Wednesday, October 01, 2014

Тоглоом өөрчлөгч - Жефф Безос

Жефф Безос. Дэлхийг зах хяз­гаар­гүй хэрсэн аалзны шүлснээс яаж ашиг олдогийг, яаж баяжиж болдгийг тэр харуулсан. Аж үйлдвэр, хөнгөн үйлдвэр, үйлчилгээ, түргэн хоол. Алинаар нь ч тэр баяжаагүй. Тэр гагцхүү цахим ертөнцийн цоорхойг олж харсандаа одоо дэлхийн бая­чуудын тоонд бичигдэж явна. 

Анхнаасаа л өөр

Тэр бага байхдаа машин меха­низм, технологийн ололтуудыг сонирхдог нэгэн байж. Электрон сэрүүлэг, электрон цаг, телевизийн дамжуулах дохиог хувиргах хэрэгсэл гээд дөнгөж шинэхэн гэгдэж байсан технологиудыг дахин засварлаж шинэ бүтээгдэхүүн гаргаж авах сонир­холтой байжээ. Тийм ч уч­раас түүнийг 15 нас хүрэхэд эцэг, эх нь өөрсдийн гаражаа янзалж, бяц­хан лаборатори барьж өгсөн байна. Үндсэндээ түүний бага нас тог­лоомын талбайд биш бяцхан лабора­торид өнгөрсөн гэж ойлгож болох талтай. Лабораторио бариад удаа­гүй байхдаа түүний гэр бүл Майами хот рүү нүүсэн байна. Өсч төрсөн газраасаа холдох дур­гүй байсан түүнд энэ шийдвэр нэлээд хүнд туссан гэдэг. Бяцхан лабораторидоо хоргодсон тэрээр Майами хотод очоод өөрийн ирээ­дүйгээ босгох нэгэн мөрөөдөлтэй болсон гэдэг. Түүний сонирхолыг компьютерүүд маш их татаж эхэлсэн байна. Магадгүй тэр компьютерийг ашиглан баяжина гэдгээ тэр үед төсөөлөө ч үгүй байх. Тийм ч учраас тэр өөрийнхөө сонирхлоор Принстоны их сургуулийн комью­терийн инженерийн ангид элсэн орсон байна.

“Компьютерт би яг л чихэр шиг дуртай байлаа. Улиг болсон эд хэрэглэлээс компьютер огт өөр. Яагаад ч юм би маш их татагдсан байдаг. Яаж өөрчилж болох вэ, яавал хүмүүсийн байнгын хэрэглээ болох бол, хүмүүс үүнийг хэрхэн хөгжүүлж болох бол гэж их боддог байсан юм. Би дэлхийн ирээдүйн хамгийн гол хэрэглэгдэхүүн компьютер болно гэдэгт итгэлтэй байсан. Одоо ямар байгааг нь харж байгаа биз дээ” гэж Жефф Безос хожим нь ярьжээ.

Амжилтын эх

Тэрээр бусад баячуудаас нэг зүйлээрээ өөр. Жефф Безос сургуулиа ерөөсөө хаяагүй. Түүгээр ч барах­гүй сурлагаараа тэргүүлдэг байлаа. Тийм ч учраас Принстоны их сургуулийнхан түүнийг профес­сороор үлдээх санал тавьж байсан гэдэг. Харин тэр академик орчинд баригдахыг хүсээгүй бөгөөд хүслээ даган Волл Стрийтийн зүг явжээ. Безос тэнд очоод юу хийсэн бэ гэж үү. Тэр компьютерийн системийн администратор болон инжнерийн үүргийг давхар хүлээдэг байлаа. Нэг ёсондоо Волл Стрийтийн зүрхийг тэр атгаж байсан хэрэг.

Тэрээр тэнд нэг их удаагүй юм. Удалгүй тэр Фител нэртэй шинэ компанид орохоор болжээ. Тус компанийн захирал нь түүнийг хөрөнгийн биржид ажилладаг бай­хад нь танилцаж, удалгүй шинэ компанидаа элсүүлж чадсан байна. Фител угтаа компьютерийн сүл­жээний программ зохион бүтээх зорилготой байгуулагджээ. Тэрээр энэ компанид 1987 онд орсон юм. Энэ цаг мөчөөс гурван жилийн дараа интернетийн сүлжээ дэлхийг бүрхэх эхлэлээ тавьсан юм. Түүний орсон анхны компани нэг их амжилтыг олсонгүй. Харин тэр уг компаниас багагүй мөнгө, ажлын туршлага өвөртлөн гарсан юм. Удалгүй тэр D. E. Shaw & Co. компанид орлоо. Тэрээр уг компанид компьютерийн тооцоолон бодох систем дээр ажиллаж байсан юм. Ороод удаагүй байхдаа дэд ерөнхийлөгчийн суу­далд заларч, цахим ертөнц хэмээх шавхагдашгүй мөнгөний эргэлтэнд буцалтгүй татагдсан юм.

Юу гэнээ, цахим худалдаа гэж үү...
D. E. Shaw & Co. компанид чамгүй цалинтай, нүүр улайхааргүй албан тушаалтай байсан ч Безос үүнийг чамлаж байлаа. 1990-ээд онд интернет хэмээх томоохон урсгал мэндэлж, хүн бүр үүнийг шинэ боломж болгон харж байсан юм. Тэрээр цахим хуудсаар зочлох бүртээ нэгэн зүйл боддог байжээ. Хүмүүс ганц товчлуур дараад хүссэн зүйлээ худалдаж авдаг бол ямар вэ? гэж. Мөрөөдлийг сонссон хэн ч “Юу гэнээ, цахим худалдаа гэнээ, наадах чинь хэзээ ч бүтэхгүй” гэсэн сөрөг хариулт өгдөг байж. 1992 оноос тэр бүх дэлгүүр, хувь хүмүүстэй уулзаж, судалгаа хийж явсан байна. Тэгээд хүмүүс үүнийг хүсч байгаа нь гарцаагүй болж 1994 онд Amazon.com мэндэлсэн юм. Шинэ ажлаасаа хэл амтайхан гарсан түүнд хангалттай мөнгө байсангүй. Дээрээс нь бизнес төлөвлөгөө дулимаг, хэний ч мэдэхгүй зүйлийг ярьж явсан болохоор хөрөнгө оруулагчид эмээж байлаа. Тиймээс тэр итгэлтэй байж болох хоёр хүн олоод контейнерт үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн байна. Яг энэ үед АНУ-ын эх нутгийн хамгаалалтын албанаас нэгэн шийд­вэр гаргасан нь шинэ тутам хөгжиж байгаа интернетийг хянаж, барих гэсэн оролдлого. Тиймээс шинэ гарч байгаа цахим хуудсуудыг их эмзгээр хүлээн авдаг байжээ. Тухайн үеийн удирдлагууд түүнийг интернет ашиглан хууль бус наймаа хийх гэж байна гэж харддаг байсан аж. Энэ сөрөг хандлага түүнийг сэтгэлээр унагасан ч шантарсангүй. Тэр дахин судалгаа хийж, бизнесийн төлөв­лөгөөгөө тодорхой болгожээ.

Алхам алхмаар... 

Түүний үеэл АНУ-ын ном худалдаалагчдын холбоонд ажил­ладаг байж. Долоо хоног бүрийн бямба гаригт тус холбооныхон юу хурал­даж, яаж бизнесээ сайжруулах талаар ярилцдаг байжээ. Тэрээр нэг удаа үеэлээ дагаж тус хурал руу явсан байна. Тэр бүтэн хоёр сарын турш интернет ашиглан ном худалдаж болох талаар судалж, удалгүй судал­­­гаагаа ном худалдаалагчдын хол­бооныхонд танилцуулав. Эхэндээ юу яриад байгааг нь ойлгодоггүй байж. Гэтэл түүний санааг эхнээсээ дэмжиж эхлэв. Тухайн үед компьютер дөнгөж хэрэглээнд нэвтэрч байсан болохоор ном уншигчдын тоо эсрэгээрээ унаж байсан үе. Тиймээс энэ сөрөг хандлагыг хэн, хэндээ ашигтай бизнес болгохын тулд энэ саналыг дэвшүүлсэн нь нүдээ олсон хэрэг байлаа. Тэрээр ном зохиог­чидтой гэрээ байгуулж, ном худалдаалах эрхийг нь авдаг байжээ. Олонд танигдсан том зохиолчид эхний хэдэн жил Безост хандаагүй юм. Тэртээ тэргүй том авторууд дампуурахгүй байсан тул Безосыг тэд тоодоггүй байв. 1998 онд зохиолчид шинэ айдастай тулгарлаа. Анхны зөөврийн компьютерүүд зохион бүтээгдэж байсан тэр үед уншигчдын тоо огцом буурав. Том авторуудад ч энэ нь нөлөөл­сөн хэрэг. Дампуурахыг хүсээгүй зохиолчид эхнээсээ amazon.com руу хошуурч эхэллээ. 1995 онд тэрээр хүмүүст таниулахын тулд үнэгүй ашиглаж, хүмүүс өөрсдийн зүйлээ худалдаалдаг байхаар бета хувил­бараа байршуулж эхэлсэн юм. Ердөө долоохон хоногийн дараа түүний сайтыг 45 орон, 50 муж даяараа мэддэг болсон байлаа. 1995 оны долдугаар сараас хойш түүний сайтад зочилдог хүмүүсийн тоо таван саяыг хэдийнэ ардаа орхиж, зөвхөн долоо хоногт л гэхэд 20 мянган долларын ашиг хийдэг байсан юм. Зохиолчид үүнийг анзаарахгүй байж чадна гэж үү?

Безос ил гарлаа 

Цахим худалдаа гэх шинэ урс­галыг атгаж байсан түүнийг 1998 он гэхэд АНУ даяараа мэддэг болсон байлаа. Шинэ тутам хөгжиж байгаа технологид суурилсан шинэ бизнес амжилттай байж, олон нийт ч түүний сайтыг мэддэг болсон юм. Түүнийг номоор баяжсан цорын ганц хүн хэмээн өргөмжилдөг байлаа. Учир нь энэ цаг үе хийгээд өнгөрсөн цаг үед хэн ч зөвхөн номоор дагнасан бизнес хийж, түүн шиг баяжиж байгаагүй юм. Тийм ч учраас дэлхийн хамгийн том номын дэлгүүрийн эзэн гэж хочилдог байлаа.

“Зөвхөн ном зараад бид цаашдаа явахгүй юм байна гэдгийг ойлгосон. Тиймээс бид бусад эх үүсвэрийг судалж эхэлсэн. Хамгийн түрүүнд бид компьютерийн технологийн зах зээлд хөл тавьсан компаниудтай хамтарч ажиллахаар тохирсон. Бид байгаа яаж сонгодог байсан гээч. Том брендүүд бидэнтэй хамтрахгүй гэдэг нь тодорхой болохоор дундаас дээгүүр, дундаас бага компаниудтай хөнгөлөлттэй үнээр хамтарч ажил­лахаар болсон. Үр дүн ч чамгүй байсан юм шүү” гэж Безос ярьжээ.

Ердөө есөн жилийн дараа тэр 10,7 тэрбумын хөрөнгөтэй болж Америк мөрөөдлийг бодит биелэл болгож чадлаа. Түүнийг цахим хөндийн хамгийн нөлөө бүхий болгоход зөвхөн ном тус болсон гэдгийг өөрөө хүлээн зөвшөөрдөг. Гэтэл томоохон компаниуд нүүрээ буруулах болов. Кредит картны компаниуд энэ өнцгөөс мөнгө өвөртлөх санаа гаргаж, amazon.com-ыг шүүхэд өгөхөөр бэлдээд байлаа. Хэрвээ шүүхэд дуугдагдвал мандаад байсан нэр хүнд нь газарт унах байсан нь тодорхой. Бүтэн гурван сар хэлэлцээ хийсний эцэст тэд Мастер Кардтай гэрээ байгуулж чадсан юм. Угтаа үүнээс шалтгаалж дэнжигнэж байсан Мастер Картын хөрөнгө ч тогтвортой болж эхэлсэн билээ.

Одоо amazon.com хэдэн тэр­бумыг олдог гээч, 28 тэрбумыг!

Хуучин мөнгө + Шинэ түрийвч

2013 онд тэр шал өөр зүйлийг мөрөөдөж эхэллээ. Энэ бол хэвлэмэл сонин. Анх энэ талаарх яриа хөөрөө 2009 онд эхэлж байхад, “Хүн бүр компьютер рүү хошуурч байхад яагаад...” гэж харж байлаа. Арга ч үгүй юм. Тэр 1990-ээд оны эхэнд цахим худалдаа гэж шуугиулж байсан мөртлөө ухраад сонингийн зах зээлд орно гэж үү? Энэ тун сонирхол татсан асуулт байв. 2013 онд тэр “Вашингтон Пост”-ыг худалдан авав. 250 саяын үнэ цэнээр 1877 оноос хэн нэгэн шинэ зах зээлийн охин компани болж байгаагүй тус сонин зүгээр л цахим ертөнцөд орж эхэл­лээ. Хүмүүс “Вашингтон Пост”-ыг үгүй болно гэж харж байсан ч Безос үгүй хийсэнгүй. Тэгээд яана гэж...

“Юу гээч хэвлэмэл бүтээг­дэхүүнүүд хэзээ ч зах зээл дээрээс арчигдана гэж байхгүй. Тийм юм огт болохгүй. Яахав тэд хэзээ ч интернет ертөнц шиг асар их ашиг олж чадахгүй. Бид маш том зорилго тавьсан. Удахгүй дэлхийн хамгийн өндөр борлуулалттай сонин болно. Бүтэхгүй гэж хүмүүс хэлдэг л юм. Анх amazon.com-ыг байгуулж байхад удахгүй дампуурна гэсэн нүдээр хардаг байсан. Одоо ямар байгаа билээ” гэж Безос ярьжээ.

Эх сурвалж: Б.Болорсүх News Week