Wednesday, August 15, 2007

Багын дурсамж - 6

(Хүн болох багаасаа хүлэг болох унаганаасаа. Манай ардын үг)

Багын дурсамж маань үргэлжилж байна шүү, хүмүүсээ наашаа гэчихжээ би :)
Яагаад ойрын хэдэн сард багын дурсамжаасаа бичээгүй вэ гэвэл тэгээд ойлгомжтой доо. Манай ICT салбарынхан ямагт зав чөлөөгөөр хомсхон "азгүй тавилан"-тайм хойно, ПС-ныхээ ард суувал тэгээд цаг хугацаа урсаад алга болно.
Зарим хүмүүс сайхан зохиол байна гээд ер нь бараг зохиолч болчихгүй гэсэн утгатай зүйл хэлээд байсан. Үгүй шүү, зохиосон зүйл огт байхгүй, бүгд л яг болж байсан түүх л дээ. Би ч биш ер нь тэр үеийн хүүхдүүд гэж нэг иймэрхүү л паянтай нүд нь гялалзаж, хөл нь хөөрсөн цоглог "пионерүүд" байсан биз ээ.

Сургуульд сайн дураараа орсон нь буюу би ч бас Филлиппок ш дээ
1-р цэцэрлэгт явдаг байсанг маань та бүхэн мэднэ дээ. Ахлах анги билүү, дунд ангид л байсан байх 6н настай байж л дээ. Ууганцэцэг гээд охин нэг өглөө учиргүй л хар сурагч форм, цав цагаан дэрэвгэр гэж жигтэйхэн паарчиг өмсчихсөн сууж байх юм. Гайхаад асуутал, сургуульд орж байгаа тэгээд гэрийнхэн нь ангийнхантай нь уулзуулж, одоо гаргаж өгөх үдэлт хийж байгаа гэнэ.. Нөгөө өмнө нь бараг нүдэнд өртдөггүй байсан Ууганцэцэг чинь мангар гоё харагдаад, одоогийнхоор бол маниусаасаа "тасраад" алга болно биз дээ, сурагч болно гэж хүний амьдралд том өөрчлөлт байхгүй юу. За тэгээд мань хүн бодлоо: Энэ сурлагадаа тааруухан Ууганаа сурагч болж чадаж байгаам чинь би болж болохнээ гэж.. Бас их барьцамтгай ч бодол юм шиг.. хэхэхэ
Орой нь гэртээ ирээд аав ээж хоёроос асуутал насаа болохоороо хойтон жил ор ухааны юм яриад нэг их авч хэлэлцэхгүй нээ намайг. За тэгээд онц сурлагатан эгчээ сургуулийн талаар сайн асууж аваад, зураг зурахад хэрэгтэй байна гэж бараг худал хэлээд тууш, дөрвөлжин шугамтай гээд хэдэн нимгэн дэвтэр олж аваад булан нь цоороод хэрэггүй болчихсон нэг шар цүнхэнд өнгийн хэдэн харандаатай хийгээд хав дарчихлаа.
Хажуу айлын Цэцэгээ эгч маань манайд орж ирж хуучлахдаа өөрийгөө шинэ анги дааж авч байгаагаа ярьж надад "сэдэл өгөх нь тэр".

За тэгээд хирдээ өөртөө бэлтгэл хангачихсан амьтан ангийнхандаа би сургуульд орлоо гээд гайхуулж ярив. Тэгээд маргааш өглөө нь гэрээсээ гарангуутаа цэцэрлэгээ өнгөрч шууд 1-р сургууль руу зүглэж байтал ангийн хүүхдүүд аав ээжээрээ хүргүүлж явж зам таараад над руу хаачих гэж байгаам бэ, цэцэрлэг энд байна ш дээ гээд л хашгирч байна шүү. Би ч : би сургуульдаа явж байнаа гэж хариу хашгираад тэдний гайхсан царайн дээр маадгар гэгч нь цааш алхах нь тэр ...

За тэгээд сургууль орж бөөн хүүхдүүд дунд холилдон бага ангиуд байдаг нэг давхар дунд орж явчихлаа. Сургуульд ямар орж үзсэн биш, дээр нь тэр үеийн сургуулиуд энд тэнд баахан зураг хөрөг өлгөчихсөн, цэвэрхэн гэж тоймгүй нэг л сүрдмээр, гайхмаар эд байсаныг ч хэлэх үү, нэг хэсэгтээ энэ тэрийг баахан сонирхож явтал бужигнаж байсан хүүхдүүд гэнэт алга болчихсоныг анзаарав. Хүнгүй коридорт ангиудыг 101-нээс нь эхлэж шагайгаад явж байтал коридор дуусахын алдад хажуу хөрш Цэцэгээ эгчийн ангийг оллоо. Намайг харснаа гайхаад ороод ир гээд дуудаж байна. Ороод очтол намайг анги дүүрэн гоё формтой хүүхдүүд дүрлийтэл ширтэж байх нь жоохон эвгүйцмээр юм. Цэцэгээ багш намайг сургуульд орох гээд өөрөө ирсэн гэж дуулаад эхлээд гайхснаа дараа нь миний цүнхийг уудлаад нөгөө хэрдээ бэлдсэн хэдийг хараад тачигнатал инээж байна шүү. Тэгээд аав ээж дээ хэлээгүй ирсэн гэж сонсоод за юу ч гэсэн тэр хойно очоод ном дэвтэрээ гаргаад сууж бай гээд гараад явчихлаа. Явангуут нь хажуу ширээний нэг хоёр нөхөр шууд шүлсдэж бөөрөнхийлсөн уудаг цаасыг над руу гуурсаар үлээж шоглодог байна шүү. Би ч мөчөөгөө өгөхгүй хариу гал нээж хирдээ хэд хэдэн нөхрийн духыг оноодохов гэж. Шинэ юм байж даруухан байгаагүйд нь дургүй нь хүрсэн бололтой нэг том биетэй шар нөхөр хүрч ирээд барилцаж аваад байтал гаднаас Цэцгээ багш, сургалтын эрхлэгчтэй орж ирж амь авраваа.

Ингээд бэлтгэл Г ангид дундаас нь орж хичээл хийсний дараа сурлагадаа сайн, биеээр ч том юм гээд сургуульд оруулахаар болсон юм даа. Дараа нь аав очиж бас уулзаад хүүхэд өөрөө сургуульд дурлаж байхад хориод яахав гэж шийдсэн гэсэн.

Сүүлд нь уран зохиол хичээлийн ном дээр яг над шиг Филлиппок гэдэг байхаа нэг хүүхэд сургуульд нас нь болоогүй байхад очиж орсон түүхийг уншаад надтай адилхан юм байна гээд инээд хүрч байсан даа.

Анхны хичээлийн шинэ жилийн нээлт
88 оны намар 1-р ангидаа орохоор болтол алдарт багш Жийжрагчаа шинэ анги авч байгаа. Дандаа 7 настай хүүхдүүдтэй, туршилтын тусгай шинэ ном сурах бичигтэй анги гээд тийшээ буюу 1а ангид оруулах болов.
9 сарын 1 ний өглөө болж ах, эгчтэйгээ хамт очтол нөгөө хэд ч ангийнхантайгаа нийлээд намайг тоохгүйнээ. Ахыгаа бараадсан болж явж хичээлийн шинэ жилийн нээлтийг анх удаа сонирхон амаа ангайлгав.
Сургуулийн үүдэнд бүх багш нар гарч ирээд бүх сурагчид П үсэг хэлбэртэй тойрч зогсоод үг хэлэхийг сонсов. Яг юу гээд байсныг бүү мэд, дараа нь харин нэг зүс таних охин гарч ирээд нэг хонх жингэнүүлэн сурагчдын өмнүүр тойрч гүйгээд дараа нь багш нарын өмнө очиж мөн в жингэнүүлэв. Дараа нь бүгд алгаа хэсэг ташиснаар нээлт дуусч бүгд хичээлдээ орцгоовоо. (Одоогийнхоор show tarav гэж хипхоп дууны нэр шиг :P )

Ангийнхаа хаалгыг анх алхсан нь
Ингээд дотогшоо ахтайгаа орж ангиа хайж явтал 101 ангид 1а гэсэн хаяг байна. Гэтэл яг орох гэтэл зүрх түгшээд орж чаддаггүй, үүдэн дээр нь очоод хаалгыг нь татаж зүрхэлдэггүй ээ. Хэхэ.. Тэгсэн чинь ахын ангийн хүүхэд гэнэт хаалга нээнгүүтээ намайг түлхээд пал хийтэл оруулж орхидог байгаа, тэгснээ пижигнэтэл зугтаж энэ тэр.. Баас их сахилгагүй нөхдүүдээ тэд нар гэж, арга ч үгүйм даа 3-р ангийнхан гэж халууд л байлгүй яахав.
Жийжээ багш тэд нарын араас ухас гэж гарснаа амандаа юм үглэн надаас хэнб чи гэжийнэ. Нэрээ хэлтэл аан за, яагаад хоцорч байна. Тэр арагшаа суу гэв.
Ингээд л хичээлдээ ороод анхны А үсгээ заалгаад, бүүр зориулалтын хичээнгүй бичгийн шинэ дэвтэр, цэнхэр хавтастай шинэ цагаан толгой номоо үзэв дээ.

Аматануудын анхны зодоон
Манай анги хэд хэдэн атамантай гэж байгаа.. Бүүр бэлтгэл ангид байхдаа тодруулчихсан хэрэг л дээ. Би гэж шинэков бол ямар ч аматан мөрдөс байхгүй шууд л энгийн байлдагч болдог юм байгаа биз дээ.. Хэхэхэ.
1-р атаман Лхагваа гээд биеэр жижиг ч, өрсөлдөгчөө үсдэж унагаад байяа гэтэл нь туг тугаар зулгаах арга техникийн онцлогтой ч хэрвээ шууд өдөхгүй л бол нам тайван нэгэн.
2-р атаман нь Золжаргал гээд одоо манай дотны маань найз болсон биерхүү, өндөр том зузаан хүүхэд.
3-р атаман нь Цэнд-Аюуш гээд маш зальжин, хэрүүлд дуртай, сахилгагүй биеэр гайгүй шар хүүхэд. Ширээн дээгүүр гүйгээд л байх нь тэр.

За тэгээд удалгүй л "сөргөлдөгч талууд өөрсдөө тодроод янз янзын хилийн маргаан зөрчилдөөн гарч улс орны гадаад байдал ноцтойгоор эргэж эхлэнэ дээ".
3-р атаман болсон нь:
Нэг өдөр Цэндээ ээлжит ширээн дээгүүр гүйх бэлтгэлээ хийж байгаад миний ном дэвтэр дээр халтар мөр татуулснаас хэрэг үүсэв. Би ч шууд ширээн дээгүүр гүйхээ болих хэрэгтэйг сануултал шууд элгэндээ өшиглүүлэх хариу авав. Аргагүй ш дээ. Атаманы өмнөөс аймшиггүйгээр хэн намайг сөргөлд гэсийн, дуугай л хар болсон ном дэвтрээ цэвэрлэх ёстой ш дээ. Хэхэ. Тэгэнгүүт нь шууд дээш үсрээд зангидсан гараараа шанаанд нь буулгаж орхитол нөгөөх чинь усан нүдэн гүнж болж зиндаа буурав. Ааяа, ингээд анги дотор кареер шууд өсч орхих нь тэр дээ.. Намайг тойрч л гүйлдэх ёстой бололгүй яахав.

2-р атаман болсон нь:
Нөгөө даварсан шинэков чинь атаманы мөрдөстэй болцийм чинь одоо 2 руу үсрэхийг бодолгүй яахав. Тэрийг ч мань Золоо гадарлалгүй ч яахав.
Ангийн охин Золоогийн хайртай орос заводын ганган харандааг санаандгүй унагатал 2 хуваагдаж орхих нь тэр. Золоо ч муухай хашхираад нөгөө охиныг алгадаж орхитол мэдээж нөгөө нь уйлж л орхино ш дээ. Охидуудад ямар атамануудтай адилхан зангидсан гар, хөвчирсөн хөмсөг байх биш хөөрхийс.. Тэгээд улаан пионер хүмүүжлийг Радуга номноос уншиж чадахгүй ч сонсож өссөн би яаж тэсэхэд, энэ завшааныг ашиглаад нөгөө охиныг өмөөрч Золоогийн ширээ руу Ж.Буш шиг "ардчилал шудрага ёсыг хамгаалахаар цэргээ оруулчихна" биз дээ.
Дайны ажиллагаа эхлээд 2, 3 дугаар эгнээний партуудын арын эгнээнд өрнөв. Хоёр талын ширээнд дээр хоёр гараараа тулаад бие биеэ рүүгээ хөлөөрөө хүчтэй хүчтэй ээлжилэн жийлцэв. Энэ нь бид хоёрт биш хажуугийн "хөрш улсын энгийн ардууд" ихээр "хэлмэгдсэн" тул самбарын өмнөх сумо дэмжээ шиг жижиг газарт олны нүдэнд дээр өрнөв.
Хоёул гараа зангидаад ээлжилэн бие биеэ рүүгээ довтлов. Гол нь цэцэрлэгтээ овоо аматан байсан ч юм уу, би гараа ондоо техникээр зангидсан маань тулаанд ялах "давуу технологи" болоо доо. Тэр нь гарын дунд хурууны ясархаг дунд үеийг бусдаас илүү гарган зангидах, тэрийгээ эрхий хурууныхаа үзүүрээр сайн тулах явдал байгаан. Тэгээд нүдээ аниад хоёр гараараа ээлжилэн саваад орж ирэх өрсөлдөгчийг нүдээ огт цавчлахгүй сайн хараад, жоохон тонгойн өөрийн толгойгоо зайлуулаад өрсөлдөгчийн саваад ирж байгаа хоёр гарны эргэлтийн хэмнэлд тааруулаад ганц баруун нударгаар духан дунд нь хэд хэд хатгаад өгсөн чинь үсэрч ирсэн эрчиндээ арагшаа савж унаад "дийлдэх нь" тэр дээ.
За үүнээс хойш охидууд над руу арай өөрөө хараад ч байсан уу гэвэл ёстой бүү мэд дээ гэсэн ... Хэхэхэ

1-р атаман болсон эсэх
За тэгээд нөгөө шинэков чинь харин "эдийн засагийн огцом үсрэлт" хийгээд "НҮБ"-ээр 2-р атаман мөн гээд зөвшөөрүүлчихсэн юм чинь одоо 1-р атаманы суудал "харагдаад" байлгүй яахав. Тоглосон юм даа. Би багадаа хэрэндээ таарсан хүмүүжилтэй өссөн хүүхэд байсан болохоор тийм зодоон цохион хийх сонирхол байгаагүйм. Зүгээр л, нударага гаргах шаардлага гарвал гаргачихдаг, гарахгүй бол гаргадаггүй тийм л хүүхэд байсийм.
Харин би Лхагваатай яагаад зодолдсоноо сайн мэддэггүй юм. Юунаас ч болсийм бүү мэд дээ. Одоо санахад өмнөх амжилтандаа "толгой эргээд" тэгсэн ч байж мэдэх цаадах чинь.
За тэгээд тулаан шууд самбарын өмнө ямар ч өмнөх үзүүлэх тоглолтгүйгээр маш хурдан өрнөв. Лхагваа гэнэт үсэрч орж ирээд миний муу хэдэн сөрөвгөрүүдээс хоёр гараараа гүн гэгч зуураад дотор муухай оргитол арагш гэдийлгэн татах нь тэр дээ.
Нөгөө Радуга номноос сонсож байхад ийм төрлийн техник нь шудрага бус гэсэн төрөлдөө байдаг гэж гадарладаг байсан болохоор ч тэрүү, ийм онцгүй "бактерлогийн зэвсэг" арга хэрэглэж байгаад нь дургүй шууд хүрч "адилхан бол адилхан" зарчим ёсоор бас гүн гэгч үсдэж аваад хэний хуйх "бөх материалаар" хийгдсэн, хэн их нулимсаа тэвчсэн, хэний гар хуруу удаан сарвайдгаа үзэж тарах нь тэр...
Тухайн үедээ энэ тулааны талаар манай ангийнхан дотроо хоёр хуваагдчихсан байсан юм даг. "Олон улсын тоймчдын" үзэж буйгаар тулааны дараа нэг хэсэг нь зулгаалгасан үсээ хараад миний нулимс гарч байхыг харсан гээд, нөгөөх хэсэг нь багш орж ирж бид хоёрын орооцолдоог гаргасны дараа Лхагваа чимээгүй, нууж уйлсан гэдэг байсан доо. Хэхэхэ
Тэгээд ер нь 1а анги чинь хоёр 1-р атамантай болцийм биш үү. Хүүхдүүд хөөрхөн ч байж дээ.

1а ангийн 1-р "дайн"
За тэгээд дэггүй Цэндээ, томоотой Золоо, шазруун Лхагваа бид нар хэдийгээр өөр ангийнханы өмнө "жижиг" наадаг байсан ч дотроо бас хоёр "фракц" болдог байж. Учир нь бусад ангийнхан дор хаяж 15н бандитай "атомын бөмбөгтэй" байхад манай анги 8н хөвгүүнтэй бас "цөмийн бөмбөггүй" болохоор аль болох "дипломат" аргаар гадаад харилцаагаа зохицуулахыг бодно л доо. Хуваагддаг хоёр фракц нь яагаад ч тэгж хуваагдаж байсныг нотолчих тийм ийм гэх баримт санахгүй байвч Ука, Тулгаа, Цэндээ, Түмээ гэсэн дэггүйчүүдийг фракц, Золоо болон би гээд гайгүй сурлагатан Орост төгссөн аавтангуудын фракц болж байсан байж мэднэ. Тэгээд олон удаагын хурцадмал байдлууд нийлээд нэг өдөр жижигхээн шалтгааны улмаас сургуулийн өмнөх 36 байрны саад дотор ил хүч тэнцвэргүй тулаан болов оо.
Золоо бид хоёр хоёулханаа, эсрэг талд нөгөө 4 байсан байхаа.
Тулааны эхлэлийг Золоо Цэндээ хоёр эхлэж, бусад нь ар ар талд нь янз янз өрөлт аваад нөөц хүчинд зогсов. Гол өрөлт нь хөлөө мөрний хэмжээтэй бага зэрэг алцайж зогсоод хоёр гараа зангидаж, нэг гараа элгэндээ, нөгөө гараа мөрнийхөө тэнд авах. :O
Золоо Цэндээгийн шанаанд хүчтэй цохилт өгч жагсаалаас гаргатал Тулгаа араас нь өшиглөж оров. Би ч Тулгаагийн хажуугаас давшилт хийтэл миний араас Ука бас өшиглөн оров. Ингээд Золоо бид хоёр өөрсдийн нурууны өндрийг ашиглан өрсөлдөгчдийг хол барьж тогтоогоод гэнэт довтлон нэг нэгээр нь жагсаалаас гаргах аргаар тулааваа.
Гэнэт ар тал "За хүүхдүүд, юу гээч нь болж байгаан" гэсэн том дуу сонсогдох чимээнээр цочин хартал харин манай аав ойртож явахыг харж магнай тэнийх нь тэр.
Ингээд Золоо бид хоёрыг салган авч гэр гэртээ харицгаасан доо.

Эрэгтэй хүүхдүүд хар багаасаа л гар зөрүүлэх нь угаас хүмүүний нэг ёсны жам биз. Бусад орны хүүхдүүд яг яадгийг мэдэхгүй ч монгол цус буцалж буй хүүхдүүдэд энэ нь 6-7 р ангид ортол тэр бүр арилж өгдөггүйг өөрийн биеэр туулсны хувьд хэлнэ л дээ. Тэгээд ч энэ наснаас хэтрээд ирэхээр сэдэлт улам гүнзгийрч бас нэг нэгнийгээ гэмтээх түвшинд очдог учир энэ наснаас дээших хүүхдүүдийн хувьд аюултай үзэгдэл юм. Харин бага насны хүүхдүүд хүч нь сул байдаг тул биед гэмтэл үзүүлэх явдал гардаггүй ба бас тэдний энэ авир нь өөрсдийн насныханы ертөнц, нийгмийн харилцаандаа байр сууриа олж авах оролдлого, тэмцэл юм гээд хэлчихэд буруудахгүй биз ээ.

Хүүхэд насныханд өөрсдийн ертөнц байдаг ба тэр нь томчуудын ертөнцөөс тэс өөр билээ.

9 Comments:

Bayana said...

Баг насны түүх бараг нүдэнд харагдаж байна шүү. Сайхан бичсэн байна. Цааш нь бичээрэй. 1/2 1-р атаманаа

Unknown said...

хэ хэ хэ, ёстой мартагдсан дурсамж сэргээсэн сайхан түүх байна. Үргэлжлэлийг нь хүлээж байгаа шүү Атаман Семёнов! :P

ZAYA said...

"Сургуульд сайн дураараа орсон нь буюу би ч бас Филлиппок ш дээ"
гэдэг чинь бүр ч хөөрхөн дурсамж байна.
Намайг нэгдүгээр ангид байхад Толстойн уранзохиолын номыг ээж авч өгсөн юм. Тэрэн дээр Филлиппок бичигдсэн байсан. Даанч Авторын санадаг мөртлөө номынхоо нэрийг санадаггүй юм. Тэр номыг гүйцэт уншаад уранзохиолын ном унших өвчин тусаж билээ.

БЭ said...

yasan ih ineevee, bur nudend haragdtal ongotoor bichsen baina, avyaslag ataman baina aa.

Anonymous said...

mani chini bol 8 tQgsQtQlQQ ataman bailaa. Ter ved nadruu muuxai xarax ch zorig veiinxend maani daan ch baisangvidee. Odoo bodoxod tendees l totaliator geechiin songodog jishee baisan yum bolowuudaa.(xexe) Bie eer tiim ch tomgvi ch nadas bvgd l aidag baisan yum. Xarin 8 aas xoish nomiin xvn boloxoor shiidlee. texdee l chadaagvi ldee.

Tsoomii said...

bi bas angiinhaa ataman baisan sh dee, angi barag ugaadaggui blaa sh dee he he

AD said...

хэхэ би арай л өөр байсым байна.. тэхдээ л дурсамж сэргэчлээ.. өнөөдөр их үнэхээр сайхан өдөр байшүү :)

Anonymous said...

heheh buur savaagad haychilaa henii huih edeer hiigdsen , daraa ni nuuj chimeegui uilsan gej mej yaj onoj bichiv ee heheh huuhduud ee gej , huurhun uma

Arsun said...

Хэхэ, сайн уу атаманаа. Бага насны дурсамж сэргэчихлээ. Хөөрхөн юмаа.