Монголын хэвлэл мэдээлэлийн орон зайд цахиур хагалж байсан ТВ5 Гэгээн далай ХХКгийн 5н жилийн ойд зориулж 5ын тоог билэгдэн 5хан гэгээн дурсамжаа үлдээж байна.
1. Хувь төөрөгөөр холбогдов
Анхлан ТВ5 телевизийг бий болоход өөрийн чадах чинээнд сэтгэл зүрх, мэдлэг оюун, цаг хугацаа хөдөлмөрөө харамгүй зориулж өөрийн гэсэн өнгө төрхтэй, олны таашаалд нийцэж, шинэлэг буюу барууны чөлөөт ардчилсан хэв маяг өнгө төрхтэй Монголын тав дахь телевиз болоход тэр үед гучаад залуус ажиллаж байсны нэг нь би бээр билээ.
ТВ5тай холбогдох болсон талаар товч өгүүлэхэд МУТИС харъяа ХоМТС сургуулийн төгсөх 4р курст сурч байхад Радиогийн ангийн Батбаяр нэг өдөр таарч уулзаад ТВг интернэтээр шууд дамжуулмаар байна, чи гардаж ажиллаач гэлээ. Тэр үед би оюутан мөртлөө ИнженерСофт компанид дадлагжигчаар ажилладаг, өөрөөр хэлбэл практик амьдрал дээр гарч ажиллаж эхлэсэн тул үеийнхэнээс бага зэрэг туршлагажиж эхлэсэн байлаа. (ИнженерСофт компаний чадварлаг ах нарын ач тусаар шүү) Тэр үед 2001 оны үед монголд интернэт орж ирээд удаагүй, цөөн хэдхэн компаний сансарын гарцаар гадаад интернэт руу хэдхэн Мегабайтаар холбогддог, Микомын ADSL сураг нь л гараад байх үе л дээ. Интернэт ч их үнэтэй байлаа. Тийм нөхцөл байдлыг бага зэрэг гадарлах тул наадах чинь одоогоор боломжгүй зүйл гээд тас үгүйсгэлээ, хэхэ. Хүн давахгүй гэсэн даваагаараа гурав давна гэж үнэн шүү. Дараахан нь төгсөлтийн хонхны баяраа хийгээд диплом хамгаалах хагас жил үлдсэн байхад Базаррагчаа захирал, Батбаяр хоёр ирж татгалзах аргагүй санал тавина гэдэг шиг ТВг интернэтээр цацах ажлыг санал болголоо. Би одоо хүртэл боддог юм, тэр үед яагаад би зөвшөөрөөд ИнженерСофтийн надад хүлээлгэж байсан тэр их итгэл, урамыг орхиод гарсан юм бол гэж. Хувь төөрөг л тэгж зурагдсан юм байлгүй дээ, гол нь монголд анх удаа интернэтээр байнга цацагддаг твг эхлүүлэх тэр цоо шинэ зүйл л гогцоо байж дээ. Тэгээд, Саппорогийн 2 давхар дахь дөнгөж засал чимэглэлээ хийж дуусаад будаг нь үнэртсэн том заалнуудад Батбаяр, Жавхлантөгс, Буяа болон Авираа эгч, Одко харуул бид хэд 3н компьютертой сүлжээний сувагчлалаа өөрсдөө татаад л наадамын дараахан 7 сарын сүүлээр эхлэж байлаа. Ингээд АйТи инженер байснаа бараг л ТВ инженер болсон доо
2. Орчин үеийн ТВ буюу өнгөлөг, чөлөөт, АйТижсан ТВ
Ингээд хов хоосон том зааланд хэдүүлхэнээ ажиллаж би интернэтээр видео дамжуулах технологи судлаж, твийнхээ вебсайтын кодыг давхар бичиж, АНУд дедикэтэт линукс сервер түрээслэн түүн дээр өөрсдийн tv5.mn мэйл веб сервер ажиллуулж эхлэлээ.
Базаррагчаа захирал бидэнд анхнаасаа шинэ тв маань монголын твүүдтэй харьцуулагдах биш гадны твүүдтэй жишигдэх ёстой гэсэн уриа, зорилготой ажиллах ёстойг олонтоо ярьдаг байсан тул гадны тв технологи хөгжил ямар түвшинд байгааг өөрсдөө очиж харахын тулд Бээжинд жил бүр болдог BIRTV үзэгслэн руу бид 4 явлаа. Тэнд очоод үнэхээр ямар хол зөрүүтэй байгааг олж харсан даа. Тиймээс ч бид тэндээс ямар их зүйл хийх ёстойгоо, юу юу хийхийгээ ер нь сайтар ойлгож авсан. Жишээлбэл цэнхэр будагтай цоорч харагддаг хийсвэр тайз, студи, хөтлөгчийн унших текстийг гүйлгэж харуулдаг камерийн тоноглол түүний компьютер удирдлага, программ хангамжаар хялбар шийдсэн ТВ эфирийн удирдлагын GlobeCaster шийдэл, нэвтрүүлэгийн компьютер монтаж, Character generator гэх мэт зөндөө.
Түрүүж ургасан чихнээс сүүлд ургасан эвэр урт гэгчээр ямарваа зүйлс байнга өсөлт хөгжил, бууралт уналтын шат заавал дамждаг шиг бусад 4н ТВүүд маань өөр өөрсдийн өнгө аяс, дүр төрхөө хэдийнээ бий болгочихсон ч нэг л тийм хуучны хэв маягаасаа салаагүй байлаа. Угаасаа ч монголын нийгэмийн бүхий л салбарууд тийм байсан байх. 2002 оны үед шүү дээ, гар утас дөнгөж л анх орж ирж эхлэж байсан гээд бодоорой. Гэхдээ ТВ5д дан залуучууд байсан тул тэдний их эрч хүч, тэмүүлэн, урам зоригоор хөглөгдөөд ТВ5 маань богинохон хугацаанд орчин үеийн хэв маягтай болсон гэж хувьдаа боддог. Хэдхэн жишээ дурдахад Интернэт Мэндчилгээ, Интернэт Мэдээ, Уикенд Мюзик, Барууны шинэлэг кино сериалууд, вебсайтаараа үзэгчидтэйгээ холбогдож онлайн харилцаа, Интернэт ТВ, интернэт радио, гадаадаас сурвалжлага мэдээ мэдээллийг өдөрт нь шуурхай мэдээлэх, Олимп спортын арга хэмжээг шууд хүргэх, Жижиг дунд бизнесийг дэмжих хөтөлбөр, X Y хөтөлбөр гэх мэт олон зүйлс бий. Гэхдээ мэдээж бидэнд алдах үе гардаг байсан ч, ололт амжилт маань түүнээс хавгүй их байсан юм.
Тухайн үед улс төрийнхөний албан ёсний айлчлал, спортын арга хэмжээ зэргийг хэзээ хойно дууссан хойно тоймлож хүргэдэг уламжлал тогтсон байсан нь мэдээ мэдээлэлийг шуурхай хүргэх ёстой гэсэн Сарангэрэл захиралын санааг IP технологи, интертнэт ашиглаж гадны том твүүдтэй харьцуулахад асар бага зардлаар хүргэж чадсан юм. Жишээ нь их өрийг тэглэдэг уулзалтыг сэтгүүлч Энхцэцэг эгч, зураглаач ..... бид гурав Москва хотоос шуурхай хүргэж байсныг санаж байгаа байхаа. Мөн бид хөдөө орон нутгаас бас шуурхай мэдээллэж байсан. Түүний дараа Афины олимпоос эхлээд спортын томоохон арга хэмжээнүүдийг шууд дамжуулж үзүүлдэг болсоноор монголын тамирчдын амжилт, олимпын спортоор хичээллэгч хүүхэд залуусын тоо өссөнд нөлөөлсөн ч байж магадгүй :))
Тэр үед Базаррагчаа захиралаар ахлуулсан инженер техникийн багынхан маань цаашлаад монголын анхны IPTV-г хийнэ гэж зорьж байсан ч тодорхой учир шалтгааны улмаас тэр зорилгоо ажил хэрэг болгож хараахан амжаагүй юм. Гэхдээ миний бие ТВ5 телевизээс анхлан дагнасан чиглэл болох Мэдээллийн Технологи, ТВ Мультимедиа технологийг хослуулсан чиглэлээрээ одоо хүртэл ажилласаар байгаа ба Univision IPTV компанид мөн үргэлжлүүлж байгаа.
3. Их л залуухан байж дээ
Тухайн үедээ яагаад ч юм өөрсдийгөө залуу туршлагагүй голж эмээдэггүй байлаа, одоо бодоход бид их залуухан байж дээ. Ихэнхи нь хорь орчин насныхан байсан, бүр 10 жилийн хүүхэдүүд ч байв шүү. Захиралын хамаатанууд болох Тулга монтаж хийдэг, эмэгтэй Тэмүүлэн хүүхэлдэйн кино орчуулдаг байсан.
Тэр үед их залуухан гэдэгтээ нэг удаа харамссан хөгжилтэй түүх бий. Учир нь Германы DW-TV хамтын ажиллагааны хүрээнд ч билүү дээ монголоос жил бүр ТВ инженер нэг хүнийг урьж сургалтанд хамруулдаг уламжлалтай байж. Өмнө нь Үндэсний ТВгээс явдаг уламжлалтай байснаа манай ТВ5 эфирээ цацаж эхлээд 4-5 сар л болж байтал манайхаас хүн авахаар болж л дээ. ТВ Инженер явах ёстой гэсэн тул Жавхаа Батаа бид хэд хуруудаад хэн дийлсэн нь явая гэж тохироод байтал уг хүн нь 24 наснаас дээш настай байх ёстой гэсэн нэг шалгуур байж, гэтэл бид хэд 21 22той бакалавр дипломоо ч авч амжаагүй нөхдүүд байдаг. Тэгсэн чинь дөнгөж ажилд ороод хэдхэн хонож байсан Туяа яг 24тэй болж таараад явчихсан шүү, азтай гэж... Одоо бодохноо tv5.mn вебсайтаа бид нар эхлээд Англи, Монгол, Герман гэсэн гурван хэлээр нээж байсан юм, тэр арай нөлөөлөөгүй байгаа гэж? Дараа нь Япон хэл нэмж байсан. Яагаад заавал герман хэлээр гэхээр Дөлгөөн герман хэлтэй, мөн Базараа ах германд сурч байсан, би өөрөө герман хэл хальт үзэж байсан болохоор ч тэгсэн юм болов уу.
Гол нь бид нар аль болох л их олон хэл дээр хийх санаатай байсан ч энэ дөрөвийг оруулаад цааш энэ дээр ажиллах цаг зав хүрэлцээгүй болсон санагдана.
Дараа нь монгол улс төмөр зам дагуу шилэн кабелиар гадаад интернэт гарцтай болоод Рэйкомтой очиж өндөр хурдын интернэт авах талаар Батбаяр бид хоёр очиж уулзахад Үгүй, та хоёр тэгээд яг шийдвэр гаргах хүмүүс нь мөн үү? Ямар залуухан юм гээд гайхаад байж билээ.
Хийж бүтээх үйлст нас багаддаггүй юм байна лээ. Түүнээс гадна залуу л хүмүүс хойно тэр их ажлын хажуугаар бас хөгжилдөх, тоглох зав гарганаа. Дандаа стресстэй ажиллавал ядаргаанд орно, би нэг сахилгагүйтэв: Сэтгэлийн өчил нэвтрүүлгийг редакторладаг Энхжаргал сэтгүүлч охины компьютер руу remote admin-аар оров, өөрөөр хэлбэл дотоод сүлжээнээс компьютерийн гар хулгана гээд бүх юмыг нь удирдаж болдог программ л даа. Уул нь гол ажлын зорилго нь манайхан байнга компьютерийн хэрэглээний туслалцаа гуйдаг тул байнга ширээ руу нь гүйхээс залхуураад зайнаас туслах зорилготойгоор суулгасан юм.
Тэгээд юу бичиж байгааг нь сонирхох гээд Энхжаргалын компьютер руу ортол манай хүн ид онгод нь орчихсон шүлэг бичиж байна: "Цаасан шувуу минь нисээрэй, нисээрэй ....". Тэгэхээр нь гэнэт жоохон шогломоор санагдаад араас нь "Нисэхгүйээ, нисэхгүй ээ" гээл гялс бичиж орхиод нүднийхээ булангаар сэмхэн харлаа. Энхжаргал гайхаад л эргэн тойрноо хараад л, тэгснээ backspace ... нөгөөхийг арилгаад л цаашаа бичиж байнаа... "Захидалыг минь аваарай, ээж ээ ээж ээ".... тэгэнгүүт би дахиад л араас нь "Аав аа, аав аа", гээд л авч орхилоо, хаха. Тэгсэн чинь манай хүн цохиод босоод ирсэн "Хүүеээ, миний компьютер өөрөө бичээд байнаа, хар аа", яг хажуугаар нь Ганбаяр явж байсан чинь "Ганбаяраа, энэ миний компьютер өөрөө хариулж бичээд байнаа..." гэсэн чинь Ганбаяр "За юу гэж компьютер өөрөө бичиж байдаг юм", Энхжаргал "Үгүйээ, яг бичээд байнаа.. Одоо хараарай" гэснээ ингэж бичиж байна шүү "Хөөе, чи миний бичиж байгааг харж байна уу?" гэхээр нь би инээдээ арай гэж барьж ядаад юу гэж бичихэв дээ, хүлээгээд л сууж байхгүй юу. Ганбаяр яваад өгөнгүүт, Энхжаргал эргээд текстээ бичихээр суунгуут нь би "Бичиж байгааг чинь харахгүй байна" гээд л биччихлээ. Тэгсэн чинь Энхжаргал над руу асуух гээд хүрээд ирсэн чинь би тэсэлгүй инээгээд баригдчихдаг гэж байгаа. Даварчихсан нөхөр дараачийн байгаар Уянга сэтгүүлчийн компьютер руу ортол шууд эргэж харснаа "зүгээр байгаарай, мэдэж байна шүү" гэдэг байна ш дээ. Баттулгыг ч гэсэн бас ийм аргаар овоо сандаргасан л даа.
4. Сэтгэл зүтгэл байвал юунд ч хүрч болдог
ТВд ажиллах нь цагт хавчигдаж, хариуцлага өндөр шаардагдах оюуны хүнд хүчир хөдөлмөр боловч хийсэн бүтээсэн зүйл маань тэр дороо хүнд хүрч сайн, муу янз бүрээр үр дүн нь харагддаг тул бас их сонирхолтой ажил байсан. Хүн ажилдаа амжилт гаргах хамгийн гол түлхүүр нь ажилдаа дуртай байх явдал гэдэг шиг өөр өөрийн чиглэлээр хувь нэмрээ оруулж, ажилдаа сэтгэл зүрхээ өгч ажилладаг чадвартай сайхан хамт олон дунд ажиллаж байснаараа одоо бахархдаг.
Хамгийн анхны хөтлөгч Дөлгөөн, сэтгүүлч Уянга Болороо Насанжаргал Энхцэцэг Энхжаргал Бадрал Оюунаа Ганбаяр, найруулагч Манлай Хуншагай, инженер Туяа Ганболд Оюунболд Батсайхан Жавхантөгс Батбаяр Тулга, маркетинг Оюунболд Тэмүүлэн Туяа, зураглаач Ганболд Баттулга, киноны Эдик Онон Мөнгөө Бааска Дээгий ... гээд олон олон залуус бий, бичиж багтахгүй нь ;)
Анх нээгдсэн жил том ойн баяр таараад тэр жилийн наадамыг шууд дамжуулая гэж Батбаяр, Манлай, Ганбаяр гээд бөөнөөрөө сууцгаагаад ярьцгаалаа. Хэн хэн юу юуг хариуцаж ажиллах, яаж зохион байгуулах талаар тохирч авцгаалаа. Хэн нэгэн нь, Ээ дээ бид нар чадах болов уу гээд эргэлзэж байна, чаднаа чадна болгоноо болгоно, заза. Гэхдээ бид нарт дөнгөж эхлэх гэж байсан ТВ9 шиг үнэтэй явуулын станц бүхий тоноглосон машин эдэр байгаагүй юм. Батбаяр жижиг линк антеннаа машин ачиж зөөгөөд Цэнгэлдэхийн дээвэр рүү чирж гаргаж бэхлээд наадамын өмнө хэдэн хоногийн өмнө бэлэн болгосон байлаа. Тэгээд бараг бүх ТВ эфирийн төхөөрөмжөө бас тийш нь цэнгэлдэхийн доод өрөө рүү нүүлгэв. Бүгд л эрвийх дэрвийхээрээ ажилласан, киноны дуу оруулагч Бааска, Дээгий нар маань л кабель мастер болчихсон тэрүүгээр кабель татаж гүйгээд л, бүгд л хөдлөв. Наадмын өдөр нэг мэдсэн чинь эфирийн найруулагч Ганболд ах, сэтгүүлч Оюунаа, би интернэтээр дамжуулдаг тул бид гурав л ТВ байрандаа үлдсэн байлаа. Бусад нь бүгд Хүй долоон худаг болон Төв цэнгэлдэх хүрээлэн дээр, тэр үеийн гоё зурагууд бий л дээ. Зураг, дүрс бичлэг л түүх болж үлддэг гэж үнэн шүү.
Тэр наадамаар Үндэсний ТВгийн Аёоки станци нь эвдрээд, ТВ9ынхөнөөс зарим нэг зүйлсийг түр гуйж байж наадам дамжуулсан гэж сонссон, мөн 25р суваг тв хуучны том шар явуулын станцитайгаа ирж дамжуулсан гэхээр манайхтай нийлээд 3н ТВ нь баяр наадмын ажиллагааг шууд дамжуулжээ, UBS EagleTV хоёр дамжуулдаггүй байв. Гэтэл нөгөө хоёрын дүрс үнэхээр тааруу гарч байсан ба манай шинэхэн линк, төхөөрөмжүүдийн тохиргоо, өнгө гаралт үнэхээр сайн байсан тул ТВ5ыг ихэнх үзэгчид үзсэн ба дараа нь Үндэсний ТВийнхэн хурал дээрээ манай ТВ5ыг нэлээд дурдаж ярьсан гэж сонсоход өөрсдөөрөө бахархаж байсан юм шүү. Ер нь бидний тухай сонин хэвлэлүүд сайнаар, саараар их л олон бичиж байсан санагдана, гэхдээ одоо эргээд бодоход юу ч хийгээгүй хүнийг хэн ч шүүмжлэдэггүй гэдэг шиг тухайн үедээ бид тэгж олны анхаарлыг татсан байжээ.
Их ажлын ард амжилттай гарчихаад хамт олноороо анх удаа Тэрэлж рүү амарч явсан анхны зугаалга ч одоо хүртэл тодхон санагдана. Нартай сайхан өдөр шиг бидний дотор ч тийм сайхан гэгээ татуулсан байлаа, гэхдээ ТВ-гын цаг наргүй ажилтай хүмүүс өглөө очоод өдөржин өнжөөд орой нь буцаад л УБ руу марш, хэхэ. Түүнээс хойш ТВ5ын залуус маань 10 наадам дамжуулсан 10 жилийн ой нь болж байгаа юм байна. Завгүй амьдрах үед цаг хугацаа хоромхон зуурт л өнгөрөх юм, саяхан л юм шиг буух юм энэ анхны наадам. Наадамын маргааш Модерн Токинг хамтлаг ирж тоглосон ба бид шууд дамжуулж өгсөн юм. Буянгийн Жагаагийн шоу ба манай хүн өөрөө пульт дээрээ суудаг техникийн ажилдаа оролцдог тул тэрүүгээр нэг хамаг хүмүүсийг загнаж зандарсан хүн явдаг юм байна лээ, манайханыг бол харин тэгэхгүй байна лээ хаа очиж ... :)
5. Монголын Анхны Интернэт ТВ
2002 он гарах дөхөж байсан санагдана, анхны эфирийг нээх гээд одоо тэдэн хоног үлдлээ гэж том бичсэн цаас энд тэнд наасан байдаг байсан. Эфир нээгдэх дөхөөд байдаг, мөн шинэ жил ч хаяанд ирээд, 12 сарын 31нд нээсэн байх. Мөөн юм болж болж анхны эфир явлаа түүнтэй хамт интернэтээр ч мөн давхар цацлаа. Тэгээд эфир эхлэсэний нээлтийн баяр гээд намайг сандал дээр гаргаж зогсоод үг хэлүүлсэн санагдана, учир нь бид нар нэг эфир биш давхар интернэтээр дамжуулдаг хоёр эфир нээж байгаа гэж Базараа ах инээгээд, хэхэ. Яг энэ бичлэг одоо хүртэл байдаг санагдана, гэхдээ би өөрөө нэг ч олж харж амжаагүй гэхээр хачин санагдах байх л даа. Анхны интернэт гэхээр өмнө нь Микомын Балгаа, Ганболд ах гээд хүмүүс наадамыг интернэтээр шууд цацаж байсан ш дээ гэх байх л даа. Тийм, гэхдээ тэд нар туршилтын ч гэх юм уу зөвхөн наадмаар нэг цацаж үзэж байсан байх, гол нь ТВ5 өөрийн эфирээ өдөр бүр тогтмол интернэтээр дамжуулдаг болсоноороо анхны интернэт тв гэдэгтэй маргах хүн гарахгүй бизээ.
Тэр үед интернэтэд монголын хэвлэл мэдээлэл төдий л түгэж амжаагүй mongolnews.mn, newtimes.mn гэх зэрэг хэдхэн л мэдээний сайт ажилладаг тэр нь бас хэдэн өдрөөр мэдээ нь хоцордог байсан гэхээр ТВг өдөр бүр шууд тэр дор нь үзчихнэ гэдэг гадаадад суугаа монголчуудад маш ойр байсан нь тодорхой.
Гэхдээ эхлээд үнэгүй байсан тул олон хүн зэрэг орж ирэхэд тв стрийм серверийн багтаамжийг дүүргэчихээд байсан хэдий ч дараа нь бид багтаамжаа сайжруулж чадсан. Мөн өнгөрсөн нэвтрүүлгийг архивыг хуулж байршуулчихдаг тул цагийн бүс зөрдөг хүмүүс тэндээс мэдээллийн хөтөлбөрийг үзчих боломжтой байв. Бас мэндчилгээгээ вебээр ороод өгчихдөг түүнийг нь ТВээр энд суугаа хүмүүст хүргэдэг Интернэт Мэндчилгээ нэвтрүүлэг их үзэгчтэй байв.
Тухайн 7 хоногт ирсэн мэндчилгээнүүдийг нэгтгэнэ, тэрийг нь Дөлгөөн хараад бичлэгт орно, тэрийг нь жижиг Тулга бид хоёр ээлжилж монтажладаг байлаа.
Хажуугаар нь нэвтрүүлгийнхээ шторкийг гоё болгох гэж баахан компьютер графикийн ажил хийнэ, суралцана, туршина. Хамгийн гоё шторктой нь Интернэт Мэндчилгээ байлаа ш дээ, хэхэ. Дээр нь Дөлгөөн бас мэдээ сурвалжлагаар явахдаа гоё мэндчилгээнүүд давхар авчихна. Тэгэхгүй бол дан нэг темптэй байхаар уйтгартай, баригдмал болчихдог. Тэр архивууд одоо үлдээгүй нь даанч харамсалтай, томоохон хард диск руу хуулж архивладаг л байж дээ. Сүүлд Интернэт мэндчилгээг яаж бэлддэг байсныг сонсоод 25ТВын Алтай ах уулга алдаж билээ, кэкэ.
Мөн Цаг хөтөлбөр, Интернэт мэдээ, Шар мэдээ бас их үзэгчтэй, Манлай Оюунаа хоёр нэрийн хуудас :D. Хүмүүст мэдээлэл их хоцорч хүрдэг байсаныг үгүй хийсэн болохоор манай вебсайт их хандалт сайтай байсан. Бусад ТВүүд yahoo мэйлээ ичих ч үгүй (одоо хүртэл) зарладаг байхад манайхан бүгд tv.mn гэсэн мэйлтэй байлаа.
Төгсгөлд нь:
Энэхүү дурсамжийг яаран сандруу бичсэн ч гэлээ дурсамжаа сэргээд бодно гэдэг яг л өнгөрсөн үед эргээд очих цаг хугацааны машин адил сайхан санагдаж байна. Тэрхүү гэгээлэг сайхан дурсамж үе руу хөтлөж эрч хүч, хүсэл тэмүүлэлээр дүүрэн хөглөгдөж баяр баясгалан, басхүү бага сага гуниг харуусал бүгдийг туулж өнгөрүүлсэн гал халуун насанд маань оюун бодлыг маань хөтлөн аваачиж өгсөн ТВ5 телевизийн хамт олон, найз нөхөд та бүхэнд баярлалаа. Хэдийгээр тэр цаг үе улиран одсон ч гэсэн эргээд санах олон дурсамжит өдөр хоногууд, хамтран зүтгэж байсан найз нөхөд хамт олон та нар маань юу юунаас илүү үнэ цэнэтэйгээр үлджээ. ТВ5-ыг анхлан босголцож байсан тэрхүү олон хүмүүсийн хичээл зүтгэлийг одоо хойч залгамж дүү нар маань басхүү уламжлуулан авч явж чадна гэдэгт итгэлтэй байна. ТВ5 телевиз байгуулагдсаны 10 жилийн ойн мэнд хүргэе!
2012.10.17
Математикийн гоо сайхан: Фрактал ертөнц
7 years ago
0 Comments:
Post a Comment