Thursday, November 25, 2010

Язгуур монгол чанар гэж юу вэ гэсэн эрээвэр, хураавар бодрол

Эхлээд Монгол улс тусгаар тогтнолоо зарлан тунхагласны ойн баярын мэнд хүргэе!

Би гэж хүн зав гарсных гүүгл уншигчаа нээж уншдаг хэдэн блогуудаас сонирхолтой гэж үзсэн хэд хэдэн нийтлэл уншаад янз бүрийн эрээвэр хураавар бодолд автав. Яг юунаас эхлэхээ ч сайн мэдэхгүй сууна.

Гол нь сүүлийн үед биднээс, монголчуудаас ажиглагдах болсон зан чанар, ааш авир, үзэл бодлыг хураан бодохоор өөдтэй зүйл гарах нь ховор боллоо. Нарийн судалгаа хийгээд үзвэл өдөр тутмын нийт мэдээ дундаас бүтэлтэй, гэрэл гэгээ харагдаж буй хэсэг нь цөөхөн л гарах байх. Гэхдээ мэдээж юмыг аль болох өөдрөгөөр, бүтээх босгох талаас нь харах нь угаас зүйтэй.

Монголчууд бид хоорондоо их талцаж, хуваагдаж, хагарч бутрах нь их болж. Тухайлбал хөдөөнийх хотынх, халх дүрвэд, монгол казак, монгол буриад, цэвэр монгол хужаагийн эрлийз, боловсролтой боловсролгүй, эрэгтэй эмэгтэй гээд тоочоод байвал дуусахгүй нь... балай юм. Цагтаа азийн цээжинд хүчирхэг гүрнийг цогцлоод босгоод улмаар тухайн үеийн газарзүйн ойлголтоор бараг дэлхийг бүхэлд захирч нэгтгэж, шинэчлэж байснаа жижиг ханлиг, ванлиг болж өөр хоорондоо муудаж хагарч бутраад Манж Чин улс, дараа нь коммунист Зөвлөлтийн эрхшээлд хэдэн ч жил "зовов" доо. Түүхийн сурвалжаас харахнээ гол шалтгаан нь бие биенийхээ дээр гарах гэсэн дотоодын зөрчил, түүнийг дэвэргэж овжин ашигласан гадныхан л хожсон. Азаар халх монголчууд нь хэдэн мянган хүнээ алдан барин байж одоо тусгаар улс болчихоод өөрийн эрхэнд "зовж" яваа ч, өвөрмонгол буриад тува гээд тал нь одоо ч бусдын эрхэнд "жаргаж" л явна. Гэхдээ энэ бол арай өөр асуудал л даа. Гол нь тусгаар улсаа тунхагласан, халх монголчуудынхаа тухай энд ярьж байна л даа.
Монгол хүн гэж яг ямар хүн байх ёстой юм? Бид бусдаас юугаар өөр юм, юу бидний бахархал юм гэхээр юу гэж хариулдаг вэ?

Чи муу хөдөөнийх, би лаг хотынх, хөдөөнийхөн мал руугаа зайл, зуд болохоор та нар тусламж авдаг, бид яагаад авдаггүй юм гэх мэт яриа гадуур их газар авлаа шүү. Хэвлэлээр ч талцаж байгаад л үзээд байна. Анзаарахнээ, Пентатаник Академийн нөгөө Долгион анх нийтийн дуу, дуучдад дургүйцэж хөдөөний соёл, хотын соёл гэж ялгаварласан ярианаас асуудал дэгдэж эхэлсэн байх. Эсвэл бүүр өмнө Мал дагавал мал болно гээд ч эхэлсэн байж магад. Хөдөөний муу мал гэж нэг нь доромж үзээд байдаг, нөгөө нь болохоор Би жинхэнэ монгол, билэг танхай хөдөөний хүн гээд дуулаад байдаг, хаха. Нэгэнд нь бахархал, нөгөөд нь доромж байх нь ээ? За энэ ч яахав, хүнийг гарал үүслээр нь уул нь ялгаварлан гадуурхаж болохгүй гээд хүний эрх мэрх ярих байх, түр орхиё.
Цаашлаад халх дүрвэд, халх буриад болоод талцаад явчихнаа бас. Дүрвэд хүн хүн биш, дөрвөн хөл шийр биш, Буриад бол үндэстэн биш ястан гээд баахан маргалдаад, муудалцаад унасан. Бас л хүнийг яс угсаа, хэл яриагаар нь гадуурхаж байгаа хэлбэр.
Бүүр цаашлаад асуудал бүүр ноцтой тал руугаа орлоо шүү. Монгол казак болоод үндсэн хооронд болоод явчихсан. Баян-Өлгий дэхь казакуудын тусгаарлагдмал байдлаас эхлээд газар нутаг, яс угсаа, шашин шүтлэг гээд бүс нутгийн хэмжээнд хүрэхнээ хөөе.
За тэгээд аймаг хот, сум дүүрэг, хороо байраараа хуваагдаад талцдаг байсан чинь саяхан бүр төрсөн он жилээрээ хуваагдаад эхлэв шүү, хаха. 90-ээд онд төрсөн залуусын клуб эдэр гэнэ үү. Тэнэгтэлд ямар хязгаар байх биш дээ гээд хатуухан хэлчихмээр санагдаж байгаа байхгүй юу. Гадныхан өнгөн дээрээ монголчууд их ухаалаг ард түмэн гэж хөөргөөд байгаа болохоос цаанаа шогтой шоолж байдаг нь мэдрэгдээд байх шиг санагддаг.
Гол нь дээрх янз бүрийн олон бүлгийн аль нэгэнд хамаарч байгаа ч гэсэн яах аргагүй л та бид тусгаар тогтносон Монгол улсын нэг иргэн, монгол хүн нь үнэн юм. Гэхдээ жинхэнэ монгол хүн ямар байх ёстой вэ? гээд болохоор яг таг бэлэн хариулт нь байна уу, хэхэ... Дуучин Жавхлан шиг хэлхэгэр дээл өмсч гэр шүтснээрээ жинхэнэ монгол болохгүй, Долгион шиг 40мянгатынх гэж цээжээ дэлдээд ч болохгүй байх, зохиолын дуу сонсдог бай хотын хөгжим сонсдог ч бай хэнд хамаатай юм, юугаа сонсч, яаж таалах нь тэр хүний л эрх шүү дээ, хотынх байснаараа хотод төрснөөрөө ч жинхэнэ монгол болохгүй ээ. Миний бодлоор энд жинхэнэ язгуур монгол зан чанар, ёс заншил, хүмүүжилийн тухай л яриа болохоос өнгөн талаасаа биш байхаа.
Япон хүн гэхээр шууд толгойд Самурайн ёс суртахуун, үнэнч шудрага, хариуцлагатай байдал гэж шууд буудаг шиг Монгол хүн гэхэд буух тэр л зүйлийг гаргах гээд чадан ядан түүртээд байна л даа.
Эртнээс монголчуудыг язгуур зан чанараас маань хөндийрүүлж, хүч чадлыг нь мөхөөхөөр  шарын шашинд оруулж, манжийн үед бүхий л үүх түүх, ёс заншилыг нь мохоож, социйн үед бичиг үсгийг нь хүртэл хольж сольж бантанг нь хутгаад одоо бүгд овогоо ч мэдэхгүй төөрч будилсаар язгуур монгол чанараа алдчихсан, одоо ардчилалын үед бүх дэлхий даяарчлагдаад барууны болон гадны асар их соёлын дайралтанд хэдэн талаасаа довтлуулаад бүүр ч хэцүүхэн болж байна доо.

Жинхэнэ монгол хүний язгуур чанараа бид өөрсдөө үүх, түүхээсээ, зан заншилаасаа, үндэсний язгуур соёл урлагаасаа, нүүдэлчин ахуйгаасаа л ухаж, хөөж олж авахаас өөр аргагүй. 
Одоо бол бараг бүхий л зүйл яг язгуур монгол чанарынхаа эсрэг чиглээд байгаа мэт санагддаг. Өнөө үед монголчууд бидний ихэнхи нь төв сууринд амьдарч, суурьшмал байдлаар иргэншиж байгаагаас бүүр их гээж байгаа. Бахархаж цээжээ дэлддэг зүйл нь  дан ганц Чингис хаан, түүний байлдан дагуулалт. Бид их хааны үр сад, бид эгэл биш, би Монголд төрсөн хөх толбот монгол хүн энэ тэр... Тийм л дээ гэхдээ яг язгуур чанар агуулсан жинхэнэ монгол хүн гэхээр л чадахгүй, би ч мөн ялгаагүй. :(

Жишээ нь, Монголчуудын зан заншилаас хүүхдэд цээрлэх 6н зүйл:
Гашуунаар бүү тэтгэ
Амттанаар бүү цатга
Өнгөнд бүү шунуул
Тансагт бүү умбуул
Улайг бүү үзүүл
Нойронд бүү автуул

Басхүү энд монгол хүний индикаторын талаар бичнээс иш татвал:
(...Жинхэнэ монгол хэл, үгсийн урын сан хайчсан вэ ?. Энэ байсан шүү. Ойрдын эрдэмтэн огторгуйн далай, равжамба Зая Бандид Намхайжамц (1599-1663)-ын тод монголд буулгасан бурханы их хөлгөн судар лүү орьё. Хүн бүр уншуулдаг хийморын санд жишээ нь “…тус амгалангийн цог доор өлзий хутаг орших болтугай. …гэгээн гэрлээр сэтгэлийн эрхэт лянхуа цэцэг дэлгэрэх болтугай. …бие, эрхтэн, хийморь улам дээш шинэ саран мэт аривдмой… ум амгалан сайн болтугай .. ” гээд гарна. Ямар уран гоё хэллэг вэ. Ингэхэд ӨЛЗИЙХУТАГ хэмээх үгийн утга, логикийг бидний хүрээлэлд хэдэн хүн мэддэг бол ?. Би лав хэлж мэдэхгүй. Жинхэнэ монгол хэллэг, урын сангаа ингэж бид танихгүй болтол нь гээсэн байна. Өнөөдөр жинхэнэ урын сангаар шүлэг хэлхэж буй яруу найрагч хэд бол ? ...)

мөн энд Монгол эр хүний тухай дурджээ:
(...Монгол эр хүн бүр хүний ёс жудаг, чанар нүнжиг, ариун цагаан сэтгэл, тулх ноён нуруу, чалх чадавхи, эрдэм ухаан, тэнгэрлэг хувь тавилантай байхыг хүсч тэмүүлдэг....
Хулгана, туулай шиг хулчгар, үхэр шиг тэнэг, ноён шиг урваач, нохой шиг шарваач, шаазгай шиг үглээ, бух шиг мунаг, салхи шиг хөнгөн, бэлэн Сэнгээ шиг худалч, илжиг шиг хийморьгүй үлбэгэр муухай араншин, зан чанарыг ёс жудаг, нүнжигтэй сайхан монгол эр хүн үзэн яддаг, үл тэвчдэг билээ. Сайхан монгол эр хүний есөн сайн чанарт ийн өгүүлсэн байдаг.
1. Алсын хараа
2. Холч ухаан
3. Өршөөнгүй сэтгэл
4. Эв эе, хайр дурлал
5. Эрхэм төгөлдөр ноён нуруу
6. Өмөг түшиг тулгуур болох чанар
7. Хатан зоригт тэвчээр хатуужил
8. Ханилах арга ухаан
9. Хүний мөс чанар, ёс жудаг, нүнжиг

Харин муу эрийн есөн шинж гэвэл:

1. Бор дарсанд шунагч
2. Болчимгүй үгэнд автагч
3. Богд Чингэсийн сургаалд тэрслэгч
4. Үйтэн хуарын өнгөнд автагч
5. Үйлийн хэцүүгээс шантрагч
6. Үр хүүхдээ ад үзэгч
7. Үнэнч ханиа гомдоогч
8. Болох, болохгүй хэргийг сэдэгч
9. Мунхаг мунагт автагч гэжээ....

XIII Далай лам Монгол оронд морилоход Чин ван Ханддорж 16 настай хүүгээ түүнд бараа болгон эрдэм ном сургахаар өмнөт хөрш рүү явуулсан байдаг. Далай лам хүүг бараа бологсдынхоо тоонд оруулан Манжийн эзэн хаанд бараалхуулах гэтэл “ёс алдсан” гэдэг шалтгаар үнэндээ монгол амьтай тэрслүү эцэгт нь гэсгээл үзүүлэх зорилгоор хөөрхий хүүг хороосон билээ. Чин ван Ханддорж яаран довтголсоор Бээжинд очиход хайрт хүүгий нь толгойг царанд тавин бүтээгээд үүцээр зочилж буй дүр эсгэн даажигнасан аж. Тэрхүү агшинд вангийн цээж давчдан зүрх нь өмөрч урагдаж байсан ч “Өө энэ чинь та нарын үүц байна. Би андуурч” гээд “Монхор үрээсээ хагацах хичнээн хэцүү ч монголоо алдаагүй цагт болноо хө” гэж шивнээд ордны үүдийг саван гарсан гэдэг. Чин Ван Ханддоржийн энэ эрэлхэг намба төрх, сэтгэлийн хатан хүлээц тэвчээр, төрийн хүний гүйлгээ ухаан, зориг зүрх, хугарашгүй ноён нуруу, нумаршгүй цөлх хатуужил сайхан монгол эр хүний цусанд байдаг...)

гэх мэт монгол үндэстний зан чанар, философи бүгдийг судалж, сурталчилж, омогшуулж, бахархаж явж байж гэмээ нь л жинхэнэ монгол хүн гэж сая хэлэх эрхтэй болох буй за гээд энэ урт бодролоо дуусгая.

Monday, November 15, 2010

Цаг нь болжээ, гарахаар шийдэв

Удаан хугацаанд эргэцүүлсний үндсэн дээр ийм шийдэлд хүрэв. Цаг нь ч аль хэдийнэ болж.
Би гэдэг хүн анх 2000 онд МТ салбарт хөл тавьж орсноос хойш бараг 10 жилийн турш энэ мэргэжилдээ үнэнчээр монголдоо ажиллав, зүтгэв. Ингэхдээ зун 1 сар бүтэн амралт авч байснаа санахгүй юм. Сүүлийн 2, 3 жилүүдэд л наадам, цагаан сараар гэртээ өнгөрүүлсэн болохоос өмнө нь бол ажлын шаардлагаар баярын өдрүүдэд бүүр их ачаалал, хариуцлагатай ажиллах хэрэгтэй болдог байв.
Нэг төслөөс нөгөө төсөл, нэг ажлаас нөгөө ажил руу завгүй л ажиллаж байтал бараг 10 жил өнгөрчихөж. Янз янзийн л төрлийн төсөл, программ дээр ажиллаж үзэв. Гэхдээ бүгд 100% хүч чадлаа шавхсан ажил байсангүй. Халтуурны мөнгө олох төсөл ч байлаа, хоббигоороо үнэ хөлсгүй хийсэн ч төсөл байлаа, томоохон хэмжээний үнэтэй өртөгтэй төсөл ч байсан. Хэдэн жил хөдөлмөрлөсний эцэст саяхан л өөрийн гэсэн байр савтай болж авав. Энэ бүгдээ өөрийн хүч хөдөлмөр, оюунаа үнэлүүлж олсон юм шүү. Түүнээс тендер булхай хийж өч төчнөөнөөр нь бохир мөнгө хийсэнгүй.

Монголын нийгэмд амьдрах хэцүү л гэдэг, хэцүү бүгдийг туулсаар, давсаар л ирсэн, гэхдээ одоо хангалттай, гарах минь. Өөрийн хувиа бодохоос илүү 2 настай охиныхоо ирээдүйн төлөө арай "цэвэр ардчилалтай", хийж чаддаг ажиллаж чаддгийг нь илүү үнэлдэг газарт ажиллаж, амьдарч үзэе дээ.  Монголын хөгжилөө боомилсон, буруу нийгэмд амьдрахаас ч бас залхаж байна гэх үү дээ. Энхбат гишүүн энд нэгхэн жишээ дурдсан байгаа. Санакае гээд блогчин ч энд бичсэн байсан даа. Эртхэн гарч яваагүйдээ одоо харамсах юм. Гэхдээ бас ч оройтоогүй байна.

Хэд хэдэн газарт ажиллахдаа дандаа сайхан хамт олон дунд байж, сайн найз нөхөдтэй олонтой боллоо. Түрүүчээсээ дарга даамал болоод ч эхэлчихэж. Гэхдээ хамгийн гол нь гадагшаа гарч ажиллах болсон шалтгаан маань үнэхээр энэ мэргэжлийг сонгож авсны үр шимийг үзэж, хамаг оюун бололцоогоо туйлд нь хүртэл шавхаж, хийсэн дуусгасан төслөөсөө баяр баясгалан харая гэвэл МТг жинхэнэ үйлдвэрлэж байгаа газарт нь очих хэрэгтэй гэж бодсоных. Өөрөөр хэлбэл, машинаар бол моторын эргэлтээ туйлд нь хүртэл давхимаар санагдсных.

Одоо юуны түрүүнд гадаад хэлний чадавхиа сайжируулах, мэргэшлийн зэрэг бүхий сертификатын шалгалт өгөх, тэр болтол freelancer маягаар ажиллаж л байх шив дээ.
Надаар, нэг программист залуугаар монгол дутахгүй л биз ээ.
Аавын бийд хүнтэй танилц, агтны бийд газар үз гэдэг байх аа? Гарч дэлхий МТ хөгжил дунд хөл нийлүүлэн алхахаар шийдлээ гэж...
Харин хаашаа вэ? АНУ, Австрали, Япон, Солонгос? Аль нь дээр вэ?

Sunday, November 14, 2010

Бизнес зөвлөгөө

Мэдэж аваад хэрэгжүүлээд эхлэчих хэрэгтэй зөвлөгөөнүүд байна шүү! "Хүн хэлэхээс нааш санадаггүй, цаас чичихээс наана цоордоггүй"

Бидний сайн мэддэг хэрнээ өдөр тутам гаргадаг алдаанууд.
  • Бизнес гэж хожил авчрах боломжтой тоглоом юм. Иймээс бизнес тоглоомонд ялагч болохыг хүсвэл дүрмийг нь сайн мөрд..
  • Та шатар тоглож сур. / Стратегийн сэтгэхүйд тус болно./
  • Ажлын байрныхаа дүрмийн жагсаалтийг гаргаж ав.
  • Өөрөө байнга мөрддөг, маш явцуу хүрээнд ойлгодог 2 дүрмийг бичиж аваарай.
  • Ямар нэг зүйлийг хийж болох эсэх талаар эргэлзэж байгаа бол ямарч байсан үүнийг хийгээд үз.
  • Хэрэв таныг шүүмжилбэл, үүнийг битгий өөр дээрээ хүлээж ав. Зүгээр л асуудлын зах хязгаарыг олж хар.
  • Өөртөө хэдэн мөч ч бүтэн цагийг хий дэмий өнгөрөөхийг битгий зөвшөөр. Хэрэв та ажлын цагийнхаа 5 хувийг бусадтай харьцаа үүсгэх бэхжүүлэхэд зарцуулахгүй байгаа бол ямар нэг зүйлийг буруу хийж байна гэсэн үг.
  • Өглөө бүр энэ өдөр юу хийх ёстойгоо тэмдэглэж сур.
  • Өөртөө хамааралгүй жижиг ажлыг шүүрч авахаа боль.
  • Хүмүүс өөрийнхөө хийх ажлыг танд шилжүүлэхийг оролдож байгаа бол татгалзаж сур.
  • Хэрвээ та менежер юм уу ахлах менежер бол удирдлагандаа байгаа хүмүүсийн өмнөөс ажлыг нь бүү хий.
  • Өдрийн төлөвлөгөөгөө гаргахдаа хамтран зүтгэгч нартайгаа ажлын бус сэдвээр ярилцах хэдэн хором үлдээж бай.
  • Өдрийн цайны цагийг өөртөө ашигтайгаар ашиглаж бай.
  • Чухал асуудлыг шийдвэрлэхдээ ганцхан ажилтныхаа саналд бүү найд. Найдвартай хэд хэдэн хүнээс зөвлөгөө авч бай.
  • Хэрэв танд төсөв баталж өгсөн бол юу ч бодолгүйгээр түүнийг бүрэн зарцуулж бай.
  • Танаас шаардаагүй л бол хэзээ ч мөнгөө зарцуулах зөвшөөрлийг битгий асууж бай.
  • Офиссийн бодлогод дурын хэлэлцээр шиг хандаж бай. Бусдад юу хэрэгтэй, та юу өгч чадах өөрөө ямар нэг нөхцөл байдалд яаж амжилтанд хүрэх талаар олж мэдэхэд цаг гаргаж бай.
  • Чи надад , би чамд гэдэг бодлогын мөн чанарыг санаж яваарай. Зүгээр л өгөхийг бүү яар оронд нь өөрөө юу хүсч байгаагаа бод.
  • Ажлын байр их хурлын индэр биш. Зөв юм хийх, сайн юм хийх ойлголтийг битгий хольж солиорой.
  • Ядаргаатай тэнэг хүмүүсийг өөртөө саад болохгүй байхыг соёлтой хатуухан гуй.
  • Хэрэв танд бусдыг бурууг тохож байгаа бол буруутанг нь шууд л зааж өг.
  • Ажил хэргийн уулзалтын үеэр саналаа хэлэхээс бүү айж бай.
  • Таны өмнө ажиллаж байсан хүмүүсийн тогтоосон ёс жаягийг бүү тоомсорло.
  • Өөрийнхөө саналыг хэлж байхдаа түрэмгий санагдахгүйн тулд бусдын саналыг асууж бай.
  • Өөрийгөө хэрэгтэй хүнтэй танилцуулаад өгөөч гэж гуйхаас бүү нэрэлх.
  • Танил хүмүүст зөвлөгөө авах зуучлуулах талаах хандаж бай.
  • Өөртөө итгэсэн хүн бүрийн хэрэгцээг сайн судлаарай.
  • Эсэргүүцэлтэй тулгарвал даралт үзүүлэхээс зайлсхий .
  • Бусдаас хамааралгүй ажиллахдаа та юу алдаж болох талаар өөрөөсөө асуу.
  • Та бүх хүмүүст дандаа таалагдах албагүй.
  • Заримдаа хүмүүс өөрсдийнхөө хүссэн зүйлийг хийлгэхийн тулд ууртай урам нь хугарсан дүр эсгэдэг. Энэ занганд битгий ороорой.
  • Таны бусдад таалагдахыг хүсэхгүй, бусдад хайхрамжгүй хандаж байгаа нь бусадтай холбоо тогтооход саад болдог.
  • Ажил дээрээ хэн нэгэнтэй бүү сээтэгнэ.
  • Санхүүгийн хувьд бусдаас хараат байхгүйн тулд хадгаламжтай бай.
  • Өөрөө өмнөөс нь хийх бус ажилтнуудаа ажлаа чанартай хийж сурга.
  • Хүнд хэцүү том ажлын хийхээсээ өмнө түүнийгээ бүтээлч сэтгэлгээтэй хамтран зүтгэгч нартайгаа заавал хэлэлцэж байгаарай.
  • Даалгавар авах болгондоо түүнийгээ яаж хурдхан гүйцэтгэх талаар бодож стресст орохгүйг хичээ.
  • Ажлын байраа өөрийнхөө зочны өрөө шиг гоёхоос татгалз.
  • Гэрийн авгайн нэр зүүх гээгүй л бол ажлынхаа ширээн дээр хоол гаргаж тавихаасаа өмнө сайн бодоорой.

Эх сурвалж
http://biznetwork.mn/topic/show/282/

Tuesday, November 02, 2010

Twitter гэж юу вэ? Ямар хэрэгтэй вэ?

Хаа сайгүй ийм зураг, twitter гэсэн үгтэй таарч байна уу, сүүлийн үед хүмүүс жиргэх, твитрдээд гэж яриад байгаа биз?

Твитр буюу жиргээ нь хүмүүс хоорондийн мэдээллийн харилцааны нэгэн шинэ хэлбэр, хэрэгсэл болоод эхлэчихсэн ба маш эрчимтэйгээр олныг хамарч, хэрэглэгчдийн таашаалыг хүртэж буй social media website (олон нийтийн вебсайт) юм.

140 тэмдэгтэд багтаан мэдээллийг түгээх энэ хэлбэрийг бичил блог буюу microblog гэж нэрлэх болсон. Тэгээд юугаар илүү юм  гэж үү, тайлбарлахын тулд интернэт мэдээллийн харилцааны хэлбэрийн үүх түүхийг жоохон сөхөөдөхье.

Email (Yahoo, Hotmail, Gmail):
Интернэттэй анх танилцсан хэн бүхэн цахим шуудангийн хаяг нээж эхэлцгээгээд зайнаас харилцаж эхэлцгээсэн. Гэхдээ нөгөө хүн огт бичихгүй таг болчихвол яах ч арга байхгүй, мөн шууд харилцаа үүсгэж чаддагүй талтай. Гэхдээ одоо ч энэ имэйл идэвхтэйгээр хэрэглэгддэг боловч гол төлөв албан хэргийн шугмаар харилцахад ашиглаж байгаа, учир нь ирсэн, илгээсэн бүх имэйл архив үүсгэдэг тул сүүлд эргэн сөхөж харахад маш тохиромжтой байдаг.

Chat, IRC chat:
90 оны эхэн болон дунд үед ихээхэн дэлгэрч байсан чат буюу чалчих хэрэгсэл нь channel буюу тодорхой нэр, бүлгээр төрөлжсөн нийтийн сувгууд руу хүмүүс нэвтрэн орж бүгдэд ил public болон хувийн private хэлбэрээр текстээр чалчдаг байсан хэлбэр. Алдарт mIRC болон Ганболд (g0mb0) ахын хийсэн java applet бүхий monstudnet.mn санаж байна уу. Хэхэ, тухайн үедээ л мода болж байв. Зүйрлэвэл том зааланд (public chat room) баахан хүмүүс орж гаран ам булаалдан ярина. VIP өрөөнүүдэд (private chat room) зарим нь хувийн яриа өрнүүлнэ. Админ гээд цагдаа маягийн нөхдүүд (admin, operator) дүрэм журам зөрчсөн хүмүүсийг хөөж гаргана (kick, ban). Чатаас найз нөхөдтэй болдог байсан ч nickname сольчиход л түүнийг олохгүй ба урт удаан хугацааны харилцаа үүсгэх талаар тааруу байжээ.

Forum (Asuult Forum):
Хэлэлцүүлэг гэж оновчтой монгол нэртэй болсон энэ хэлбэр нь сэдэв сэдэвээр олон нийтийн хэлэлцүүлэг, чат, блог, мэдээ, зураг, линк, файл гэх мэт бүхий л мэдээллийн хэлбэрээр хүмүүс харилцах шинэ хэлбэр болсон. Өмнөх хэлэлцүүлэгүүд архив үүсгэн явах нь давуу тал мэт боловч тэдгээр нь хэт их болоод ирэхээр хэрэгцээт мэдээллийг олж авах, хооронд нь эрэмбэлэхэд түвэгтэй болж ирсэн. Гэхдээ өнөө хэр идэвхтэй ашиглагдаж буй харилцааны хэлбэр байсаар л.

Messenger (Yahoo Messenger, Google Talk):
2000 оны эхэн үеэс гарч ирсэн илүү дэвшилтэт хэлбэр. Учир нь имэйл хаяг дээр тулгуурлан найз нөхдийн холбоог үүсгэх болох ба энэ нь урт удаан буюу үл тасрах шууд харилцааг үүсгэн чадсан нь одоо ч хэрэглээнээс гараагүйгээс илт. Харин ч телефон буюу voice call, сүүлийн үед дүрст дуудлага буюу video call/conference хийх зэрэг улам бүр сайжиран тэлж байгаа. Гэхдээ зөвхөн найз нөхдийн хүрээнд харилцааг үүсгэдэг нь жиргээ гарч ирснээр сул тал болж хувирч байх шив дээ.

User Groups (Yahoo Group, Google Group)
Ажиглаад байхад харилцааны хэлбэр илүү л community буюу харилцааг илүү ойртуулах, хялбаршуулах тал руу л хөгжиж ирж. Имэйл дээр тулгуурлан тодорхой нэгэн ашиг сонирхол, үзэл бодол адил хүмүүс тухайн ашиг сонирхолын хүрээнд харилцаа үүсгэж эхлэсэн. Жишээ нь марк цуглуулагчид, автомашин сонирхогчид, линукс хэрэглэгчид гэх мэт. Имэйлээр харилцаа явагдах бөгөөд түүнд бүлгийн хэрэглэгчид мөн имэйлээр хариулдаг, гэхдээ бүгдэд уг мэдээлэл мөн имэйлээр очдог. Одоо ч бас идэвхтэй хэрэглэж байгаа хэлбэр. Үүнтэй адил news group гэж интернэт анх үүсч байхад харилцааны хэлбэр байсныг санаж байна уу? comp.os.linux гэж Линукс мэдээний бүлэг байсан шүү дээ.

Social Media (hi5, facebook, ...)
Web 2.0 гарч ирсэн, үүнтэй зэрэгцэн илүү дэвшилтэт одоогийн олон нийтийн вебүүд ар араасаа гарч ирцгээсэн. Найз нөхдийн хүрээ үүсгэхийн хажуугаар өөрийн профайл буюу имиджээ илүү тодотгож тухайн хэрэглэгч нүүр хуудасаа чимж өгөх боломжтой болж эхлэсэн. Хуудасны дизайн, дуу, фото зураг, нийтлэл, линк гэх мэт зүйлсээр өөрийгөө тодорхойлж мөн тэдгээрийг найз нөхөддөө хялбар хуваалцдаг нь хэрэглэгчдийн хүсэл сонирхолд яв цав нийсэн, илүү орчин үеийн хэрэглээ болж эхлэсэн. Тухайн найзын, хүний профайл хуудас руу орсноор түүний тухай мэдээллийг хялбархнаар олж чадна.

Web log, Blog (Blogger, Wordpress)
Мөн Web 2.0 интернэт хэрэглээ, хандлагад олон дэвшил авчирсны нэг нь веб тэмдэглэл юм. Энэ тухай ихэнхи хэрэглэгчид мэдэх болов уу. Товчхон дурдахад, мэдээллийг зөвхөн мэргэжлийн сэтгүүлчид түгээх нь учир дутагдалтай ба тэр дундаа нарийн мэргэжлийн мэдээллийг зөвхөн тухайн мэргэжлийн хүн илүү илэрхийлж олон нийтэд хүргэж чадна. Мөн иргэний сэтгүүлзүй гэдэг ухагдахуун хүчтэй гарч ирсэн шүү дээ. Иргэн бүр хэвлэн нийтлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй гэдгийг харуулж чадсан, интернэт бол мэдээллийг дамжуулах томоохон суваг болж эхэлсэн. Ерөнхийдөө блог гэхээр мэдээлэл тэмдэглэл, ер нь л цахим нийтлэл гэсэн дүр зураг бууна.

Microblog, Twitter (Жиргээ)
140 тэмдэгтээс тогтсон бичил блог. Үүнд багтааж мэдээ мэдээлэл түгээх, найзууд хоорондоо чалчих, тодорхой сэдвийн дагуу маргалдах мэтгэлцэх, олны танил алдартнууд фэнүүд дэмжигчидтэйгээ шууд харилцах, маркетинг хийх гэх мэт олон л хэлбэрээр харилцах болсон шинэ харилцааны төрөл загвар юм. Миний ойлгож байгаагаар бол жиргээ нь дэлхийн сая сая хүмүүс хоорондоо ярьж буй ертөнц юм шиг. Ямар зүйл ярьж, түгээж буйгаар нь хайгаад харахаар irc public chat ч юм шиг. Зөвхөн follow хийсэн хүмүүсээс жиргээг харж буйг нь харахаар messenger ч юм шиг. Намайг дагасан хүмүүс руу жиргэж буйгаа харахаар зар түгээх messenger/broadcast to group/ ч юм шиг. Нөгөө Хүрлээгийн эргэлзээ гэдэг шиг юм болох гээд байна уу, хаха. Гэхдээ л жиргээ бол миний хувьд хүмүүстэй ийм төрлийн харилцаа үүсгэхэд илүү их ашиглаж байна. Жиргээгийн хамгийн гол онцлог нь хуваалцаж, түгээж буй мэдээлэл нь "яг одоо юу болж байна вэ" гэдэг хариулдагт байгаад байна. Тэгээд товчхон, гүйлгэж хараад хэрэгтэйг цааш үзнэ, хэрэггүй нь хаячихна. Жиргээ гэж нэг иймэрхүү, харин цаашдаа ямар харилцааны шинэ хэлбэр, төрөл гарч ирэх бол ...