Tuesday, July 31, 2007

Үндэсний үзэлтэй уриалга

Сүүлийн үед хувийн үндэсний үзэл маань жоохон дэврээд байгаагаа ажиглах боллоо. Учир нь Youtube.com, On-Air.mn/video гэх мэт сайтууд дэхь буриад, өвөрмонгол, казак гэх мэт дуунуудад зарим монголчууд (халх) сэтгэгдэл бичсэнийг уншаад арай ч дээ гэсэн бодол өөрийн эрхгүй гарч ирж Орос, Хятад гүрнүүдэд хураагдан хумигдсан элэг нэгтнүүдийн талаарх нэгэн эмзэг ч гэмээр нарийнхан дотоод утасыг маань хөндөн хөндүүрлүүлэж орхих юм. Дэлхий дээр Монгол бүлгийн хэлээр ярьдаг нийтдээ 10 сая гаруй хүн байгаа гэсэн статистик бий. Монгол үндэстэнүүд нь дотроо халх, ойрад, барга, буриад, дөрвөд гээд дотроо нилээд олон угсаатанууд бий. Нарийн дэлгэрэнгүйг угсаатанзүйчидээс асуух эсвэл энэ талаарх ном товхимолоос уншиж болно биз. Гол нь зөвхөн түүхийн эгзэгтэй агшинд тусгаар улс болж чадсан Монгол улсад суугаа халх тэргүүтэнүүдийг л жинхэнэ Монгол, бусад нь хужаа, оросын эрлийз гэх монгол биш гэх үзлийг эсэргүүцмээр байна.
Бид туурга тусгаар Монгол улсад төрснийгөө, харьцангуй эрх чөлөөтэй байгаагаараа, халх аялгаар ярьдагаараа түрий барьж бусад элэг нэгтнүүдийгээ доош хийх үзэл санааг үнэртүүлэн явахыг хатуу цээрлэж явах хэрэгтэй байна, мөн ийм өчүүхэн үзэлтэн, санаатныг аль тааралдсан газарт сургаж, сэнхрүүлж ухааруулж байхыг жинхэнэ монгол хүний эрхэмлэж явах санаа, үйлс гэж үзэхийг хувийн зүгээс уриалмаар байна.

Дээр МҮОНТВ-ийн "Та хариулахгүй байсан ч болно" нэвтрүүлэгт хөгжмийн зохиолч Жанцанноров гуайн хэлж байсан шиг Өвөрмонголчууд болон Хятад хүмүүс бүгд муу биш юм, тэрбум гаруй хүнд хэдэн муу хүмүүс байх вэ, маш их байх нь ойлгомжтой. Гагц тэр хэсэг хүмүүсээр нийт цаад хүмүүсийг төлөөлүүлэн ойлгох нь буруу юм гэсэнтэй мөхөс би санал нэг байдаг юм. Нэг жишээ ярихад: Хэдэн жилийн өмнө Бээжинд ажилаар явж байхдаа тэндхийн нэгэн зочид буудалд наймаачин монголчуудад хэлмэрчилж, ачаа барааг зөөж өгч амьдрал ахуйгаа залгагч надтай нас чацуу Жаргал гэх залуутай танилцаад ярьж суухдаа энэ бүгдийг өөрийн биеэр мэдэрсэн юм. Бид хоёр аялгатай ч гэсэн хоорондоо түвэггүй хэл нэвтрэлцэж, нэгэн адил үндэстэн мөртөл хоёр тусгаар улсад суун, хоёр өөр нөхцөлд амьдран буйгаа мэдрэхэд сэтгэлд нэг л таагүй санагдсан сан. Чадал л байвал аль ч улс руу сурахаар явж чадах харьцангуй эрх чөлөөт орны иргэн нь би байхад, охин дүүгээ их сургуульд явуулаад өөрөө хар амьдралын мөрийг хөөгч Жаргалын тавиланг харин "азгүй ч гэмээр"...

Гэхдээ л бид нэгэн адил хэлээр яригч, нэгэн угсаатай ... Бид хоёрхон саяулаа бишээ... Бид нийтдээ 10 саяулаа ...


Элэг нэгтнүүдтэйгээ бид адилхан хүмүүс шүү дээ гэдгээ мэдрээд, бас түүхийн азгүй агшинд хэдэн хэсэг тасар татагдан хуваагдаж, бага үндэстэн гэж дээрэлхэгдэн, хэдэн зуун мянгаар тоологдох ах дүүсээ алуулан хэлмэгдсэн гашуун хувь тавиландаа харамсах сэтгэл төрөх нь сэтгэл дотор нилээд хөндүүр байдаг.

Би хааяа боддог: Хэрвээ бид алдсан газар нутгаа эргүүлэн авч чаддаггүй юмаа гэхэд энэ нутаг дээрх элэг нэгтнүүдээ дуудан авчирч, амьдрах газар ажиллах нөхцөл зэргээр нь хангавал 10 саяууланг маань багтаачих газар маань байна. Тэгвэл хүн цөөнөөс болж зах зээл үүсч чадахгүй байгаа маань арилаад хэдэн жилийн дараа илт хөгжиж чадах бусуу гэж.

Ийн бодсоны дараа өөр сөрөг бодол бас төрдөг: Цаг цагаараа байдаггүй. Энэ таслагдсан улсуудаа бид хэзээ нэгэн цагт газар нутагтайгаа эргүүлэн нэгтгэн Нармай Монгол улс дор нэгтгэгдэх болов уу гэж.. Тэгээд ч одоо цагт нөгөө Дэлхий хавтгай болж байгаам чинь бид сэтгэл зүрхээрээ л нэгтгээстэй байвал хил дээс, улс орны харъяалал хамаарахгүйгээр харилцан хамтран ажиллах боломжтой гэсэн бодол харанхуйд гэгээ тусах шиг санагддаг.

Жишээ нь л гэхэд Өвөрмонголчууд маань Цагаан сарын баяраараа Халхын ододыг урьж оролцуулдаг соёлын сайхан уламжлал тогтоод байгаа нь, бас Одон ТВ-г халхын хаанаас ч үзэх боломжтой нь гээд нилээд сайжирч буй тал байгаа ч бас чамлалттай хэвээр л байна.

За Өвөрмонгол ах дүүсийн хувьд ийм байлаа гэхэд хойд хөршийн харъяанд буй Халимаг, Тува, Буриадуудын хувь тавилан маш хэцүү байгаа байх. Автономит эрхийг нь устгаад газар нутаггүй болж байна гэж мэдээгээр гарах боллоо. Тэд ч нилээд тэмцэж байх шиг... Гэтэл хамгийн ихээр туслаж, хамгийн түрүүнд гараа сунгах ёстой тусгаар тогтносон халхууд нь чим чимээгүй... Хөмөрсөн тогоон дотроо Оюу толгой, Тавантолгой, улс төр, жагсаал цуглаан гээд л ... Гэтэл Казакстан улс яалаа, Назарбаев ерөнхийлөгч нь айлчилж ирэхдээ хамгийн чухал асуудал нь Монгол улс дахь казак угсаатнуудыг Казакстан улсад нэвтрэхэд нь Монгол улсаас саад болохгүй байхыг хүссэн шиг санагдах юм. Мөхөс би ямар улс төр судлаач, дипломатч биш юугаа мэдэхэв, харин мэдэж байгаа ганц зүйл маань монголчууд маань нэгдмээр байгааг, нэгдхийг хүсч байгааг, тэр талаар засгийн газар юу ч хийхгүй байгааг л мэдэж байна.

Эцэст нь хэлэхэд
Бид 2.8 саяуулаа биш, бид 10.5 саяуулаа!!! Бид таслагдсан монголчууд!!!

Яадаж газар нутгаараа нэгдэж чадахгүй байлаа гэхэд сэтгэл зүрхээрээ нэгдэхийг нийт монгол туурагтанууддаа, хөх толботнууддаа уриалмаар байна!

Хамгийн түрүүнд урлаг соёл, шинжлэх ухаанаараа нэгдэж, холбогдож, харилцмаар байна. Тийм нийтлэлийн бодлого, тийм сургууль, тийм сэтгэл зүрх гаргамаар байна.

Дэлхий даяарх Монголчууд фото дуранд буусан нь:
Харгиа буриад жаалууд, хөөрхөн

Буриад бүсгүй

Морьтон монголчуудын нэг

Буриад загвар өмсөгч

Өвөрмонголд. Дулаацах юмсан

Ирина Пантаева. Барууны нэрт загвар өмсөгч, кино жүжигчин

Өвөрмонгол киноны хэсэгээс

Өвөрмонгол киноны хэсэгээс

Хартар ч гэсэн хөөрхөн жаалууд.
Хөдөөний ч гэсэн цайлган шүү









Wednesday, July 25, 2007

Трансформерс ба Тэнгис кино театр

Хэхэ.. Тэгэлгүй яахав энэ бол Трансформерс ..

Нээлтээ хийгээд удаагүй байгаа ч рэйтинг нь нэхх буурахгүй явсаар л байгаа кино. Түрүү 7 хоногт Тэнгис кино театрт очиж "тухтай гэгч" нь үзсэн л дээ

( За тухтай гэдэг нь анх удаа Тэнгис кино театрт саатал гарч байхтай таарав. Кино гарч байтал гэнэт дуу нь алга болоод дүрс нь уруугаа хараад ухарч гарч байх юм. Тийм киног зохиолуудаа тонгороож бичдэг байсан Леонардо Да Винчи л ойлгох байх, жирийн эгэл төрсөн мань мэт бол тэгээд тэр хальсаа дахиж засч ороотол нь л хүлээхээс өөр сонголт юу байхав. Тэгээд хэсэг байж байж цагаан хоолойгоор техникийн саатал гарсан тул 20 минутын дараа үзнэ үү гэж авав. 20 минут өнгөртөл дахин 15 минут хүлээнэ үү гэж сонирхолтой киноны амтанд ороод тэвчээр заан суугаа олны дургүйг хүргэж авна лээ. За мань мэт нь ч яахав гэхэд жуулчид бололтой урд эгнээнд суугаа хямдхан үнэтэй театрт "хямд" киног үзэж байгаа гадныханаас санаа зовж дууссан маань юүхэв. Нэгэнт Тэнгис театрыг муулсаных гүйцээж орхиё: 1-д Орчин үеийн театр байж онлайнаар билет захиалга хийхгүй юм. Заавал очиод оочерлоно. За онлайнаа байг, ядаж Visa, Master гээд картаар тооцоо хийж болдоггүй л юм байх даа. 2-т шинэ кино ирсэн эсэх, ямархуу кино байгаа эдэрийг нь муухан ч гэсэн сайтаас нь орж хардаг байсан, одоо бүүр таг.. Хийгдэж байгаа юм бол тэрийгээ дууссан хойно нь тавьж болдоггүйм байх даа.. Товчоор хэлэхэд Тэнгисын Маркетерууд нь яацийм бол ? )

За одоо киногоо ярья. Уншигч таньд баахан хов хүргэж орхисонд өршөөхтий, манайдаа л урдаа барьдаг ганц кино театр маань иймэрхүү хэрэглэгчдийн эрх ашгийг дээдлэж байгаад байнгын үзэгчийн хувьд жоохон уур хүрсэн хэхэ.

Анх энэ киноны трайлерийг нь үзэнгүүтээ л сэтгэл хөдлөөд өөрийн мэдэлгүй л "Би энэ киног үзнэ, би энэ киног үзнэ" гээд байсан гэсэн хажууд сууж байсан манай эхнэр бүүр гайхаад, дараа нь шоолоод ...
Дуу, дүрс болоод киноны хийц нь үнэхээр гайхамшигтай... Япон хүүхэлдэйгээр л гардаг байсан аварга том том робот, онгоц машин тэр бүү хэл танк нисдэг тэрэг болдог роботуудыг компьютер графикийн аргаар яаж жинхэнэ юм шиг амилуулж үзэгчдийн амыг ангайлгаж, алмайруулахыг энэ кино л үзүүлнэ дээ.
Киноын утга, зохиолын хувьд би лав сайн ухаагүй... Роботуудын амьдардаг гаригт сайн муу хоёр тал хоорондоо үзэлцээд нэг нь дийлсэн юм шиг байгаан.. Дараа нь тэдний амьдралыг үүсгэгч нэг жижиг ч болдог, том ч болдог кристалархуу шоо нь манай дэлхийд уначихсаныг киноны гол дүрийн залуугийн өвөө нь олж авсаныг л авах гэж баахан роботууд дэлхий дээр ирээд үзэж тарна...



За тэгээд хувиас зөвлөхөд уг киноны гол зохиомж эдэр нь нээх чухал биш, киноны хурдан өрнөл, гайхамшигтай дуу эффект, роботуудын хувиралт, аймшигт тулаан зэргийг үзэж кайф авагтун, энэ хурдан өрнөл тулаан дунд угаас юун тэр зохиол мохиолтой манатай болно доо...

Тэгээд киног үзэж дуусаад гарч ирэх үзэх юмсан гэсэн хүсэл аяандаа дарагдаж тайвшираад нэг сайхан болох вий, харин гудамжаар Форше ч юмуу, нэг тиймэрхүү 2 хаалгат спорт машин эдэрийг хараад энэ ямар робот болох бол гээд бодогдоод унана шүү гэж lol :D

Tuesday, July 17, 2007

StarCraft 2: Мөн ч удаан хүлээлээ дээ

Өнөөдөр сонссон хамгийн сайхан мэдээ маань Elude-гээс Blizzard Entertainment компаниас гаргасан Starcraft тоглоомын цоо шинэ хувилбар Starcraft 2 хийгдэж буй, мөн 2008 онд худалдаанд гарна гэсэн явдал байлаа.


Анх 2, 3-р курст оюутан байхдаа Cyrix 233MHz, 24Mb RAM PC дээрээ суулгаж аваад нүдэж өгдөг байв шүү, Бүүр Pentium 133MHz, 16Mb RAM PC дээр ч торохгүй ажилладаг байсан. Тухайн ондоо оны шилдэг тоглоом шагнал авч байсан уг тоглоомоор одоо ч гэсэн хааяа тоглодог үнэнч фенүүд нь дэлхийгээр нэг байдаг шиг байгаа юм.

Сая 5 сард Солонгост очиж шинэ хувилбарынхаа танилцуулгыг хийсэн нь ч бас учиртай. Солонгост Старкрафт, Брүүдвар бараг үндэснийх нь кибер спорт болонгоо алдтал "од" болсон болохоор тэгсэн болов уу.


www.starcraft2.com сайтаас тоглолтын бичлэг, танилцуулга реклам зэргийг нь татаж авч үзээд үнэхээр дуу алдав. Хэдэн жил Warcraft-ыг завсаргүй хөгжүүлээд одоо л сэтгэл нь ханаж Starcraft-ыгаа шинэчлэхээр шийдсэн бололтой. Бараг 10 жил болсон болохоор одоо ч программчлал, технологи асар өндөр хөгжчихсөн тул энэ хоёрыг харьцуулаад харахад график дүрслэлийн хувьд асар их ялгаатай. Гэхдээ тухайн үед надад Starcraft-ыг гүйцэх тийм тоглоом байгаагүй юм.
(3р курстээ PC дээрээ 2 л юм хийдэг нь: 1-т нь VC++ 6.0 2-т нь Starcraft)
Тэр үедээ л Broodwar-ын график зураглал, дуу чимээ, зохиомж агуулга эдэр нь тасархай тасархай ...
Шинэ хувилбарыг өнөө цагийн хөгжилд тааруулаад бас л дуу алдахаар тасархай хийж байгаа юм байна.

Starcraft 2 Demo хувилбар нь одоо 8 сарын эхээр нийтэд хүрэх сургаар бушуухан л 8 сар гараасай гэж тэсвэр алдаж сууна даа. Харин нөхдүүд Демогоо хийхдээ сүлжээгээр холбогдож тоглодог болгочихоосой билээ. Тэгвэл 2008 он хүртэл демогоор ч болтугай холбогдож суухгүй юу гэж залбирч байна .. хэхэхэ

Одоо үүнээс хойш юун Counter-Strike Source ... Стратегийн тоглоомоо сэргээнээ.. Бодоод байсан чинь хэдэн жил тоглоогүй хаяачихсан байдаг байна.

Starcraft, Warcraft, Diablo эдэр гээд дандаа дэлхийн хэмжээнд тэргүүлэх тоглоом, уран бүтээл, гайхамшиг туурвидаг Blizzard-ынхан гайхамшигтай. Бид тийм хэмжээнд очдоггүймаа гэхэд дөхөж очдог болох юмсан гэж энэ завсарт бас бодогдох... Уул нь тоглоомын зах зээл гэж асар их багтаамжтай зах зээл шүү. Энэ Starcraft л гэхэд дэлхий даяар нийтдээ 8 сая хувь борлогдсон (бусад Diablo Warcraft эдэрийг тооцоогүй) гээд бод доо... Лайтай байгаа биз дээ...

За тэгээд эцэст нь хэлэхэд
Starcraft маань асар шинэ, асар сайжирч, шинэ өнгө төрхөө олоод дэлхий даяарх хэдэн зуун сая үнэнч фенүүдийнхээ олон жил цөхрөлтгүй хүлээсэн итгэл дунд Nuclear Launch Detected!!!