Wednesday, January 31, 2007

Багын дурсамж-5

"Хүн болох багаасаа, хүлэг болох унаганаасаа" манай ардын үг.

Багын дурсамжаа бичилгүй их удчихаж. Их ажил, завгүй эдэр гээд хариулт тодорхой, за тэр яахав. Сүүлд юу бичив гэдгээ санахын тулд өөрөө өөрийнхөө түүхийг унших шив.

Нохой сайн нөхөр
Дунд ангид байхад манай эмээгийнд нэг айлын нохой урвачихсан юм. Орос овчарка л даа. Манай ах нохойнд их хайртай байсан юм, тэгээд айлаас нэг овчарка гөлөг авчраад бүүр өвөртөлж унтдаг байсан. Би ч юу гэж нохойтой унтахав. хэхэхэ. Овчарка маань Лайк гэдэг нэртэй, эмээгийн хашаанд тэрүүхэндээ ахын засч өгсөн үүрэндээ их додигороо. Алтны үйлдвэрт ажиллаж байсан болгарууд буцахдаа үлдээсэн гэсэн. Хөөрхий монголчуудад ирээд гадаа л хонож таарна л даа.
Анхандаа над руу дайраад, хуцаад байдаг байсан, ахыг харвал ч гөл л дөө. Тэгээд нэг өдөр ахтай хамт очиод, ахаар зандруулж байгаад жоохон хулгаж байгаад хэд иллээ. Эхлээд Лайк ч гэсэн бүлтэгнээд байснаа хэд илсний дараа харц нь зөөлрөөд ирэв. Ингээд ер нь хоорондоо дассан гэх үү дээ. Би ч хашаан дотор хөөцөлдөж тоглоод янз бүрээр нуугдаж энэ тэр, тэрүүхэндээ л зугаацчихна. Харин нэг ядаргаатай нь хичээлдээ явахаар гарахаар араас дагах нь их хэцүү. Нэг өдөр завсарлагаанаар ангийнхантайгаа гадаа сууж байтал Лайк хүрээд ирчихсэн ард зогсож байдгийн. Охидуудаас ичсэн ч гэж юүхэв. Тэгээд маргааш нь мэдээгүйм шиг явжийгаад булан тойрч нуугдтал араас яарчихсан давхиад гараад ирдэг байгаа. Гэртээ хариач гээд л хашхираад чулуугаар баахан нүүлгээд, нилээд л дөвчигнөв. Сүүлээ хавчиад л зугтааж байна. Ингээд харин мань Лайк миний араас асар холоос, асар нууцаар дагадаг болчихлоо.
Нэг орой хичээлээ тараад эмээгийнх рүү явжийтал гудамжны буланд хэдэн банди нар зогсож байна. Санаанд ч оролгүй хажуугаар нь гарсан чинь нэг халтар баагий хүрч ирсэнээ мөнгө байна уу гэхгүй юу. Байхгүй гэсэн чинь, чи хаанахынх юм, манай энүүгээр үхсэндээ яваад байгаан ухааны юм ярьж байна. За тэгээд хэрэг ч бишидлээ, цүнхээрээ зодолдоно доо гэж бодоод зогсож байтал шууд шанаанд тас... Арагшаа суун тустал дээрээс өшиглөцгөөж эхлэлээ дээ. Нүүрээ дараад эвхэрч хэвттэл нэг нохойн дуу гараад пижигнээд явчихлаа. Харсан чинь Лайк нэг нөгөөдүүлийг хөөчихсөн давхиж байна. Тэгээд араас нь хэсэг хуцаж байгаад над руу эрхлээд хүрээд ирсэн. Тэрнээс хойш Лайкыг надаас уйдтал нь л хичээлдээ би гэж хүн "хамгаалагчтай" явдаг байлаа. Харин бүүр сүүлд олон золбин нохойнд уруулаад өвдөж хэвтжийгаад үхсэн дээ хөөрхий.

Цуглуулга
Манай ээжийн цуглуулж байсан нилээд марк байдаг байв. Бараг 90 оны эх хүртэл цуглуулсанг тоолвол 3000 гаруй болох байхаа. Тэд нарыг амьтантай, хүнтэй, онгоцтой ... ч гэж нэг ялгаад орос монгол ... ч гэж нэг ялгаад л суудаг байж. Блокууд их ховор, ихэнхи нь дан маркууд... Одоо ч гэсэн хааяа марк харахаараа цуглуулж байх юмсан гэж бодогддог юм шүү. Харин аавын найзынд нэг удаа очтол баахан нохойтой орос шүдэнзний хайрцаг цуглуулдаг байсан. Би ч шүлсээ залгин залгин баахан эргүүлж тойруулж харж харжийгаад арай л нэгийг нь гуйж зүрхлэлгүй харьж билээ.

.... удахгүй үргэлжлүүлнээ, харих болчихлоо :(

Дайлах урлаг, бизнес хоёр адил уу?

Сүүлийн үед бичлэгүүд маань бизнес чиглэл рүү нилээд хазайж байгаагаа өөрөө ч ажиглах боллоо. Учир нь би өөрөө хувийн хэвшлийн салбарынх буюу бизнес эрхлэгч юм. Гол онцлог нь би байнга хэлэх дуртай "оргүй хоосноос баялаг бий болгогч" салбар буюу оюуны салбарт л ажилладаг юм. Энэ нь өөрсдийн эрдэм мэдлэг, чадвар зэрэг гарт шууд үл баригдах баялагыг эргэлтэнд оруулахыг хэлж байгаа юм л даа. Анх их сургуульд эдийн засгийн анхан шатны хичээлүүд орж байхад энэ нь нэг л "уйтгартай, залхуутай, ач холбогдолгүй" хичээлүүдийн тоонд ордог байв гэж.. Тэр үед хурдхан шиг бүх мэргэжлийн хичээлээ үзэж дуусгаад үйлдвэрлэл, практикт гарах гэж яарсан, бага сага зүйл гадарлаж хэдэн зуухан мөр код дотор ажилладаг "мундаг" оюутан байваа.

За сэдвээсээ хазайх гэж байна. Тэгээд сүүлд хэдэн жил ажиллаж, овоо зэгсэн туршлагажсаны дараа буюу өөрийн гэсэн өмчлөл бүхий хувийн хэвшил дээрээ гарсны дараа л эдгээр хичээлүүд ямар ач холбогдолтой, зах зээлийн нийгэм гэж юу болох, хөрөнгө капитал зэргийн мөн чанарыг ухаарч эхлэснээр бизнесийн мэдлэгийн ач холбогдолыг ойлгож эхлэсэн гэх үү дээ, энэ талаар нилээд ном унших дуртай болсон юм.

Саяхан "Бизнес төлөвлөгөө ба Сүнз" номыг уншиж байхад Дайлах урлаг нь бизнес ажиллагаатай адил мөн чанартай болох санааг дэвшүүлсэн байсан нь миний бизнесийн мөн чанарын талаар өмнө бодож явсан яв цав таарч ёстой "загтнасан газар маажих" адил боллоо. Эртний хятадын алдарт жанжин Сүнз нь 13 бүлэг бүхий судар бичгийг өнөө үлдээсэн нь дэлхий алдарт бизнесменүүдийн уншиж судладаг чухал судар гэнэ. Уг номны бизнес төлөвлөгөө гаргах хэсэг нь санаа авууштай зүйлс их байсан ч надад Сүнзийн дайлах урлагын бичвэрүүд ихээхэн сонирхол татаж байв.

Дайлах буюу аян дайн нь бусдын газар нутаг, эд баялагыг эзлэн түрэмгийлэх шинж чанартай байдаг бол бизнес нь газар нутаг дахь хүмүүсийн хэрэглээг хангахаар эзлэн авдаг нь адил шинж чанартай. Мөн үүнийг эзлэн авсан эсвэл эзлэхийг хүсэгч нэгтэй өрсөлдөх тул энэ нь дайны ажиллагаа болно гэж хэлж болох. Жишээ нь:

Тагнуулын ажиллагаа:
Аливаа дайныг эхлэхээс өмнө заавал тагнуулын ажиллагааг явуулж өрсөлдөгчийн талаарх бүхий л мэдээ баримт болон тухайн дайны ажиллагаа явагдах газар нутгын талаар хангалттай мэдэж авсан тохиолдолд л дайныг эхлэх хэрэгтэй гэж өгүүлжээ. Өөрөөр хэлбэл маркетингийн судалгааг явуулж өрсөлдөгч компаний бүхий л үйлдэл, ажиллагааг мэдэж авсан бол өрсөлдөөнийг эхлүүл.

Сул тал руу довтлох:
Дайсны хамгийн хамгаалалт султай тал руу цохилт өгөх. Ухаалаг жанжид өрсөлдөгчийн сул талыг сайн мэддэг ба үүнийг тулаанд голлон ажиглана. Бизнест бол өрсөлдөгч этгээдийн бүтээгдэхүүн, үйлчилгээний сул талыг олж харж үүнээс илүү гарсан бүтээгдэхүүн, үйлчилгээг гаргах.

Удаан эхлэл, хурдан ажиллагаа:
Дайн гэдэг нь эдийн засгийн томоохон ажиллагаа тул дайныг эхлүүлэхээс өмнө бэлтгэлийг сайтар базааж авах бөгөөд сайн жанжин дайнд нэг сайн бэлдээд шууд хөдөлдөг. Харин тулааны үед хөдөлгөөн маш хурдтай бөгөөд шуурга шиг довтолгон орж, утаа адил замхран одно. Бизнест эхлэхийн өмнө сайтар төлөвлөж, бүх зүйлийг нарийвчлан сайтар тооцоолох бөгөөд харин ажиллагаа эхлэсэн даруйд гүйцэтгэлүүд хурдан, чанартай явагдах ёстой.

Тулааны идэвхжил:
Тулаанд цэргүүд өглөө их эрч хүчтэйгээр ороод, үдэд саарч, үдэш дуусдаг. Өөрөөр хэлбэл өдөржин зууралдсан тулаан нь огт ашиггүй бөгөөд эцсийн үр дүн багатай. Тулаан маш хурдан, оновчтой байхаар сайтар төлөвлөгдсөн байх ёстой бөгөөд цохилтыг хурдан өгч, тэр даруйд үр дүн харагдах ёстой. Бизнест энэ нь хамаг байдгаа шавхан өрсөлдөгчтэй удаан зууралдах хэрэггүй бөгөөд энэ нь эцэст аль алины дампуурлаар төгсч болзошгүй ба эсвэл гуравдагч хүчтэй этгээд та хоёрыг салам цохиж зах зээлийг эзэлж ч болох. Иймээс тухайн стратегийн ажиллагааны үр дүн гарахгүй удах шинжтэй стратегийг өөрчлөх хэрэгтэй.

Дайсны чадал:
Ухаалаг жанжин нь өөрөөс хэт хүчтэй дайсантай тулахаас аль болох зайлсхийдэг бөгөөд дайсан өөрөөс хэд дахин их бол зугтна, 2 дахин их бол ухраад салгаж тулна, адил бол ухаалаг тулна, цөөн бол довтолно, хэд дахин цөөн бол бүслэнэ. Энэ нь бизнест өөрийн салбарын бусад компанитай өрсөлдөхтэй адил бөгөөд хэт хүчирхэг компанитай шууд өрсөлдөөн зарлаж тэмцэлдэх нь огтоос ашиггүй болохыг харуулж буй юм.

гэх мэтчилэн дайтах урлагын тухай дүрмүүд олон бий бөгөөд цааш дэлгэрэнгүйг нь Сүнзийн өөрийн эх ном эсвэл Бизнес төлөвлөгөө ба Сүнз номоос уншина бизээ.
Сүнзийн уг дайлах урлагыг практикт хамгийн сайн харуулсан нь яах аргагүй манай өвөг дээдэс буюу Чингис, Бат, Зэлмэ, Сүбээдэй гэх мэт алдарт жанжид юм. Тэр үеийн тулааны талаар уншиж байхад өөрийн эрхгүй тэдний цэргийн чадварыг биширч догдолдог юм. Учир мэдэх хүмүүс Монголчуудад тэр үед уламжлан хадгалж ирсэн "Таван өнгөт хөлгөн судар бичиг" гэж яг ийм тулааны урлагын судар байсан ба манай өвөг дээдэс маань тэрхүү бичгийг сайтар мэддэг байж. Харин Их Юань гүрэн унаж Монголын Их хаан Төмөр Бээжингээс хөөгдөх үед тэрхүү судар алдагдсан гэдэг. Ам ярианаас бол монголчууд хөөгдөн зугтахдаа 5н замаар салж зугтсан бөгөөд эд хөрөнгө, хүн ард, ном судар гэсэн хөсгүүдийн зөвхөн судар бичиг бүхий хөсгийг хятадууд хөөсөн гэдэг. Одоогийн өвөр монгол орчимд судартай хөсөг гүйцэгдэхэд судруудыг ууланд нуусан бөгөөд үүнийг нилээд хэдэн үеэрээ эрж байсан гэдэг. Тэр нөгөө хятадын кино нь дээр хүртэл "Сэрүүн салхи сэвшин үлээж, сэлгүүцэхээс өөр ажилгүй нада, Сэтгэл сэргэм юутай сайхан" гэж балайрдаг хэн билээ нэг овжин залуутай кино дээр нэг хосгүй судар л хайгаад байдаг шүү дээ. За тэр чинь тэгвэл уг сударыг хайж байгаа нь өдгөө кино болж хүмүүсийг зугаацуулах байж л дээ. Дараахан нь хятадын нэг жанжин хэдхээн цэрэгтэй орж ирээд Хархоринг маань түймэрдэж орхиод (сүүлд комминустууд сүйтгэх төөрөгтэй байсан юм байлгүй дээ) явсан нь хятадууд цэргийн эрдэмд монголчуудыг хол хаясны илрэл гэж үздэг байна.

За сэдвээсээ хазайсан давхижийна. Манай улс анх 90 оны эхээр зах зээлийн системд шилжиж байх үеийн бизнесийнхэн Монголын Нууц Товчоонд гардаг хагархай бутархай ханлиг, овог отгуудтай адил байсан мэт санагддаг. Жижиг жижиг ханлигууд хоорондоо дайтаад, эсвэл эв найрамдалтай зэрэгцэн оршиод л.. Тэр үед баахан л тохиролцооны дэлгүүр, лангуунууд байдаг байсан шүү дээ.. Жижиг жижиг ХХК-ууд л юм даа.
Удалгүй эдгээр аймгуудаас зарим овжинууд нь бусдыгаа залгиад, дарсаар томорч эхлэцгээнэ. МСиЭс, Номин, Түшиг, САПУ, Женко, Ньюком гэх мэтчилэн холдинг, групп, корпорациуд ванлигууд болно биз дээ. Энэ үеэс эхлээд маркетинг, менежментийн жинхэнэ дайны ажиллагаанууд явагдаж эхлэсэн гэж бодогддог. Урьд 100-ын ундаа гээд энд тэндгүй эрүүл ахуйн ч шаардлага хангаддаггүй гаазтай ус савлаад зардаг байсан ХХК-уудыг МСиЭС КокаКола шууд 150-иар дараа биз дээ. Энэ чинь л аян дайн байхгүй юу...
Тэгвэл одоо Хүнсий салбарт Өгөөж, Талх Чихэр, Стимо, Бамбууш гэх мэтчилэн,
Барилгын салбарт Цаст констракшн, Эрэл, ...
Нийтийн түргэн хоолны салбарт Хаан бууз, Зочин бууз, Хүрээ бууз, өвөө бууз, эмээ бууз ...
Үүрэн телефон холбооны салбарт Мобиком, Скайтел, Юнител ... гээд дайнууд болж байна даа.

За тэгээд ванлигууд бүүр томроод улс оронг дамнаад ч байлдана. Хамгийн тод жишээ нь






















Майкрософт болон Нээлттэй Эх бүхий Програм хангамжийн ертөнц буюу бусад гээд.
Билл Гэйтс маш олон талбарт маш олон томоохон дайн хийж суудаг:
Internet Explorer vs Firefox, Mozilla, Opera, ...
C# vs Java, PHP, Perl, Python, ...
Media Player vs Mplayer, RealPlayer, Quicktime, ...
Windows vs Unix, Linux, MacOS, ...
MS Office vs OpenOffice, ...
MSN vs Yahoo, Google...
Zune vs iPod ...
гээд л байлдаж өгнө дөө.

За тэгээд ер нь амьдрал гэдэг өөрөө тэмцэл юм хойно бусадтай иймэрхүү маягаар тэмцэлддэг байж харин хамгийн хэцүү тэмцэл бол тэгээд өөрөө өөртэйгээ тэмцэлдэх, өөрийгөө ялах ялалт л гэж бодж байна. Хамгийн хэцүү дайсан болох залхуурал, зуршил, сул талаа ялсан бол та бусадтай тэмцэлдэж чадах болжээ гээд бодчиход нэг их буруудахгүй биз.

Links:
The Sun Tsu - The Art of War
Software Wars
Бат, Сүбээдэй нар Дорнод Европт

Friday, January 26, 2007

Counter-Strike тоглоом, тоглолтын тухай

Энэ first-person shooter тоглоомын тухай сонссон байх, зарим нь тоглодог байх.

Миний хувьд энэ тоглоомыг анх 2002 онд хааяа хааяа ажлынхантайгаа тоглодог байсан ба түүнээс хойш компьютер тоглоом огт тоглохоо больж ажилдаа анхаарал төвлөрүүлж байсаар бүүр хожуу 2005 оны эхээр IT Park -д орны дараа л багаар тоглох болж, стратеги, техник зэрэгт сонирхол ихээр татагдах болсон юм.

Эрэгтэй хүн бүр л бага байхдаа ямар нэгэн тоглоомон буу, зэвсэгтэй байдаг ба олон эрэгтэй жаалууд хоорондоо талцаж байгаад байлдаж тоглодог нь жам юм шиг байгаан. Энэ нь эрэгтэй хүний генд нь байдаг гэр орон, омог отгоо хамгаалах, ан ав хийх зэрэг хүний уг үндсэн аршингийн хэлтэрхий байх л даа. Тийм болохоор дундад зууны хүүхдүүд хүлэг баатар, рыцарь болж модон жад, сэлэм, хавчаахайгаар тоглодог байсан бол энэ зууны үеэр галт зэвсэг дуурайлгасан модон буу энэ тэрээр тоглодог байж л дээ.

Харин өнөө үед мэдээлэл холбооны технологи өндөр хөгжсөн үед энэ тоглоом нь биет хэлбэрээс цахим хэлбэрт шилжихжээ. Энэ нь одоо танилцуулж байгаа уг Counter-Strike тоглоом юм. Баталгаа нь гэвэл та гараад PC Game гэсэн газар руу шагайгаад үзээрэй л дээ. Тэнд бүүр жааханаас эхлээд томчууд хүртэл суучихсан кибер байлдаан хийж байхыг харна.

Компьютер тоглоом сайн ч талтай, муу ч талтай. Хүүхдийн нас, сэтгэхүйд таарсан тоглоомыг нь зөв олж тоглуулбал хүмүүжил, сэтгэлгээ эдэрийг сайжруулна гэдэг нь ойлгомжтой. Тэрийг тоглоом судлаачид аль хэдийнэ гаргаад урт гэгч жагсаалт гаргаа биз. Мөн тоглоом бүтээгчид ч тоглоомоо төдөөс төдөн насныханд зориулав гээд тодорхойлсон буй.
Уг Counter-Strike-ыг бол 17 наснаас дээш насныханд зориулсан.

Анх уг тоглоомоор тоглож эхлэж байхад МТҮП-д Starsoft, SkyPower Media компаний залуус локаль сервер үүсгэж тоглодог байсан ба оройхон ажил тарсны дараа сервер хайж эхлэдэг байлаа. Тэгээд нэг удаа одоо mN клубын Lexus Мягмарнарантай ярьж сууж байхдаа УБ хот дотроо локаль сервер үүсгэж яагаад болохгүй гэж хүмүүст чөлөөт цагаа өнгөрүүлж байх нэг аяатайхан CS server үүсгэе гээд удалгүй одоогийн 202.70.38.60 хаяг бүхий серверийг ажиллуулж байв. Өмнө нь КТМС дээр Сүх-Очир ийм сервер үүсгэж байсан, туршлагатай гэж дуулаад админаар нь ажиллаж байгаач гэж хүсээд Сүхээ ч зөвшөөрсөн. Одоогийн mN public CS Dedicated Server ингэж үүссэн түүхтэй л дээ. Түүнээс хойш нилээд хэдэн CS server үүд ажиллаж Монголын "кибер байлдагчдын хөгжилд хувь нэмэр" оруулж байна.
Сүүлд Wirelesscom ISP админ Sunflare Цэвээндоржоос Linux дээрх CS Server бинари авсаны дараа 203.91.118.5 хаяг дээр зөвхөн Монгол дотроос хандах нийтийн сервер үүсгэсэн дээ.
Нийтийн серверүүдийн түүхээс гэвэл нэг иймэрхүү сонинтой.

Уг тоглоомыг тоглосноор тоглогчид бас авууштай чанар үлдээдэг гэж би хувьдаа дүгнэсэн.
Тэр нь:
1. Байлдааны галт зэвсэгийн наад захын ойлголттой болно. Гар буу, винтов, автомат, снайпер, гранат, цайруулагч, далдлах утаа гээд хэдий энэ бүгд нь кибер ч гэсэн. Онч, тусгалын зай, сум хэд үсэрдэг гэх мэт ...
2. Байлдааны тактикын сургуулилт болно. 5 хүнтэй 2 баг хоорондоо тэмцэлдэх бөгөөд энд давшилт, хориглолт, отолт гээд стратегиуд. Мөн тоглогчын байрлалын үнэлгээ, тухайн үеийн байдалд хурдан үнэлэлт хийх, байлдааны маневрлалт гээд зөндөө...
3. Сэтгэлзүйн дасгал буюу өөрийгөө болон багыг удирдах чадвар. Минийхээр энэ хамгийн гол ололт нь бөгөөд хичнээн ялагдаж байгаа ч, зэвсэг байлдаанд техникийн эсэргүүцлийн чадвар муутай байсан ч сайн байрлал, сайн зохион байгуулалт, сайн чадвартай байснаар тулаанд ялалт байгуулахад хамгийн гол үүрэг гүйцэтгэдэг гэдгийг ухаарах явдал юм. Тоглолтын явцад хэд дараалан ялагдах, эсрэг талаас ихээхэн басамжлал, бардамнал, сэтгэхүйн дайралт хийсэн ч энэ бүгдэд авталгүй зөвхөн тоглолтод, өөрсдийн байрлал, чадварт анхаарал хандуулж чадах чадвартай болох нь уг тоглоомоос авах гол зүйл нь юм.

За тэгээд ер нь хэтрүүлж хэлбэл муухан цэргийн алба хааснаас сайтар Counter-Strike тоглодог байсан нь дээр гээд хэлчихвэл бараг буруудахгүй биз. Цагдаагийн тусгайгийнхан ч хааяа стратегийн чадвар, тактикын сургуулилт хийх гэж уг тоглоомоор тоглодог ч гэж сонссон шүү хэхэхэ.

Тоглогчдыг хараад байхад тоглолтын явцад тухайн хүний жинхэнэ зан чанар, араншин (характер) зэргийг уг тоглолт дундаас ажиглаж болдог л доо. Жишээлбэл:
-Сайн удирдагч:
Багийг сайн удирддаг бөгөөд тактик, стратегийг удирдлагыг гартаа авна. Багийн хүчийг хамгийн бага алдаж, ялалт байгуулах гол зорилгоо ухамсарладаг мөн багийн тоглогчдийн чадварыг ашиглан тэдгээрийг байрлалуудад хуваан сайн давшилт, хориглолт үүсгэж чаддаг. Хэрвээ тухайн стратеги давшилт, хориглолт бүтэлгүйдсэн үед багийнханаасаа уучлалт гуйж ч чадна.

-Муу байлдагч:
Багийн төлөө явдаггүй. Явсан ч техникийн чадвар муу (буудалт оновчтой бус, байрлалыг оновчтой сонгодоггүй). Багийнхаа удирдлагын заавраас гаждаг, сонсдоггүй, сонсож ч мэддэггүй, огт мэдрэмжгүй байдаг. Голцуу шинэ тоглогчид ийм байдаг.

-Амиа хоохойлогч:
Байлдааны үед хамгийн ард байнга үлддэг. Хүнд байдалд орсон нөхөртөө тусладаггүй. Өөрийн аюулгүй байдалд дээд зэргээр анхаардаг (Булангийн цаана байгаа илт хүч нь суларсан дайсан руу халдахдаа ч илүүц гранат, цайруулагч эдэр заавал шиддэг гэх мэт). Олигтой ч ончтой бууддаггүй. Дандаа азгүйттдэг, мэдрэмж муутай. Ер нь аймхай хулчгар зантай хүн байдаг.

-Хувийн тоглолттой тоглогч:
Зөвхөн өөрийн гавъяа шагналын төлөө байлддаг. Хамгийн олон оноог цуглуулах гэж зүтгэдэг. Гэхдээ давшилтад түрүү эгнээ хавьд яваад багийн гишүүдийн дайралтад хүч нь суларсан дайсныг агнадаг. Техникийн хувьд дажгүй, байрлалын үнэлгээ боломжын. Онироодуу, сагсуу эсвэл их хөөрүү зантай хүмүүс байдаг.

-Сайн тоглогч:
Багийн төлөө тоглодог. Дээр дурдсан бүх сайн талыг агуулдаг. Зэвсгийн хүч сул (муу буу, зэвсэг хэрэглэлтэй) байсан ч эсэргүүцэх чадвар өндөр, байрлал тоглолтын явцад маш сайн үнэлэлт хийж, хурдан бөгөөд ашигтай маневр хийдэг. Багийн нөхдийн тоглолтыг маш сайн дэмжиж, удирдлагын шийдвэрийг ялалт болгоход гол хувь нэмрийг оруулдаг. Сэтгэлзүйн бэлтгэлтэй, өөрийгөө удирдах, хянах чадвар сайтай мэдрэмжтэй тоглогчид байдаг.

Уг тоглоом нь монголд ч төдийгүй дэлхийн улс орон даяар eSport буюу кибер Спортын нэг төрөл болсон байдаг ба үүнд уг тоглоомын тоглолт, тоглогчдийн ур чадвар зэрэг зүйлсээс шалтгаалан уг тоглоомыг амьдруулдаг хүчин зүйл нь гол үүрэг гүйцэтгэдэг байх.

Эцэст нь хэлэхэд уг тоглоомыг спорт хэлбэрээр тоглож дээрхи чанаруудыг шингээж авахыг эрхэм уншигч таньд зөвлөж байна. Тэгээд ямарваа нэгэн зүйл хэмжээ хязгаартай байх нь зайлшгүй бөгөөд хэрвээ та уг тоглоомоос спорт тоглоомын нэгэн адил өөрийгөө хянах, удирдах, багийн хамтын ажиллагааны хүчээр ялалтад хүрч сурсан ба мөн үнэхээр хүч хүрэхгүй үед ч бүх чадлаа шавхаад ч, шудрагаар ялагдаж сурсан бол та уг тоглоомыг зөв тоглож сурчээ.

Ингээд энэ бичлэгийг уг тоглоомын "Play Hard, Go Pro" уриагаар дуусгая!

Link:
Counter-Strike on Wikipedia

Wednesday, January 17, 2007

Брэнд бүтээх 22 зарчим

Аав охин хоёр болох Эл Райс (Al Ries) ба Лаура Райс (Laura Ries) нарын "Брэнд бүтээх 22 зарчим" (The 22 Immutable Laws of Branding) номыг эх хэлээрээ уншив дуусгав. Авууштай санаа, зөвлөмжүүд нилээд байсныг тэмдэглээд уг зарчимуудыг товч танилцуулахаар энд бичив. Уг номны гарчиг болон бас бус зүйлс нь интернэтэд бишгүй байсан тул хулгай гэж үзэхгүй хэмээн бүдүүн зүрхлэв. Энэ ном "ИнтерНом" номын их дэлгүүрт байсан ба эх монгол хэлнээ буулгаж өгсөн орчуулагчид уншигч олны өмнөөс талархая. Эрхэм баян эрдэм ном гэдэг билээ. Монголчуудын маань сэтгэл оюу гэгээн тунгалаг байх болтугай!

Брэнд гэж юу вэ?
Хэрэглэгчийн ой тойнд үлдэх онцгой нэгэн санаа эсвэл зарчим

1. Өргөжих зарчим
The Law of Expansion
Брэндийн хүч нь тархацынхаа талбайтай эсрэг хамааралтай байдаг.
Хэрвээ хүчтэй брэнд бий болгох зорилго тавьсан бол брэндээ өргөжүүлэх биш харин хязгаарлах хэрэгтэйг анхаараарай. Урт хугацааны хувьд авч үзвэл брэндийн өргөжилт хүчийг саармагжуулн имиджийг аюулд учруулдаг.

2. Төвлөрөх зарчим
The Law of Contraction
Зорилгоо нарийвчлан тодорхойлох нь брэндийг хүчирхэг болгоно.
Амжилтанд хүрэхийн тулд амжилтанд хүрсэн хойноо бус амжилтанд хүрэхийн тулд юу хийснийг олж мэдэх хэрэгтэй. Амжилтанд хүрэхийн тулд ганцхан зүйл хийгдсэн байдаг бөгөөд тэр нь зорилгоо нарийвчлан тодорхойлох явдал юм. Зорилгоо нарийсга, брэндээ хязгаарла тэгсэн цагт амжилт ирнэ.

3. Таниулах зарчим
The Law of Publicity
Брэнд бий болгоход зар сурталчилгаанаас илүү таниулга чухал.
Ихэнхи компани брэндчилэх стратегиэ рекламдах гэж ойлгодог. Брэндчилэх стратегиэ таниулгаар эхлэх ёстойг мэддэггүй.

4. Рекламын зарчим
The Law of Advertising
Нэгэнт бий болсон брэндийг цаашид оршин тогтнуулахын тулд рекламаар дэмжих шаардлага гардаг.
Рекламанд зарцуулсан хөрөнгө эргэлт буцалтгүй өрсөлдөгчийн тань "Танай эдлэн газарт" шагайх өртөгийг нэмэгдүүлснээр "хашааны гадна" үлдээдэг.

5. Нэг үгээр илэрхийлэгдэх зарчим
The Law of Word
Брэнд хэрэглэгчийн ой тойнд зөвхөн нэг нэр буюу нэг л үгээр илэрхийлэгдэн үлддэг.
Боломжит зах зээлийн хэдэн хувийг эзлэх бус харин зорилгоо нарийвчлан хэрэглэгчийн ой тойнд ганц л үг шингээж чадсан цагт амжилт ирдэг.

6. Хоногшуулахын зарчим
The Law of Credentials
Өөрийгөө хэрэглэгчийн ухамсарт хэрхэн байрлуулах вэ? Жинхэнэ байна гэдэг ямар ч брэндийн амжилтын үндэс юм.

7. Чанарын зарчим
The Law of Quality
Чанар чухал боловч дангаараа брэндийг бий болгодоггүй.
Чанар зайлшгүй ба чадах чинээгээр сайжруулах хэрэгтэй. Гэвч брэнд бий болгоход дан ганц чанар хүрэлцэхгүй. Зорилгоо нарийвчлан тодорхойлох, нэр хүндээ дээшлүүлэх, мөн үнээ өндөр барих хэрэгтэй.

8. Бүтээгдэхүүний нэр төрлийн зарчим
The Law of the Category
Жинхэнэ Лидер бүтээгдэхүүний нэр төрлөө олшруулах бус харин цоо шинэ нэр төрлийн бүтээгдэхүүн бий болгодог.
Лидер нь брэндээ бус харин зах зээлээ өргөтгөх ёстой гэдгээ анхаар.

9. Нэрний зарчим
The Law of the Name
Урт хугацааны хувьд брэнд гэдэг нь ганц нэрнээс өөр зүйл биш юм.
Брэнд гэдэг нь компаний мөн чанар юм. Компани, бүр цаашлавал улс орон оршин тогтнох эсэх нь брэнд бий болгож чадсан эсэхтэй холбоотой.

10. Брэндээ өргөжүүлэх зарчим
The Law of Extensions
Брэндийг баллах хамгийн амархан арга нь нэрийг нь бүх зүйлд ашиглах явдал юм.
Хэрэв зах зээлд эзлэх хувь чинь багасаж байвал, байгаа газартаа зогсоод өөр нэг брэндийг бүтээ! Байдал хэвэндээ бол брэндээ бэхжүүлэх арга хэмжээ ав!

11. Нөхөрлөлийн зарчим
The Law of Fellowship
Шинээр бүтээгдэхүүний нэр төрөл бий болгохын тулд бусад брэндүүдтэй хамрах хэрэгтэй.
Зах зээлийн 50 хувиас илүү хувьтай болохыг хүсвэл олон брэнд бий болго. Нэг брэндийн доор олон бүтээгдэхүүн бус харин олон брэнд бий болгох хэрэгтэй. (15-р зарчим буюу Ах дүүгийн зарчим)

12. Ерөнхий нэрний зарчим
The Law of the Generic
Амжилтанд хүрэхгүй байх хамгийн амархан арга нь брэндээ ерөнхий нэрээр нэрлэх.

13. Компаний зарчим
The Law of the Company
Брэнд бол брэнд, компани бол компани. Хоорондоо ялгаатай.
Брэндчилэхэд хамгийн их маргаан гардаг асуудал нь компанийн нэр болон түүний үүрэг юм. Гэхдээ бол энэ асуудал шийдэгдсэн. Брэнд анхаарлын төвд байх ёстой. Компаний нэрийг ашиглах нь зайлшгүй бол ашигла. Гэхдээ маш ухаалаг байдлаар.

14. Доод брэндийн зарчим
Брэндчилэх амжилтыг дэд брэнд бүтээснээр устгадаг.
Зах зээлд нийцээгүй брэндчилэл амжилтанд хүрдэггүй. Дэд брэнд, мегабрэнд ойлголтууд нь хэрэглэгчээс гадуурх ойлголт. Хэрэглэгчийн хувьд юу ч илэрхийлдэггүй.
Хялбар сэтгэ. Хэрэглэгч шигээ сэтгэ. Тэгсэн цагт л брэнд чинь амжилтанд хүрнэ.

15. Ах дүүгийн зарчим
The Law of Siblings
Дараагийн брэндийг зах зээлд гаргахад хэзээ, хаана гэдэг нь маш чухал.
Ах дүүгий зарчимууд:
-Хоорондоо "зайтай" бүтээгдэхүүн сонгож ав.
-Бүтээгдэхүүний нэг давуу талыг сонгож ав.
-Брэндүүдийг хооронд нь ялгаж өг.
-Төстэй биш хоорондоо ялгаатай нэр өг.
-Шинэ төрлийн бүтээгдэхүүн гаргаж чадаж байвал "дүүтэй" бол.
-Ах дүү брэндийг удирдлагыг компаний дээд удирдлага гартаа ав. Эс бөгөөс ялгарах утгаа алдана.

16. Хэлбэрийн зарчим
The Law of Shape
Брэндийн лого нь харахад аятайхан хэлбэртэй байх ёстой.
Хүний нүдээр харахад тохиромжтой харьцаа нь 1нэгж өндөр х 2.25 нэгж өргөн

17. Өнгөний зарчим
The Law of Color
Өрсөлдөгчийн өнгөнөөс эсрэг өнгийг хэрэглэх нь тохиромжтой.
Сонгосон өнгөө тогтвортой хэрэглэх нь хэрэглэгчийн ой тойнд брэндийн байр суурийг тогтворжуулахад ихээхэн чухал үүрэгтэй.

18. Хил хязгаарын зарчим
The Law of Borders
Глобал брэндчилэлд саад үгүй. Брэндэд ямар ч хил хязгаар байх ёсгүй.
Аливаа брэндийн имидж өөрийн улс орны имиджтэй нийцэж байгаа цагт глобал брэнд болох боломжтой болдлог.

19. Өөртөө үнэнч байх зарчим
The Law of Consistency
Брэнд нэг шөнийн дотор бий болдоггүй. Амжилт хэдэн арван жилээр хэмжигдэх болохоос хэдхэн жилээр хэмжигддэггүй.
Брэндэд хязгаар байх ёстой. Үүнд л брэндийн утга учир оршино.

20. Өөрчлөлтийн зарчим
The Law of Change
Брэнд өөрчлөгдөж болно. Гэхдээ энэ нь тун ховор байх ёстой. Мөн өөрчлөлтийг маш болгоомжтой гүйцэтгэх хэрэгтэй.
Өөрчлөх нөхцөлүүдэд:
-Брэнд нь сул буюу хүч чадал багатай бол
-Брэндээ хамгийн доод түвшинд авчрахыг хүсвэл
-Брэндийн үйл ажиллагааны салбар нь өөрөө удаан хувьсах шинж чанартай бол брэндийг аажим аажмаар өөрчлөхөд саад байхгүй.

21. Мөнх бусын зарчим
The Law of Mortality
Ямар ч брэнд мөнх насалдаггүй. Зарим үед отенази хийх нь хамгийн зөв шийдвэр болдог.

22. Нэг имиджтэй байхын зарчим
The Law of Singularity
Брэндийн хамгийн гол шинж нь хаанаас нь ч харсан адилхан харагддагт оршино.

Tuesday, January 16, 2007

Хайрын дуунууд

Эдгээр дуунууд маань бүгд сайхан хайрын дуунууд бөгөөд би сонсох их дуртай. Та бүгд ч гэсэн сонсох дуртай гэдэгт эргэлзэхгүй байна оо.. Энэ дууны аялгуунд байдаг эхлэхдээ намуухан зөөлөн эгшиглэж байгаад хүчтэй өндөрсөж, улмаар цаашлаад бүүр дуурсаж, цуурайтаж дуусдаг нь сэтгэл, мэдрэмжид онцгой гойд таашаал өгдөгт нь их дуртайм даа. За ер нь тэгээд iPod ч юмуу mp3 тоглуулагчдаа сайн чанартай mp3 форматаар хуулж аваад сайн стерео чихэвчээр шөнийн нам гүмд нүдээ сайн аниад боломжын чанга дээр нь тавиад сонсоод нэг үзээрэй ;) Хүн төрөлхтөн өчнөөн олон хэлээр ярьдаг, өчнөөн олон улс гүрэн бий ч агуу их хайр болоод хөгжмийн хэл гэж эдгээрс бүгд ойлгох тийм нэгэн хэл буй за.. Ажил амьдралын эгэл өдрүүдэд дарагдаад үүнийг мартсан бол санал болгож буй эдгээр дууг дээрхий адил сонсоод нэг мэдрээд үзээрэй гэж ...

Celine Dion - Let's Talk About Love



Celine Dion - The Power of Love



Mariah Carey -Without You



Robbie Williams - She's The One



Gareth Gates - Unchained Melody

Monday, January 08, 2007

Хурдлуулдаг Перц

Бага байхад л уншиж байсан даа. Сая Хүдэрийн блогоос уншиж байтал гэнэт санаанд орж ирээд.. хэхэхэ.. Цагтаа энэ онигоо миний "жонон онигоо" байлаа, хүмүүсийг инээлгэх хэрэг гарахад яриад л хүмүүс бөөн инээдэм болдог байв.

Хурдлуулдаг Перц
Мулла Насредин нэг удаа зах очиж илжиг болон халуун перц худалдаж авчээ. Буцаад харьж явтал илжиг нь замдаа таг зогсочихоод огт хөдөлдөггүй гэнэ дээ. Яаж ч зодож нүдээд, татаж чангаагаад, аргадаад ч нэмэр алга гэнэ. Тэгэхээр нь Мулла бодож бодож нөгөө халуун перцээс атгаж авангуутаа илжигний бөгсөнд хийж орхиж л дээ. Илжиг ч хар хурдаараа урагшаа давхих нь тэрээ..
Гэтэл асуудал үүсэв. Мулла өөрөө илжигээ гүйцдэггүй дээ, хайран илжигээ алдчихалтай нь биш дээ, өмнөх аргаараа перцээ атгаж аваад л өөртөө хэрэглэв гэнээ.
...Муллагийн эхнэр гэртээ сууж байтал Муллагийн дуу хадаад, илжиг орилоод явчихав гэнэ. Гараад хартал Мулла, илжиг хоёр хуй салхи шиг гэрээ тойроод хар хурдаараа давхиад байх юм гэнэ. Эхнэр нь: -Хөөе, юу болсон бэ, яав ийв гэтэл Мулла эхнэртээ перцээ шидэж өгөнгүүтээ энэ перцийг бөгсөндөө түрхчихээд араас давхиад ир, тэгээд ярья гэжээ.

Saturday, January 06, 2007

Хэрхэн саятан болох вэ?

Хүн бүрийн амьдралд нэг л утга учир байдаг гэж боддог. Тэр бол мэдээж сайн сайхан аз жаргалтай амьдрах, амьдралд хүрэх.
Зах зээлийн нийгмийн үед санхүүгийн бие даасан чадваргүйгээр ийм амьдралд тэр бүр хүрэхгүй л байх. Гэхдээ энд учир зүггүй Гобсек ч билүү мөнгө хүүлэгч шиг бай гэсэн үг бас биш юм аа. За тэгээд дараах нийтлэлийг өмнө нь уншиж байгаагүй бол нэг уншиж үзээрэй гэж зөвлөх байна.
(Дээхнэ хаанаас ч билээ нэг ийм нийтлэлтэй таарч байсныг "дажгүй нийтлэл" гэж үнэлээд хадгалж авсан байсантай өнөөдөр компьютерээ цэгцлэж байгаад олдог байна шүү)

Мөнгийг эргээд өсч ирэх зүйлд зарцуулж чадахгүй бол баяжих боломжгүй.

"Хэрэв чи тийм ухаантай юм бол яагаад ядуу юм бэ?" гэсэн алдартай асуулт байдаг. Мэдээж эд баялагийн нууцыг өмч хөрөнгөтэй хүмүүсээс тухайлбал саятануудаас асуувал зохино.

Тэдэнд өөрийн гэсэн нууц бий. Тэд бүгд нэг л арга мэх хэрэглэсэн байдаг нь сонин. Бид танд хуучин саятануудаас баяжих замаа дөнгөж эхэлж буй хүмүүст зориулсан зөвлөгөөг хүргэж байна.

1.Өндөрт эргэлд

Чамайг хүрээлж байгаа хүмүүс чиний амжилтанд хүрэх чадварт хичнээн их нөлөөлдөгийг чи төсөөлөхгүй. Yнэнийг хэлэхэд танил тал бол авъяасаас илүү амьдралыг засч өгдөг. Хүн өөрөө мэдэлгүй харьцаж байгаа хүнийхээ сэтгэл зүйн нөлөөнд орж, түүнтэй адил дадал зуршилтай болж, биеэ авч явах байдлыг хуулбарлаж байдаг. Тамирчин хүртэл өөрөөсөө хүчтэй өрсөлдөгчтэй тэмцэлдэх үед л хамаг авъяас чадвараа дайчилж өндөр амжилт гаргадаг. Тиймээс үргэлж амжилттай сайн яваа хүмүүсийн дунд байхыг хичээ. Yргэлж өөрөөсөө дээгүүр яваа хүмүүстэй нөхөрлөх гэж оролд.

2.Боломж

Боломж бүхний өмнө хүнд асуудал улаалж явдаг. Тийм ч учраас олонхи хүмүүс хэзээ ч аз тохиохыг үздэггүй. Аливаа хүндрэл тулгарахад давах аргыг олж учирсан боломжийг ашиглаж чадвал сая баяждаг. Гэтэл олонхи хүмүүс асуудал дээр тээглэн гацдаг учраас хэзээ ч түүнийг давж цаана нь байгаа азыг шүүрч чаддаггүй. Ямар ч хэцүү зүйл тулгарсан яг одоо барилцаж авах хэрэгтэй.
Нэг түүх бий. Залуу эр байраа худалдахаар шийджээ. Түүний байрыг сонирхсон хүмүүсийн дунд нэгэн компанийн захирал байв. Тэр захирал бусдаас арай өндөр үнэ амлаж байсан боловч хамгийн их юм шаардаж зовоож байлаа. Бусад хүмүүс юу ч шаардалгүй арай бага үнээр авахад бэлэн байж. Залуу эр огт шантралгүй өнөөх захирлын шаардсан бүхнийг гүйцээж чаджээ. Байраа зарчихаад санаа амар сууж байтал өнөөх захирал дахин утасдав. Тэр яг түүн шиг цөхрөшгүй тэмцэгчийг хайж байсан тул залуу эрийг ажилд авчээ.

3. Сурлага

Хүмүүс өдөр бүр л хуурагдаж, мэхлэгдэж, төөрч будилж байдаг. Энэ бүхэн мэдлэг нимгэнээс үүсэлтэй. Ялангуяа санхүүгийн мэдлэг нимгэн хүн байнга ийм байдалд ордог. Тэд бүгд дампуурч дуусдаг. Хүн мэдлэгийн төлөө мөнгө авдаг, олдог гэдгийг бүү март. Байнга суралц. Дандаа унш. Чи борлуулалтын менежер бол борлуулалтын тухай ном дандаа унш. Хэрэв та багш бол мэргэжлийн ном ба уран илтгэх тухай номоо дандаа унш. Энэ мэтчилэн байнга унш. өдөрт доод тал нь нэг цагийг заавал гаргаж ном унш. Номноос ядаж нэг санаа олж амьдруулах гэж зүтгэ.

4.Дуртай ажил

Судалгаанаас үзвэл зөвхөн хайртай дуртай ажлаа хийсэн хүн л саятан болдог. Сэтгэлд таараагүй юм хийгээд баяжсан хүн нэг ч байдаггүй. Энэ ажилд дуртай эсэхээ мэдэх тун амархан. Хэрэв чамд яг өнөөдөр сая доллар гэнэт олдвол энэ ажлаа чи цаашид хийх үү? үгүй бол юу хийхээ бод. Тэр ажил л чамайг баяжуулна.

5.Агуу тав

Саятануудын баталж байгаагаар баяжих замыг таван хэсэгт хуваадаг. Жишээ нь тариачин хүн доорх таван зүйлд анхаарна.
1 - хөрс, 2 - ус, 3 - нарны гэрэл, 4 - сайн үр, 5 - зөв арчилгаа. Одоо чи өөрийн ажил үйлсийг амжилттай явуулахын тулд ямар таван хүчин зүйл зайлшгүй шаардлагатайг олж тогтоо. Тэгээд энэ таван хүчин зүйл дээд зэргийн үр дүнтэй, саадгүй ажиллахад анхаар.

6.Гол асуудал

Чи өнөө орой даргын өмнө илтгэл тавих ёстой. Даанч илтгэлээ бэлдэж амжсангүй. Шуудан шалгах, утсаар ярих, хэн нэгний төрсөн өдөрт баяр хүргэх, хэвлэгчийн цаас дууссан тул гарч гүйх гээд өдөржин ажилласан боловч гол юмаа хийсэнгүй. Орой бүр маргааш хийх ажлаа жагсааж бичнэ. Гэхдээ цаас авч хоёр хуваагаад баруун гар талд чухал ажлуудыг улаан өнгөөр, харин зүүн талд хоёрдугаар зэргийн ажлуудыг цэнхэр өнгөөр бичнэ. Ингээд улаан өнгийн ажил бүгд дууссаны дараа л цэнхэр тал руу орно.

7.Хойш тавь

Хэрэв чи орлогын 30 хувийг хойш хийж чадахгүй бол баян хүн болох талаар мөрөөдөх ч хэрэггүй. Баян хүмүүс эхлээд мөнгийг өөрийн бизнесийн хөгжилд зориулдаг. Тэгээд үлдсэнийг нь л бусад зүйлд үрнэ. Ер нь баяжих арга мэх хамгийн энгийн зүйл дээр тогтдог. Ардын үг өөрөө баяжих хичээл болж байдаг. Энэ бол "Хөнжлийн хэрээр хөлөө жий" гэсэн үг. өөрөөр хэлбэл өнөөдөр таны зардал өдрийн орлогоос хэтрэх ёсгүй. Тэгээд л болоо. өөр ямар ч чухал нууц том төлөвлөлт энэ тэр байдаггүй. Та орлогын 70 хувийг үрээд 30 хувийг нь эргээд мөнгө болж ирэх, үржээд ирэх зүйлд оруулна. Ингэж чадвал саятан болох хялбар. Хүмүүс янз янзаар эхэлдэг. Тухайн үеийн санхүүгийн нөхцөл байдлаас хамаараад зарим нь тав юмуу арван хувийг хойш тавьснаар эхэлсэн байдаг. Ганц нэг саятан бүр хоёр хувийг ч хойш тавьж эхэлсэн. Эцсийн дүнд мөнгө хойш тавихдаа асуудал байгаа юм биш нэгэнт та орлогын 10 хувийг хойш тавьж байгаа бол үлдсэн 90 хувиа бусад бүх хэрэгцээгээ хангаж сурдагт хэргийн учир оршино. өөрөөр хэлбэл зардал орлогоос хэзээ ч илүү байх ёсгүй гэсэн энгийн үнэнийг тархинд шингээх үйлдэл юм.

8.Мөнгөө яах вэ?

Орлогын тодорхой хувийг хойш тавих ёстойг та ойлгосон. Гэвч үүнийг зүгээр хадгалах юм бол тун удалгүй үнэ цэнэ нь унаж ямар ч хэрэггүй үйлдэл болно. Энэ мөнгийг эргээд өсч ирэх зүйлд зарцуулж чадахгүй бол баяжих боломжгүй. Хүн хэзээ өөрийгөө баян гэж нэрлэж болох вэ? Хэрэв түүний орлого зарлагаасаа давж эхлэх аваас ингэж хэлж болно. Өнөөдөр таны зардал өндөр байж мэднэ. Та орлогын тодорхой хувийг заавал тасалж илүү их орлого авчирах үйлсэд шахна. Ингэж байж л орлого өснө. Нөгөө талаар зардалыг бага болгох өчүүхэн ч боломжийг алдалгүй зүтгэх ёстой. Та тэргэнд орсон шар мэт зүтгэсээр орлогоо зардалаас их болгох тэр цагт саятан болох зам өмнө зурайна. Мөн мөнгө болж өсч ирэх зүйлсээс гадна ашигтай ном, дамжаа, компьютер техник зэрэгт зарцуулж өөрийгөө улам цэнэглэж байх ёстой.

Хувийн соёл сонины 2005 оны 12-р сарын дугаар 23