Saturday, May 09, 2009

Монгол орон эмзэг, үлэмж биетэн

Ногоон дэлхий, ногоон бүтээгдэхүүн, ногоон ногоон гэж их яригдах болжээ. Гэхдээ Зоос банкны, Юнителийн гээд маркетингийн ногоон өнгө бол биш шүү. Дараах нийтлэл энэ сэдвийг өнгөц боловч гадны хүний нүдээр харснаа халти л буулгажээ. Бас л энд хуулбар хийж авлаа :)

Швед улсын иргэн Анита Фахни монгол орны ирээдүйд санаа зовинож, манай сониноор дамжуулан санал, бодлоо илэрхийлж байна. Тэрбээр манай улсад 12 удаа айлчилжээ. Түүний сэтгэлийг уудам тал, онгон байгаль, хүн ардын найрсаг сэтгэл хөдөлгөдөг байна. Бид заримдаа дэргэд байгаа зүйлээ тэр бүр анзааралгүй, дасал болсон байдаг. Харин хөндлөнгийн хүний нүдээр манай улсын нийгэм ямар харагдаж байна вэ. Түүний нийтлэлийг хүргэе.

Би 12 дахь удаагийн ажлын айлчлалаар Монгол улсад найз нөхрийн ёсоор ирэхдээ энэ гайхалтай орны өнөөгийн байдалд санаа зовсоноо та бүхэнтэй хуваалцах гэсэн юм. Монгол орон эмзэг, үлэмж биетэн болж байна.

Монгол Улс зөвхөн хэмжээгээрээ төдийгүй олон талаараа аварга том юм. Дэлхийн эртний түүхэн дэх асар том эзэмшил нутаг, геополитикийн байршил зэрэг нь энэ оронд таатай боломжийг олгодог. Мөн арвин их байгалийн нөөц баялаг нь зэс, нүүрс, алт, уран зэргээр хязгаарлагдахгүй. Хятадын уламжлалт анагаах ухааны эмийн үйлдвэрүүдэд эрэлт хэрэгцээтэй байдаг. Өөр хаана ч ургадаггүй эмийн ургамлууд энд бий. Өргөн уудам тал нь зэрлэг болон тэжээмэл амьтдын эх нутаг болдог бөгөөд хэрвээ тэднийг хамгаалж чадвал энэ хэвээр үлдээж болно.

Байгалийн гоо үзэсгэлэн нь дэлхийн өнцөг булан бүрт суугаа мянга мянган хүний сэтгэлийг татдаг билээ. Гэвч Монголын хамгийн чухал баялаг бол хүн юм. Монголчуудтай хамт ажилласан олон жилийн туршлагаас дүгнэхэд монгол хүн өндөр чадавхитай, сурч мэдэх хүсэл эрмэлзлээр дүүрэн, нээлттэй, дэлхийд өөрсдийн хүндтэй байр суурийг эзлэхийг эрмэлзэн тэмцдэг.

Тэгээд яагаад "Эмзэг, үлэмж биетэн бэ" гэж үү
Өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд айлчлахдаа Монгол орон улам эмзэг болсоор байгааг олж харж байна. Ардчиллаас хойш 20 жилийн хугацаанд энэ орон улс төр, эдийн засаг, нийгмийн системийн хувьд бүхэлдээ өөрчлөгдөж байгаа. Мөн бэрхшээлтэй олон асуудал тулгарсан нь ойлгомжтой. Гэвч эмзэг байдал нь сэтгэл зовоосоор байна. Хамгийн ихээр анхаарал татаж буй зүйл нь байгаль орчны эмзэг байдал юм. Миний таамаглаж байгаагаар бүхэл бүтэн ой модыг хууль бусаар огтлон, зарж борлуулахаас гадна хүмүүс хувьдаа байшин, хашаа барьж байна. Модыг гуалин гуалингаар нь ачиж, зах руу зөөж байгааг харахад миний сэтгэл эмзэглэдэг. Ялангуяа, залуу модыг хайр гамгүй огтолж болохгүй. Хэрвээ ой модыг анхааралдаа авахгүй бол байгаль сүйдэж, ард түмэн, үндэстэнээрээ хор хохирлыг нь амсах болно.

Байгалиа ирээдүйд бус яг одоо хамгаалах хэрэгтэй мэт санагдана. Түүнчлэн, усны хангамж хүнд болжээ. Гол горхи ширгэж, ихэнх нь бохирдож байна. Дахин боловсруулах систем сайн ажиллахгүй байгаагаас болж байгаль орчин хог хаягдлаар дүүрчээ. Үүнээс гадна иргэдэд чанартай хүнс тэжээл, эмнэлгийн үйлчилгээ дутагдсанаас өвчлөл газар авсаар байна. Мөн боловсролын салбарт ч байдал сайнгүй байгаа. Хөдөөд таатай нөхцөл боломж, нийгмийн үйлчилгээ, ажлын байр хангалтгүй байгаагаас иргэд Улаанбаатар руу амьдралаа дээшлүүлэх гэж ирдэг. Гэвч бодит байдал дээр тэдгээр хүн хотын хэт ачаалал, олон бэрхшээлээс болж хүчин мөхөсдөж байна. Хотын системийн бас нэг алдаа нь замын хөдөлгөөний эмх замбараагүй байдлаас тод харагдаж байна.

Өнгөрсөн нийгмийн системийн задралын үр дүнд хувь хүн, гэр бүл нийгмийн дэмжлэг дор бус, харин бие дааж өөрөө өөрсдийгөө авч явж байна. Дэлхий нийтийн эдийн засгийн хямрал хүндрэл, бэрхшээлийг нэмэгдүүлж байгаа ч хүмүүс туулж гарахын тулд тэмцэж байна. Эдгээр нөхцөл байдал дор бусдыгаа энэрэх нигүүлсэл, хувийн хариуцлага, ухамсар нийгэмд уусан алга болж байх шиг санагдах боллоо. Олон нийтэд нийгмийн үндэс суурь болсон үнэт зүйлсээ дээдлэх зарчим, ухамсар чадвар үгүйлэгдэж байна.

Швейцарьт ардчиллыг хүчтэй дэмжигч улс төрийн зүтгэлтэн байсны хувьд миний сэтгэлийг хамгийн их зовоож байгаа зүйл бол Монголын улс төрийн системийн өнөөгийн байдал, хүний эрх, ардчилалд аюул тулгарч буй явдал юм. Зөвхөн айдсаас гадна улс төрийн систем нь бохирдсон тул хүмүүс бухимдалтай байгааг олж мэдлээ. Энэ нь хуулийн эсрэг байр суурь нилээд газар авсан, үзэл бодлын зөрчил эрсдэл бий болгож чадах, үг хэлэх эрх чөлөөний үндэс суурь болж байгаа мэт санагдсан. Хүний эрх, эрх чөлөө нь Монгол Улсын Үндсэн хуульд үндэслэгдсэн ба эдгээр тунхаглал нь удаан хугацаагаар ойлгомжтой байж чаддаггүй хууль, тогтоомжуудаар булингартжээ.

Хорин жилийн өмнө Монгол улс эдийн засаг, нийгэм, улс төрийн системийн хувьд бүхэлдээ шинэ байж, улс орны тусгаар тогтнолыг бэхжүүлсэнээр Үндсэн хууль хэрэгжүүлэх боломжтой хууль эрх зүйн бүтэц, байгалийн баялгийг хамгаалах тусгайлсан бүс нутгийн сүлжээг гаргасан. Хүн ам нь бүхэлдээ боловсрол сайн эзэмшсэн. Мөн хөдөлмөрч. Энэхүү томоохон өөрчлөн байгуулалтын үр дүнд улсаа бат бөх, хүчтэй болгож чадна гэдэгт би найдаж байна. Хүчтэй ардчилсан Монгол Улс ард түмэндээ хэрэгтэй байна.

Эх сурвалж: Нийгмийн толь сонин

http://news.gogo.mn/r/53494

1 Comment:

Erdenechimeg Myatav said...

Энэ өгүүлэл дээр эхлээд “ Швед улсын иргэн Анита Фахни монгол орны ирээдүйд санаа зовинож, ...” гэж бичээд байснаа сүүлээр “Швейцарьт ардчиллыг хүчтэй дэмжигч улс төрийн зүтгэлтэн ...” гээд бичсэн байх юм. Энэ 2 өөр улсын нэрний нэгийн андуурсан юм бол уу?