Өчигдөр ДОХА 2006 Азийн 15 дахь тоглолтын бөөн гараатай дугуйн уралдааныг ТВ5 телевизээр үзэв. Хичээлээ хийх зуураа хааяа нэг өндийж харчихаад суутал дугуйн уралдааныг үнэхээр үзэхгүй байж тэссэнгүй.
Учир нь манай Монголын Гавъяат тамирчин Ж.Өлзий-Орших маань уг бөөн гарааны уралдааны лидерүүдэд буюу нийт 40 гаруй дугуйчдаас магнайлан гарсан эхний 10 дотор явж байлаа. Магнайд яваа лидерүүд дараачийн бүлэгээс 2 минут гараны зайд тасараад, үлдсэн хэсэг нь бүүр бараа алга.
Нийт 150км орчим зайнд уралдаж байсан бөгөөд уралдааны зам эгц тал газарт, тууш газар байлаа. Тайлбарлагчын ярьж буйгаар хэрвээ бартаа ихтэй, өгсүүр газарт тохиосон бол манай тамирчинд давуу талыг ихээр бий болгох бөгөөд иймэрхүү газарт үнэхээр их хатуужил, тэсвэр, чадал шаардах тул ихэнхи тамирчид гээгдэж хоцрох магадлалтай байдаг гэж байгаа.
Хурдан морьний уралдаан үзэж сэтгэл хөдөлдөг монголчууд маань энэ орой гадны "морьдтой" уралдаж буй өөрсдийн 2 "хүлэгээ" түрүүлээсэй, ядаж байранд ороосой хэмээн догдлон суусан нь дамжиггүй. Бага байхдаа дугуй унаж үзээгүй, ядаж дугуйтай болох юмсан гэж бодоогүй хөвгүүд ховор байх, би хүртэл дугуй авч өгөөч гэж зөндөө гуйгаад, хэдэн ч улирал дараалж онц гарахад аав ээж маань "осолтой, машин доогуур орох гээ юу" гээд шалтаглаад л авч өгөөгүй юм даг. Тийм ч болохоор эдгээр дугуйчид маань бидний гүйцээгээгүй мөрөөдлийг маань гүйцээж олимп, тив дэлхийн уралдаанд ийнхүү өндөр амжилт үзүүлж, хэдий ядуу буурай орных ч гэсэн "бор зүрхээрээ" явж мэргэжлийн тамирчид болж дугуйн спортын ертөнцөд өөрсдийн гэсэн байр суурийг олж, өөрсдийн түүхийг бичсэнд нь дотроо баярлаж, бахархах сэтгэл төрж суулаа шүү.
Өлзий-Орших гуай маань мэргэжлийн клуб болох "Марко Поло" -д харъяалагдаж томоохон уралдаануудад оролцдог, Монголын залуу дугуйчдын халааг дасгалжуулж дагуулдаг, Дэлхийд томоохондоо ордог дугуйч юм. Сүүлд гарч ирж биднийгээ баярлуулах найдвар төрүүлж буй Болдбаатар, Тэмүүлэн гээд олон залуу үеийнхэн бас олон улсын тавцанд гараад байна.
За тэгээд өчигдөрийн тэмцээнд юу болсон талаар ярья.
Лидерүүдийн хэсэгт Ираны 2, Японы 2, Казакстаны 2 дугуйч явсан ба энэ нь аль нэг нь тасран зугтаж барианд орох, хэрвээ уг тамирчин ядарлаа гэхэд нөгөөх нь мөн тасрах тактик хэрэглэдэг учраас дан дангаар яваа улсын тамирчдаас илүү давуу талтай байлаа.
Ингээд бариа хүртэл 50 орчим км дутуу байхад Японы тамирчин Ичима огцом хурлан тасран зугтаад нилээд яваад баригдав. Хашир туршлагатай тамирчид маань уг тактикийг гадарлаж байгаа тул төдий л сандралгүй жигд хурдаар нэхсээр гүйцэв. Уг нь сайхь дугуйч барианы наана бусад дугуйчдыг хооронд нь үзэлцүүлж, хүчийг наана баруулаад нөгөө Япон дугуйчын хүчийг барианы өмнө гаргах зорилготой байсан нь бүтсэнгүй. Ингээд барианы өмнө салхиа ээлжилж авцгаан эвтэй найртай явж байсан дугуйчид маань барианаас 10 орчим км зайд ээлжлэн тасрах оролдлого хийн урагш дайрцгаасан ба тухай бүрд бусад дугуйчид нэхэн барьж байлаа. Манай дугуйч маань цээж хавьд байрлан байдлыг ажиглан хүчээ гамнан явж байлаа. Энэ нь ч ганцаар явж буй хүнд зөв тактик юм.
Дугуйчдад "салхи авна" гэсэн ойлголт байдаг ба энэ нь шувуун цувааны түүчээ адил цувааны өмнө гарч салхи зүсч явахыг хэлдэг бөгөөд удаан ингэж явах нь ачаалалыг өөртөө хүлээж, цуцалтыг хурдан авдаг тул хол зайд уралдаж буй тамирчид аль болох "салхи авахаас" татгалздаг. Иймээс ч ганцаар тасрах нь барианы наана хүчээ самарч болох аюултай бөгөөд барианы өмнө хүч суларахад түүний ард "салхинд нь суун" явж буй тамирчин нөөсөн хүчээ гаргаж урдуур нь орох ч тохиолдол бий.
Ингээд хэсэг зуур байдал тайван болсон үед Хонгконгын дугуйч гэнэт хурд аван тасарсан бөгөөд түүний араас Казакстан, Ираны дугуйчид нэхэн орж бусдаас 15-20 секундын зайд тасрав. /Яг энэ үед л уул нь миний бодлоор манай дугуйч тэдний бүлэгт орох байсан бол ашигтай байсан шиг санагдаад байгаа юм/.
Ингээд тасарсан 3 маань зугтан хурдалж, ээлжлэн салхиа аван явцгаав. Учир нь арын хэдэд гүйцэгдэхгүй бол тэд бариа хүртэл найзууд бөгөөд яг барианы өмнө чухам нь хэн нь түрүүлэх вэ гэдгээ шийдэх тул ээлжлэн салхиа авцгаах нь ойлгомжтой байв.
Ийнхүү бариа улам бүр ойртсоор байлаа. Арын хэд аажмаар хурдаа авцгаасан ч өмнөх 3 бас л хурдаа нэмнэ. Бариа яг 500м-с 1км орчим байхад арын хэд нөөц хүчээ гарган араас дайрцгаасан ба гэхдээ тэдний тооцоолж байснаар өмнөх 3 хүчээ бас ч бараагүй байсан бололтой барианд 3уулаа орох нь тэр. Өлзий-Орших маань тэднээс мааш жоохон дутаж орсон бөгөөд бараг л гүйцэх байсан даа. /Миний бодлоор арай л хожимдож араас дайрсан байх/ Ингээд Хонгконг, Иран, Казакстан, Монгол гэсэн дараалалаар байранд оров.
Гэхдээ 47 тамирчдаас 4-р байр гэдэг чамлалтгүй амжилт. Жишээ нь л гэхэд Хятадын одоо бөөн "халамж" тавьж, 2008 оны найдвар гээд буй Фүжи нь хүртэл эхний 10 хавьцаа л байна уу.
За тэгэхдээ манай дугуйчдын найдвар тасраагүй, үүний ард 2 ч гараа/уралдаан байна. Цуваа гараа буюу цагаар уралдах дээр бас ихээхэн найдвар тавин Монголчууд маань дугуйчидаа харж сууна.
ДОХА-гийн тэнгэр дугуйчдыг маань ивээх болтугай!
Математикийн гоо сайхан: Фрактал ертөнц
7 years ago
2 Comments:
Би бас дугуйнд дуртай, багадаа их унадаг байсан. Анх 190-ийн дугуй авахуулаад л. Сүүлд арван жилд найзтайгаа Их тэнгэр ордог замаар зунжингаа явдаг байж билээ.
Мэдээлэл хүргэсэнд баярлалаа.
ulzii-orshih neeree sain yum shig baigaa yum. bi ch endees chih taviad l baigaa uhaantai. heregtei yum bichjee. bayarlalaa
Post a Comment