Эдгээр зөвлөгөө үнэхээр үнэн зүйл байсан тул үргэлж санаж явахын тулд өөрийн блог дээр хуулж авав. :-)
1. Хувь заяаныхаа эзэн бай
Амьдралдаа хамгийн чухал өөрчлөлт гаргах шийдвэрүүдийг чи өөрөө гаргадаг уу, эсвэл хэн нэгнээс байнга асуудаг уу? Маш олон хүн чухал шийдвэрүүдээ өөрөөсөө асуулгүйгээр бусдаас лавладаг. Гэвч хожим нэгэн өдөр бусдын заавраар амьдарсандаа харамсдаг. Энэ миний сонголт биш, миний хүссэн амьдрал биш байна шүү дээ. Би яагаад ийм мэргэжил сонгочихсон юм бол? Би яагаад ингэж амьдраад байгаа юм бол оо? гэж эргэлздэг. Амьдралынхаа төгсгөлд харамсаж суухаар эхэнд нь өөрөөсөө асуу!
Өөрийн биш сонголт хийхээр өөрийгөө л тамлачихдаг. Тийм учраас ямар нэг том өөрчлөлтийн өмнө зогсож байхдаа эхлээд өөрөөсөө асуу. Амьдралын туршлагаасаа шалтгаалаад бусдаас зөвлөгөө авах шаардлага хэнд ч гардаг. Тэр бол ердөө л зөвлөгөө шүү. Шийдвэр гэж битгий хар. Ихэнх хүн шийдвэрийг өөрөөсөө зайлуулаад, бусдын яриаг эцсийн үнэн гэж бодоод гүйчихдэг. Энэ том алдаанд хүргэнэ. Эхний алхам - чи хувь заяагаа мэдэх ёстой. Өөрөөсөө асуу, сонголтоо өөрөө хий. Мэдээж сонголтоо хийхэд чинь бусдын дэмжлэг, мэдээлэл, санал бодол, туршлага хэрэгтэй. Тэр бүгдээс хуваалцах хэрэгтэй. Харин сонголтыг өөрөө хий. Сонголтыг чи хийхгүй бол амьдралынхаа туршид хэн нэгний утсан хүүхэлдэй л байна.
2. Мөрөөдлөө ол!
Мөрөөдлөө ол. Мөрөөдөл хүнийг дотроос нь гэрэлтүүлдэг. Амьдралд асар их эрч хүч өгдөг. Мөрөөдлөө олсон хүн ямар ч хэцүүд сөхөрч унадаггүй. Мөрөөдлийг би ингэж зүйрлэх дуртай. “Өөрийн мөрөөдөлгүй, хэн нэгний мөрөөдлийг даган нисч яваа бол дэнгийн эрвээхэй” гэж. Бусдын гэрлийг тойроод нисээд байна, ойртвол түлэгдэж үхнэ, холдохоороо хөлдөж үхнэ. Хувь заяа нь өөрийнх нь гарт байхгүй. Тэр мөрөөдөл, тэр гэрэл гэгээ нөгөө хүнтэйгээ хамт алга болчихвол харанхуйд өөр гэрэл хайгаад гүйнэ. Мөрөөдлөө дагаж яваа хүний гарт гэрэл байнга хамт байна. Зам нь тодорхой байна гэсэн үг.
3. Алсын хараатай бай!
Мөрөөдөл бас аюултай. Хоосон мөрөөдөгч хар тамхинд орсон юм шиг мөрөөдөөд л хэвтээд байдаг. Ийм болохгүйн тулд мөрөөдөл чинь алсын хараатай байх ёстой. Хоосон мөрөөдөгчийн амьдрал утгагүй. Мөрөөдөл жаахан ч гэсэн алсын хараатай байвал алхмуудыг чинь тодорхой болгож өгнө шүү дээ. Ийм хүн болохыг зорьж байгаа юм чинь үүнийг сурчихсан байх ёстой, тийм талбарт очоод ажиллах чадвартай байх ёстой гэхчлэн алхмууд чинь тодорхой харагдаж байх ёстой. Сансрын нисгэгч болно, сансрын нисгэгч болбол гоё гэж бодоод явдаг хэрнээ хэзээ ч тэр чиглэлийн ном уншдаггүй, тэр чиглэлээр өөрийгөө хөгжүүлдэггүй бол энэ мөрөөдөл өөрийг чинь хар тамхи шиг иднэ. Мөрөөдөл алсын хараатай, алхмууд чинь харагдахуйц байх ёстой.
4. Зорилготой бай!
Алсын хараатай мөрөөдөл дотор чинь лугшаад эхэлбэл тэр алсын хараа чамайг зорилготой болгоно. Зорилго яг л зүү шиг. Зүү хаашаа, утас тийшээ хөвөрдөг шиг хүний үйл хэргүүдийг цэгцэлж, нэг зүгт зална. Зорилготой болсон бол нэг зүйлийг ямагт сана. Өөрийгөө зорилготойгоо хамт үлдээгээд, саад болдог бүхнийг хаалганы цаана цоожил. Харамсалтай нь, бид дийлэнхдээ зорилгоо хаалганы цаана цоожлоод, зорилгодоо саад болдог олон зүйлийг өөртэйгээ хамт үлдээдэг. Жишээ нь, мессеж, телевиз, PC, найзуудтайгаа чалчих. Энэ бүхэнд хүн хөгждөг, эсвэл чөлөөт цагаа сэтгэл өөдрөг өнгөрөөхөд хэрэгтэй л дээ. Тиймээс эдгээрт цаг гаргах хэрэгтэй. Гэхдээ цагаа чи өөрөө эмхлэх ёстой. Зорилгодоо жаахан ахиу цаг зарцуул. Найзуудтайгаа уулзах гоё, гэхдээ 30-хан минут л нийлээд чалчъя. Надад цаана нь хийх ажил байгаа учраас тэндээ би цаг гаргая гэж цагтаа харам бай. Тэгж байж зорилго биелнэ. Зорилгодоо садаа болдог зүйлүүдийг зогсоох хэрэгтэй. Орой телевизийн суваг солиод суух биш хөтөлбөр хараад юу үзэхээ сонгочих хэрэгтэй. Зорилгодоо хүрэх, өөрийгөө амраах хоёрт өөрийгөө зориул. Би үүнийг үзнэ, бусад цагт үүнийг хийнэ. Ийм байдлаар төлөвлөөрэй. Тэгэхгүй бол зорилго чинь алсын хараатай ч гэлээ мөрөөдөгч хэвээрээ үлдэнэ шүү.
5. Өөртөө итгэ!
Сонголтоо өөрөө хийж, мөрөөдлөө олж аваад, тэр нь чамд алсын хараатай зорилго бий болгож чадсан бол одоо би чадах болов уу гэж эргэлзэлгүйгээр зүгээр л өөртөө итгэ. Өөртөө итгэхгүй, өөрийгөө үнэлэхгүй бол хэн ч чамд итгэхгүй, чамайг үнэлэхгүй. Зорилго бий болгоод, өөртөө итгэлтэй болгох нэг сургаал үг байдаг юм. Надад их таалагддаг. Нэг тосгоны хойно маш өндөр, хэн ч гарч байгаагүй уул байжээ. Тэндэхийн нэг залуу тэр уулын орой дээр гарна гэж зорьжээ. Тосгоноороо тэр залууг хоосон мөрөөдөгч гэцгээж байв. Залуу тэднийг үгэнд мохсонгүй, зүтгээд үзье гээд авираад эхэлтэл тосгоныхон түүнийг яасан ч бүтэхгүй юм хийгээд солиотой, тэнэг болчихож гэцгээж. Харин уулын орой дээр гарчихсан чинь бүгд ангайтал гайхаад, шагшин бахдацгааж, алга ташсан гэнэ.
Өөртөө итгээд зорилгынхоо төлөө зүтгэнэ гэдэг өөрийгөө өөрчлөхөөс илүүтэйгээр бусад хүний чамд хандах хандлагыг өөрчилж чаддаг зүйл. Тосгоныг бүхэлд нь өөрчилж байгаа биз дээ. Зорилгодоо итгэлтэйгээр тэмүүлэх үед өөрөө мэдээж өөрчлөгдөнө. Гол нь бид нийгэмд амьдардаг учраас нийгмийг өөрчлөх чадвартай болж эхэлдэг. Бас нэг сургаалт үлгэрийг хуваалцах дуртай. Дүлий мэлхий гэж сонсч байсан уу? Хэсэг мэлхий хэрэм дээр гарах уралдаан зарлажээ. Мэлхийнүүд үсэрч байтал бусад амьтад ирээд ярив гэнэ. “Мэлхий яаж энэ хэрэм дээр гарах юм. Ийм туяхан хөлтэй хэрнээ том гэдэстэй, ядахад бас ногоон шүү” гээд л. Ийм яриаг сонссон мэлхийнүүд өөрсдийгөө хараад “Нээрээ тийм байна, яаж гарахав дээ” гээд болиод байж. Бие, хөл, өнгөө харж голоод бүгд сэтгэлээр унажээ. Гэтэл нэгэн мэлхий үсэрсээр байгаад хэрэм дээр гарчихаж. Амьтад гайхаж, ямар гайхамшигтай мэлхий вэ, яагаад гарчихав гэтэл тэр нь дүлий мэлхий байжээ. Бусдын муу хэлэхийг, үгүйсгэхийг, дорд үзэхийг сонсолгүй зөвхөн өөртөө итгэж, “би чадна” гэж бодсон хэрэг.
Залуу хүн алдахыг буруутгах хэрэггүй, харин алдаан дээрээ байнга хөгжиж суралцах хэрэгтэй. Алддаггүй бол хүн биш бурхан болно биз дээ. Залуу хүний сул тал бол эрс, зоримог зан чанар. Болохгүй юм бол өөрчилчихье л гэж боддог. Харин нас ахихаараа хүн өөрчлөлт хийхээсээ илүү дасан зохицохыг эрхэмлэдэг болчихдог. Иймд залуу дээрээ өөртөө итгэлтэй, бардам бай. Яагаад болохгүй гэж.
6. Алхмаа хий!
“Өөртөө итгэлтэй бай” гэсэн зарчмыг ойлгоод авсан бол одоо юу хүлээсэн юм, зүгээр л алхмаа хий. Юуг ч хойш тавих шаардлагагүй. Бид байнга зөрчилдөж, сөргөлдөж өөрийгөө хуурдаг. Монголын маргааш дуусахгүй гэсэн үг байдаг даа. Энэ номыг унших хэрэгтэй, гэхдээ маргааш л уншъя гэх мэтчилэн. Маргааш нь өвлийн амралтаараа уншчихъя гэнэ. Өвлийн амралт болоход за зуны амралтаар болъё... Тэгээд оюутан болоод, нэг мэдэхэд хойд нас байдаг бол хийе гэнэ. Тийм байдалд хүрэхгүйн тулд зүгээр л барьж аваад хий. Өөр юу ч битгий бод. Зүгээр л хий, эхэл. Хойш бүү тавь. Өөрийгөө битгий хуур. Сул байгаагаа хэзээ ч зөвтгөх хэрэггүй. Багш ийм зузаан ном уншуулахдаа яахав дээ гээд ном болон өөрийхөө дунд нэг хана босгочихдог. Яаж дуусгах юм гэсэн дараагийн ханаа босгоно. Ер нь надад дургүйн шинж дээ гэж бас бодно. Ийм маягаар өөрийгөө зөвтгөсөөр өмнөө бөөн хана босгочихдог. Номоо уншихын тулд босгосон ханаа нураах хэрэгтэй болно оо доо. Ингэж дотроо зөрчилдөн, өөртэйгөө тэмцэхэд хамаг хүчээ зарцуулахын оронд юу ч бодохгүйгээр уншъя гээд бариад авчихвал ийм эрч хүч шаардахгүй. Номоо уншихдаа л хүчээ зарцуул. Хиймэл хана өөртөө битгий үүсгэ. Бэрхшээлийг хүнд болгож битгий хар. Зүгээр л алхмаа хий.
Өөрөөр нь өөрийг нь үгүй хийх хамгийн аюултай зан чанар бол залхуурал. Залхуурлаас ангижрах арга зам хүн бүрт янз янз байх. Ичих, айх, нэрэлхэх, өших, залхуурах гэх мэт нь би өөрөө л хүсвэл надаас алга болчихдог чанар шүү дээ. “Чи аймхай” гэж хэн нэгэн хэлсэн ч би айхгүй бол надад айдас төрөхгүй. “Чи залхуу” гэж нийтээрээ дүгнэсэн ч би л залхуурахгүй бол энэ дүгнэлт буруу гэдгийг үзүүлж чадна. Бусдаас биш зөвхөн надаас шалтгаалдаг зүйлс. Хүн болгонд байдаг шинж учраас шийдэх амархан. Харин шийдэхгүй байя гэвэл чи өөрөө өөртөө байнга бууж өгдөг гэсэн үг. Шийдэх хамгийн гол түлхүүр бол сониуч зан. Сурч байгаа мэргэжилдээ, уншиж байгаа номдоо, хичээл зааж байгаа багшийн дотор байгаа гүн мэдлэгийг сонирхох сониуч зан. Сониуч зан төрөхөөр хүн хориглосон ч хорхойсоод хийх гээд байдаг. Тэр сониуч занг хаашаа чиглүүлэхээ чи шийдэх ёстой. Сониуч зан өөрөө төрөхгүй, төрөөгүй бол том профессор чамд хичээл заагаад нэмэргүй. Сониуч зан төрвөл жирийн нэг оюутан дэргэд чинь үг хэлэхэд хүртэл сонирхоно доо. Чи өөрөө сонирхохгүй л бол ямар ч нэр хүндтэй сургуульд их мөнгө төлөөд эрдэмтэн профессороор хичээл заалгаж, ховор ном уншлаа ч чамд юу ч наалдахгүй.
7. Бусадтай ойлголц!
Нийгэм дунд амьдардаг хувь хүний хувьд нэг зарчмыг байнга анхаарч, санаж байх хэрэгтэй. Энэ бол бусадтай ойлголцох. Харилц, бусадтай ойлголц. Амжилтыг чинь бусад хүн бахархан хүлээж авах ёстой. Чи ганцаараа биш, бусадтай хамт түүн рүү зорих чадвартай байх ёстой. Зарим хүн бусдыг золиосолж, бусдад хохирол учруулж амжилтад хүрдэг. Ийм амжилтыг үзэн ядалт дагадаг. Хүмүүс чамайг үл хүндэтгэнэ, үзэн ядна, бас ганцаардал авчирна.
Бусадтай ойлголцон, хамтарч ажиллах маш том чанар. Зорилгынхоо төлөө бусдыг дагуулдаг байх хэрэгтэй. Бусдад хохирол учруулахгүйгээр хүрсэн ололт амжилтаасаа хуваалцах чадвартай бай. Ийм чадваргүй хүн өмнөх алхмаа зөв хийсэн ч амжилтыг салхинд хийсгэж орхино. Нэгэн бяцхан түүхийг энд жишээ болгомоор санагдлаа. Нэгэн залуугийн тухай л даа. Тэр залуу өөрийгөө тун сайн залуу гэж дүгнэдэг. Найзууддаа туслах юмсан, зөв ойлголцох юмсан гэж ямагт боддог. Гэтэл яагаад ч юм найзуудтайгаа уулзахаараа муудалцдаг, эвгүй байдалд ороод салдаг аж. Нэг удаа дөрвөн найзаа хоолонд уриад, найзууддаа туслах гэж л оролддог тухайгаа ярихаар төлөвлөжээ. Гэтэл нэг нь ирсэнгүй, гурав нь хүлээгээд сууж байв. Нэлээн суулаа. Хоолны газрын зөөгч ирээд “Хоолоо захиалах уу?” гээд асуув. Залуу “Түр хүлээгээрэй, ирэх ёстой хүн ирээгүй байна” гэж. Ирсэн гурвын нэг нь “Ирэх ёстой нь ирээгүй байна гэхээр ирэх ёсгүй нь ирчихсэн байж таарах нь” гэж гомдоод гараад явчихжээ. Гарч явахдаа зөөгчтэй таараад “Намайг явчихлаа гэж хэлээрэй” гэжээ. Зөөгч буцаж ирэн “Та хэд хоолоо захиалах уу, түрүүний хүн явчихлаа” гэтэл манай залуу “Явах ёсгүй нь явчихлаа” гээд хэлчихэж. Тэгсэн үлдсэн хоёрын нэг нь “Явах ёсгүй нь явчихлаа гэхээр явах ёстой нь суугаад байна гэсэн үг. Намайг хөөгөөд байгаа юм биш үү” гэж уурлаад мөн л гараад явчихжээ. Залуу “Энэ хоёр юунд уурлав? Би буруу юм юу хэлсэн юм?” гэтэл “Чи өөрөө ирэх ёстой нь ирсэнгүй, явах ёстой нь явсангүй” гэлээ шүү дээ гэхэд “Би тэр хоёрт зориулж хэлээгүй шүү дээ” гэжээ. Үлдсэн нэг нь “Өө, зориулж хэлээд байгаа хүн нь энд суугаад байгаа юм байна” гээд бас явчихжээ. Залуу уг нь сайхан сэтгэлтэй. Гэхдээ харилцааны ур чадваргүйгээсээ үгээ буруу сонгож, өөрийгөө буруу ойлгуулснаас үл ойлголцолд хүрчээ.
Тиймээс амжилтад хүрье гэвэл ойлголцлын цэг дээр зогсох ёстой. Хүмүүстэй зөв харилцах чадвартай байх шаардлагатай. Өөрийгөө зөв илэрхийлэх чадвар чухал. Шүлэглэж уран ярьдаг байхаасаа илүү утга агуулгаараа зөв харагдах чадвартай байх нь чухал. Энэ бол есөн зарчмын хамгийн чухал нь.
8. Үр дүнгээ олж хар!
Өмнөх алхмуудаа зөв хийж чадсан бол үр дүнгээ олж харж сур. Жижигхэн ч гэсэн өөрчлөлтийг мэдэр, хүлээж ав, түүн дээрээ үнэлгээ өгч сур. Зөв болсон уу, буруу болсон уу гэж. Ихэнх хүн үр дүнг анзаардаггүй, бас буруу ойлгодог.
Үр дүнгийн тухай ийм нэг сургамжтай үлгэр байдаг. Нэгэн сэтгэгч өглөө эртлэн босоод далайн эргээр салхилахаар гарав. Тэрээр яавал бусдад зориулан шинийг сэтгэж санаачлах вэ, хэрхэн бусдад ач тус хүргэх вэ гэсэн бодлыг өвөрлөн явдаг нэгэн байв. Гэтэл далайн эргийг даган үй түмэн далайн од шөнийн хүчтэй давалгаанаар эрэг дээр хаягдсан байхыг олж үзээд тэднийг өрөвдөн, сайн үйлс хийх сэтгэл нь оргилж оддыг нэг нэгээр нь далай руу шидэж эхлэв. Төд удалгүй нар мандах болоход эрэгт хаягдсан үй олон оддыг хараад сэтгэгчийн урам нь хугарч тэднийг шидэхээ болиод цаашилж явтал холгүйхэн нэгэн загасчин өвгөн мөнөөх од шидлэх үйлдлийг хийж байгаа нь харагдав. Сэтгэгч түүн дээр очоод "Удахгүй нар мандах нь. Гэтэл та энэ үй түмэн далайн оддыг хар л даа, бүгд л хатаж үхэцгээх болно шүү дээ. Тиймээс ямар ч үр дүн алга" гэвэл өвгөн загасчин "Та буруу бодож байна” гэсэнд сэтгэгч дотроо “Би энэ загасчнаас мунхаг байна гэж үү” хэмээн бодоод тэгж хэлсний учрыг асуувал өвгөн "Үр дүн бидэнд биш бид хоёрыг ярилцаад зогсож байхад аврагдаж байгаа энэ далайн одонд байгаа юм" гээд нэгэн одыг далай руу нь шидэв гэнэ. Яг үүнтэй адил нэг ч гэсэн хүн чамаас шударга ёсыг мэдрээд гарвал энэ бол үр дүн".
Үр дүнг жижигхэн ч гэсэн олж харж сур. Түүнийг үнэл. Үр дүнг үнэлдэг хүн өөрчлөлтийг өөр дээрээ мэдэрдэг, үр дүнг үнэлдэггүй хүн өөрчлөлт мэдэрдэггүй. Үр дүнг үнэлдэг хүн секундын өмнөх өөрчлөлтийг ч хардаг, тусгаж авдаг.
9. Тойрог хий!
Үр дүнгээ харж байгаа бол анхны алхам руугаа шилж. Энэ үр дүн чиний сонголт мөн үү? Энэ үр дүн чиний мөрөөдлийн хэсэг байв уу? Алсын хараатай, зорилготой, өөртөө итгэлтэй чанараар бусадтай зөв ойлголцоод, зоримог алхам хийсний чинь үр дүн мөн үү? Тойрог хийгээд үз. Тойрог хийх тусам тойрог чинь томорно. Чи өснө. Энэ мэтчилэн олон тойрог хийх тусам, олон тойрог хийгдэх тусам амжилтын араас чи биш, амжилт өөрөө чиний араас гүйдэг болно. Амжилт том зорилго биш, хийхийн чинь үр дүн болж хувирна.
http://dhd_1212.blog.gogo.mn/?label=7305 блогоос "туув"
Математикийн гоо сайхан: Фрактал ертөнц
7 years ago
0 Comments:
Post a Comment