрлэгт явах их дуртай байсан. Манайх цэцэрлэгт их ойрхон байдаг болохоор би өөрөө гарч яваад цэцэрлэгтээ оччихдог байсан юм. Тэнд унтахдаа хувцасаа эвхэж тавих, шүдээ угаах, зураг зурж, шүлэг цээжилж, дуулж бүжиглэж сурна л даа.
Нэг амралтын өдөр өвөөгийндөө аав ээжтэйгээ очилоо. Эмээ маань хоолыг маш сайхан хийдэг байсан болохоор хоол нь их амттай л даа. Тэр удаад бидэнд сүүтэй, чихэртэй будаа хийж өглөө. Тэгэхэд их хөгжилтэй зүйл болсоныг эмээ маань сүүлд ингэж ярьсан юм. Хоол идэж байсан чинь би нэг гараа өргөөд байна гэнээ. Эмээ тэрийг нь ойлгохгүй л дээ. Яасан миний хүү гэтэл би: -Нэг юм асууя болох уу? Эмээ: -За за болно болно. Асуу асуу. Би: -Энэ хоолноос дахиад нэмүүлж болох уу? гэсэн хэхэхэхэ Эмээ маань нээх сүртэй зүйл бодоод гайхтал мань хүн харин маш боловсноор хоол нэмүүлэхийг хүсч л дээ.
Баянхонгорт байгаа миний аав
Би 4 орчим настай байсан байх. Аав маань тэр үед мал эмнэлэгт дарга хийдэг. Байс гээд л хөдөө ажилаар явдаг байлаа. Дүү маань өлгийтэй жоохон. Эгч бид хоёр гадаа тоглож байтал аавын машин ирчихсэн гэрийн гадаа байж байна. Гүйгээд очиж явтал аав, жолооч ах 2 гарч ирэнгүүтээ шууд л УАЗ469-дөө суугаад ухас хийлээ. Би ааваа намайг хүлээгээч гэж уйлаад л араас нь хөөгөөд байшингийн булан тойртол бүүр цаагуур яваад далд орчихлоо. Явган жаалхүү яаж ч машиныг гүйцэхэв дээ. Тэгээд машины дугаар энэ тэрийг ч мэдэхгүй. Машин явсан зүгт баримжаа аваад л яваад л байлаа, яваад л байлаа. Тэгж явж байтал нэг УАЗ469 харагдахаар нь араас нь яваад очтол бөөн машин дунд яваад орчихлоо. Нөгөө машинуудыг тойроод л алмайж явтал нэг аймаар ах хүү гарч ирээд чанга дуугаар: -Хөөе чи энд юугаа хийж яваа амьтан бэ? гээд араас хөөлөө дөө. Би ч муухай орилж уйлаад зугтаад, баригдлаа...
Ээж гэртээ сууж байтал гэрийн утас дуугарч байна гэнэ, утасаа автал цаанаас нь: -Автобаазаас ярьж байна. Энд танай хүүхэд чинь явж байна. Хүүхдээ ирж ав. Ээж: -Манай хүүхэд бишээ, манай хүүхэд гадаа тоглож байгаа гээд таслаж орхиж. Дахиад утас дуугарлаа: -Автобаазаас ярьж байна. Манай хүүхэд яах аргагүй л мөн дөө. Эрхэмбаатар гээд мөн биз дээ, тийм тийм хувцастай? Ээж сандраад : -Өө мөн мөн, яахаараа наана чинь явж байдаг билээ. Тэр үед эгч гаднаас орж ирээд: -Эрхэмбаатар гэрт орж ирсэн үү, гадаа алга байна... хэхэхэ
Ээж эгч хоёр автобааз дээр очтол мань хүн манаач ах хүүтэй тоглоод, хууч хөөрчихсөн маадгар суужийна гэнэ шүү. Ээж : -Манай хүүхэд гэж яаж мэдэв гэтэл манаач ах хүү: -Танай хүүхдээс энд юу хийж яваа юм гэсэн чинь аавыгаа хайж яваа гээд, Аавыг чинь хэн гэдэг юм гэтэл аав гэдэг. Ээжийг чинь хэн гэдийн гэтэл ээж гэдэг, гэрээ мэдэх үү гэтэл мэдэхгүй, би бүүр гайхаж гайхаж танайх утастай юу гэсэн чинь утастай гэж байна, хэд вэ гэсэн чинь харин утасаа мэдэж байна. Тэгээд танай 2478 руу залгаж ярилаа гэж байна.
Тэр үед утас ховорхон байдаг, дээр нь утас андуурч орж ирчихээд наад утас чинь хэд вэ гээд асуугаад байдаг байснаас ч тэр юмуу би гэрийнхээ утасны дугаараа мэддэг байснаас тэгж гэрийнхэн маань намайг хурдан олж билээ.
Хэхэ ийм л нэг хөгжилтэй явдал болж билээ. Бараг Баянхонгорт байгаа миний аавд гэдэг киноны нэг хэсэг нь болсон байгаа биз
Хүүхдийн зургийн уралдаан орсон нь
Би 2 настайгаасаа л энэ тэр газарт 1 бөөрөнхий (нар), 2 бөөрөнхий (нар сар) зураад. Дараа нь 2 бөөрөнхий дээр 1 дөрөлжин (машин) зураад байдаг байсан гэж байгаа.
Сургуульд орохын өмнөхөн (6 настайдаа) хүүхдийн баяраар болдог цементэн дээр шохойгоор Энхтайван - Найрамдалын тухай сэдэвт зургийн уралдаан орлоо.
Би нэг дэлхийн бөмбөрцөг зураад дотор нь орос куба монгол дээлтэй хүн нэжгээдийг гар гарыг бариулж зурлаа. 2-р байранд орлоо. 1-р байранд орсон хүүхэд нь 1-р сургуулийн Төмөртогоо билүү дээ нэг багшийн Лхагвасүрэн гэж хүүхэд Дэлхийг тойроод туг дарцаг барьсан баахан хүүхэд зурчихжээ. Хожим Лхагваа бид хоёр 10 жилд нэг ангид орсон. Сайхан зурдаг хүүхэд байсан даа.
0 Comments:
Post a Comment