Сүүлийн үед бичлэгүүд маань бизнес чиглэл рүү нилээд хазайж байгаагаа өөрөө ч ажиглах боллоо. Учир нь би өөрөө хувийн хэвшлийн салбарынх буюу бизнес эрхлэгч юм. Гол онцлог нь би байнга хэлэх дуртай "оргүй хоосноос баялаг бий болгогч" салбар буюу оюуны салбарт л ажилладаг юм. Энэ нь өөрсдийн эрдэм мэдлэг, чадвар зэрэг гарт шууд үл баригдах баялагыг эргэлтэнд оруулахыг хэлж байгаа юм л даа. Анх их сургуульд эдийн засгийн анхан шатны хичээлүүд орж байхад энэ нь нэг л "уйтгартай, залхуутай, ач холбогдолгүй" хичээлүүдийн тоонд ордог байв гэж.. Тэр үед хурдхан шиг бүх мэргэжлийн хичээлээ үзэж дуусгаад үйлдвэрлэл, практикт гарах гэж яарсан, бага сага зүйл гадарлаж хэдэн зуухан мөр код дотор ажилладаг "мундаг" оюутан байваа.
Саяхан "Бизнес төлөвлөгөө ба Сүнз" номыг уншиж байхад Дайлах урлаг нь бизнес ажиллагаатай адил мөн чанартай болох санааг дэвшүүлсэн байсан нь миний бизнесийн мөн чанарын талаар өмнө бодож явсан яв цав таарч ёстой "загтнасан газар маажих" адил боллоо. Эртний хятадын алдарт жанжин Сүнз нь 13 бүлэг бүхий судар бичгийг өнөө үлдээсэн нь дэлхий алдарт бизнесменүүдийн уншиж судладаг чухал судар гэнэ. Уг номны бизнес төлөвлөгөө гаргах хэсэг нь санаа авууштай зүйлс их байсан ч надад Сүнзийн дайлах урлагын бичвэрүүд ихээхэн сонирхол татаж байв.
Дайлах буюу аян дайн нь бусдын газар нутаг, эд баялагыг эзлэн түрэмгийлэх шинж чанартай байдаг бол бизнес нь газар нутаг дахь хүмүүсийн хэрэглээг хангахаар эзлэн авдаг нь адил шинж чанартай. Мөн үүнийг эзлэн авсан эсвэл эзлэхийг хүсэгч нэгтэй өрсөлдөх тул энэ нь дайны ажиллагаа болно гэж хэлж болох. Жишээ нь:
Тагнуулын ажиллагаа:
Аливаа дайныг эхлэхээс өмнө заавал тагнуулын ажиллагааг явуулж өрсөлдөгчийн талаарх бүхий л мэдээ баримт болон тухайн дайны ажиллагаа явагдах газар нутгын талаар хангалттай мэдэж авсан тохиолдолд л дайныг эхлэх хэрэгтэй гэж өгүүлжээ. Өөрөөр хэлбэл маркетингийн судалгааг явуулж өрсөлдөгч компаний бүхий л үйлдэл, ажиллагааг мэдэж авсан бол өрсөлдөөнийг эхлүүл.
Сул тал руу довтлох:
Дайсны хамгийн хамгаалалт султай тал руу цохилт өгөх. Ухаалаг жанжид өрсөлдөгчийн сул талыг сайн мэддэг ба үүнийг тулаанд голлон ажиглана. Бизнест бол өрсөлдөгч этгээдийн бүтээгдэхүүн, үйлчилгээний сул талыг олж харж үүнээс илүү гарсан бүтээгдэхүүн, үйлчилгээг гаргах.
Удаан эхлэл, хурдан ажиллагаа:
Дайн гэдэг нь эдийн засгийн томоохон ажиллагаа тул дайныг эхлүүлэхээс өмнө бэлтгэлийг сайтар базааж авах бөгөөд сайн жанжин дайнд нэг сайн бэлдээд шууд хөдөлдөг. Харин тулааны үед хөдөлгөөн маш хурдтай бөгөөд шуурга шиг довтолгон орж, утаа адил замхран одно. Бизнест эхлэхийн өмнө сайтар төлөвлөж, бүх зүйлийг нарийвчлан сайтар тооцоолох бөгөөд харин ажиллагаа эхлэсэн даруйд гүйцэтгэлүүд хурдан, чанартай явагдах ёстой.
Тулааны идэвхжил:
Тулаанд цэргүүд өглөө их эрч хүчтэйгээр ороод, үдэд саарч, үдэш дуусдаг. Өөрөөр хэлбэл өдөржин зууралдсан тулаан нь огт ашиггүй бөгөөд эцсийн үр дүн багатай. Тулаан маш хурдан, оновчтой байхаар сайтар төлөвлөгдсөн байх ёстой бөгөөд цохилтыг хурдан өгч, тэр даруйд үр дүн харагдах ёстой. Бизнест энэ нь хамаг байдгаа шавхан өрсөлдөгчтэй удаан зууралдах хэрэггүй бөгөөд энэ нь эцэст аль алины дампуурлаар төгсч болзошгүй ба эсвэл гуравдагч хүчтэй этгээд та хоёрыг салам цохиж зах зээлийг эзэлж ч болох. Иймээс тухайн стратегийн ажиллагааны үр дүн гарахгүй удах шинжтэй стратегийг өөрчлөх хэрэгтэй.
Дайсны чадал:
Ухаалаг жанжин нь өөрөөс хэт хүчтэй дайсантай тулахаас аль болох зайлсхийдэг бөгөөд дайсан өөрөөс хэд дахин их бол зугтна, 2 дахин их бол ухраад салгаж тулна, адил бол ухаалаг тулна, цөөн бол довтолно, хэд дахин цөөн бол бүслэнэ. Энэ нь бизнест өөрийн салбарын бусад компанитай өрсөлдөхтэй адил бөгөөд хэт хүчирхэг компанитай шууд өрсөлдөөн зарлаж тэмцэлдэх нь огтоос ашиггүй болохыг харуулж буй юм.
гэх мэтчилэн дайтах урлагын тухай дүрмүүд олон бий бөгөөд цааш дэлгэрэнгүйг нь Сүнзийн өөрийн эх ном эсвэл Бизнес төлөвлөгөө ба Сүнз номоос уншина бизээ.
Сүнзийн уг дайлах урлагыг практикт хамгийн сайн харуулсан нь яах аргагүй манай өвөг дээдэс буюу Чингис, Бат, Зэлмэ, Сүбээдэй гэх мэт алдарт жанжид юм. Тэр үеийн тулааны талаар уншиж байхад өөрийн эрхгүй тэдний цэргийн чадварыг биширч догдолдог юм. Учир мэдэх хүмүүс Монголчуудад тэр үед уламжлан хадгалж ирсэн "Таван өнгөт хөлгөн судар бичиг" гэж яг ийм тулааны урлагын судар байсан ба манай өвөг дээдэс маань тэрхүү бичгийг сайтар мэддэг байж. Харин Их Юань гүрэн унаж Монголын Их хаан Төмөр Бээжингээс хөөгдөх үед тэрхүү судар алдагдсан гэдэг. Ам ярианаас бол монголчууд хөөгдөн зугтахдаа 5н замаар салж зугтсан бөгөөд эд хөрөнгө, хүн ард, ном судар гэсэн хөсгүүдийн зөвхөн судар бичиг бүхий хөсгийг хятадууд хөөсөн гэдэг. Одоогийн өвөр монгол орчимд судартай хөсөг гүйцэгдэхэд судруудыг ууланд нуусан бөгөөд үүнийг нилээд хэдэн үеэрээ эрж байсан гэдэг. Тэр нөгөө хятадын кино нь дээр хүртэл "Сэрүүн салхи сэвшин үлээж, сэлгүүцэхээс өөр ажилгүй нада, Сэтгэл сэргэм юутай сайхан" гэж балайрдаг хэн билээ нэг овжин залуутай кино дээр нэг хосгүй судар л хайгаад байдаг шүү дээ. За тэр чинь тэгвэл уг сударыг хайж байгаа нь өдгөө кино болж хүмүүсийг зугаацуулах байж л дээ. Дараахан нь хятадын нэг жанжин хэдхээн цэрэгтэй орж ирээд Хархоринг маань түймэрдэж орхиод (сүүлд комминустууд сүйтгэх төөрөгтэй байсан юм байлгүй дээ) явсан нь хятадууд цэргийн эрдэмд монголчуудыг хол хаясны илрэл гэж үздэг байна.
За сэдвээсээ хазайсан давхижийна. Манай улс анх 90 оны эхээр зах зээлийн системд шилжиж байх үеийн бизнесийнхэн Монголын Нууц Товчоонд гардаг хагархай бутархай ханлиг, овог отгуудтай адил байсан мэт санагддаг. Жижиг жижиг ханлигууд хоорондоо дайтаад, эсвэл эв найрамдалтай зэрэгцэн оршиод л.. Тэр үед баахан л тохиролцооны дэлгүүр, лангуунууд байдаг байсан шүү дээ.. Жижиг жижиг ХХК-ууд л юм даа.
Удалгүй эдгээр аймгуудаас зарим овжинууд нь бусдыгаа залгиад, дарсаар томорч эхлэцгээнэ. МСиЭс, Номин, Түшиг, САПУ, Женко, Ньюком гэх мэтчилэн холдинг, групп, корпорациуд ванлигууд болно биз дээ. Энэ үеэс эхлээд маркетинг, менежментийн жинхэнэ дайны ажиллагаанууд явагдаж эхлэсэн гэж бодогддог. Урьд 100-ын ундаа гээд энд тэндгүй эрүүл ахуйн ч шаардлага хангаддаггүй гаазтай ус савлаад зардаг байсан ХХК-уудыг МСиЭС КокаКола шууд 150-иар дараа биз дээ. Энэ чинь л аян дайн байхгүй юу...
Тэгвэл одоо Хүнсий салбарт Өгөөж, Талх Чихэр, Стимо, Бамбууш гэх мэтчилэн,
Барилгын салбарт Цаст констракшн, Эрэл, ...
Нийтийн түргэн хоолны салбарт Хаан бууз, Зочин бууз, Хүрээ бууз, өвөө бууз, эмээ бууз ...
Үүрэн телефон холбооны салбарт Мобиком, Скайтел, Юнител ... гээд дайнууд болж байна даа.
За тэгээд ванлигууд бүүр томроод улс оронг дамнаад ч байлдана. Хамгийн тод жишээ нь
Майкрософт болон Нээлттэй Эх бүхий Програм хангамжийн ертөнц буюу бусад гээд.
Билл Гэйтс маш олон талбарт маш олон томоохон дайн хийж суудаг:
Internet Explorer vs Firefox, Mozilla, Opera, ...
C# vs Java, PHP, Perl, Python, ...
Media Player vs Mplayer, RealPlayer, Quicktime, ...
Windows vs Unix, Linux, MacOS, ...
MS Office vs OpenOffice, ...
MSN vs Yahoo, Google...
Zune vs iPod ...
гээд л байлдаж өгнө дөө.
За тэгээд ер нь амьдрал гэдэг өөрөө тэмцэл юм хойно бусадтай иймэрхүү маягаар тэмцэлддэг байж харин хамгийн хэцүү тэмцэл бол тэгээд өөрөө өөртэйгээ тэмцэлдэх, өөрийгөө ялах ялалт л гэж бодж байна. Хамгийн хэцүү дайсан болох залхуурал, зуршил, сул талаа ялсан бол та бусадтай тэмцэлдэж чадах болжээ гээд бодчиход нэг их буруудахгүй биз.
Links:
The Sun Tsu - The Art of War
Software Wars
Бат, Сүбээдэй нар Дорнод Европт
3 Comments:
сонирхолтой мэдээлэл байна. Баярлалаа. Энэ ном хаана зарагдаж байна?
Би бас энэ номыг уншисан гэжугаа. Эрхэмээ сайн бичжээ. Харин энэ номны үг үсэг ариутгал муу хийгдсэн бололтой байна лээ. Мэдээжийн үсгийн алдаа ихтэй байсан. Гэхдээ хэлэх гэсэн санаа нь бол янзтай болохоор тэр зэрэг ч яахав... Монголчууд байлдах ухааныг сэддэг Хятадууд урлаг болтол нь хөгжүүлдэг гэж нэг үг сонсож байсан санагдаж байна лээ. Үнэн худлыг бүү мэд. Гэхдээ Хятадууд Монголыг яаг байлдаад дийлсэн түүх ховор тул хэн нь байлдаж чаддаг байсан нь бараг ойлгомжтой бизээ... Гэхдээ яахав дэлхий даяараа биширдэг энэ номыг нь уншиж үзээд бодууштай зүйлсийг нь авах л хэрэгтэй... (интерномд 8000 гэлүү дээ.)
Харин тэххх, Баабарын хэлснээр Энэ гайхамшигтай цагаан хэрмийг барьсан ард түмэн гайхамшигтай түүхтэй байж таараа. Харин ийм гайхамшигтай цагаан хэрэм барихад хүргэсэн ард түмэн бүүр гайхамшигтай түүхтэй байж таараа. гэсэн үг нь их таалагддаг юм.
Харин тэр номны редактор эдэр нь над шиг алдаатай бичдэг товаришууд байна лээ л дээ.
Саяхан энэ "Бат, Сүбээдэй нар дорнод европод" гээд нийтлэлийг бичсэн Номинчимэд хүнтэй холбоо тогтоогоод ийм түүхэн нийтлэлийг блог болгож бичээч гэж хүссэн. Угаасаа ном болж гарахаар болж байгаа гэсэн, би ч хүлээгээд л сууж байна даа. Сүүлийн үед хүмүүс эргээд ном, хэвлэл ихээр уншиж, номны бизнес ч бас ашигтай тал руу орж байна уу даа гэж бодоод байгаа. За тэгээд номны мөр цагаан учраас зөв л дөө. УБ даа л ганц Интэрномын дэлгүүр пиг хүнтэй байдаг болцон, карт эдэрээр тооцоо хийдэг болцон байна лээ ш дээ. Хөдөө орон нутагт л сонингоос өөр зүйл байдаггүй байх
Post a Comment