Friday, February 02, 2007

Хүн мичнээс үүсээгүй - 2

За тэгэхээр өнөөдөр нөгөө том малгай өмссөн хүүхэд шиг нөгөө том сэдвээрээ үргэлжлүүлээд бураатая...

Өмнөх бичлэгт дутуу орхисон зарим зүйлсээ тодруулах хэрэгтэй байгаа.

Сэтгэл оюун, санаа бодлын хоёр төлөв
Оюун ухаан ба бодол санаа нь долгионлог чанартай хийгээд энэ нь эерэг урсгалтай, муу оюун бодол нь сөрөг урсгалтай гэж өмнө өгүүлсэн. Сайн оюун бодлыг цааш үргэлжлүүлвээс их гэгээрэлд хүрэх бөгөөд харин муу оюун бодол нь цаашлаад их нүгэл хилэнц буюу нисванис болно. Өөрөөр хэлбэл бусдыг хайрлан, нигүүлсэх аваас цаашлаад нийт хүмүүн, амьтадыг хайрлах их хайрын утга учир, мөн чанарыг ухаарах бөгөөд харин бусдыг үзэн ядаж, аливаа муу муухай бүхнийг үйлдвээс чөтгөр луугаа адил болно гэж ойлгож болох байна. Хүний бодол санаа нь үг яриа хийгээд үйл хөдлөлийг үүсгэх тул ямар бодол санаатай байх нь цаашлаад ямар үйл хийхэд шууд хүргэнэ.

Сөрөг буюу Муу санаа бодол
Энэ нь төвөөс гадагш чиглэсэн санаа бодол юм. Хүн өөрийн дотоод сэтгэлд үл төвлөрөн зөвхөн гаднах юмсад төвлөрөх үйл болно. Өөрөөр хэлбэл зөвхөн мөнгө хөрөнгө байнга бодогч хийгээд эд юмсад татагдан зөвхөн түүнийг олж авах, бүүр ихээр олж авахад бүх санаа бодлоо зарцуулан эд юмсийг шүтвээс уг хүн өөрийн дотоод сэтгэл оюуныг хоослон, улмаар өөрийгөө ч алддаг гэсэн үг юм. Тухайн хүний амьдралын утга учир нь эд юмс болсон тул уг зүйлсийг алдахад уг хүн өөрийгөө ч мөн давхар алдана. Энэ нь буддийн гүн ухаанд нүгэл хилэнц хийгээд өнөөх нисванис хэмээх зүйл шиг байгаан. Ийм хүний жишээ нь: Буруу аргаар олсон хөрөнгө, капитал болон нэр хүндээ алдахаас машид айн шаналж байдаг тул үргэлжийн зовиур шанлал дунд оршин зовж, энэ бүгдийгээ алдахад маш их цочролд орж, цаашлаад амиа ч егүүтгэж орхиж болох өчүүхэн хүн байдаг байна.

Эерэг буюу Сайн санаа бодол
Уг бодол санааны хэлбэр нь төвд чиглэсэн буюу дотогш чиглэсэн санаа бодол. Ийм хүн зөвхөн өөрийн дотоод санаа бодол, сэтгэл оюунд төвлөрснөөр хүний уг мөн чанар хийгээд сайн бодол бодох, сайн үйл хийх зэргийг дотоод сэтгэлдээ хянан шүүн тунгааж байдаг тул ямар ч үед гаднах хүчин зүйлээс төдийлөн хамаардаггүй хөдлөшгүй бат үндэс суурьтай болж чаддаг. Уг хүний дотоод сэтгэл тайван амгалан байж өөрийн санаа бодлоо хянан удирдаж, үйл хэрэг ч сайн үйл байх хийгээд үргэлж бүтэмжтэй амжилттай байдаг байна. Ийм хүн бусадын хуурамч ятгалгад автдаггүй, хүмүүнийг хэл яриа, үйлдлээс нь хараад ямар хүн болохыг төвөггүй мэддэг бат суурь, зарчим тулгууртай хүн байдаг байна.

Тэгвэл яаж хүн өөрийн бодол санааг дотогш чиглэсэн урсгалтай болгож дотоод сэтгэлээ танин мэдэж, амар амирлангуйг олох вэ? Ганц арга нь бясалгал, бясалгахуй болно.

Бясалгал
So-Hm зарчмаар хүн өөрөө боловсорч, гэгээрэх ёстой гэж дээр өгүүлсэн. Гэгээрэлд хүрэх арга нь баясалгал хийн дотоод бодол, санаа оюун ухаанаа цэгцлэж, хүчтэй төвлөрүүлэн хүн бодол санаагаа удирдан жолоодож, бүүр цаашлаад өөрийн бүх биеийн эд эс бүрт хүрэх боломжтой гэдэг. Иймээс бясалгалаар хичээллэсэн хүний биеийн хий урсгал эерэг чигт урсаж, бодол санаа төвлөрөн батжиж, эд эс ч нөхөн төлжиж улмаар бие машид эрүүлждэг байна.
Наад захын л жишээ авахад та бид сэтгэл санаа хямарч, байнгын сэтгэлийн зовиуртай байдал нь ходоодыг, уур бухимдал сэтгэлийн хэт их хөдлөл догдлол нь зүрхний ажиллагааг хямруулдагыг мэднэ шүү дээ.
Ерөөс өнөөгийн бид өдөр тутмын аар саар ажилдаа сатаарч, үл дуусах энэ их завгүй амьдрал дундаа байнга л яарч санаа зовж, сэтгэл санаа хямарч, эсхүүл түр зуурын зугаа цэнгэл, таашаал буюу кино ший, баар ресторан зэрэгт хууртан өөрийн дотоод хүнтэйгээ ярилцахыг умартсан байдаг, зарим нь ч бүүр үүнийг мэддэг ч үгүй байх.
Тэгвэл хамгийн энгийн бясалгах арга болох оройн намуун үед чимээгүй тайван, бүүдгэр гэрэлтэй орчинд сууж өөрийн бодол санаагаа цэгцлэн, өөртэйгээ ярьж, шүүн тунгааж, хэрэгтэй бодол санааг үлдээн, хэрэггүйг устгах өөрт хэрэгтэй 25 минут ч гэсэн гаргаж байх хэрэгтэй гэж хувийн зүгээс зөвлөх байна. Их гэгээрэлийг олохгүй юмаа гэхэд ядаж та тайвширан өөрийнхөө байр байдлыг нэг ч гэсэн удаа тунгаачихна байх. ;)

За ингээд Эрнст эрдэмтний хүрсэн зарим зүйлсийн талаар ярилцая. Өмнөх бичлэгт галав юүлэх буюу дэлхий ертөнц дээрхи өмнөх соёл иргэншил устахад хүмүүс аюул зэтгэрээс нуугдаж байсан самди гэж арга, цаашид тохиолдож болзошгүй аюулаас ч гэсэн хамгаалж байх хүн төрөлхтөний генийн сан гэж юу болох талаар өгүүлье:

Самди ба усны 4 дэхь төлөв байдал
Тэгэхээр энэ самди гэдэг нь бясалгалын хүрч болох дээд түвшин, үе шат бөгөөд хүмүүн нь амьтнаас ялгарах сэтгэл оюунтай гэдгийн нэгэн томоохон баталгаа ч гэж хэлж болох байхнэ. Сэтгэл оюуны мөн чанарыг ухаарч гэгээрсэн хүмүүн нь бясалгалын аргаар самдид орж болдог гэж байгаа. Хүн самди төлөвт ороход хүний бие яг л чулуу мэт хөшиж, хатуужиж хөрөх бөгөөд зүрх, судас, тархи зэрэг огт ажиллахаа больж клиник үхэл адил болдог гэнэ. Орчин үеийн анагаах ухааны аль ч багаж хэрэгслээр самдид буй хүнийг үзээд үхсэн гэж оношлоно. Гэвч үхлээс ялгаатай нь хүн самдигаас буцаад хэвийн "амьд" байдалд орж чаддаг бөгөөд гагцхүү энэ самдид байх хугацаа нь уг хүний оюун сэтгэлийн хүч буюу эерэг энергийн урсгалын хүчээс шалтгаалдаг байна. Бас самдид зөвхөн машид их гэгээрсэн буюу хорвоо ертөнцийг маш их нигүүлсэж чаддаг сайн сэтгэлтэн хүн л орох боломжтой гэдэг байна. Самди нь хүн яаж ордог болохыг физик талаас нь тайлбарлавал хүний биеийн ихэнхи хэсэг нь уснаас тогтдог бөгөөд хүн сэтгэл, оюуны хүчээр өөрийн биеийн амин оронд үйлчилснээр биеийн усыг одоогийн шинжлэх ухаанд нээгдээгүй 4 дэхь төлөв байдалд шилжүүлснээр хүний бие хатуужиж, хөшөө мэт болдог гэж Эрнст эрдэмтэн таамагласан байна.
Самдид орсон хүн үхээгүй амьд бөгөөд энэ хугацаанд өөрийн биеэс нисэн гарч гаднаас өөр хүн мэт харах бөгөөд нөгөө ертөнц буюу өөр хэмжээст огторгуйд нэвтрэн ордог байна. Энэ хугацаанд самдид буй хүний сүнс буюу оюун санаа нь биетэйгээ мөнгөн утас буюу амиар холбогдон оршиж тойрон эргэлдэн байдаг байна.
Сонирхуулахад нэгэн лам самдид орж байснаа дүрслэн бичихдээ: Тэр будда суудлаар суун олон жил хичээллэсэн бясалгалын аргаар амьсгалын дасгал хийн өөрийн хийн судлаа гүйлгэж эхлэсэн байна. Хэсэг хугацаанд ийн үйл хийтэл пас няс хийх чимээ гаран бие нь нилээд өвдөж буйг мэдэрсэн байна. Гэнэт тэр өөрийгөө үүлэн дунд хөвөн буй мэтээр мэдэрч доош харвал тэр өөрийн суугаа биеийг болон түүний хажууд буй лам нарын харсан байна. Аажмаар дээш хөөрөн дээш гараад харвал эртний хүмүүний адил маш өндөр өндөр том том хүмүүсийн дүр харагдаж эхлэх нь тэр.. Тэдгээр хүмүүсийн дүр ойртон ойртон харагдснаа аажмаар холдон бүдгэрсээр алга болоод доош унаж буй мэт мэдрэмж төрж эхлэжээ. Тэгээд унтаад сэрсэн мэт өөрийн биеийг мэдэрч, хүйтэн чулуу доороос хайрч, бие нь машид их хөшиж, хөл гараа хөдөлгөхөд ихэд хэцүү байсан байна. Тэр самдид ороод 3 хоног болсон боловч өөрт нь 15 минут л болсон адил өнгөрсөн гэжээ.

Хүн төрөлхтөний гений сан
Өмнөх соёл иргэншлүүд хөгжлийн дээд шатандаа хүрээд мөхөн устаж байсан гэж өмнө бичсэн. Өмнөх хүмүүс нь сүнслэг биетэнүүд, лемурчууд, лемуро-атлантчууд, атлантчууд гээд одоогийн биднийг аричууд гэдэг байна. Өмнөх иргэншлүүдэд хүмүүсийн сэтгэлийн дотогш чиглэсэн урсгалуудаас илүү гадагш чиглэсэн урсгал ихэссээр энэ цаашид дайн байлдаан, байгалын сөрөг үзэгдэл зэрэгт хүргэн өмнөх иргэншлүүдийг устгаж байсан гэж зөн совинт Нострадамус, Балаватская нар бичсэн гэдэг байна.
Гэвч хүн төрөлхтөний дараагийн үеийг гарган ирж дахин үүсгэн хөгжүүлэх, мөн тэднийг гэгээрүүлэх зорилготой хүн төрөлхтөний генийн сан гэдэг нь нууцлан агуй, пирамид гэх мэтэд байдаг самдид буй хүмүүсийг хэлдэг. Энэ санд өмнөх үеийн лемурчууд, атлантчууд ихэнхи нь байдаг ба мөн маш бага аричууд байдаг гэж таамаглаж. Учир нь өнөөгийн хүмүүн нь илүү их биет шинж чанартай ба сэтгэл оюуны хүчин чадал нь өмнөх үеийнхнийг бодвол тун өчүүхэн юм. Өмнө ярьсан So-Hm сүүлчийн илгээлтийг санаж буй бизээ.
Ийм самдид буй хүнтэй агуйнууд Төвдийн Гималайн нуруунд маш их байдаг тухай мэдээ баримт их олддог байна. Хятадын соёлын довтолгооны үед хятад цэргүүд Төвдийн шашины зүтгэлтнүүд, лам нарын ихээр хавчин мөрдөш мөшгөдөг байсан ба самдид орж нуугдсан нэгэн төвд ламын биеийг өргөж аваачаад шоронд хийж орхисон нь хэдэн хоногийн дараа амилан нилээд хэдэн жил шоронд суусан тухай мэдээ ч байна.
Энэ нь аричууд самдид байхдаа өөрийн биеийг хамгаалах сэтгэл оюуны хүчин чадал маш сул бөгөөд хамгаалж чаддаггүй байна. Харин өмнөх иргэншлийн хүмүүсийн самди бүхий агуйнууд ихэд өндөр хамгаалалттай бөгөөд тийш орсон хүн шууд үхэлд хүрдэг байна. Төвдийн ийм агуйд ороод даяараа хяаран үхэцгээсэн хятадын салаа цэрэг ч байсан байна.
Агуйд ороод явахад эхлээд тухайн хүний сэтгэлд айдас, түгшүүр төрж эхлэх бөгөөд буцмаар санагдана, цаашлах тусам энэ мэдрэмж бүүр ихсэх бөгөөд толгой асар хүчтэй өвдөж эхлэнэ, энэ бүгдийг эс тоон хүчлэн цаашлавал шууд үхэлд хүрнэ.
Өөрөөр хэлбэл самди буй агуй буюу хүн төрөлхтөний генийн сан руу зөвхөн их гэгээрсэн, эерэг сайн сэтгэлтэй хүн л нэвтрэх эрхтэй байна.

Хүн төрөлхтөнд тулгарсан зайлшгүй шаардлагатай үед л гэгээнтнүүд самдигаас гарч ирж хүмүүст гэгээрэлд хүрэх замыг заан сургадаг байна.
Буддийн шашнийг үндэслэгч Будда нь эгэл хүнээс ялгарах 32 шинжтэй байсан гэдэг ба үүнийг нь нягтлан үзвэл атлант хүн байсан гэдэг. Тиймээс ч Төвдийн сүм дээрх Буддагийн нүдийг Эрнстийн багийнхан офтальмогеометрийн аргаар шинжлээд атлант хүний дүр төрхийг гаргаж ирсэн гэсэн санаа л даа.

Буддизм гэдэг бол ...
Буддизм бусад шашиныг бодвол илүү их нигүүлсэнгүй, илүү их гүн ухаанлаг, гүн утга учиртайгаараа хамгийн анх үүсээд хамгийн олон хүнийг хамарсан биз гэж бодно. Гэхдээ манай өвөг, дээс болоод өнөөгийн бид буддизмийг тэгвэл яг ойлгож мэддэг билүү. Ан гөрөө хийх нь нүгэл, авгай хүүхэд ч нүгэл хилэнц, архи уух тамхи татах ч нүгэл... гэх мэт хоосон сүсэг бишрэл л санаанд ороод байдаг.

"Чамайг хазаж, чиний цусыг сорсон шумуулыг чи юунд алав, тэр чинь чам лугаа адил амьдрахын төлөө яваа амьтан, чи амьдрахын тулд хоныг иддэг шиг тэр ч мөн чиний цусыг өчүүхэн сорог л дээ, тэр жоохон цусыг өглөө гээд чи хохирохгүй" гэж буддизмийн нигүүлсэл, орчлон хорвоо, хүн амьтаныг хайрлан энэрэх сургаалыг сонсож байсан шиг бид буддизмийн цаад яг жинхэнэ утга санааг ойлгоддоггүй шүү дээ. Тийм ч бас энэ буддизм чинь бас хүнд огт хэрэггүй ч эд биш байх нээ.

Угаасаа би гэж хүн коммунизмын үед төрж өссөн болохоор шашингүйн үзэлтэн бөгөөд сүм хийдэд хийморийн сан тавиулах, жилийн засал хийлгэх эдэртээ тун хойрог нэгэн байсан юм. Буддизмын жинхэнэ цаад нарийн үг учирыг одоо л ойлгож ухаарч эхэллээ байна. Тэглээ гээд бас жилийн засал хийлгэх гээд хийд рүү явж, шалгалтынхаа тестийн аль хариуг бөглөх вэ гээд мэргэч, домч дээр очихгүй л дээ. Харин үнэхээр тэр жилдээ өнгөтэй явмаар бол өөрийн бодол санааг ариусгаж, цэцлээд, аль нь сайн, аль нь муу болохыг ухаарч, хийхийн өмнө эдгээр бодлоо шүүн тунгааж явбал энэ чинь жилийн засал. Шалгалтад бэлдэхдээ үнэхээр миний дотоод ертөнцөд чухал, түүнд харшлах үгүй шалтгалт бол үнэн сэтгэлээс хичээн бэлдэж, аль ч асуултын цаад учир шалтгааны зөн совин, чин хандлага бүрдэх учраас захын нэг асуултад бүдрэхгүй болохоор би өөрөө мэргэч, төлөгч мөн биз дээ гэж...
Гэхдээ манай өвөг дээдэс тэр чигээрээ буддизмыг сохроор бишрэгчид байсангүй ээ. Тэр үед үнэнхүү гэгээрэлийг олсон хутагт, хувилгаад зөндөө л байсан тухай дуулддаг. Зүгээр хамгийн ойрын бодит жишээ авахад л 100 гаруй жилийн өмнөх үеийн "үхсэн" нэгэн монгол ламын цогцос огт муудаагүй, будда суудлаар суун байж байдаг бөгөөд Эрхүүд одоо түүнийг нь ховор үзмэр болгоод ваакуум хоргонд хийгээд хадгалж байдаг, манай томчууд, жуулчид очиж мөргөн, сүсэглэдэг тухай, Oriflame-ын босс Оюунгэрэл гэж бизнесмен хадагтай очиж уг хүнтэй "бодол санаагаар ярилцсан" гэсэн. Миний бодлоор уг хүн самдид буй хүн байх л даа. Бас уг Оюунгэрэл хадагтай одоо Oriflame сүлжээнд орж буй охид, бүсгүйчүүлд бас дээрх бичсэний адил гэгээрлийн тухай лекцийг бүтэн 2 өдрийн турш өглөө 10-аас орой 8 хүртэл заадаг гээд тоочоод байвал байна аа..

Түр зуурын төгсгөл
За тэгээд хүн мичнээс үүсээгүй, харин хүн бол оюун санаа буюу бурхнаас үүссэн гэсэн нэг сэдэвийг ингээд түр өндөрлөе. Энэ сэдвийг эхлүүлсэн гол шалтгаан нь буддизм болон шашин гэдэг чинь бидний ойлгож байгаагаас тэс ондоо зүйл болох, шинжлэх ухаанч талаас нь харвал илүү гүн утга санаа, агуулгатай философи юм шүү гэж хэлэх гэснээс та заавал шашин шүт, лам бол гэсэн санаа биш юм. Мөн хүний үүсэл гарлын талаар сонирхуулштай таамаг бас байна, Эрнст Мулдашев гээд хүн үүнийг сөхөж хөндсөн байна, бас үүнийг сонирхоод судлаж яагаад болохгүй гэж, хүний мөн чанар, амьдралын утга учир, аз жаргал гэж яг юу вэ гээд олон олон асуултад хариулт олох гэж эрэл хайгуул хийж байна уу, та энэ талаар юу гэж боддог вэ, бусад орны бусад соёл иргэншилтэй хүмүүст энэ нь юу байдаг вэ? гээд та бүхний санаа бодлыг сонсох гэж үүнийг бичсэн юм.

Тэгтэл уншигч та бээр энэ талаар бага ч гэсэн эргэцүүлж бодож, сонирхож, ухаарсан эсвэл үгүйсгэсэн бодол төрсөн бол миний зорилго биелэх нь тэр ...

Ерөөс хүний ажил, амьдрал, амжилт ололт, гуниг зовлон зэрэг нь бусад хэнээс ч бус гагцхүү таниас өөрөөс чинь л хамаардаг, тиймээс өөрөө өөрийнхөө эзэн байж өөрийгөө өөр өнцгөөс харж, өөрийн бодол санаагаа нягтлаж, хийхээс өмнө бодож, хэлэхээс өмнө нягтлаж байх нь хүмүүнийг амьтнаас ялгадаг гол шинж чанар юм гэдэг өөрийн бодолоо таньд "тулгах" гээд байгаа юм.

Цаашид харин энэ талаар мэдээж бичиж таараа. Харин та ч гэсэн энэ талаар бодоод, бодол санаагаа хуваалцаарай гэж хүсээд энэхүү урт бичлэгүүдийг түр өндөрлөе!

Сэтгэлийн үзүүр бүрт сайн санаа бодол учиглах болтугай!

Ашигласан ном:
Эрнст Мулдашев: Хүн мичнээс үүсээгүй - Гималайд хийсэн судалгааны гайхам үр дүн

3 Comments:

Chariote said...

Сайн уу. Миний өөрийн ойлголтоор Буддын шашин Христийн шашны хоорондын ялгааг харьцуулан бодож байсан удаа бий. Бид хэдийгээр буддын шашинтан улс мөн хэдий ч буддын шашны мөн чанарыг бүрэн ойлгоогүйгээс шашны тухай ойлголт бүрхэг байдаг байх. Бурхны шашны ном судар монгол хэл дээр цөөхөн байдаг нь ойлгохгүй байх шалтгааны нэг гэж боддог. Хамгийн наад захын жишээ хэлэхэд манай эмээ намайг жаахан байхад миний хүү унтахдаа айгаад байвал энийг уншаад цээж рүүгээ үлээчихэж бай гээд дөрвөн итгэлт гэдэг ном зааж өгсөн. Одоо ч эвгүй санагдсан үед уншдаг. Минийхээр бол миний шашны мэдлэг үүгээр хязгаарлагдана. Харин Христийн шашинтнуудын тухайд тэд баярлаж гомдсон аль ч үедээ бурхантай хуваалцдаг юм билээ. энгийн жишээ гэхэд л хоол идэхийн өмнө хойно талархлын ном уншина. Тэгээд найз нөхдөдөө муу зүйл тохиолдлоо гэхэд нийлээд залбирна. Хамгийн их таалагдсан зүйл нь гэвэл баярласнаа бурхантай хуваалцдаг чадвар нь юм. Миний хувьд би учиргүй их баярласан үедээ бурханд баярлалаа гэж хэлж байгаагүй. Харин ч эсрэгээр нь зовлон тохиолдсон үед л бурхан хэрэг болдог юм шиг ном уншуулхаар гандан явдаг.өөрөө ч надад хэцүү байна туслаач гээд дотроо шивнэчхэж чадахгүй. Нэг ламаар орчуулуулчих санаатай очно. Бас бидэнд диваажин, тамын тухай ойлголт байдаг. Бид диваажинд хэн гэдэн бурхан биднийг шүүхээр хүлээж байдгийг мэдэдгүй мөртлөө тамд эрлэг номун хаан байгаа гэдгийг мэдэж байдаг. Тэгээд бас бидэнд тамын тогооны үлгэр гээд хэлц байдаг. Одоогоор миний мэдэж байгаагаар Христийн шашинтнуудын дунд байгаа яриагаар тамд тэднийг чөтгөр хүлээж байдаг. Харин диваажинд Гэгээн Петер хүлээж байдаг гэнэ лээ. Үүгээр юу хэлэх гээд байна уу гэвэл бид хэтэрхий сөрөг тагнуулын газар ажиллаад байдаг юм болов уу гэж бодогдсон.
Миний блогт үлдээсэн комэнтэд намайг буруу боддог шиг санагдлаа гэжээ. "Хүн хэлэхээс нааш..." гэдэг дуу караокэд бас байгаа учир саналаа хэлэх боловуу гэж найджиинаа. за за бараг бичлэгээс чинь урт комэнт үлдээлээ. Хэ хэ.

mind said...

Ter oldson Buriad lam iin tuhai barag 4,5 jiliin umnu New York Times deer garsan baisniig ni tanidag hun maani email eer attach hiij yavuulj bilee. Daraa ni ene tuhai barimtat kino hiij buriuadiin hiiduud, ter lamiin shaviin shavi zaluu gelen daguulan yavj gardag. Ene barimtat kinog Germand l lav 2 jild 2 udaa gargasan, TV suvgaar ni.
Minii huvid bol Delhiin ihenh huviig ezelsen kristuudiig shashintai ni hundetgeh ni zuv gesen sanaag uuruu uurtuu olson yum. Bi ch bagaasaa uls oron uzej yavah ih durtai baisan bolohoor hristuudiig oilgoh tedentei harizahiin tuld tednii shashniig ch bas sudlah heregtei gej boddog bailaa. Gehdee yu ch gesen uvug deedes maani teneg ulsuud baigaagui uchir yagaad Buddhiin shashniig songoson yum bol gedeg uudnees Buddhismiig ehleed sudlaya gej bodloo er ni gadaad dotoodod olon ch nomomd suulaa, olon ch nom unshlaa. Uneheer bi haij yavsan amidraliin utga uchriig oljee gej bi mash bayartai baigaa. Tegeed ch olon hrist naizuudtaigaa urgelj tednii shashnii talaar asuuj harizuulan yarilzdag bailaa. Yalt ch ugui Buddha gedeg tugs tuguldur Hun uneniig heleed tavichihaj. Tegeed ta uuruu uuriinhuu saruul uhaanaar dugnej zegneed minii ene sanal bolgood baigaa jargald hurch tuuniigee eej aav ahan duus hamag amitand tugeen delgeruuleh ni zubhin tanii l shiidverees hamaarna gejee. Buddha ogt huch hereglesengui, tulgasangui, harin ch bur minii helsniig tungaan bodolguigeer dagaj hereggui shuu gejee. Bas Minii Surgaali doroitvol dotroosoo doroitni gejee ter ni tuuniig surgaaniig bid nar shig ter olon gaihaltai nom sudruudiig unshaad byasalgaad baih zag zavgui hemuust damjuulagch huvrag humuusiig heljee. Za ene talaar bicheed baival duusahgui.
Shashin bol eruul uhaantai henii ch setgel orj irdeg zuil. Bugd l doro doroo ene tuhai bodozgoodog. SHagas sozialismiin humuujiltei bidend ch Shashin gedeg ug hurtel onzgui sanagddag. Gevch bugd l ene tuhai bodozgoodog.

Unknown said...

Би танай сайтад нэгдэж, 3 хоногийн дотор одоо миний түншээс ирсэн захиас ирсэн. 2 сарын мессеж, утасны дуудлагаас хойш бидэнтэй уулзаж, түүнийг харсан тэр мөчийг би мэдэрсэн. Тэр бол тэр байсан. Мөн тэр хэвээрээ байна. Via touch templeofanswer@hotmail.co.uk, дуудлага / Whatsapp +234 (815) 542-5481