Sunday, April 22, 2007

Казиног номхотгосон нь

Уг номыг найзаасаа авснаасаа хойш уншиж амжихгүй хэд хоног цүнхлэж явсны эцэст өчигдөр Бямба гараг таарсных барьж аваад уншиж дуусгаваа.

Ойрд уран зохиолын ном уншилгүй их удсаныг ч хэлэх үү, дээр нь монголын үргэлжилсэн үгийн зохиолууд ч нүдний гэм болсоныг ч хэлэх үү 4-5 цагын дотор нэг амьсгаагаар уншаад дуусгачихав. Манай эхнэр: -Ямар хурдан уншдагым гээд гайхаж л байна лээ. Тэр яахав, өөрт төрсөн сэтгэгдэлээ бичиж орхиё. Тэгэхгүй бол блог дээрээ бичмээр юм зөндөө байв ч за зав гарахаараа тухтай бичье гээд хойшлуулаад байхаар худлаа юм.
Анх уг номыг дэлгүүрт харчихаад миний сонирхдоггүй сэдэв байна гээд аваагүй юм. Сүүлд нэг найз маань үүнийг унших хэрэгтэй. Их дажгүй ном гэхээр нь түүнээс авч уншсан л даа.

Америкт амьдардаг нэгэн монгол залуу хэрхэн америкийн казинод уусч, түүнд ялагдаж, ялж буй талаар өгүүлдэг. Эхлээд эгэл жирийнээр аж төрж байсан залууг, түүний найз нь казинод оруулж анхны тоглолтоосоо багагүй мөнгө хожсноосоо болоод мань хүн ийм хялбарханаар ихээхэн мөнгө олж болох юм байна хэмээн ажилаасаа гарч тоглоомчин болж хувирна. Эхэндээ нилээд мөнгө хожиж амьдрал ахуй нь дээшлэн бүүр Сан Францискод Францын дуурь хүртэл үзэж, хамгийн том дээдсийн зочид буудалд хүртэл тухалж амжих боловч эцэстээ хэд хэд том алдаж, хоосорч орхино. Ингээд мань хүн хамгийн сүүлчийн 2000$ гэрийнхээ данснаас хулгай хийн авч гараад алдсан мөнгөө өсгөхөөр гэрээсээ зугтан гарч гудамжны золбин амьдралаар амьдарч эхлэдэг.
За тэгээд товчхондоо иймэрхүү хүний алдаж онох, ухаарч сэхээрэх, найз нөхөрлөл зэрэг бүхий л үйл явдал гардаг. Зохиолын хийцийн хувьд уг залуугийн зөн совин бүхий зүүд, хүүхэд насны амьдрал, бас бага зэргийн буддизмийн гүн ухааны чанартай шигтгээ эдэр нь өрнийн ахуй соёл, түүний эсрэг зэрэгцүүлээд дорнын амьдрах ухаан, сургааль зэргийг харьцуулж өгсөн зэрэг нь сонирхолтой, басхүү авууштай зүйл ихтэй байсан.

Гол нь уг зохиол хэдийгээр Казиног номхотгосон нь гэсэн сүржин нэртэй боловч гол утга санаа нь өнөөгийн мөнгө байвал бүхнийг ч хийж болно гэж үздэг барууны маягын сэтгэлгээг хөндөөд огт хоосноос мөнгө болон амжилт чадвар үл гарах нь үнэн хийгээд хүн зөвхөн сайн санаа сэдэл дээр тулгуурлан өөрийгөө болон юмс үзэгдлийн мөн чанар, цаад агуулгыг танин мэдэж, басхүү өөрийн чин хүсэл, зорилго төлөвлөгөө зэргээр бататган нягтруулж өөрийн бие сэтгэл бүгдийг бүрэн дайчилж гэмээ нь сайн сайханд хүрэх боломжтой гэсэн өнөө л миний дээр зөндөө дурдаж ярьдаг зүйлтэй холбогдож байна лээ.

Сүүлийн үед би ер нь буддизм руу их халтиран орж, буддийн гүн ухаан гэдэг салбарыг ихэд сонирхох боллоо шүү. Мөн уг ном дээр орчлон хорвоогийн орчил, юмс үзэгдлийн холбоо нь гариг эрхсийн нөлөөнөөс үлэмж хамааралтай гэж үздэг зурхайн ухааныг басхүү их дурдсан байсан. Жишээ нь: есөн зоос хаяж мэргэ төлөг буулгаж үзэх болон тухайн гариг эрхсийн таатай болон таагүй нөлөөллийг харж байж тоглоомонд оролцох зэргээр дурдсан байсан.

Хүмүүн өөрийгөө болон юмс үзэгдэлийн цаад нарийн учирийг танин мэдэж, аливааг сайнаар үйлдэхэд гол нь болохоос казино ч байна уу, ямар нэгэн бизнесс ч байна уу тухайн юуг хийж буй нь онцын хамаагүй бөгөөд гол нь зөвөөр эсвэл буруугаар түүнийг үйлдэж буйгаас нь хамаг үр дүн нь хамаарна гэсэн нэгээхэн бодлийг маань давхар уг ном батлаж өгсөнийг дурдая.

За тэгээд уг номыг нэг уншаад та өөрөө нэгийг тунгаана бизээ. Мөхөс би энд зөвхөн өөрийн өчүүхэн бодлийг ядмаглан бичиглэвээ гэж...

Saturday, April 21, 2007

Бидэнд Кино санал болгоорой!

Зиак, энэ сард нилээд ажил амжуулж авлаа. Хамгийн том нь гэвэл Хулан Пикчирс ХХК гээд Хулан Системс ХХК-ын дэргэд кино орчуулга хийн ТВ8 телевизэд нийлүүлэх дагуул маягийн шинэ газар байгуулсан маань байлаа.

Анх UBS ТВ-ээс эхлэж байсан байсан Ялгуун студийн (Focus кино мэдээллийн хөтөлбөр, Миеэгомбо гэхээр та бүхэн андахгүй байх) тоног төхөөрөмж, кино сан зэргийг худалдан авч хуучин үйл ажиллагааг нь үргэлжлүүлж, мөн нэмж нилээд зүйл хийхээр төлөвлөлөө.

On-Air.mn вебсайтад ч басхүү дэлхийн шилдэг сайн гэгдэх кинонуудаас ТВ үзэгчиддээ болон интернэт хэрэглэгчиддээ хүргэх боломжтой боллоо. Өмнө нь үзэгчдээс тийм киног гаргаж өгөөч гэсэн хүсэлт их ирдэг байсан боловч манайх хажуудаа ийм кино орчуулга, дуу оруулалтын студигүй байсан тул тэр бүр боломжгүй байсан юм.

Иймээс кино сонирхогч, амтархан үзэгч та бүхэн бидэнтэй хамтран ажиллахыг урьж байна. Сайн кино мэдээллийн нэвтрүүлэг, шилдэг киног эх хэлнээ хөрвүүлж үзэгчдийн хүртээл болгоход маань дэмжиж туслаарай!

Гарах кинонуудын жагсаалтад :
-My Sassy Girl (Korea)
-Windstruck (Korea)
-Taxi 4 (France)
-Beat (Korea)
-The Wind That Shakes The Barley (France)
-Resident Evil 1, 2 (USA)

гэх мэт кинонууд сонгогдоод байгаа. Тиймээс та бүхэн үзэхийг хүсч буй кинонуудаа миний erkhemee.m at gmail dot com мэйл хаяг руу санал болгох буй эсвэл энд сэтгэгдэлд бичиж үлдээгээрэй.

Sunday, April 08, 2007

Хэсэг онигоонууд

Сурсан занг сураар боож болохгүй
Монголд олон улсын хүмүүнлэгийн шугмаар тав зургаан жил ажилласан япон залуу нутагтаа буцжээ. Очсон эхний сардаа мань хүн нилээд олон замын хөдөлгөөний дүрэм зөрчөөд нэг хэсэгтээ л торгуулиас салаагүй гэнэ. Учир нь монголд байхдаа улаан гэрлээр гарц өнгөрөх, явган зорчигчын замаар хөдлөн гүйх гээд нилээд зүйлс сурчихаж л дээ.

Эмээ нарын онигоонооос:
Нэг эмгэн явган хүний гарц дээр зогсоод хажуу дахь залуугаас тусламж хүсэв:
-Хүүе хүүхээ, эмээгээ зам хөндлөн гаргаад өгөөч гэтэл залуу их л уриалгахнаар:
-За тэгье, Эмээ тэгэхээр одоо улаан гэрэл асаж байгаа биз. Энэний дараа ногоон гэрэл асна. Тэгэхээр хоёулаа зам гарна гэсэн үг ш дээ гэтэл эмгэн лаг эгдүүцснээ:
-Хммм, ногоон гэрлээр гарах юм бол эмээ нь өөрөө гарч дөнгөнө ш дээ гэсэн гэсэн :))

Автобусанд нэг залуу эмээгийн хөл дээр гишгилээд хажуугаар нь өнгөрснөө гэнэт сандран арагшаа харж:
-Өө уучлаарай эмээ, таны хөл дээр гишгээд явчихаж гэтэл эмгэн:
-Зүгээрээ зүгээр, эмээ нь сая араас чинь нулимчихсан л даа гэсэн гэсэн

Нэг шинэков жолооч гудамжинд хурдаа тааруулж чадахгүй явж байгаад нэгэн эмгэнийг дайрч орхив. Тэгэнгүүтээ бүүр сандраад ухартал арай гэж машины араас босч ирсэн эмгэнийг дахиад л дайрчээ. Залуу бууж ирээд тонгойгоод хартал эмгэн машин доороос:
-Хөөе, хүүхээ чи намайг тэр чигт нь гүйцээх гээд байгаа юм уу гэж уурлав.

Цагдаагийн ёс суртахуун
Японд монголын гурван оюутан цэцэрлэгт хүрээлэн дотор нь жоохон ууж л дээ. Тэгтэл нэг найз нь түрүүлээд "тас" явчихаж. Нөгөө хоёр нь найзыгаа жоохон шоглох гээд мод түшүүлж орхиод алсаас нууцаар ажиглаж зогстол 2 япон цагдаа ирээд нэг нь нөгөө оюутаны халаасыг ухаж хамаг бичиг баримт, мөнгө эдлэл зэргийг гаргаж, нөгөө нь бүртгэж авч байснаа тэлээг нь тайлж аваад гэдсээр нь сайтар гэгч нь бүсэлж өгөөд цамцных нь дээгүүр бүх бичиг баримт эд зүйлсийг нь цувуулж хийгээд дахин нөгөөх модыг түшүүлж орхиод зугтааж орхив гэнэ. Уул нь бол уг хүний гэрийнх нь хаягаар хүргэж өгөх ёстой байтал мань 2 цагдаа залхуурсан нь тэр гэнээ.

Ойрд нилээд ажил хөөцөлдөөд гадуур гүйгээд байгаа учраас нэг иймэрхүү онигоо энэ тэр бичиж халтуурдав. Тэгж байгаад Багын дурсамж цувралаа үргэлжлүүлнээ.