Monday, February 19, 2007

Apocalypto

Аугаа их соёл иргэншил өөрөө өөрийгөө дотроосоо сөнөөхөөс нааш гаднаас байлдан дагуулах аргагүй. - У. Дурант


"A great civilization is not conquered from without until it has destroyed itself from within." — W. Durant

Кинонд өгүүлэх нэгэн домогоос:
... "Хүн ихэд гуниглан суутал адгуус амьтад цуглаад түүнийг тойрон суужээ. Амьтад түүний гуниглан сууж буйг хармааргүй байна, биднээс хүссэн бүхнээ гуй гэжээ. Гэтэл хүн хурц хараатай болмоор байна гэв. Минийх шиг хараатай болоорой гэж бүргэд хариулжээ. Хүчтэй болмоор байна гэж хүн хэлж гэнэ. Ирвэс түүнд над шиг хүчтэй болоорой гэж хариулж гэнэ. Тэгтэл хүн бас хэлжээ: -Дэлхийн бүх нууцад нэвтэрмээр байна гэжээ. -Би чамд бүгдийг нь үзүүлье гэж могой бас хариулжээ. Ингээд хүн бүх амьтад хүнд туслахаар болжээ. Ингээд хүн бүх өглөгийг авсны дараа яваад өгчээ. Шар шувуу бусад амьтадад хэлжээ: -Одоо хүн бүхнийг чадагч болсон, надад гэнэт аймшигтай санагдлаа гэж. Тэгтэл буга: -Хүнд одоо хэрэгтэй бүхэн нь байна шүү дээ. Хүн дахиж гуниглахгүй байлгүй гэж хариулав. Харин Шар шувуу: -Үгүйээ, би хүний дотор хүн байхыг харсан. Хэзээ ч тайлагдашгүй мэт гүнзгий нүхийг харсан, Тийм л учраас хүн тийм ихийг хүсч гуниглаж байгаа юм гэжээ. Хүн улам ихийг авсаар л байх болно. Дэлхий тэрэнд эцэстэ нь: -Би үгүй болохнээ, одоо чамд өгөх зүйл алга. гэтэл тэр авсаар л байх болно гэжээ"...

Кинонд эртний Маяачууд болох Америк тивийн уугуул индиануудын амьдрал гардаг. Ойд хагас зэрлэг маягтайгаар ан гөрөө хийн, айвуу тайвуухан амьдарч буй нэгэн отог руу илүү хотшиж, хөгжил өндөртэй бүлэгийн цэргүүд довтлон төрөлхи отгийг нь цусан далайд будаж орхиод, тэднийг олзлон авч газар тэнгэрийн бурхадын уур хилэнг тайлах ёслолын амьд тахил, золиос болгохоор авч одно.

Ерөөс хүний дотор байх тэрхүү аль ч араатнаас хол илүү ховдог, цэвдэг сэдэл бүхий хэнийг ч, юуг ч үл өршөөх, үл ханах машид харгис хорон санаа, шунаг сэтгэл нь эцсийн эцэст өөрөө өөрийг нь мөхөөхөд хүргэнэ. Бид ч бас тэрхүү мөхөл рүүгээ аажим, аажим одож буй гэсэн санааг энэ киног үзэж суухад ихээр төрч байсныг хэлэх юун.

Киноны хийцийн хувьд өөлөх зүйлгүй бөгөөд дуу оруулалт, байгал орчны чимээ, зураг авалт болон камерийн план, хувцаслалт, хот тосгон объектууд зэрэг нь үйл явдалын хурц тод хэсгийг илүү үнэмшилтэйгээр, зарим үед бүүр хирд хийлгэж цочроом аймшигтай бодит кадруудтай байсан. (Жоохон хүүхэд, зүрх муутай хүмүүс бол бараг шөнө хар дарж зүүдлэх байх шүү) Гэхдээ сүүлийн үеийн барагийн юманд ажирахаа байсан хүмүүсийг ийм л хатгалт, мэдрэлт өгч байж хэлэх гэсэн санаагаа жинтэй мэдрүүлэх гэсэн байж ч магадгүй л юм.

Олзлогдосдыг аван явж байхад замд бас тэдний адил тавилан учирсан нэгэн тосгоноор өнгөрөх бөгөөд үхдэл болсон цогцоснуудын дэргэд нэгэн ужиг өвчтэй аймшигт шаналсан царайтай жаахан охин таарна. Үхэл ханхлуулсан өвчтэй охиноос бүгд жийрхэж холдуулцгааха бөгөөд аймшигт охин ирээдүйд юу болохыг зөгнөн ийн хэлдэг:

..."Чи надаас айж байна. Зөвөө айцгаа, Хорон санаатнууд бүгд айцгаа. Та нар яаж үхэхээ мэдмээр байна уу. Зөгнөсөн цаг үе ирнэ. Үд дундын харанхуйгаас болгоомжилцгоо. Ирвэс авчирах хүнээс болгоомжилцгоо. Шавар шорооноос тэрний яаж амилж босохыг хараарай. Тэрний та нарын дагуулж очих тэр хүн тэнгэрийг унтрааж, хорвоог мөхөөх болно, та нарыг устгана, танай ертөнцийг сөнөөнө. Тэр одоо та нарын дунд байгаа. Өдөр нь шөнө болж хувирна, хүн ирвэс та нарыг үхэл руу чинь аваачина."

За ингээд илүүц зүйлс, үйл явдалуудыг энд тоочин таны үнэт цагийг хороосноос, уншигч та өөрийн биеээр уг киног үзэж, охины зөгнөсөн зүйл биелэх эсэхийг харах эрхийг таньд үлдээе.

Links:
www.on-air.mn/cinema/ (Эх хэлээр)
http://en.wikipedia.org/wiki/Apocalypto
Official Movie Site
Internet Movie Database

Sunday, February 11, 2007

Wallace & Gromit

Дээхнэ би хэзээ нэгэн цагт монголын гэсэн хүүхэлдэйн кино, компьютер тоглоом гаргадаг багтай болно гэж бичсэн. Тэгээд ч ер нь багын л хүүхэлдэйн кино, үлгэр эдэрт учиргүй дуртай л даа. (Орос ах нар Буратиногоо дахин шинэ хувилбараар хийдэггүй л юм байхдаа, тээ)

Stop Motion Animation
Хүүхэлдэйн киноны төрөлд stop motion animation буюу гараар хөдөлгөдөг дотроо утсан үе бүхий хүүхэлдэйтэй нэгэн төрөл бий л дээ. Манай ганц хүүхэлдэйн студи болох Боролдой маань ийм төрлийн нилээд хэдэн хүүхэлдэйн киног бидэнд үлдээсэн байгаа: Шаазан зааны үлгэр, Өнчин ботго, Эрх цагаан ишиг эдэр гээд даавуу, баримал шаваран аргаар хийсэн.
(Эрх цагаан ишгийг youtube-д оруулчихсан байна лээ)

Ийм хүүхэлдэйг бүтээхдээ хөдөлгөөний явц тус бүрээр уг хүүхэлдэйнүүдийн гар хөл, ам зэргийг хөдөлгөж тухай бүрт зургыг фото аппаратаар авна. Дараа нь ур зургуудыг эвлүүлэн дээр нь нэмж үүл, ус, гэрэл, визуаль эффект зэргийг оруулж дуу оруулалттай нэгтгэн эцсийн хүүхэлдэйн кино бэлэн болгоно. Гэхдээ энэ нь маш нүсэр хөдөлмөр байгаа юм. 1 секундын үйл явцыг бүтээхийн тулд дор хаяж 15 зураг, дээд тал нь 24 зураг авах жишээтэй. Кино бүтэн 1 цаг гаруй үргэлжилнэ гээд бодвол таньд төсөөлөгдөж буй байх. Хэдийгээр 3D график боловсруулалтаар бүтээсэн хүүхэлдэйн кино нь илүү хялбархан мэт боловч энэ нь ихээхэн хийсвэр орчин юм. Өөрөөр хэлбэл хиймэл бүтээмж. Харин stop motion бол үүний эсрэг зүйл: илүү бодит. Кинонд гол үүрэг гүйцэтгэдэг гэрэл нь л гэхэд байгалын буюу бодит гэрэл. Ийм болохоор 3D хүүхэлдэй ихэд цэвэрхэн харагддаг, stop motion бол илүү амьд мэт сэтгэгдэл над төрдөг.
Энэ төрөл нь компьютерийн үүсч хөгжөөгүй дээхнэ үед хүүхэлдэйг хийх гол арга хэрэгсэл байсан ба өөр томоохон төрөл нь зураган хэлбэр буюу Walt Disney, Mickey Mouse гэхээр ойлгомжтой бизээ.

Wallace & Gromit
Сүүлийн үед энэ төрөлдөө үнэнчээр байж үзэгчдийг байлдан дагуулж байгаа нь Aardman Studios-ын кино бүтээгч болох Nicholas Park нарын алдарт Chicken Run, Wallace & Gromit гэх мэт бүтээлүүд юм.
Wallace нь бяслагт дуртай, элдэв техник шинэ бүтээл зохион бүтээж суудаг ганц бие цагаахан эр бөгөөд түүний гэрийн нохой
Gromit нь сонин уншдаг, басхүү техник элдэв зүйлст авъяастай, тусч цайлган сайн нөхөр нь юм.

Эдгээр цувралуудыг үзэж байхад үнэхээр хөгжилтэй агшинуудыг бидэнд бэлэглэх болно.
Тиймээс ч уг хоёр маань үе, үеийн хүүхэд залуусын үзэх дуртай, шинэ цувралыг нь хүлээх дуртай түүх болох бизээ.





Wallace & Gromit цувралуудаас гэвэл:
-A Grand Day Out (1989), won BAFTA Best Animated Film, nominated for Academy Award for Best Short Film, Animated
-The Wrong Trousers (1993), won BAFTA Best Animated Film, won Academy Award for Best Short Film, Animated
-A Close Shave (1995), won BAFTA Best Animation Film, won Academy Award for Best Short Film, Animated
-Wallace & Gromit: The Curse of the Were-Rabbit (2005)

Эх хэл дээр эдгээр хүүхэлдэйг үзэхээр бол http://www.on-air.mn/cinema/

Links : Reuter News

Тун удахгүй бидэнд өөрсдийн гэсэн хүүхэлдэйн бүтээл, түүх гарч иртэл эдгээрийг үзэцгээж байя даа ;)

Итгэл, сэтгэлийн тухай эгдүүцэл

За өнөөдөр ажил дээрээ ирчихээд ганцаараа суугаад тухтай нь аргагүй нэтээс сэлгүүцэж, хальт вимомн өнгийгөөд, нэтээс кино үзээд ер нь ганц үгээр хэлэхэд чөлөөт цаг нөгцөөв.
Блогууд хэсч уншиж явтал Чандьманий нэг айхтар бичлэг таарлаа. Энэ сэдэв нь миний бодож явдагаас тэс өөр хандлагтай болоод үүний эсрэг зүйлийг бичмээр санагдаад. Ерөөс энэ талаар одоогийн залуус нилээд баруунлаг ч гэмээр юмуу нэг тийм задгай ч юм шиг хандлагтай байдаг шүү.. Энэ буруу шүү.. :D

Байгаль эх хүмүүн болон амьтадыг эр эм хүйстэйгээр (хос хүйст хэдхэн ургамал эдэрийг эс тооцвол ш дээ) төрүүлчихжээ. Эр нь бол аль болох сайн чанартай үр удам үндэс угсаагаа үлдээх, эм нь үндэс угсаагаа нөхөн төлжүүлж, "үржүүлэх" тийм л үүрэгтэй. Хүн ч мөн ялгаагүй ийм л гол амьдралын үүрэг, хариуцлагыг тээж явдаг. Төрсөний эцэст үхэх нь үнэн, үхэхээс өмнө үр удмаа үлдээж, өсгөн бойжуулах нь энэ хорвоод төрсний үүрэг нь. Тийм ч болохоор эмэгтэйчүүд эрэгтэйчүүдийг сонгохдоо элдэв царай зүс, бие хаа эдэрийг харахаас илүү амьдралаа авч явж чадах ухаан, чадвар буюу карьер эдэрийг нь хардаг бол эрэгтэйчүүд аль болох эрүүл саруул, бас боломжийн ухаалаг, бас дээр нь царайлаг байх шалгуурыг дээш нь тавинаа..

Гэхдээ хүн нь амьтадаас ялгаатай ганцхан л тал нь хүнд хайр буюу сэтгэл гэж зүйл байдаг. Хэрвээ хосуудад энэ зүйл байхгүй бол мал адгуусаас төдий л ялгараад байх зүйл байхгүй болов уу.. Өөрөөр хэлбэл нь зөвхөн л бие физиологийн хэрэгцээ хангах, үр удамаа үлдээх л зорилготой болохоор тэр шүү дээ.

Хайр сэтгэл.
Хайр сэтгэл агуу зүйл л дээ. Хүнийг хайрлаж чаддаг хүнийг хүн хайрлаж чаддаг. Хүнээр хайрлуулж өссөн хүүхэд хүнийг хайрладаг. Жинхэнэ хайр хэзээ ч хариу нэхдэггүй. Хайр сэтгэл болон харилцан итгэл, итгэлцэл хосуудыг үргэлж холбож, бас хамгаалж байдаг гэж би боддог. Хосуудийн амьдрал хайр дээр тогтож байхад ихэнхээ бат бэх байдаг, харин бусад зүйлс дээр тогтсон, жишээ нь мөнгө болон карьеер эдэр дээр тогтоход жинхэнэ амьдрал болж чаддаггүй. Та Мянганбаярыг сана даа. Түүний ээлжит амрагууд жил бүр л залуу моделиудаас тодордог боловч ч жил орчмын л настай байдаг.
Өнөө үед жинхэнэ хайр гэж байдаггүй болсон гэж зарим хүмүүс мэдхийрээд байдаг, хайрлахыг мэддэггүй хүмүүс жинхэнэ хайрыг хэзээ ч олж харахгүй л дээ.
Тэгэхээр та хайрлуулмаар байвал эхлээд өөрөө хайрла, гэхдээ хариу нэхдэггүй тийм жинхэнэ хайраар шүү.

Итгэл, итгэлцэл
Итгэл гэдэг нь нэг ёсны амлалт байдаг байна. Надад хүн итгэж байна гэдэг нь намайг амласандаа хүрнэ гэдгийг мэдэж байхыг хэлдэг. Хосууд ч ялгаагүй нэг нэгэндээ итгэж байна гэдэг нь хайр сэтгэлдээ үнэнч байж, түүнийгээ хайрлан хамгаалж, тордох амлалтандаа хүрнэ гэдгийг хэн хэн нь мэдэж байна гэсэн үг л дээ. Итгэл алдрана гэхээр хэн нэг нь дээрх Чандьманий бичсэн шиг гадаадад байгаа хайртаа ар өврөөр нь тавих зэргийг хэлээд байгаа юм. Учир нь тэр амлалтандаа хүрсэнгүй шүү дээ. Харин яагаад итгэл алдсан бэ гэвэл энэ нь өөр асуудал болно. Хэрвээ уг хүн өөрөө хайр маань байхгүй болжээ, түүнийг сэргээх ямар ч арга байхгүй, байлгахыг ч хүсэхгүй болсон гэж үзвэл өөрөө түүнийгээ хэлчихсэн бол энэ итгэл алдалт биш салалт болчих байж..
Хүний итгэл даах чадвар нь өөр бусад зүйлс дээрээс ч харагдаж л байдаг. Эхнэр/Нөхрөө бодит шалтгаангүйгээр ч юмуу, тэрхэн зуурын таашаалаас болж араар тавьдаг хүн, ажил хөдөлмөр дээр анд найз нараа араар нь тавихгүй гэх баталгаа байхгүй, аав ээжийн итгэлийг алдахгүй гэх баталгаа ч байхгүй дээ..

Гэрлэлт.
Залуу хосууд хэрвээ хайр сэтгэлийн холбоотой болж бие биедээ итгэх боллоо гэж үзсэний албан ёсны баталгаа нь гэрлэлт гэж боддог. Гэрлэснээр үүрэг хариуцлагаа хэн хэн нь бас давхар баталгаажуулж өгнө. Хэрвээ бид гэрлэсэн нь л бол хань ижилээ хайрлах, амьдрал аж ахуйгаа өөд нь татах, үр хүүхдээ өсгөж бойжуулах, хүмүүжүүлэх гээд үй түмэн үүрэг хариуцлага тээж амьдардаг. Нөгөө Сухомлинский гуай юу гэлээ "Хүүхэд бүр математикч болох албагүй харин тэд бүгд эцэг эх болно гэдгийг мартаж болохгүй" гэж... Аав ээж болох амархан ч эцэг эх болох хэцүү, нөхөр гэргий болох амархан ч хань ижил болох амаргүй юм даа.

Гадаадад байдаг хосуудын тухай бол хэрвээ уг хүмүүст энэ л зан чанар, итгэл сэтгэл байдаг юм бол наандаж цаг зуурын бие физиологийн хэрэгцээнд дулдуйдаж, цаандаж л хань ижил, амраг хосынхоо итгэлийг эвдэж "ЗХУ руу довтлох" ямар ч шаардлага байхгүй. Хэрвээ эдгээр зүйл чинь үгүй болсон бол гэрлэлтээ цуцлуулаад, эсвэл саллаа гэж мэдэгдээд "эрх дураараа" явсан нь ядаж "нэр цэвэр" үлдэх юм даа.

Эцэст нь өөрийн энэхүү бэсрэг эгдүүцлээ төгсгөхдөө
Нөхөрлөсөн бол нөхөрлөсөн шиг нөхөрлө, ханилсан бол ханилсан шиг ханила, хайрласан бол хайрласан шиг хайрла. Үгүй бол больчих... гэмээр байна.

Saturday, February 10, 2007

25 ТВ - Халз тулаан нэвтрүүлэг

Өчигдөр 25р суваг телевизээр УИХГ Ч.Улаан, УИХГ Б.Жаргалсайхан нар халз мэтгэлцэв.

За тэгээд мэтгэлцэж байгаа асуудал бол угаас ойлгомжтой, өнөөх л улс төрийн үзэл баримтлалуудын ялгаатай талууд буюу МАХН, Бүгд Найрамдах нам, хүүхдийн мөнгө нийгмийн халамж, зэс алтны үнэ, Гүндалайн асуудлууд гээд нилээд өргөн хүрээг хамарч түүнийг ч 25 ТВ шууд нэвтрүүлэв.




Хувийн зүгээс дүгнэхэд уг нэвтрүүлэг нь өмнө өмнөх нэвтрүүлгээс ялгаатай нь хойноо 2 харгалзагчтай, оролцогч 2 зочин өмнөө тус бүр нэжгээд хаалттай ер нь тодорхойлж хэлэхд боксын ринг дотор буюу мэт сэтгэгдэл төрүүлэхээр зохион байгуулсан байсан ба хамгийн гол нь 1619 тусгай дугаарын утсанд үзэгчид холбогдож тус 2 оролцогчын хэнийг дэмжиж буйг илэрхийлэх боломжыг олгож, эдгээр дүнг шууд дэлгэцэд харуулж байснаараа ТВ сэтгүүлзүйд шинийг эрэлхийлж байгаа нь харагдаж байна гэж дүгнэв.

Өөрөөр хэлбэл үзэгчид уг хоёр зочны алиныг дэмжиж буйгаа илэрхийлэхийн тулд бараг 500 орчим төгрөгөө 1619 дугаарт утасны байгууллага юмуу 25 ТВ аль нэгд хандивлан байж өөрсдөд олгогдсон эрхээ эдлэв гэмээр юм уу даа.
Гэхдээ яахав, ач холбогдолыг нь бодоод үзэхэд уйдсан хүмүүсийн утасны дугаараараа чамирхаж утга учиргүй баахан мессежээр чатладаг сувагуудыг бодвол арай дээр л юм даа.


Жагаа гишүүн маань асуудлыг хурцатган ярьж, нилээд бухимдангуй өнгө аястай ярьж, үүнийгээ манай ард иргэд ийм ядуу амьдарч байхад үүнийг сайжруулах дорвитой арга хэмжээ авахгүй байгаа өнөөгийн амбицтай улс төрөөс болж буй гэж тайлбарлаж байсан бол





Улаан гишүүн маань аль болох хошин өнгө аяс оруулж, асуудлыг зөөллөн, өнөөгийн бодлогыг зөвтгөн ярьж байлаа.
Энэ бол зөвхөн миний л дүгнэлт, бүтэн 1 цаг гаруй үргэлжилсэн уг нэвтрүүлгийг өчигдөр орой гарахад нь хоцорсон тул өнөөдөр www.on-air.mn орж ажилаа хийнгээ дууг нь сонсож, "үзсэн" л дээ. Уг сайтыг манай баг ажиллуулж мультимедиа мэдээллийг интернэтээр хэрэглэгчдэд хүргэх гол зорилготой тул хааяа хүмүүст жоохон ч болсон хэрэгтэй зүйл бүтээснээ бодоход таатай санагддагаа нуух юун... Уншигч та өөрөө уг нэвтрүүлгийг манай сайтаас орж үзээд ярилцлагын агуулгыг тунгаах бизээ..

Харин гол сэтгэлд хүрээгүй зүйл нь уг нэвтрүүлгийг хөтлөгч сэтгүүлч бүсгүй байлаа. Нэрийг нь мэдэхгүй ба өөрийгөө мөн танилцуулаагүй шиг санагдаж байна. Асууж буй асуулт болон нэвтрүүлгийн уур амьсгалыг удирдаж хөтөлж буй, мөн хувь хүний сэтгүүлчийн ур чадвар зэрэг нь надад л лав чамлалттай санагдсан. Гэхдээ уг нэвтрүүлэг анхны дугаар учир дараа дараачынх дээрээ анхаарах байх гэж найдая. Алтай "ах" маань энэ талаар надаар хэлүүлэлттгүй хараад, шийдэх биз.. хэхэ..

Эцэст нь дүгнэхэд Болдын шинэ цомог гарч буй эсэх, T-Short shop юмуу Swatch цагны дэлгүүрт хямдрал зарласан эсэх гээд дургүй хүргэм тархи угаадаг нэвтрүүлгийг бодвол "25 ТВ" жанрын нэвтрүүлэг яг л мөнөөс мөн байна лээ.

Хурц асуудлуудыг хурцаар л тавьж 25 ринг дээр үзэл бодлоо халз тулцгаа!

Friday, February 09, 2007

Далай ламын сургааль-Хүн бүрт адил боломж заяагдсан

Тиймээ хүн бүрт адил тэгш эрх, боломж, чадварыг ардчилалаас бүүр өмнө, байгаль эх өөрөө заяажээ.
Хүн бүр л адилхан ажилладаг, амьдардаг. Бүгд адил. Яг чухам хэн нь яаж амьдарч байгааг нь юунаас хамаардаг болон хүн өөрөө хүсвэл үүнийгээ өөрчилж болох тухай Далай ламын сургаалыг ЭМОС клубын Ц.Хулан орчуулж нийтлэсэн дэлгэрэнгүйг эндээс уншаарай.

Мөн уг сургаалын ийн адил эх хэл дээрх сургаалын орчуулгыг цааш нь уншмаар санагдаж байна шүү. Харин ЭМОС клубын уг нийтлэл дээр энэ талаарх мэдээлэлийг харамсалтай нь үлдээгээгүй байлаа.

Friday, February 02, 2007

Хүн мичнээс үүсээгүй - 2

За тэгэхээр өнөөдөр нөгөө том малгай өмссөн хүүхэд шиг нөгөө том сэдвээрээ үргэлжлүүлээд бураатая...

Өмнөх бичлэгт дутуу орхисон зарим зүйлсээ тодруулах хэрэгтэй байгаа.

Сэтгэл оюун, санаа бодлын хоёр төлөв
Оюун ухаан ба бодол санаа нь долгионлог чанартай хийгээд энэ нь эерэг урсгалтай, муу оюун бодол нь сөрөг урсгалтай гэж өмнө өгүүлсэн. Сайн оюун бодлыг цааш үргэлжлүүлвээс их гэгээрэлд хүрэх бөгөөд харин муу оюун бодол нь цаашлаад их нүгэл хилэнц буюу нисванис болно. Өөрөөр хэлбэл бусдыг хайрлан, нигүүлсэх аваас цаашлаад нийт хүмүүн, амьтадыг хайрлах их хайрын утга учир, мөн чанарыг ухаарах бөгөөд харин бусдыг үзэн ядаж, аливаа муу муухай бүхнийг үйлдвээс чөтгөр луугаа адил болно гэж ойлгож болох байна. Хүний бодол санаа нь үг яриа хийгээд үйл хөдлөлийг үүсгэх тул ямар бодол санаатай байх нь цаашлаад ямар үйл хийхэд шууд хүргэнэ.

Сөрөг буюу Муу санаа бодол
Энэ нь төвөөс гадагш чиглэсэн санаа бодол юм. Хүн өөрийн дотоод сэтгэлд үл төвлөрөн зөвхөн гаднах юмсад төвлөрөх үйл болно. Өөрөөр хэлбэл зөвхөн мөнгө хөрөнгө байнга бодогч хийгээд эд юмсад татагдан зөвхөн түүнийг олж авах, бүүр ихээр олж авахад бүх санаа бодлоо зарцуулан эд юмсийг шүтвээс уг хүн өөрийн дотоод сэтгэл оюуныг хоослон, улмаар өөрийгөө ч алддаг гэсэн үг юм. Тухайн хүний амьдралын утга учир нь эд юмс болсон тул уг зүйлсийг алдахад уг хүн өөрийгөө ч мөн давхар алдана. Энэ нь буддийн гүн ухаанд нүгэл хилэнц хийгээд өнөөх нисванис хэмээх зүйл шиг байгаан. Ийм хүний жишээ нь: Буруу аргаар олсон хөрөнгө, капитал болон нэр хүндээ алдахаас машид айн шаналж байдаг тул үргэлжийн зовиур шанлал дунд оршин зовж, энэ бүгдийгээ алдахад маш их цочролд орж, цаашлаад амиа ч егүүтгэж орхиж болох өчүүхэн хүн байдаг байна.

Эерэг буюу Сайн санаа бодол
Уг бодол санааны хэлбэр нь төвд чиглэсэн буюу дотогш чиглэсэн санаа бодол. Ийм хүн зөвхөн өөрийн дотоод санаа бодол, сэтгэл оюунд төвлөрснөөр хүний уг мөн чанар хийгээд сайн бодол бодох, сайн үйл хийх зэргийг дотоод сэтгэлдээ хянан шүүн тунгааж байдаг тул ямар ч үед гаднах хүчин зүйлээс төдийлөн хамаардаггүй хөдлөшгүй бат үндэс суурьтай болж чаддаг. Уг хүний дотоод сэтгэл тайван амгалан байж өөрийн санаа бодлоо хянан удирдаж, үйл хэрэг ч сайн үйл байх хийгээд үргэлж бүтэмжтэй амжилттай байдаг байна. Ийм хүн бусадын хуурамч ятгалгад автдаггүй, хүмүүнийг хэл яриа, үйлдлээс нь хараад ямар хүн болохыг төвөггүй мэддэг бат суурь, зарчим тулгууртай хүн байдаг байна.

Тэгвэл яаж хүн өөрийн бодол санааг дотогш чиглэсэн урсгалтай болгож дотоод сэтгэлээ танин мэдэж, амар амирлангуйг олох вэ? Ганц арга нь бясалгал, бясалгахуй болно.

Бясалгал
So-Hm зарчмаар хүн өөрөө боловсорч, гэгээрэх ёстой гэж дээр өгүүлсэн. Гэгээрэлд хүрэх арга нь баясалгал хийн дотоод бодол, санаа оюун ухаанаа цэгцлэж, хүчтэй төвлөрүүлэн хүн бодол санаагаа удирдан жолоодож, бүүр цаашлаад өөрийн бүх биеийн эд эс бүрт хүрэх боломжтой гэдэг. Иймээс бясалгалаар хичээллэсэн хүний биеийн хий урсгал эерэг чигт урсаж, бодол санаа төвлөрөн батжиж, эд эс ч нөхөн төлжиж улмаар бие машид эрүүлждэг байна.
Наад захын л жишээ авахад та бид сэтгэл санаа хямарч, байнгын сэтгэлийн зовиуртай байдал нь ходоодыг, уур бухимдал сэтгэлийн хэт их хөдлөл догдлол нь зүрхний ажиллагааг хямруулдагыг мэднэ шүү дээ.
Ерөөс өнөөгийн бид өдөр тутмын аар саар ажилдаа сатаарч, үл дуусах энэ их завгүй амьдрал дундаа байнга л яарч санаа зовж, сэтгэл санаа хямарч, эсхүүл түр зуурын зугаа цэнгэл, таашаал буюу кино ший, баар ресторан зэрэгт хууртан өөрийн дотоод хүнтэйгээ ярилцахыг умартсан байдаг, зарим нь ч бүүр үүнийг мэддэг ч үгүй байх.
Тэгвэл хамгийн энгийн бясалгах арга болох оройн намуун үед чимээгүй тайван, бүүдгэр гэрэлтэй орчинд сууж өөрийн бодол санаагаа цэгцлэн, өөртэйгээ ярьж, шүүн тунгааж, хэрэгтэй бодол санааг үлдээн, хэрэггүйг устгах өөрт хэрэгтэй 25 минут ч гэсэн гаргаж байх хэрэгтэй гэж хувийн зүгээс зөвлөх байна. Их гэгээрэлийг олохгүй юмаа гэхэд ядаж та тайвширан өөрийнхөө байр байдлыг нэг ч гэсэн удаа тунгаачихна байх. ;)

За ингээд Эрнст эрдэмтний хүрсэн зарим зүйлсийн талаар ярилцая. Өмнөх бичлэгт галав юүлэх буюу дэлхий ертөнц дээрхи өмнөх соёл иргэншил устахад хүмүүс аюул зэтгэрээс нуугдаж байсан самди гэж арга, цаашид тохиолдож болзошгүй аюулаас ч гэсэн хамгаалж байх хүн төрөлхтөний генийн сан гэж юу болох талаар өгүүлье:

Самди ба усны 4 дэхь төлөв байдал
Тэгэхээр энэ самди гэдэг нь бясалгалын хүрч болох дээд түвшин, үе шат бөгөөд хүмүүн нь амьтнаас ялгарах сэтгэл оюунтай гэдгийн нэгэн томоохон баталгаа ч гэж хэлж болох байхнэ. Сэтгэл оюуны мөн чанарыг ухаарч гэгээрсэн хүмүүн нь бясалгалын аргаар самдид орж болдог гэж байгаа. Хүн самди төлөвт ороход хүний бие яг л чулуу мэт хөшиж, хатуужиж хөрөх бөгөөд зүрх, судас, тархи зэрэг огт ажиллахаа больж клиник үхэл адил болдог гэнэ. Орчин үеийн анагаах ухааны аль ч багаж хэрэгслээр самдид буй хүнийг үзээд үхсэн гэж оношлоно. Гэвч үхлээс ялгаатай нь хүн самдигаас буцаад хэвийн "амьд" байдалд орж чаддаг бөгөөд гагцхүү энэ самдид байх хугацаа нь уг хүний оюун сэтгэлийн хүч буюу эерэг энергийн урсгалын хүчээс шалтгаалдаг байна. Бас самдид зөвхөн машид их гэгээрсэн буюу хорвоо ертөнцийг маш их нигүүлсэж чаддаг сайн сэтгэлтэн хүн л орох боломжтой гэдэг байна. Самди нь хүн яаж ордог болохыг физик талаас нь тайлбарлавал хүний биеийн ихэнхи хэсэг нь уснаас тогтдог бөгөөд хүн сэтгэл, оюуны хүчээр өөрийн биеийн амин оронд үйлчилснээр биеийн усыг одоогийн шинжлэх ухаанд нээгдээгүй 4 дэхь төлөв байдалд шилжүүлснээр хүний бие хатуужиж, хөшөө мэт болдог гэж Эрнст эрдэмтэн таамагласан байна.
Самдид орсон хүн үхээгүй амьд бөгөөд энэ хугацаанд өөрийн биеэс нисэн гарч гаднаас өөр хүн мэт харах бөгөөд нөгөө ертөнц буюу өөр хэмжээст огторгуйд нэвтрэн ордог байна. Энэ хугацаанд самдид буй хүний сүнс буюу оюун санаа нь биетэйгээ мөнгөн утас буюу амиар холбогдон оршиж тойрон эргэлдэн байдаг байна.
Сонирхуулахад нэгэн лам самдид орж байснаа дүрслэн бичихдээ: Тэр будда суудлаар суун олон жил хичээллэсэн бясалгалын аргаар амьсгалын дасгал хийн өөрийн хийн судлаа гүйлгэж эхлэсэн байна. Хэсэг хугацаанд ийн үйл хийтэл пас няс хийх чимээ гаран бие нь нилээд өвдөж буйг мэдэрсэн байна. Гэнэт тэр өөрийгөө үүлэн дунд хөвөн буй мэтээр мэдэрч доош харвал тэр өөрийн суугаа биеийг болон түүний хажууд буй лам нарын харсан байна. Аажмаар дээш хөөрөн дээш гараад харвал эртний хүмүүний адил маш өндөр өндөр том том хүмүүсийн дүр харагдаж эхлэх нь тэр.. Тэдгээр хүмүүсийн дүр ойртон ойртон харагдснаа аажмаар холдон бүдгэрсээр алга болоод доош унаж буй мэт мэдрэмж төрж эхлэжээ. Тэгээд унтаад сэрсэн мэт өөрийн биеийг мэдэрч, хүйтэн чулуу доороос хайрч, бие нь машид их хөшиж, хөл гараа хөдөлгөхөд ихэд хэцүү байсан байна. Тэр самдид ороод 3 хоног болсон боловч өөрт нь 15 минут л болсон адил өнгөрсөн гэжээ.

Хүн төрөлхтөний гений сан
Өмнөх соёл иргэншлүүд хөгжлийн дээд шатандаа хүрээд мөхөн устаж байсан гэж өмнө бичсэн. Өмнөх хүмүүс нь сүнслэг биетэнүүд, лемурчууд, лемуро-атлантчууд, атлантчууд гээд одоогийн биднийг аричууд гэдэг байна. Өмнөх иргэншлүүдэд хүмүүсийн сэтгэлийн дотогш чиглэсэн урсгалуудаас илүү гадагш чиглэсэн урсгал ихэссээр энэ цаашид дайн байлдаан, байгалын сөрөг үзэгдэл зэрэгт хүргэн өмнөх иргэншлүүдийг устгаж байсан гэж зөн совинт Нострадамус, Балаватская нар бичсэн гэдэг байна.
Гэвч хүн төрөлхтөний дараагийн үеийг гарган ирж дахин үүсгэн хөгжүүлэх, мөн тэднийг гэгээрүүлэх зорилготой хүн төрөлхтөний генийн сан гэдэг нь нууцлан агуй, пирамид гэх мэтэд байдаг самдид буй хүмүүсийг хэлдэг. Энэ санд өмнөх үеийн лемурчууд, атлантчууд ихэнхи нь байдаг ба мөн маш бага аричууд байдаг гэж таамаглаж. Учир нь өнөөгийн хүмүүн нь илүү их биет шинж чанартай ба сэтгэл оюуны хүчин чадал нь өмнөх үеийнхнийг бодвол тун өчүүхэн юм. Өмнө ярьсан So-Hm сүүлчийн илгээлтийг санаж буй бизээ.
Ийм самдид буй хүнтэй агуйнууд Төвдийн Гималайн нуруунд маш их байдаг тухай мэдээ баримт их олддог байна. Хятадын соёлын довтолгооны үед хятад цэргүүд Төвдийн шашины зүтгэлтнүүд, лам нарын ихээр хавчин мөрдөш мөшгөдөг байсан ба самдид орж нуугдсан нэгэн төвд ламын биеийг өргөж аваачаад шоронд хийж орхисон нь хэдэн хоногийн дараа амилан нилээд хэдэн жил шоронд суусан тухай мэдээ ч байна.
Энэ нь аричууд самдид байхдаа өөрийн биеийг хамгаалах сэтгэл оюуны хүчин чадал маш сул бөгөөд хамгаалж чаддаггүй байна. Харин өмнөх иргэншлийн хүмүүсийн самди бүхий агуйнууд ихэд өндөр хамгаалалттай бөгөөд тийш орсон хүн шууд үхэлд хүрдэг байна. Төвдийн ийм агуйд ороод даяараа хяаран үхэцгээсэн хятадын салаа цэрэг ч байсан байна.
Агуйд ороод явахад эхлээд тухайн хүний сэтгэлд айдас, түгшүүр төрж эхлэх бөгөөд буцмаар санагдана, цаашлах тусам энэ мэдрэмж бүүр ихсэх бөгөөд толгой асар хүчтэй өвдөж эхлэнэ, энэ бүгдийг эс тоон хүчлэн цаашлавал шууд үхэлд хүрнэ.
Өөрөөр хэлбэл самди буй агуй буюу хүн төрөлхтөний генийн сан руу зөвхөн их гэгээрсэн, эерэг сайн сэтгэлтэй хүн л нэвтрэх эрхтэй байна.

Хүн төрөлхтөнд тулгарсан зайлшгүй шаардлагатай үед л гэгээнтнүүд самдигаас гарч ирж хүмүүст гэгээрэлд хүрэх замыг заан сургадаг байна.
Буддийн шашнийг үндэслэгч Будда нь эгэл хүнээс ялгарах 32 шинжтэй байсан гэдэг ба үүнийг нь нягтлан үзвэл атлант хүн байсан гэдэг. Тиймээс ч Төвдийн сүм дээрх Буддагийн нүдийг Эрнстийн багийнхан офтальмогеометрийн аргаар шинжлээд атлант хүний дүр төрхийг гаргаж ирсэн гэсэн санаа л даа.

Буддизм гэдэг бол ...
Буддизм бусад шашиныг бодвол илүү их нигүүлсэнгүй, илүү их гүн ухаанлаг, гүн утга учиртайгаараа хамгийн анх үүсээд хамгийн олон хүнийг хамарсан биз гэж бодно. Гэхдээ манай өвөг, дээс болоод өнөөгийн бид буддизмийг тэгвэл яг ойлгож мэддэг билүү. Ан гөрөө хийх нь нүгэл, авгай хүүхэд ч нүгэл хилэнц, архи уух тамхи татах ч нүгэл... гэх мэт хоосон сүсэг бишрэл л санаанд ороод байдаг.

"Чамайг хазаж, чиний цусыг сорсон шумуулыг чи юунд алав, тэр чинь чам лугаа адил амьдрахын төлөө яваа амьтан, чи амьдрахын тулд хоныг иддэг шиг тэр ч мөн чиний цусыг өчүүхэн сорог л дээ, тэр жоохон цусыг өглөө гээд чи хохирохгүй" гэж буддизмийн нигүүлсэл, орчлон хорвоо, хүн амьтаныг хайрлан энэрэх сургаалыг сонсож байсан шиг бид буддизмийн цаад яг жинхэнэ утга санааг ойлгоддоггүй шүү дээ. Тийм ч бас энэ буддизм чинь бас хүнд огт хэрэггүй ч эд биш байх нээ.

Угаасаа би гэж хүн коммунизмын үед төрж өссөн болохоор шашингүйн үзэлтэн бөгөөд сүм хийдэд хийморийн сан тавиулах, жилийн засал хийлгэх эдэртээ тун хойрог нэгэн байсан юм. Буддизмын жинхэнэ цаад нарийн үг учирыг одоо л ойлгож ухаарч эхэллээ байна. Тэглээ гээд бас жилийн засал хийлгэх гээд хийд рүү явж, шалгалтынхаа тестийн аль хариуг бөглөх вэ гээд мэргэч, домч дээр очихгүй л дээ. Харин үнэхээр тэр жилдээ өнгөтэй явмаар бол өөрийн бодол санааг ариусгаж, цэцлээд, аль нь сайн, аль нь муу болохыг ухаарч, хийхийн өмнө эдгээр бодлоо шүүн тунгааж явбал энэ чинь жилийн засал. Шалгалтад бэлдэхдээ үнэхээр миний дотоод ертөнцөд чухал, түүнд харшлах үгүй шалтгалт бол үнэн сэтгэлээс хичээн бэлдэж, аль ч асуултын цаад учир шалтгааны зөн совин, чин хандлага бүрдэх учраас захын нэг асуултад бүдрэхгүй болохоор би өөрөө мэргэч, төлөгч мөн биз дээ гэж...
Гэхдээ манай өвөг дээдэс тэр чигээрээ буддизмыг сохроор бишрэгчид байсангүй ээ. Тэр үед үнэнхүү гэгээрэлийг олсон хутагт, хувилгаад зөндөө л байсан тухай дуулддаг. Зүгээр хамгийн ойрын бодит жишээ авахад л 100 гаруй жилийн өмнөх үеийн "үхсэн" нэгэн монгол ламын цогцос огт муудаагүй, будда суудлаар суун байж байдаг бөгөөд Эрхүүд одоо түүнийг нь ховор үзмэр болгоод ваакуум хоргонд хийгээд хадгалж байдаг, манай томчууд, жуулчид очиж мөргөн, сүсэглэдэг тухай, Oriflame-ын босс Оюунгэрэл гэж бизнесмен хадагтай очиж уг хүнтэй "бодол санаагаар ярилцсан" гэсэн. Миний бодлоор уг хүн самдид буй хүн байх л даа. Бас уг Оюунгэрэл хадагтай одоо Oriflame сүлжээнд орж буй охид, бүсгүйчүүлд бас дээрх бичсэний адил гэгээрлийн тухай лекцийг бүтэн 2 өдрийн турш өглөө 10-аас орой 8 хүртэл заадаг гээд тоочоод байвал байна аа..

Түр зуурын төгсгөл
За тэгээд хүн мичнээс үүсээгүй, харин хүн бол оюун санаа буюу бурхнаас үүссэн гэсэн нэг сэдэвийг ингээд түр өндөрлөе. Энэ сэдвийг эхлүүлсэн гол шалтгаан нь буддизм болон шашин гэдэг чинь бидний ойлгож байгаагаас тэс ондоо зүйл болох, шинжлэх ухаанч талаас нь харвал илүү гүн утга санаа, агуулгатай философи юм шүү гэж хэлэх гэснээс та заавал шашин шүт, лам бол гэсэн санаа биш юм. Мөн хүний үүсэл гарлын талаар сонирхуулштай таамаг бас байна, Эрнст Мулдашев гээд хүн үүнийг сөхөж хөндсөн байна, бас үүнийг сонирхоод судлаж яагаад болохгүй гэж, хүний мөн чанар, амьдралын утга учир, аз жаргал гэж яг юу вэ гээд олон олон асуултад хариулт олох гэж эрэл хайгуул хийж байна уу, та энэ талаар юу гэж боддог вэ, бусад орны бусад соёл иргэншилтэй хүмүүст энэ нь юу байдаг вэ? гээд та бүхний санаа бодлыг сонсох гэж үүнийг бичсэн юм.

Тэгтэл уншигч та бээр энэ талаар бага ч гэсэн эргэцүүлж бодож, сонирхож, ухаарсан эсвэл үгүйсгэсэн бодол төрсөн бол миний зорилго биелэх нь тэр ...

Ерөөс хүний ажил, амьдрал, амжилт ололт, гуниг зовлон зэрэг нь бусад хэнээс ч бус гагцхүү таниас өөрөөс чинь л хамаардаг, тиймээс өөрөө өөрийнхөө эзэн байж өөрийгөө өөр өнцгөөс харж, өөрийн бодол санаагаа нягтлаж, хийхээс өмнө бодож, хэлэхээс өмнө нягтлаж байх нь хүмүүнийг амьтнаас ялгадаг гол шинж чанар юм гэдэг өөрийн бодолоо таньд "тулгах" гээд байгаа юм.

Цаашид харин энэ талаар мэдээж бичиж таараа. Харин та ч гэсэн энэ талаар бодоод, бодол санаагаа хуваалцаарай гэж хүсээд энэхүү урт бичлэгүүдийг түр өндөрлөе!

Сэтгэлийн үзүүр бүрт сайн санаа бодол учиглах болтугай!

Ашигласан ном:
Эрнст Мулдашев: Хүн мичнээс үүсээгүй - Гималайд хийсэн судалгааны гайхам үр дүн

Thursday, February 01, 2007

Хүн мичнээс үүсээгүй - 1

Өнөөдөр өөрөөс хэт томодсон гүн ухааны ч гэмээр сэдвээр жаал бураатий байз...


Хүн мичнээс үүссэн гээд Дарвины онол байх. Тэгвэл Дарвины онолоор бол хэзээ нэгэн цагт энэ сармагчингууд хөгжлийн үе шат туулж явсаар байгаад хүн болох нь гарцаагүй. Тэгвэл одоо яагаад энэ сармагчингууд хүн болохгүй байна?

За энэ ч яахав, угаасаа би хүн мичнээс үүссэн гэдэгт огт итгэдэггүй байсан юм. Хүн яг юунаас үүссэнг тогтооход одоогийн шинжлэх ухааны түвшинд хамгийн ойрхон байгаа нь Дарвины онол ч юмуу даа гэж боддог юм.

Тэгвэл хүн Бурханаас үүссэн байж болох таамаглал байнаа..
Оросын эрдэмтэн Эрнст Мулдашев гэж анагаах ухааны хүний нүд судлалын нэртэй доктор байх. Энэ эрдэмтэн хүний нүдийг судлах явцдаа гайхмаар үр дүнд хүрч улмаар анхны судалгааны зорилгоос огт өөр зүйл рүү халтирч орсон байх юм. Тэгэхээр үүнийг анх удаа сонсож буй хүмүүст зориулаад энд товч сонирхуулая. (Энэ талаар найз нөхөдтэйгээ яриа өрнүүлэхэд ихэнхи хүмүүс маш их сонирхож байдаг тул тусад нь хэд хэдэн бичлэг болгож, басхүү бусад хүмүүсийн санал бодолыг сонирхох санаа бас байна.)

Хүний нүд юуг өгүүлдэг вэ?
Эм маань нэг туршилт хийж. Тэр нь алдартай хүмүүсийн амны хэсгийн, нүдний хэсгийн, духны хэсгийн зургуудыг тус тусад нь туршилтад оролцогч хүмүүст үзүүлэхэд нүдний хэсгээс бусад хэсгийг хараад уг эзнийг огт танихгүй байсан ба ганц Горбачевын өвөрмөц мэнгээр нь л таньж байв.
Дүгнэлт нь: Хүний нүдэнд тухайн хүний дүр зургыг илэрхийлэх чадвартай тийм мэдээлэл байдаг гэж.

Тэгвэл яг ямар зүйл нь уг дүр зургын мэдээллийг агуулж байна вэ?
гэхээр нүд, нүдний гаднах хэсэг, хөмсөг, хамарын дээд хэсэг зэргийн геометр байрлал нь
үүнийг тогтоож байдаг гэж үзэж.
Дараа нь санамсаргүй байдлаар аль ч хүний нүдний болор нь яг адил диаметртэй байхыг олж. Ийм учраас жоохон хүүхдийн нүд маш том мэт харагддаг байж. Энэ нь хүний нүдний геометр зураглалыг гаргах гол тулгуур болжээ. Үүнээс цаашлаад эрдэмтэн офтильмогеометр хэмээх хүний нүдний бүтцийг хэмжих аргачлал боловсруулан компьютерийн програм хангамж хүртэл гаргаж. Уг аргачлалаар тухайн хүний хулчгар эсвэл зоригтой, харгис хатуу эсвэл өрөвч нигүүлсэнгүйн аль нь болох, уг нүдний эзэн хир өндөр, ямархуу гадаад төрхтэй болох зэргийг мэдэж болох аж.
Өөрөөр хэлбэл хүний нүдний орчим дэх хэсэгхэн л газарт тухайн хүний талаархи ихэнхи мэдээлэл нуугдаж байдаг бөгөөд хүмүүс хоорондоо ярилцахдаа нүд нүдээ ширтэж байхдаа үг, ярианаас гадуур огт өөр мэдээллийг авч байдаг байна.
Нүд бол сэтгэлийн толь юм гэж ч ярьдаг нь оргүй хоосон үг биш аж.

Статистикийн дундаж нүд
Цаашлаад эрдэмтэн маань улс үндэстэнүүдийн нүдний зургийг авч, офтальмогеометрийн аргаар боловсруулан харьцуулжээ. Нүдний адил төстэй шинж чанараар нь эдгээрийг босоо болон хэвтээ тэнхлэгт байруулахад эдгээр олон шинж чанартай нүднүүдийн статистикийн дундаж нүд нь Төвд хүний нүд байх нь тэр. Ингээд Төвд хүн төвтэй дээш, доош, зүүн, баруун тийш 4 зүгт салбарласнаар үндэстэнүүдийн нүднүүд өрөгдөх нь тэр.

...........................................................Нүд 1в
................................................................. |
........................................................... Нүд 1б
..................................................................|
........................................................... Нүд 1а
................................................................. |
Нүд 2в <- Нүд 2б <- Нүд 2а <- Төвд Нүд -> Нүд 3а -> Нүд 3б -> Нүд 3в
................................................................. |
........................................................... Нүд 4а
................................................................. |
........................................................... Нүд 4б
................................................................. |
........................................................... Нүд 4в

Хүн төрөлхтөн хаанаас үүссэн бэ?
За тэгээд уг нүднүүдийг одоогийн уг үндэстэнүүдийн амьдардаг байршилаар нь газрын зураг дээр байрлуулахад эртний түүхч эрдэмтэн ий бичсэн хүн төрөлхтөн Гималайн нуруунд буюу Төвдэд анх үүсч, түүнээс ертөнцийн 4 зүгт тархсан замналтай яг адил болох нь тэр. Сонирхолтой нь Монголчууд нь Хятадуудтай нэг гарлынх бус бөгөөд Хятадууд нь Вьетнам эдэртэй гарал үүсэл нэгтэй ба харин Япон, Солонгосчууд нь Монголчуудтай нэг гарал үүслийнх гэж уг офпальмогеометр аргачлалаар боловсруулсан онолд бууж байх юм. Үнэхээр ч эдгээр 3н үндэстэн нь Алтайн язгуурын хэлтэй нь бас нэгэн баталгаа биз.

Төвдийн сүмүүд дээрх Ер бусын нүд
Мулдашевийн нэг хамтрагч нь Төвдөд ажилаар яваад ирэхдээ Төвдийн сүмүүдийн хана дээр байх ер бусын нэгэн том нүдний зургыг авч ирсэн нь үнэхээр тун өвөрмөц байж.
Үүнийг офтальмогеометрийн аргаар уг хүний нүүрний төрхийг гарган иртэл энэ нь нилээд өвөрмөц хүний төрх байлаа.
Биеийн өндрөөрөө энгийн хүнээс өндөр ба маш том толгой, урт гартай гэх мэт нэг үгээр хэлбэл харь гаригийн хүн шиг л төсөөлөгдөхөөр байв.

Тэр гэж хэн бэ? Шинэ судалгааны аян
Эрнст тэргүүтэй нүдний эрдэмтэд олон улсын илбэ шид зэрэг тайлагдашгүй зүйлс судладаг эрдэмтдийн нэгэн хуралд энэ талаар илтгэл тавьсан байна. Хүний нүдний онцлог шинжүүд дээр суурилж тодорхойлохоор гаргасан аргачлал, хүний үүслийн таамаг танилцуулаад хамгийн сүүлд Төвд сүм дээрх нүдний эзнийг энэ аргачлалаар гаргаж ирсэн дүр зургыг танилцуулсан нь хүмүүсийн сонирхолыг ихээхэн татсан байна. Уг хурлын дараа энэтхэгийн нэгэн мастер нууцгайлан уулзаж таны уг арга ихэд сонирхолыг татаж, сэтгэлийг нь хөдөлгөснийг дуулгаад "энэ бол тэр мөн байна" гэсэн байна. Түүнээс хэний тухай ярьж буйг ихээхэн сонирхосны эцэст энэ нь Буддагийн дүр төрх буюу бурханы дүр болохыг эрдэмтэд мэдсэн ба НҮБ-ээс тэднийг Төвд, Балба, Энэтхэгт энэ талаар илүү нарийн судалгаа хийх ажиллагааг санхүүжүүлж болохоор "асуудал" өндөр авсанд гайхжээ.
Ингээд Эрнстийн багийнхан Дорныг зорилоо.

Гурав дахь нүд болон өмнөх үеийн соёл иргэншил ба So-Hm
Энэтхэгт тэд нүдний үзүүлэх хүнд мэс заслын ажлын хажуугаар Энэтхэгийн томоохон буддийн тэргүүн ламтай уулзав. Уг лам нь хүнд зайнаас ховс хийж чаддаг ба түүнийг тэсвэрлэн гарахад ихэд хэцүү болох тухай өмнө нь тэдэнд сануулжээ. За энэ ч яахав. Гол нь тэд уг зураг бол эртний соёл иргэншлийн хүн бүүр онцловол манай соёл иргэншлээс өмнөх үеийн хүний дүр зураг мөн бөгөөд хүн төрөлхтөний 5н соёл иргэншил байсан ба тэдгээр өмнөх үеийн хүмүүс биднээс оюун санаа, сэтгэлийн өндөр хүч чадалтай байсан ба түүгээрээ ашиглан өнөөгийн шинжлэх ухаан, техникийн чадлаас хэд дахин илүү зүйлсийг бүтээж чаддаг байсан зэргийг олж мэдсэн байна.
Гурав дахь нүд буюу эртний хүний духан дунд байрлах товруу нь сэтгэл оюуны чадвартай хамаарах эрхтэн хэлбэртэй байсан ба хүний оюун санааны хүч чадал нь үүнээс л улбаатай байж.
Өмнөх соёл иргэншилд хүмүүс нь лемурчууд, лемуро-атлантчууд, аричууд буюу одоогий соёл иргэншилт хүмүүс гэж байсан байна.
Өмнөх хүмүүс нь маш өндөр биетэй ба ерөнхийдөө сүнслэг буюу долгионлог чанартай байсан ба дэлхий ертөнц нь анх их сийрэг ба ихэнхидээ уснаас тогтдог байсан аж.
Сүнслэг буюу долгионлог хүмүүс нь аливаа зүйлийг нэвт гарах чадвартай ба өөр хоорондоо телепат буюу бодол санаагаа дамжуулах аргаар ярилцдаг байснаа цаг хугацааны явцад улам бүр сийрэгжин улам бүр материаллаг чанартай болон хувирсаар өнөөгийн хүний төрхийг олжээ. Өнөөгийн хүмүүс нь оюун сэтгэлийн хүч, түүнийг ач холбогдолыг маш бага анхаардаг ба материаллаг байдлийг илүүд үзэж иймээс ч өнөөгийн шинжлэх ухаан нь математик, физик, хими гэх мэт оюун санаа, мэдрэмж мэдрэхүйг үл хайхрах бодитлог шинж чанартай болж хөгжиж байгаа байхнэ. Өөрөөр хэлбэл хүн өвдлөө гэхэд түүнийг сэтгэл, оюунаа төвлөрүүлж бясалгал, нигүүслийн ачаар эмчлэх бус эм тан, эмчлэх аппарат зэрэг материллаг талаар эмчлэхийг оролддог нь өрнийнч нь дорнын анагаах ухаанаас эрс ялгагддаг байна. Өөрөөр хэлбэл хүний амьдрал нь хүрдний нэгэн адил эцэс төгсгөлгүй бөгөөд хүний сүнс мөнхөд оршиж харин бие махбодь нь солигдож байдаг хэмээн үздэг ба сүнс гэдэг нь оюун санаа, сэтгэл буюу долгионлог чанартай бол бие махбодь нь материаллаг чанартай гэж үздэг машид их гүн ухааны агуулагтай зүйл байна. Диваажин буюу нөгөө ертөнц буюу хүн үхэхээрээ очдог орон зайн нь бидний оршин буй орон зайнаас огт өөр бөгөөд тэнд огт өөр хэмжээстэй байдаг нь олон зүйл дээр тодорхойлогдож, дурдагдсан байдаг байна. Үүнийг ойлгож, төсөөлөхөд өнөөгийн машид өрнөжисөн бидэнд ихээхэн хүндрэлтэйг хэлээд юүхэв.
Хүний бодол, санаа нь долгионлог чанартай гэж түрүүн дээр дурдсан. Энэ нь хэрэвзээ бид муу зүйлийг үргэлж бодож, муу бодол санааг өвөрлөж явбаас хүн бүрт байх тэрхүү торсын орон нь эсрэг зүгт эргэж сөрөг энергийн оронг биед бий болгодог байна. Иймд сөрөг оронтой хүнд байнга өвчин нүүрлэж, гай гамшиг тохиолдох бөгөөд хэдий би эерэг сайн сэтгэлтэй буюу эерэг оронтой хүн байсан ч олон сөрөг орон бүхий хүмүүс дунд байваас басхүү миний эерэг оронгийн хүч хэмжээ бага байвал миний торсын орон зай сөрөг орон болж хувирдаг байна. Өөрөөр хэлбэл би хэдийгээр сайн санаа бодолтой, нигүүлсэнгүй хүн байвч муу санаатай, харгис хүмүүс дунд байваас тэдний адил муу бодолтой болж хувирна гэсэн үг юм. Энэ аяга дүүрэн хар бэх дунд ганц дусал сүү дусаасан ч хар бараан хэвээр л байхтай адил гэж ойлгож болох байх.
Тэгэхээр бид багаасаа л матер бол анхдагч оюун санаа хоёрдогч гэж матерлист үзлээр хүмүүжиж өссөн бурхангүй бодьгалиуд байсан л даа. Харин тэгвэл одоо эргэцүүлээд бодоод байхад оюунсанаа бол анхдагч харин матер хоёрдогч ч байж болно гэсэн санаа бас л үнэн мэт. Учир нь 2 гамма долгион = 1 электрон гэж өнөөгийн физикт нотлосон байна л даа.
Оюун санаа буюу бодол маань нэг төрлийн долгион тул энэ нь матер буюу электрон болох боломжтой гэсэн санаа л даа. Өөрөөр хэлбэл би бодол санаагаа хүчтэй төвлөрүүлж чадвал одоо ширээн дээр шууд халбага гаргаад дараа нь аягатай ус гаргаад ирж болох гээд байгаан байна.
За тэгээд оюун санаа гэдэг бол долгионлог чанартай ба хүн байнга бодож явдаг тул үүнээс үүсгэгдэн гарж, хүнийг эргэн тойронд нь бүрхдэг эерэг эсвэл сөрөг урсгалтай энергийн бүрхэвч байдаг, бодол санаатай хамаатай хүний гуравдагч нүд байдаг гэж тайлбарлах гээд баахан нуршив. Ер нь ч үүнийг маш бага үгэнд тайлбарласанг уншмаар бол буддизмийн тэр гүн ухааны агуулгатай сургаалиудыг унших хэрэгтэй болох байх.

За тэгээд So-Hm гэж юу болох тухай үргэлжлүүлье:
So-Hm гэдэг нь эртний санскрит хэлээр "Би өөрөө" буюу "Өөрөө боловсор" гэсэн утгатай гэж ойлгосон. Энэ нь маш их учиртай гэнэ. Эртний хүмүүс оюуны санааны ихээхэн хүчин чадалтай байсан ба нөгөө ертөнцөд саадгүй нэвтрэн тэндээс ихээхэн мэдлэгийг олж авч чаддаг байсан гэнэ. Нөгөө ертөнц гэдэг нь бидний оршин байдаггүй (эсвэл бидний мэдлэг, мэдрэмж түүнд хүрдэггүй ч юм уу) тэр огт өөр хэмжээст огторгуй бөгөөд өмнөх үеийн хүмүүс бодол санаагаа хүчтэй төвлөрүүлж уг орон зайд орж чаддаг байсан байна. Түүнээс ихээхэн мэдлэгийг авч лемурчууд болон атлантчууд нь нисдэг таваг буюу нисэх төхөөрөмж гэх мэт одоогийн бидний хөгжлийн түвшингээс хэд дахин илүү соёл иргэншлийг цогцлоодог байж л дээ. Гэвч хүмүүс сүүлдээ өөрсдийгөө бурхан адил санах болж сөрөг бодол санаа нь эерэг бодол санаатай зөрчилдсөнөөс ч тэр үү, эрх мэдлийн төлөө ч юмуу өөр хоорондоо дайтаж болжээ. Тэд ихээхэн оюун санааны хүчтэй байсан тул дэлхийн таталцал эдэрт ч нөлөөлөхүйц болж эхлэсэн байна. Улмаар дэлхийг бүрхсэн энэ их сөрөг энергиэс ч болсон уу дэлхий солиртой мөргөлдөж дэлхий дээрх амьдрал буюу соёл иргэншил устсан байна. Гэхдээ үүнийг урьдчилан мэдсэн лемур болон атлантчуудын зарим хэсэг нь агуй болон адил хорогдох байруудад самдид орж хүн төрөлхтөний генийн сан болцгоосон гэнэ. Ингээд дэлхий эргэх тэнхлэгээ өөрчилж, тэр үеийн эквадор байсан газар нь одоогийн хойд, урд мөсөн далай болсон гэдэг. (Нээрээ нилээд хэдэн жилийн өмнө дөө. Хаанаас ч уншлаа. Хойд, урд мөсөн далайн алинаас ч билээ 5-6м өндөртэй маш эртний хүмүүсийн хөлдүү цогцос, тэдний орон байр олсон гээд маш сонин мэдээ уншиж л байсан шүү)
Тэгэхэд тэнгэр баганадсан өндөр далайн давлагаа босч ихэнхи газар усанд автаж сүйдсэн бөгөөд одоогийн Гимлайн нуруу л өндөрлөг цэг болохын хувьд хуурай үлдсэн ба эндээс самдид буй хүмүүс цаг агаарын тааламжтай үед гарч ирэн өнөөгийн биднийг буюу аричуудыг үүсгэсэн гэнэ. За ингээд анхны So-Hm гэдгээ тайлбарлая. Энэ нь өмнөх иргэншлийн хүмүүсийн адил биднийг ертөнцийн мэдлэгийн төвөөс тасласан, мөн сүүлчийн илгээлт буюу "Өөрөө боловсрох", "Төрөхөөс үхэх хүртэл" гэсэн утга санааг агуулдаг гэнэ.
Бурхад үүнийг хамгийн сүүлд бидэнд илгээсэн мессеж гэж ойлгож болох бөгөөд хүн төрөхөөс үхэх хүртлээ ертөнцийн мэдлийн төвөөс ангид байж гагцхүү өөрөө боловсорч нирваан буюу нигүүлсэл, их гэгээрлийг олох ёстой гэсэн утгатай гэнэ.
Хүний сүнс нь нөгөө ертөнц буюу оор хэмжээст огторгуйд орших ба хүн төрөөд анх амаа ангайхад нисэн орж амьдраад үхэх буюу хамгийн сүүлийн амьсгааг гаргахад нисэн гарч нөгөө ертөнцид одох хэлбэр гэж ч ойлгож болох.

За ингээд энэ нийтлэл маань ихээхэн том болох нээ. Мөн зарим нэрс, энэ тэрийг тогтоосонгүй тул дараа харж ирээд нөхөхөөс ...

Эрнст Мулдашев энэ сэдвээр бүхэл бүтэн 4-5 цуврал гаргасан байсан ба түүнийг эх хэлээрээ орчуулсан хүмүүст басхүү талархая. Хэдийгээр Мулдашевын судалгаа нь цэвэр матетамик тооцоололд тулгуурлаж, матерлист эрдэмтний орчин үеийн компьютер тоног төхөөрөмжийг ашигласан ч эцсийн дүндээ машид хийсвэр зүйл болох оюун ухаан, бодол санаа, гэгээрэл нигүүлсэл, бодрол бясалгал гэсээр буддизм руу хөтлөн орж гайхам үр дүн, дүгнэлтэд хүрсэн нь миний болон бидний сонирхолыг ихэд татсан юм.

Энэ нь эцсийн эцэст хүн гэж юу болох, хүний амьдралын утга учир, нигүүлсэл хийгээд нисванис буюу нүгэл хилэнц гээд өнөөгийн өрнийн соёл иргэншилт хүмүүст илтэд дутагддаг чанар, капиталист нийгэм, ардчилал гээд цааш гүн гүнзгийрч ихээхэн бодрол, бодлийг уудлан гаргаж ирсэн. Үүнээс авах ёстой зүйлсийг авч, тунгаан бодох зүйлсийг тунгааж, амьдралын мөн чанараа олж таньж, зөв амьдарч, зөв бодож сэтгэх чадвар, ухаарлыг олох нь гол байх гэж мунхаглана.

Эерэг энергитэй байх нь аж амьдрал, ажил төрөлд сайнаар нөлөөлдөг болох хийгээд тэр бүү хэл бясалгал, нигүүсэл бүхий бодол санаагаа хүчтэй төвлөрүүлж аливаа өвчин, шаналалаас ч ангижирч болох боломжтой зэргийг та бид мэдээллийн эх сурвалжуудаас олонтаа олж сонссон, бүүр өөрөө тийнхүү өвчин шаналалаас салсан хүний яриаг ч сонссон л байх.
Миний хувьд бол тэгж хүчтэй бясалгал хийж иогоор хичээллэж байгаагүй ч манай нэг танил охин маань Шри Шри амьдрах ухаан төвд явснаар асар их стрессээсээ салж, өвчин ч хэр барагтай тусдаггүй болсон тухайгаа бүүр батлаж ярьж байсантай ч таарч байсан. Нээрээ ч тэр охин үнэхээр том алаг нүд тормолзсон, инээд хөөр цалгисан нүдэнд дулаахан, үргэлж фото зураг дээр гоё гардаг хүн шүү.. хэхэхэ
Дээхнэ залуу байхад доо. Миний бие нэгэн охинд машид сайн болж, жилд 1-2 удаа уулзаж барааг нь хардаг байхад, надад маш ховор бичдэг имэйл ирэхийг нь урьд шөнө нь зүүдлээд мэдчихдэг совинтой болчихсон байж билээ. Би өөрөө ч үнэхээр гайхдаг байсан. Сүүлд ч монголд ирсэн байхад нь ирчихсэн байна гэж зүүдлээд л мэдчихэж байсан, харамсалтай нь тэр хайр бүтэлгүйтэж байхгүй болоход тэр совин бас дагаад алга болсон ба харин би бизнесийн салбарт тэгэхэд найз нөхөд, хамтрагчидаа олж гараагаа эхлэж байсан билээ.

Энэ бичлэгээр би буддизмийг сурталчилах гэсэнгүй, мөн Эрнст Мулдашев ч тэгэх гээгүй нь тодорхой. Гол нь энд өнөөгийн дэлхий ертөнц өрнийн өндөр соёл иргэншил бүхий мөнгө, капиталаас өөр шүтээн үгүй улсууд, дорнийн буддизмийн шашин суртал бүхий сэтгэл оюуны өндөр соёл иргэншил бүхий техник хөгжил дорой буурай Балба, Төвд, Энэтхэг гэсэн улсууд болж хуваагдсан хийгээд үүнийг анзааран харж, бид хаашаа юунд тэмүүлэн өглөөний улаан нарнаас үдшийн бүрэнхий хүртэл нойр хоолгүй зүтгэж буйгаа эргэцүүлж нэг бодож үзээд, хааяа ч гэсэн энэ их нүргээнт амьдралын стрессээс өөрийгөө тусгаарлан бодол санаагаа ариусган, дотоод сэтгэл гэж зүйл байдгийг мэдрэн байгаасай гэсэн үүднээс бичсэн гэж өчье!

Сүүлийн үед Жагарын оронд буй Отгонпүрэв энэ талаар бас нилээдгүй бичсэнийг амтлаж үзээрэй хэмээн зөвлөх байна.

Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай!