Wednesday, January 31, 2007

Багын дурсамж-5

"Хүн болох багаасаа, хүлэг болох унаганаасаа" манай ардын үг.

Багын дурсамжаа бичилгүй их удчихаж. Их ажил, завгүй эдэр гээд хариулт тодорхой, за тэр яахав. Сүүлд юу бичив гэдгээ санахын тулд өөрөө өөрийнхөө түүхийг унших шив.

Нохой сайн нөхөр
Дунд ангид байхад манай эмээгийнд нэг айлын нохой урвачихсан юм. Орос овчарка л даа. Манай ах нохойнд их хайртай байсан юм, тэгээд айлаас нэг овчарка гөлөг авчраад бүүр өвөртөлж унтдаг байсан. Би ч юу гэж нохойтой унтахав. хэхэхэ. Овчарка маань Лайк гэдэг нэртэй, эмээгийн хашаанд тэрүүхэндээ ахын засч өгсөн үүрэндээ их додигороо. Алтны үйлдвэрт ажиллаж байсан болгарууд буцахдаа үлдээсэн гэсэн. Хөөрхий монголчуудад ирээд гадаа л хонож таарна л даа.
Анхандаа над руу дайраад, хуцаад байдаг байсан, ахыг харвал ч гөл л дөө. Тэгээд нэг өдөр ахтай хамт очиод, ахаар зандруулж байгаад жоохон хулгаж байгаад хэд иллээ. Эхлээд Лайк ч гэсэн бүлтэгнээд байснаа хэд илсний дараа харц нь зөөлрөөд ирэв. Ингээд ер нь хоорондоо дассан гэх үү дээ. Би ч хашаан дотор хөөцөлдөж тоглоод янз бүрээр нуугдаж энэ тэр, тэрүүхэндээ л зугаацчихна. Харин нэг ядаргаатай нь хичээлдээ явахаар гарахаар араас дагах нь их хэцүү. Нэг өдөр завсарлагаанаар ангийнхантайгаа гадаа сууж байтал Лайк хүрээд ирчихсэн ард зогсож байдгийн. Охидуудаас ичсэн ч гэж юүхэв. Тэгээд маргааш нь мэдээгүйм шиг явжийгаад булан тойрч нуугдтал араас яарчихсан давхиад гараад ирдэг байгаа. Гэртээ хариач гээд л хашхираад чулуугаар баахан нүүлгээд, нилээд л дөвчигнөв. Сүүлээ хавчиад л зугтааж байна. Ингээд харин мань Лайк миний араас асар холоос, асар нууцаар дагадаг болчихлоо.
Нэг орой хичээлээ тараад эмээгийнх рүү явжийтал гудамжны буланд хэдэн банди нар зогсож байна. Санаанд ч оролгүй хажуугаар нь гарсан чинь нэг халтар баагий хүрч ирсэнээ мөнгө байна уу гэхгүй юу. Байхгүй гэсэн чинь, чи хаанахынх юм, манай энүүгээр үхсэндээ яваад байгаан ухааны юм ярьж байна. За тэгээд хэрэг ч бишидлээ, цүнхээрээ зодолдоно доо гэж бодоод зогсож байтал шууд шанаанд тас... Арагшаа суун тустал дээрээс өшиглөцгөөж эхлэлээ дээ. Нүүрээ дараад эвхэрч хэвттэл нэг нохойн дуу гараад пижигнээд явчихлаа. Харсан чинь Лайк нэг нөгөөдүүлийг хөөчихсөн давхиж байна. Тэгээд араас нь хэсэг хуцаж байгаад над руу эрхлээд хүрээд ирсэн. Тэрнээс хойш Лайкыг надаас уйдтал нь л хичээлдээ би гэж хүн "хамгаалагчтай" явдаг байлаа. Харин бүүр сүүлд олон золбин нохойнд уруулаад өвдөж хэвтжийгаад үхсэн дээ хөөрхий.

Цуглуулга
Манай ээжийн цуглуулж байсан нилээд марк байдаг байв. Бараг 90 оны эх хүртэл цуглуулсанг тоолвол 3000 гаруй болох байхаа. Тэд нарыг амьтантай, хүнтэй, онгоцтой ... ч гэж нэг ялгаад орос монгол ... ч гэж нэг ялгаад л суудаг байж. Блокууд их ховор, ихэнхи нь дан маркууд... Одоо ч гэсэн хааяа марк харахаараа цуглуулж байх юмсан гэж бодогддог юм шүү. Харин аавын найзынд нэг удаа очтол баахан нохойтой орос шүдэнзний хайрцаг цуглуулдаг байсан. Би ч шүлсээ залгин залгин баахан эргүүлж тойруулж харж харжийгаад арай л нэгийг нь гуйж зүрхлэлгүй харьж билээ.

.... удахгүй үргэлжлүүлнээ, харих болчихлоо :(

4 Comments:

Ochko said...

Нохой үнэнч нөхөр байж чадна шүү. Харин Лайк чинь өрөвдөлтэй юм болжээ. Надад ч гэсэн өвөө маань нэг гөлөг олж авчраад сүүлдээ бүр зөнөсөн. Дараа зав гарвал бичнээ, гоё санагдчихлаа, чиний багын дурсамжуудыг уншихаар хүүхэд болчихсон юм шиг гоё санагдаад байхын. Би бас марк цуглуулж эхлэж байгаад хаячихсан. Гоё шүү.

Эрхэмээ said...

Харин миний бага нас ийм сонирхолтой байсан юм уу, эсвэл хүн бүрийн бага нас ийм дурсамжтай байдаг ч юмуу бүү мэд. Би зарим хүнийг бодоход багын явдалуудаа бага мартсан шиг байгаан. Зарим хүмүүс энэ бичлэгүүдийг зохиож бичсэн уран сайханы зүйл гээд ташаардаг шиг байгаан, үгүй л дээ. Энэ бол яг л надад тохиолдсон явдалууд бөгөөд мөхөс би уран сэтгэмж эдэрээр ийм зохиолорхуу юм бичихгүй гэдгээ өөрөө мэднэ л.
Яг бодит явдал болохоор илүү хүнд ойр хүрдэг байх гэж боддог.. Цааш үргэлжлүүлэх явдалууд зөндөө бий.. Харин яг хаана очиж зогсох вэ гэдэг л асуудал болоод байгаан.. Хамаг хувийн юмаа тогоруу, барбаяр эдэр шиг биччих гээд, хүнд бас дэлгэх дэлгэхгүй зүйлс бий гэдэг нь ойлгомжтой

Anonymous said...

Чиний бичлэгийг уншаад яг уйлах гэжийнэ. Би багадаа бас хөөрхөн шотланд овчарктай байсан.Хөөрхий минь гудамжны нохойноос гударга тусаад их өрөвдмөөр өнгөрсөн дөө. Нохойноос айдаг хүүхдүүдийг зориуд хойноос нь хөөх гэж байгаа дүр үзүүлж айлгаад л, хэ хэ, тэрүүхэндээ жоохон дүвчигнэдэг л байж дээ.Дараа нь бас нэг банхар гөлөг гудамжнаас олж авчраад, ёстой нэг улаан нялзрай юм байсан. Гудамжинд төрөөд хэдхэн хонохдоо их зовсон байх аа, нэг нүд нь бүүр нуухандаа баригдаад юм харахааргүй наалдчихсан. Тэгээд л өнөөхдөө нэр өгөөд л, ус цасанд оруулж, нүдий нь эмчлэх гэж үзээд л. Манай эмээ намайг нохойнд хайртайг мэддэг болохоороо л тэгж гудамжны хашлага ч давж чадахгүй өнхөрч унаад байсан бондгор юм гэртээ тэврээд ороод ирэхэд юм хэлээгүй байх. Эхэндээ эмээгийн таавчиканд ороод л унтаад өгдөг байж билээ. Том болоод юун таавчиканд унтах, нөгөө нүд нь эдгэрч зүв зүгээр болоод, ёстой сүртэй гоё банхар болсон. Манайд ирсэн лам харин нохой таарахгүй айл байна гэж айлдаад манай найзын хашаанд байдаг эгч нь ирж аваад явсийн. Эмээ бид 2 орцны үүдээр гаргаж өгөөд л хоёулаа нүд дүүрэн нулимстай үлдэж билээ.

БЭ said...

bi bas baga baihdaa nohoi shuvuu amitand mash hairtai baidag bailaa. Nohoitoi bolhiig muruudun muruudun yag haanaas hen olj irseniig n sanahgui baina, yaj iij baigaad l neg gulugtei boltson yumdag. Terendee ih amarhan dassan, getel gert baagaad sheegeed tom ah uurlaad namaig gargaj haya geed bi ch gui gej guriiseer yaltchgui ahiin ugiig dagan ter nohoig hol daguulj yavj baigaad orhiod irsen dagaad salahgui, tegeheer n neg shongoos uyad hajuud n neg yas taviad orhij bilee. huurhii min gaslaad l uldsen dee. odoo hurtel yagaad ch yum ter dur zurag haragddag yum. Suuld n mash ih boddog bailaa, yah gej shond hulj orhivoo, tegeed hen ch olohgui uyagaa tailj chadahgui turaad uhsen bol yana g.m uurtuu ih buruu ugdug baij bilee. Bagiin dursamjuud saihan shuu, bas negen dursamj sanaand oruulsan bayarlaa, ushuu ihiig bicheerei, bye!