Sunday, April 22, 2007

Казиног номхотгосон нь

Уг номыг найзаасаа авснаасаа хойш уншиж амжихгүй хэд хоног цүнхлэж явсны эцэст өчигдөр Бямба гараг таарсных барьж аваад уншиж дуусгаваа.

Ойрд уран зохиолын ном уншилгүй их удсаныг ч хэлэх үү, дээр нь монголын үргэлжилсэн үгийн зохиолууд ч нүдний гэм болсоныг ч хэлэх үү 4-5 цагын дотор нэг амьсгаагаар уншаад дуусгачихав. Манай эхнэр: -Ямар хурдан уншдагым гээд гайхаж л байна лээ. Тэр яахав, өөрт төрсөн сэтгэгдэлээ бичиж орхиё. Тэгэхгүй бол блог дээрээ бичмээр юм зөндөө байв ч за зав гарахаараа тухтай бичье гээд хойшлуулаад байхаар худлаа юм.
Анх уг номыг дэлгүүрт харчихаад миний сонирхдоггүй сэдэв байна гээд аваагүй юм. Сүүлд нэг найз маань үүнийг унших хэрэгтэй. Их дажгүй ном гэхээр нь түүнээс авч уншсан л даа.

Америкт амьдардаг нэгэн монгол залуу хэрхэн америкийн казинод уусч, түүнд ялагдаж, ялж буй талаар өгүүлдэг. Эхлээд эгэл жирийнээр аж төрж байсан залууг, түүний найз нь казинод оруулж анхны тоглолтоосоо багагүй мөнгө хожсноосоо болоод мань хүн ийм хялбарханаар ихээхэн мөнгө олж болох юм байна хэмээн ажилаасаа гарч тоглоомчин болж хувирна. Эхэндээ нилээд мөнгө хожиж амьдрал ахуй нь дээшлэн бүүр Сан Францискод Францын дуурь хүртэл үзэж, хамгийн том дээдсийн зочид буудалд хүртэл тухалж амжих боловч эцэстээ хэд хэд том алдаж, хоосорч орхино. Ингээд мань хүн хамгийн сүүлчийн 2000$ гэрийнхээ данснаас хулгай хийн авч гараад алдсан мөнгөө өсгөхөөр гэрээсээ зугтан гарч гудамжны золбин амьдралаар амьдарч эхлэдэг.
За тэгээд товчхондоо иймэрхүү хүний алдаж онох, ухаарч сэхээрэх, найз нөхөрлөл зэрэг бүхий л үйл явдал гардаг. Зохиолын хийцийн хувьд уг залуугийн зөн совин бүхий зүүд, хүүхэд насны амьдрал, бас бага зэргийн буддизмийн гүн ухааны чанартай шигтгээ эдэр нь өрнийн ахуй соёл, түүний эсрэг зэрэгцүүлээд дорнын амьдрах ухаан, сургааль зэргийг харьцуулж өгсөн зэрэг нь сонирхолтой, басхүү авууштай зүйл ихтэй байсан.

Гол нь уг зохиол хэдийгээр Казиног номхотгосон нь гэсэн сүржин нэртэй боловч гол утга санаа нь өнөөгийн мөнгө байвал бүхнийг ч хийж болно гэж үздэг барууны маягын сэтгэлгээг хөндөөд огт хоосноос мөнгө болон амжилт чадвар үл гарах нь үнэн хийгээд хүн зөвхөн сайн санаа сэдэл дээр тулгуурлан өөрийгөө болон юмс үзэгдлийн мөн чанар, цаад агуулгыг танин мэдэж, басхүү өөрийн чин хүсэл, зорилго төлөвлөгөө зэргээр бататган нягтруулж өөрийн бие сэтгэл бүгдийг бүрэн дайчилж гэмээ нь сайн сайханд хүрэх боломжтой гэсэн өнөө л миний дээр зөндөө дурдаж ярьдаг зүйлтэй холбогдож байна лээ.

Сүүлийн үед би ер нь буддизм руу их халтиран орж, буддийн гүн ухаан гэдэг салбарыг ихэд сонирхох боллоо шүү. Мөн уг ном дээр орчлон хорвоогийн орчил, юмс үзэгдлийн холбоо нь гариг эрхсийн нөлөөнөөс үлэмж хамааралтай гэж үздэг зурхайн ухааныг басхүү их дурдсан байсан. Жишээ нь: есөн зоос хаяж мэргэ төлөг буулгаж үзэх болон тухайн гариг эрхсийн таатай болон таагүй нөлөөллийг харж байж тоглоомонд оролцох зэргээр дурдсан байсан.

Хүмүүн өөрийгөө болон юмс үзэгдэлийн цаад нарийн учирийг танин мэдэж, аливааг сайнаар үйлдэхэд гол нь болохоос казино ч байна уу, ямар нэгэн бизнесс ч байна уу тухайн юуг хийж буй нь онцын хамаагүй бөгөөд гол нь зөвөөр эсвэл буруугаар түүнийг үйлдэж буйгаас нь хамаг үр дүн нь хамаарна гэсэн нэгээхэн бодлийг маань давхар уг ном батлаж өгсөнийг дурдая.

За тэгээд уг номыг нэг уншаад та өөрөө нэгийг тунгаана бизээ. Мөхөс би энд зөвхөн өөрийн өчүүхэн бодлийг ядмаглан бичиглэвээ гэж...

2 Comments:

Anonymous said...

Sain baina uu,

Doorh hayagaar orj sonirhono uu.

http://mongolian-agloco.blogspot.com/

Bayarlalaa.

Anonymous said...

Энэ ном наддад бас дажигүй таалагдсаныг хэлэхүү чи ч бараг энэ номын review -г дажгүй гаргаад бичичихэж уншиж үзээгүй хүн байвал уншаад үзээрэй. Нэгийг бодогдуулна шүү.