Ийм гарчиг өгөх болсон нь ийм учиртай юм. Нилээд холоос тайлбарлая:
Гол шалтгаан:
-Монголын залгамж үе болон залуу үе дийлэнхи олонхи нь шудрага, хүмүүнлэг, хөдөлмөрч, оюунлаг ёс суртахуунгүй болж буй
-Амьдралын утга, зорилго тэмүүлэлгүй, тэр бүү хэл амьдралын утга учир гэдгийг мэдэхгүй
-Ядуу. ядуудаа бүүр оюун ухааны ядуурал, залхуурал
Тэгвэл бид:
-Бидний хүүхэд ахуйд арай ч одоогийнхоос ондоо боловч, гол авууштай нь тодорхой хэмжээнд шудрага, хүнлэг, оюунлаг, хөдөлмөрч чанарыг дээдлэж, түүгээр хүмүүжүүлдэг байж. Тэр нь пионер юм.
-Бидний үе болох өдгөөгийн 20иод насны залуус тухайн социалист нийгмийн хүүхдүүдийг төлөвшүүлэх арга болох пионер хэмээх бүлгийн хамгийн сүүлчийнх байлаа.
Хөдөлмөрч Пионер:
-Тухайн үед одоогийнх шиг хүний хөдөлмөрийг хөнгөвчилсөн техник, технологи хомс тул бүхнийг гараар, хамтаар хийж сургана:
-Гэрийн ажилд туслахыг өөрийн үүргээ гэж үзэх бөгөөд харин ч хэн сайн хийх вэ хэмээн уралдаан өрнүүлнэ.
-Амралтын өдөр бүр улаан бүчтэнүүдийг бултаар цуглуулж "сайн үйлсийн аян" өрнүүлнэ. Хүн бүл цөөтэй айлуудад очиж модыг хөрөөдөж, хаглаж өгөөд, усыг нь дүүртэл авч өгнө.
-Өөрийн анги танхмийг ангийн бүлэг бүрээр ээлжээр хуваан авч орой бүр цэвэрлэнэ.
-Анги бүр ээлжээр жижүүрт гарч, сургууль доторхи ёс журмыг сахиулна. Үүний тулд өөрсдөө ёс журмыг дээд зэргээр сахиж, бусдад үлгэрлэнэ.
-Хичээлдээ тааруу нэгэнийг сурлагаар тэргүүлэгчид хуваан авч хариуцаад туслана гээд зөндөө.
Оюунлаг Пионер:
-Хичээл сурлагад онц анхаарах бөгөөд сайнаас дээш сурахыг сурагч, пионер бүрийн үүрэг хэмээн үзнэ.
-Номын сангууд ч боломжийн хүртээмжтэй бөгөөд чөлөөт цагийн ихэнхийг энд өнгөрүүлж номыг амтархан уншиж, шимтэнэ. (сүүлдээ харин хэтэрүүлчих гээд байдаг гэмтэй байсан. Гол хохирогч нь нүдний хараа)
-Гэрийн даалгавараа тогтмол цагт нь хийх бөгөөд ойлгохгүй, мэдэхгүй зэрэгт ах эгч нар гээд дуртайя туслана.
-Хичээлийн бус цагаар сонирхолоороо сонгон секц, дугуйлан, бүлгэмд явах бөгөөд практик талаа түлхүү баримтласан сургалтын арга барилтай. Эдгээр нь уран зураг, дуу бүжиг, дизайн болон инженер, зохион бүтээх гэх мэт...
Пионерийн Хүмүүжил, ёс суртахуун:
-Пионер болон сурагчид нь шудрага, хүнлэг хүмүүжлийг дээдлэдэг тул чадал мөхөс нэгнийг дээрэлхэх зэргийг тэвчихгүй бөгөөд харинч өмгөөлөн хамгаалдаг рыцарь маягийн хүмүүжилтэй. (Төмөр ба түүний комманд гэх мэт)
-Худал хэлэх, хууран мэхлэх зэрэг явдлыг тэвчдэггүй бөгөөд тийм зүйлсийг нийтээр жигшин гадуурхана.
-Сурагчын форм зэрэг хувцасаа цэвэрхэн, гамтай өмсөж хэрэглэх бөгөөд гадуур тоглох, гэр орны ажилдаа өөр хувцас өмсдөг байв.
-Аливаад ахмадын хүндэтгэн үзэж сургааль үгийг сонсдог ба хэн нэгэн ахмадад тусласан бол бараг баатар хэмээх өөрийгөө бодох нь энүүхэнд.
-Хүүхдүүд л болсон хойно ямар нэг зүйлсээс болж маргалдах, зодолдох нь байсан ба гэвч ихэнхи нь нэр төрөө хамгаалах зорилготой ба бас зодолдох нь тоотой цөөхөн. Гэхдээ унасан хойно өшиглөх, мод чулуу хэрэглэх зэргийг хулчгар дорой хүний зан гэж үзэх ба бусдын дунд ийн хулчгар нэртэй болсноос ялагдсан ч шудрагаар ялагдахыг илүүд үзнэ.
Эцэст нь:
Ийнхүү бид хамгийн сүүлчийн Пионер байж түүний нэр төрийг сэвтүүлээгүй хүүхдүүд байсан ба гэхдээ энд тэр үеийн Пионерийг илт магтан дуулах гэсэнгүй. Мөн Пионер байсан гэдгээс ичээгүй ба тухайн үеийн социалист нийгэмд сайн ба саар зүйлс олон байсан ч
хамгийн гол нь аль ч шудрага, ардчилсан нийгэмд зайлшгүй байх зөв, тэгш хүмүүжил, ёс суртахууныг амсаж, амьсгалж өссөнд л байгаа юм. Түүнийг л хэлэх гэсэн зорилготой.
Одоогийн ихэнхи залууст энэ нь "бүч зүүж хөөрсөн шал мэдрэл, хэнхэг", "номноос өөр үзэж харах зүйлгүй", "ахмадад суудал тавьж өгөх илүүдээ гарсан зан", "мөнгө авахгүй байж хүнд дэмий зарагдаж" байсан тэнэг мэт хэрэг боловч ингэлээ гээд бидний үеийнхэнд алдсан зүйл огт байхгүй ба харин ч зах зээлийн энэхүү ширүүн өрсөлдөөн дунд "амьдрах чадалтай" болж одоогийнхоны мөрөөддөг капиталист бүтээгч болоход энэхүү бидэнийг багад хүмүүжүүлсэн хүмүүжил, төлөвшил зүй ёсоор нөлөөлдөг бөгөөд "амьдралын чадвартай" болгодог зэргийг нэн хөгжингүй гүрнүүд болох Япон, Америк, Хятад зэрэг орны амжилт бүтээлийн өндөр оргилд хүрсэн алдартнууд янз бүрийн ном, хэвлэлүүддээ өөр өөрийн өнгө аяс, өгүүлэмжээр бичсэн ч эдгээр нь явж явж эргээд л энэхүү дээрд дурдсан болон дурдагдаагүй хүмүүнийг адгуус амьтнаас ялгагч тэр л уг шинжийн талаар сургасан байх юм.
Уриалга:
Гэхдээ энд нийтлэг өнөөгийн залуус, хүмүүсийн талаар дурдсан бөгөөд үнэнхүү сайн хүмүүжилт хүүхэд, залуус ч мэдээж бий боловч тэдгээрийн тоо өдрөөс өдөрт ховордож өдрийн од адил болж буйг хувийн зүгээс харамсаж байгаа хэлээд хэрвээ уншигч та миний адил бодон явагч нэгэн аваас өөрт хамаарах хүүхэд, багачуудад ийн сайнаар үлгэрлэн, басхүү зааварлаж, алдаж буй нэгнийг сургамжлаж байвал сайн хүмүүжил, сургалт нь бага бага орон зайг хамарсаар цаашид монгол орныг маань бүхнийг бүрхэн гэдэгт гүнээ итгэж байна. Голлон анхаарууштай нь миний бодоход ном уншиж, ертөнцийг танин мэддэггүйгээс тийм зүйлс бий хэмээн ухаардаггүй нас залуу, цус шингэн өнөөгийн багачуулын гол алдаа ба аль болох сайн ном уншихыг зөвлөн, санал болгох нь нэн сайн гэж мөхөс би мунхаглана.
"Насны багад эрдэм сурахад залхуугүй бөгөөс нэн сайн" ба
"Эдээр биеэ чимснээс эрдмээр бие чим".
гэдэг буй заа.
Математикийн гоо сайхан: Фрактал ертөнц
7 years ago
1 Comment:
mash zuv sedeveer bichjee, tiimee bi lav huuhed nasaa pioner baisandaa haramsdaggui. haren ch odoonii huuhduudiig bodvol iluu durem juramtai baij dee...bayarlalaa,saihan sedeveer bichsend. huuhed nasnii min durdatgaluudiig maan heden horomd ch gesen erguulj sanuulsand thx. ushuu olon zuil bicheerei. good lcuk.
Post a Comment